| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2024/0021/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/116 |
| Огноо | 2024-07-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/116
2024 оны 07 сарын 30-ны өдөр Дугаар 2024/ШЦТ/116 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Шүүгдэгч А.*******,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,
Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....................д холбогдох ............ дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2027 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
М.......................................,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.******* нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг *******ын 4-10 тоотод хохирогч Д.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний биед тархины доргилт, хамар ясны хугарал, хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, 2 нүдний дээд болон доод зовхи, баруун, зүүн бугалга, баруун гуя, шилбэ, зүүн гуяны цус хуралт, зүүн хацар, шанаа, зүүн чих, цээж, баруун гуяны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.*******г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2024 оны 06 сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө болсон үйл явдал байгаа. Би маш их харамсаж байгаа. Би хүн ёсны хувьд гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсандаа уучлалт гуйж байна. Гэхдээ гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь Д.******* нь манай нөхөртэй гэр бүлээс гадуурх зүй бус харилцаа үүсгэж, хэл амаар доромжлох, тэвчээрийг минь барагдуулсан үйлдэл гаргасан учраас би аргагүй эрхэнд, жирэмсэн 7 сартай, сэтгэл санаа тогтворгүй байсан тул тухайн үйлдлийг хийсэн. Д.*******ийн нөхөр гэх Ганзориг нь байнга одоо болтол намайг дарамталдаг. Янз бүрийн чат, мессежээр чамайг тэдэн жилийн ял өгнө, шүүх хурлаар чамд тэдэн төгрөгийн торгууль төлүүлнэ, чи тийм хэмжээний мөнгө төл гэх мэт дарамталж байгаа. Энэ хурал болоод өнгөрснөөс хойш хэн нэгэнтэй нь холбоогүй, амар тайван амьдармаар байгаа. Д.******* нь өөрөө эмэгтэй хүн, үр хүүхэдтэй байж надад хэн чамайг жирэмсэн бол гэсэн юм, жирэмсэн болохоор чинь нөхөр угаасаа араар тавьдаг, хохино гэх мэт хэл амаар доромжилсон. Тухайн мессеж, чат бүгдийг нь би хувилж нотлох баримт болгож өгсөн. Би хийсэн үйлдэлдээ, хариуцлагаа, шүүхээс оногдуулсан ямар ч ял шийтгэлийг хүлээн зөвшөөрнө. Гагцхүү гэмт хэрэг үйлдэх болсон нөлөөлөл, нөхцөл байдлыг эрхэм шүүгч болон прокурор та бүхэн харж шийдвэрлэх байх гэж бодож байна. 2 дугаарт би хохирогчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн хохирлын баримтуудтай тооцоо, зарим нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Жишээ нь өмгөөлөгчид өгсөн 1.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байсан. Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нь тухайн хүний эрх байдаг учраас энэ асуудлыг сайн ойлгохгүй байна. Мөн цаашид гарах зардал гэсэн тодорхойгүй зүйл бичсэн байсан. Д.