Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 223/МА2018/00025

 

 

                                    Б.Б-н нэхэмжлэлтэй иргэний

                                                      хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2018/00869 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Б , Н.Ба нарт холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 7.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргилын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюун, түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, хариуцагч  Н.Ба, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нар оролцов.

 

  Нэхэмжлэгч Б.Б-н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгчээс 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч нарын ээж болох З.Оюунтунгалагт 7.000.000 төгрөгийг түүний дансруу шилжүүлсэн байдаг. Иргэний хуулийн 281 дугаар зүйлд заасан гэрээг заавал бичгээр хийх хуулийн шаардлага байхгүй бөгөөд эд зүйлийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагддаг. Энэ хүрээнд З.Оюунтунгалагийн эзэмшиж байсан Хаан банкны 5721361495 тоот дансруу 7.000.000 төгрөгийг Баттуул шилжүүлсэн. Гэвч зээлдэгч нас барсан бөгөөд тухайн үүргийг түүний өв хүлээн авагч нар хариуцахаар болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхээс тогтоосон үйл баримтыг дахин тогтоох шаардлагагүй бөгөөд Н.Б , Н.Ба нар түүний өвлөгч буюу өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр бусдын өмнө хариуцлага хүлээх этгээд мөн болохыг тогтоосон. Түүнчлэн тухайн 7.000.000 төгрөгийг хариуцагч нараас итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шаардсан боловч шүүхээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон ба Б.Баттуулыг нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсан гэж үзэхээр байна. Иймд тухай зээлийн гэрээний үүргийг түүний өв хүлээн авагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 2 дугаар сард намайг Солонгос улсад байж байхад дүү залгаад надад мөнгөний хэрэг боллоо 7.000.000 төгрөг зээлээч гэхээр нь хүүрүүгээ ярьсан. Манай хүү маань Солонгосоос Монголд ирсэн байсан. Би хүүдээ мөнгө төгрөгийн боломж байвал мөнгө зээлээч гэж ярьсан. Манай хүү эгч рүү яриад тэр мөнгийг шилжүүлээд туслаад өгье гэсэн. Эргээд хүүтэйгээ ярихад мөнгө шилжүүлсэн шүү ээж гэж хэлсэн. Би 2014 оны 4 дүгээр сард ирэхэд манай хүү мөнгө шилжүүлсэн байсан. Тийм л үйл явдал болсон. Миний хүүгийн мөнгө, худалдаа хөгжлийн банкны данснаас 7.000.000 аваад авсан өдрөө Оюунтунгалаг руу шилжүүлсэн байна лээ. Хадгаламжийн дэвтрийг нь би саяхан юм ухаж байгаад олж авсан. Дэвтрээр бол 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр мөнгөө авч шилжүүлсэн байдаг юм байна лээ.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Мөнх-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэдийгээр Баттуул болон Оюунтунгалаг нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч Оюунтунгалаг нь нас барсан учраас түүний хууль ёсны өвлөгчид нь Иргэний хуульд зааснаар өвлөн авсан хөрөнгийн хэмжээнд бусдад өгөх үүргийг гүйцэтгэх байгаа. Энэ хүрээнд Н.Бадрах, Н.Б  нарыг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх ёстой гэдэг байдлаар нэхэмжлэл гаргасан. Энэхүү 7.000.000 төгрөг шилжүүлсэн үйл баримт нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-д зааснаар зээлийн гэрээг заавал бичгээр байгуулахыг шаардахгүй, эд зүйлийг шилжүүлснээр тухайн зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэдэг энэ үүднээс зээлийн гэрээний харилцаа байна гэдэг байдлаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардлагыг гаргаж байна.” гэжээ.

Хариуцагч Н.Ба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би зээл авсан гэж мэдэхгүй. Авсан байлаа ч авсан мөнгийг яаж зарцуулсныг мэдэхгүй байна. Миний хувьд мэдэх зүйл байхгүй. Өвлөж авсан хөрөнгийн хэмжээнд төлүүлэхийн тухайд ярьж байна. Надад одоогоор төлөх мөнгө байхгүй. 7.000.000 төгрөгийг зээлсэн гээд байна. Зээлийн гэрээ байгаа юм уу.” гэжээ.