******* нь шүүх хурлын дараа ч юм уу, нөхөр нь ч юм уу надаас их хэмжээний мөнгө нэхэмжлээд байгаа учраас энэ зардлыг би сайн ойлгохгүй байна. Мөн ажилгүй байсан хугацааны 9 хоногийн цалин буюу 1.065.060 төгрөгийг надаас нэхэмжилсэн байсан. Энэ нь тухайн нийгмийн даатгал яаж төлөгдсөн, Д.*******ийн цалин нь яаж орсон гэдэг нь тодорхойгүй байгаа санагдсан. Сэтгэл санааны хохирол буюу 5.000.000 төгрөг нэхэмжилсэн байсан. Үүнийг багаар тогтоолгож өгөх боломж байдаг юм болов уу? гэж хүсэж байна. Эцэст нь хохирогчид төлөх төлбөрийг шүүхээс тогтоосон хэмжээнд төлөхөд татгалзах ямар нэгэн шалтгаан надад байхгүй. Одоогоор би 2 бага насны хүүхэдтэй. Энэ 1 дэх өдөр эмнэлэгт хэвтэх шаардлагатай байсан эмчийн бичиг байгаа. Тэгээд Улаанбаатар хотоос замын унаанд дайгдаж ирээд гадуур хоносон. Жоохон ханиад хүрсэн байна. Энэ шүүх хурлыг одоо шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна. Дараагийн удаа ирэх ямар ч боломж байхгүй. Энд надад таньдаг хүн байхгүй байгаа гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2024 оны 06 сарын 10-ны 24 цаг 30 минутад энэ үйл явдал болсон. Тухайн үед манай нөхөр Ганзориг хөдөө ажлаар явсан байсан. Тэгээд би 3 хүүхэдтэйгээ байсан. Манай хүүхэд хамгийн том нь 14 настай, дундах нь 13 настай, бага нь 5 настай. Тэгээд орой 24 цаг 30 минутын үед А.******* ирсэн. Би найзынхаа машинд гадаа 1,1 пиво уугаад сууж байсан. Бид 2 өдөр нөхөр нь над руу ингээд чат бичсэн гээд ярьж байсан. Байна уу?, Сайн уу?, сонин сайхан юу байна?, Ангиар сонин сайхан юу байна? гээд түүний дагуу би хариулсан. Ангиар тайван байна, нам гээд чатны хариуг А.*******гийн нөхөрт өгсөн байгаа. Тэгээд ******* 24 цаг 30 минутад гэрт ирсэн. *******-******* бид 2 машинд суугаад 1, 1 пиво уугаад сууж байх хооронд А.******* гэр рүү ороод буцаад гарсан. Тэгээд тэрийг нь харсан болохоор *******-******* бид 2 энд байна гээд дуудсан. Тэгээд би зөв талын урд талын суудал дээр суусан байсан. А.******* шууд араар тойрч ирээд ард талын хаалга онгойлгоод ямар ч мэндийн зөрөөгүй, ямар ч тайлбаргүй намайг үсдээд, арагшаа дараад үснээс зулгаасан. Суудалд налсан байсан болохоор эргэх боломж байхгүй байсан. Тэгээд янхан, гичий, нусаа татсан гөлөг минь чамайг алчихъя, чи яахаараа манай нөхөртэй явалддаг юм гээд үснээс маш их зулгаагаад, нүүрээр, чихний ар талд, цээж рүү самардаад гарыг нь тавиулж дийлэхгүй байсан. Тэгээд би хумсалж байж гарын нь тавиулсан. *******-*******ы машины ард талын суудал дээр байсан жаазыг өвдөглөөд хагалсан юм шиг байсан. *******-*******ыг шил аваад өг муу пиздааг шилээр шааж ална гэхэд *******-******* шилийг нь авч өгөөгүй. Тэгээд толгой их өвдөөд дух, хамар цохиод, хүчтэй дийлдэхгүй байсан. Тэгээд би дийлдэхгүй байсан болохоор гар дээр нь хумсалж байгаад тавиулаад өөрийгөө хамгаалахын тулд машинаас буусан. Тэгээд араас дахиж бууж ирээд намайг үсдээд зодсон. Би зүгээр байгаач, болиоч чи яагаад байгаа юм, хэл амаараа ярилцаад учраа олъё, ямааны мах халуун дээрээ гэхэд янхан, гичий, чамайг алчихъя, пиздаа минь гээд би өөрийгөө хамгаалахын тулд хөл рүү өшиглөөд тэгж байж тавиулсан. Тэгээд манай том 14 настай хүүхдийг маань дуудаж гаргаж ирээд танай ээж чинь янхан, эгч нь орой болгон танай гэрт ирнэ, 1 залуу байгаа тэрийг авчраад нүдэн дээр чинь шаалцуулна гэж хэлсэн. Тэгсэн манай хүүхэд та яагаад манай ээжийг тэгээд байгаа, ээжид тийм юм байхгүй, танд нотлох баримт байгаа юм уу? гэтэл чатууд нь байгаа, чи чат уншиж мэднэ биз дээ гэсэн. Тэгэхэд манай хүүхэд мэднэ гээд би хэрэггүй миний хүү гэр рүү ор, ээж нь өөрөө асуудлаа шийдье битгий гарч ир гээд хүүхдээ оруулсан. Тэгээд *******-******* бид хоёрыг хориод салгасан. Би айгаад зүрх өвдөөд салгалаад өөрийгөө хамгаалахын тулд буцаад машин руу ороод бүх хаалгаа түгжсэн. А.******* машины ар талд зогссон байсан. Машинаа асаагаад нэлээн ширүүн давхиад ажилчдын байр руу явсан. Тэгээд 5, 10-аад минут болоод буцаад ирсэн. Эргэж ирээд ярилцъя гээд хаалга цонх тогшоод байхаар нь би гаръя гэж бодтол тоосго бариад машины шил хагалах гээд тогшоод байсан. Тэгэхээр нь би хүний машинд сууж байсан болохоор хүний шил хагалуулах байх гэж бодоод гараагүй. Тэгээд хаалгаа хаагаад түгжсэн байсан. Би гараагүй нэлээн байтал *******-******* чи боль, хэл амаараа ярьж болдоггүй юм уу?, ямар муухай бүдүүлэг юм бэ, адилхан эмэгтэй хүмүүс байж гэсэн. Тэгээд *******-******* ярихдаа жижигхэн хэмжээний хутга барьсан ирсэн, дүрчихье гээд байсан гэсэн. Би өөрөө тэр хутгыг нь хараагүй. *******-******* тэгсэн хутгыг нь тавиулах гээд дийлэхгүй байсан. Тэгээд араас нь тэврэхэд тавь пиздаа минь, гэдэс шахаад байна гээд *******-******* тохойнд нь өртөөд цохиулсан байсан. Тэгээд А.******* жоохон тайвшраад буцаад гэр рүүгээ явсан байсан. Тэгээд 06 сарын 12-ны шөнө 02 цаг 10 минутын үед бид хаалгаа түгжээд унтаж байтал цонхоор ороод ирсэн. Жижигхэн порчик онгорхой байхад ороод ирсэн. Тэгэхэд манай хүүхэд буйдан дээр унтаж байсан. Тэгээд унтаж байсан хүүхдийн дээгүүр үсрээд буйдангийн хажуу талд буусан. Тэгээд би цочоод сэрсэн. Түгшүүртэй айдастай байсан. Орой болгон ирнэ гээд хэлсэн болохоор манай хүүхдүүд хүртэл ээж нөгөө эгч эртхэн ирэхгүй юм байх даа, ирээд юу гэх бол гэсэн айдастай байсан. Тэгээд А.******* орж ирээд янхан, гичий минь гээд дахиад намайг үстсэн. Би өөдөөс нь чи ямар хаашаа юм, битгий давраад байгаарай, новш, гөлөг минь гээд түлхсэн. Тэгтэл *******-******* голоор орж ирээд боль гэхэд над руу дайраад дахиад үсдээд, самардаад, миний эмзэг эрхтнээс татаад урсан байгаа. Мөн өмд урагдсан. Тэгээд хоёулаа суугаад ярилцъя гээд утсаа өгөөд, би танай нөхөртэй явалдсан юм байхгүй гэсэн. Тэр өдөр над руу байна уу?, сайн уу? гээд чат бичсэнийг нь би хараагүй байсан. Тэгтэл телеграм руу дахиад телеграмаа устгаарай гээд над руу чат бичсэн байсан. Тэгэхээр нь би телеграм дээр юу бичсэн юм бол гээд хартал чат дээр бичсэн шиг байна уу? гээд доод талд нь сайн уу? гэж бичсэн байсан. Би тэр хүн яагаад тэгсэн юм бол гэж бодтол манай нөхөр хараад мөн хардах, янз бүрийн асуудал, буруу ойлголцол болох болов уу гээд над руу устгаарай гэсэн байсан. Тэгээд би устгасан гээд бичсэн. Би шатахууны ашиглалтын тоо бүртгэгчээр шатахуун боддог байсан. Тэгээд тэр хүн заставд сууж байсан болохоор ажил төрлийн холбогдолтой замын хуудсаа яаж гаргах, бензин тосоо яаж зарлагадах гэсэн юм асуух гэж байгаа гэж би бодсон. Тэгж л хариулт өгсөн. Тэгээд 06 сарын 12-ны шөнө ирэхдээ застав руу нөхөр рүүгээ залгаад орилж хашхираад, Жаргалсайхантай ярья, эхнэр Д.