Хариуцагч Н.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “7.000.000 төгрөгийг шилжүүлснээр хэлцэл хийгдсэн гэж үзээд байгаа. 7.000.000 төгрөг шилжүүлсэн баримт байдаг. Энэ баримтаар Иргэний хуульд заасан зохицуулалтаар л зээлийн гэрээний хэлцэл хийгдсэн гэж үзэж нэхэмжлээд байгаа. Энэ мөнгийг ямар зорилгоор шилжүүлсэн баримтыг нэхэмжлэгч талаас нотолсон зүйл байхгүй байгаа. Талийгаач нар зуурдаар нас барсан учраас хүүхдүүддээ мөнгөний асуудал байгаа талаар хэлсэн зүйл байхгүй. Өвлөн авсан хөрөнгийн хэмжээнд хариуцна гэсэн зохицуулалт байгаа бөгөөд өвлөгдсөн хөрөнгө бол Оюунтунгалаг, Нацагдорж гэдэг 2 хүнийг хөрөнгийг хүүхдүүд нь өвлөж авсан. 2 хүний хөрөнгийг өвлөж авсан байхад ганцхан Оюунтунгалагын хөрөнгөөр ингэж гаргуулж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага хэнээс хэдэн төгрөг гаргуулах гэж байгааг хэлсэнгүй. Хөрөнгийн хэмжээгээр хувь тэнцүүлэн хариуцуулах ёстой. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэж үзэж байна. Хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа бол хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа байх ёстой. Ямар учраас 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргаж байна. Иймд 7.000.000 төгрөгийг төлөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д зааснаар Б.Б-н Н.Бадрах, Н.Б  нарт холбогдуулан гаргасан 7.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил давж заалдах гомдолдоо: “2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Б.Баттуул нь өөрийн эх болох З.Оюуны хэлснээр З.Оюунтунгалагт 7.000.000 төгрөгийг зээлийн Иргэний хуулийн 281.1-т заасан гэрээний дагуу түүний өмчлөлд шилжүүлсэн байдаг. Тухайн үйл явдлаас хойш З.Оюунтунгалаг харамсалтай байдлаар нас барсан байдаг ба үүнээс хойш түүний хууль ёсны өвлөгч нараас дээрх үнийн дүнтэй холбоотой шаардлага гаргасан. Гэвч шүүхээс хариу төлбөртэй үүрэг биш гэдэг байдлаар дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Б Баттуул 3 Оюунтунгалагт мөнгө зээлүүлсэн гэж тайлбарлаж байх хэдий ч зээлийн зориулалт. ямар хугацаатай, хариу төлбөртэй зээлүүлсэн зээлсэн гэх үйл явдлыг нотлоогүй" гэж дүгнэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2-т ". . .нотлох баримт нь зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар" нь хэргийн нотлох баримт болох ба мөн хуулийн 42.1-т ". . бодит үнэнд нийцсэн байна" гэж заасан байдаг.

Энэ хүрээнд Иргэний хэрэг шүухэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасанчлан зохигчийн тайлбарыг шүүх хэрэгт хамааралтай эргэлзээгүй байдлаар үнэлэлт өгөх ёстой ба өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс мөнгө зээлдүүлсэн гэх тайлбар. хариуцагчийн зүгээс мөнгө зээлсэн талаар огт мэдэхгүй гэх тайлбар нь нотолгооны хувьд ижил ач холбогдолтой байна. Гэтэл дээрх нөхцөл байдал дээр Б.Б-н зүгээс З.Оюунтунгалагт дансаар мөнгө шилжүүлсэн бичгийн баримт байгаа нь нотолгооны хувьд илүү байтал түүнийг эргэлзээгүй үнэлж шүүх шийдвэрээ гаргах ёстой байсан. Иргэний хуулийн 281.1-т заасан зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах хуулийн шаардлага байхгүй бөгөөд 282.4-т эд зүйлийг шилжүүлэн өгсөн байх нь гэрээг байгуулсанд тооцогдох үндэслэл юм.