******* нь ярих гээд байна гэж хэл гээд заставынханд ярьсан. Жаргалсайхан нь жижүүртэй байсан болохоор утасныхаа хажууд байсан. Тэгээд би чи энэ тарьсан асуудлаа шийд, ир, танай эхнэр ирээд агсам тавиад намайг хэл амаар доромжлоод, хүүхдүүдийг маань заналхийлээд байна гэхэд чи боль А.******* яах гэж хүний чатаар ороод, наад хүмүүсээ юу болгоод байгаа юм гэсэн. Тэгээд би утсаа өгсөн. Чи ингээд миний утсыг аваад шалга, яавал тайвширмаар байна гээд би энэ хүнийг тайвшруулахыг хичээсэн. Би энэ хүний нөхөртэй явалдсан юм байхгүй. Ажил хэргийн холбогдолтой хааяа юм асуугаад чат бичсэн. Хааяа жоохон өөрөө ангалзаад байхаар нь битгий маяглаад байгаарай, дэмий юм дэмий шүү, би зүгээр байж байгаад айлын эхнэрт самардуулмааргүй байна гээд хэлж байсан удаа байгаа. Тэгээд би утсаа өгтөл миний утсаар нөхрийнхөө телеграм руу оронгуутаа хайраа санаа зовоод байна, чи зүгээр үү гээд нөхөр рүүгээ бичсэн. Өөрөө болохоор нөхрийнхөө дугаарыг сэргээгээд дугаараас нь намайг өдөөн хатгасан чат, мессеж бичсэн. Мөн нөхрийнхөө телеграммаар над руу олон чат бичсэн. Хайраа, зүгээр юм уу, санаа зовоод байна тэгээд бичсэн. 06 сарын 11-нд миний төрсөн өдөр байсан ба төрсөн өдрийн баярын мэнд хүргэж чадаагүй ийм зүйл боллоо гээд бичсэн байсан. Тэгээд би утсаа өгөхөд миний утсаар телеграм руу ороод нөхөр рүүгээ бичсэн. Буцаагаад манай ширээн дээр өөрийн утсыг тавиад над руу залгаад, миний утсыг харангуутаа пиздаа минь манай нөхөр чам руу залгасан байна гэсэн. Тэгээд 06 сарын 17-нд манай нөхөр застав руу жолоочоор явсан, уулзалттай байсан. Тэгээд А.*******гийн нөхрийг би авчруулах саналтай байна гээд хэлсэн. Энэ асуудлыг шийдмээр байна гээд явж байгаа бүлэгт нь хэлсэн. Тэгэхэд оронд нь суух хүн байхгүй гээд нөхрийг нь авчраагүй. 06 сарын 17-ны өглөө 2 дугаар хилийн заставаас манай нөхөр гарч явж байгаад над руу 07 цаг өнгөрч байхад залгасан. Залгаад хүмүүс заставаас гараад түр буугаад шээж байна гэхэд би Жаргалсайхан ирж байна уу гэж асуухад Жаргалсайхан ирээгүй оронд нь суух хүн байхгүй учраас авчирсангүй гэсэн. Тэгээд би эмнэлэг рүү явж үзүүлээд А.*******г эмнэлэг дээр явж байхад нь харсан. Би танай эхнэрээс болж ийм болоод эмнэлгээр явж байна гээд би нөхөр рүү нь мессеж бичсэн. Тэгээд над руу хайраа хоёулаа амьдаръя гээд нөхрийнхөө дугаараас над руу янз янзын юм бичсэн. Онги гээд буудалд хүрээд ир, хоёулаа уулзъя, би чамайг санаж байна, маш их хүсэж байна гээд нөхрийнхөө телеграм дугаарыг сэргээснийг би 12-ны шөнө мэдсэн. Тэгээд над руу өдөөн хатгаад нөхрийнхөө өмнөөс олон мессеж бичсэн. Бусдаар би энэ хүний нөхөртэй явалдсан асуудал байхгүй. Нийт 7.681.720 төгрөгийг нэхэмжилж байгаа. Миний хамрын таславч хугараад мурийсан байсан. Баримт нь байгаа. Цаашид гарах үр дагавар нь хамрын таславч хугараад мурийхаар хамар битүүрээд унтахад жоохон хэцүү байдаг. Нэг талаараа янгинаж өвддөг. Төрийн тусгай эмнэлэгт 08 сарын 01-ний өдөр давтан үзүүлэх шаардлагатай байгаа. 