Хэрэв хариуцагч талаас зээлийн гэрээ биш байсан гэж үзэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагыг няцаах үүрэг нь нотолгооны үүргийн хуваарилалтын дагуу хариуцагчид байгаа ба дээрх мөнгө нь хариу төлбөргүй үүрэг байсан эсэхийг нотлох үүрэг нь хариуцагчид байна. Нэхэмжлэлчийн зүгээс зээлийн гэрээ байсан эд зүйлийг шилжүүлж өгсөн тул буцаан авах тухайгаа баримтаар нотлож нэхэмжлэл гаргасан байдаг. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон..." үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн ба хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрээр ". . .зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн хууль ёсны өвлөгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн" байдаг.

Гэтэл шүүхийн шийдвэрт 'зээлийн гэрээтэй холбоотой харилцаа үүссэн гэдгийг бичгээр нотлоогүй" гэсэн нь хуулийн дээрх заалттай нийцэхгүй байна.

 

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Тиймээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулж улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилуулах тухай давж заалдах гомдол гаргаж байна.” гэжээ.  

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны нөхцөл байдлыг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын  дагуу тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бодитойгоор зохигчдын тайлбар болон хэргийн нөхцөл байдалтай харьцуулан зөв үнэлэлт, дүгнэлт өгч  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.  

Нэхэмжлэгч Н.Б-схариуцагч  Н.Бадрах, Н.Б  нарт холбогдуулан “...2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч нарын ээж болох З.Оюунтунгалагт 7 000 000 төгрөгийг түүний данс руу шилжүүлж, зээлүүлсэн ” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч нараас зээл авсан талаар мэдэхгүй гэсэн тайлбар гарган маргасан байна.

Хариуцагч нарын эх болох  З.Оюунтунгалагын  Хаан банкны  5721361495 дугаар дансанд 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 7 000 000 төгрөгийн “орлого” орж ирсэн, хариуцагч нар талийгаач З.Оюунтунгалагын хууль ёсны өвлөгчид болох талаар талууд маргахгүй байна. 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн, гэрээ байгуулагдсан гэж тооцохын тулд хэлцлийн талуудын хүсэл зориг, хүсэл зоригийн илэрхийлэл байсан эсэхэд дүгнэлт хийх ёстой бөгөөд гэрээний нөгөө талын хүсэл зоригийн илэрхийлэлийг тогтоохгүйгээр эд зүйлийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсан тооцох боломжгүй юм .

Хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл хийгдэж зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн, нэхэмжлэгч Н.Б-сталийгаач З.Оюунтунгалагт мөнгө зээлүүлсэн, түүнийг нэхэмжлэгч Н.Б-сзээл авсан гэж үзэх нөхцөл байдал  тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл “орлого” хүлээн авсан  З.Оюунтунгалаг нас барсан учраас талуудын хооронд хүсэл зоригоо илэрхийлж хэлцэл хийгдсэн болохыг тогтоох боломжгүйн дээр, “хариу төлбөртэй эсэх”, ямар нөхцөлөөр талууд хоорондоо хэлэлцэн тохирч байсан эсэх, ямар зорилгоор мөнгө шилжүүлсэн болохыг тодорхойлох боломжгүй байх ба мөнгө орж ирсэн 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс /нас барах хүртэлх/ 4 дүгээр сарын 3-ны хугацаанд З.Оюунтунгалагаас Н.Б-д  буцааж хариу төлбөр төлж байсан баримтгүй, орлогын мэдүүлгийн баримтын гүйлгээний утга гэдэг дээр “ Баттуул” гэж бичигдсэн зэрэг нөхцөл байдлуудаар талийгаач З.Оюунтунгалагыг, хариу төлбөр төлөх үүрэг хүлээсэн, зээлийн гэрээний нөгөө тал болох “зээлдэгч” гэж үзэж тогтоогдох боломжгүй байна.

Иймээс Хаан банкны 5721361495 дугаар дансанд 7 000 000 төгрөгийн орлого орж ирсэн баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэгт тулгуурлан талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан тооцож, өв хүлээн авагч нар болох хариуцагч нарт төлбөр хариуцуулах үндэслэлгүй байна.

 Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2018/00869 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Т.Мөнх-Оргилын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгчээс  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126 950  төгрөгийг орон нутгийн төсвийн  орлогод хэвээр үлдээсүгэй. 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.БОЛОРМАА    

           

   ШҮҮГЧИД                                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                           Т.ЭНХМАА