25-нд яваад чихээс хийлгээд тэгшлүүлсэн. 08 сарын 01-ний өдөр дахиж үзүүлээд хугарсан хэсэг нь эдгээгүй байвал таславч нь буцаад наалддаг гэсэн. Тэгэхээр цаашид тийм үр дагавар нь гамрит болно. Буцаад хэмжээндээ очсон байвал хамрын таславч тэгшлэх хагалгаанд орно гэсэн. Тэр нь 500.000-2.500.000 байдаг. Би төрийн тусгай эмнэлгээр явахгүй. “Эм жи жи” гээд олон хувийн эмнэлгүүд байдаг. Хамар нүүр гэдэг гоо сайхан болохоор улсын эмнэлгээр явахгүй. Хувийн мэргэшсэн эмнэлгээр явж гоо сайхнаа хэвийн байдалд нь оруулъя гэж бодож байгаа. Мөн цаашид нэр төр болоод насанд хүрээгүй хүүхдүүдийн маань хажууд намайг доромжилж заналхийлсэн учраас би гомдолтой байна. Өөр зүйлгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******ийн мэдүүлэгт: 2024 оны 06 сарын 11 өдөр гэртээ байж байсан чинь 00 цаг 30 минутанд А.******* гэрт орж ирээд хүүхдүүдээс ээж аав чинь хаана байна гэж асуугаад гарсан гэсэн. Би машинд сууж байхад ирээд хаалга онгойлгоод шууд л намайг зодсон. Тэгээд манай дүү бид хоёрыг салгасан. Би машиндаа суугаад хаалгаа түгжсэн тэгэхэд ******* машиндаа суугаад явсан юм. 10 минутын дараа буцаж ирээд ярилцъя гээд байхаар нь хаалга онгойлгосон чинь шууд үсдээд дахиад зодсон. Тэр үед манай дүү хамт байж байсан ч А.******* жирэмсэн тул хүч хэрэглэж чадахгүй байсан. Бас ******* хүчтэй байсан тул салгаж дийлэхгүй байсаар байгаад би зодуулсан. Нөхөр Ганзоригийг чинь хутгалж ална хүүхдүүдийг чинь ална гэсэн дээрээс нь намайг гичий минь янхан минь чамайг ална гэж хэлсэн. Би дүүтэйгээ нэг 500 граммын савлагаатай пиво уусан байсан. Би тухайн үед 3 хүүхэд, хуурай дүү болох /Э.*******-*******/-ны хамт байсан юм. Миний нүүр рүү цохсоны улмаас нүд хөхөрсөн нүүр хавдсан, хацраас маажсан, үснээс татсан, хөл хэсэг рүү өшиглөсөн. Намайг нөхөртэйгөө хардсан учраас манайд ирсэн юм. Би нүүрэн дээрх шарх соривоо арилгуулахад гарах зардлыг гаргуулмаар байна гэжээ. /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
Шүүгдэгч А.*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Би хохирогч Д.*******ийг хувийн болон нөхөртэйгөө хардсаны улмаас уг гэмт хэрэг гарах болсон. Би хохирогч Д.*******тэй найзын хамааралтай. Хохирол төлбөр төлөөгүй гэжээ. /хавтаст хэргийн 36-37 дахь тал/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ............. дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.*******ийн биед тархины доргилт, хамар ясны хугарал, хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, 2 нүдний дээд болон доод зовхи, баруун, зүүн бугалга, баруун гуя, шилбэ, зүүн гуяны цус хуралт, зүүн хацар, шанаа, зүүн чих, цээж, баруун гуяны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тархины доргилт, хамар ясны хугарал гэмтэл тус бүр нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл тус бүр нь 2.7.3 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хавтаст хэргийн 28-29 дэх тал/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-13 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Үгүй” гэжээ. /хавтаст хэргийн 38 дахь тал/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 40 дэх тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 41-43 дахь тал/
Жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/
Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/
Хохирол төлбөрийн талаар ебаримтууд /хавтаст хэргийн 57-61 дэх тал/
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэргийн 52 дахь тал/
Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын талаар /хавтаст хэргийн 53 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч А.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******ийн эрүүл мэндэд тархины доргилт, хамар ясны хугарал, хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, 2 нүдний дээд болон доод зовхи, баруун, зүүн бугалга, баруун гуя, шилбэ, зүүн гуяны цус хуралт, зүүн хацар, шанаа, зүүн чих, цээж, баруун гуяны зулгаралт гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 329 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.******* нь шүүгдэгч А.*******гийн нөхөртэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн болох нь шүүгдэгч А.*******гийн “...жирэмсэн болохоор чинь нөхөр угаасаа араар тавьдаг, хохино гэх мэт хэл амаар доромжилсон.” гэх, хохирогч Д.*******ийн “...Тэр өдөр над руу байна уу?, сайн уу? гээд чат бичсэнийг нь би хараагүй байсан. Тэгтэл телеграм руу дахиад телеграмаа устгаарай гээд над руу чат бичсэн байсан” гэх тайлбаруудаар хохирогч Д.*******ийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдож байна гэж үзсэн болно.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Шүүгдэгч А.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******ийн бие эрх чөлөөнд халдаж, тархины доргилт, хамар ясны хугарал, хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, 2 нүдний дээд болон доод зовхи, баруун, зүүн бугалга, баруун гуя, шилбэ, зүүн гуяны цус хуралт, зүүн хацар, шанаа, зүүн чих, цээж, баруун гуяны зулгаралт бүхий гэмтэл учруулж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” мөн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт буюу эмчилгээтэй холбоотой зардал, өмгөөлөгчийн хөлс, ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэцэд учирсан хохирол, төлбөрт нийт 7.681.720 төгрөгийн нэхэмжлэл гаргасан.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг нэг бүрчлэн үзэж нотлох баримтын шаардлага хангахуйц, энэ хэрэгт хамааралтай нотлох баримтыг дүгнэж шийдвэрлэлээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг шүүх хянаж үзэхэд хэрэгт хамааралтай нотлох баримтууд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тушаасан 27.000 төгрөгийн бэлэн мөнгөний баримт, 23.450 төгрөгийн эм авсан баримт /хавтаст хэргийн 57 дахь тал/, шатахууны 57.000 төгрөг, машины зогсоолын 3.000, 2.000, 2.000, 5.000, 9.000 төгрөг гэх баримтууд /хавтаст хэргийн 58 дахь тал/, бензин авсан 64.075, 49.000, 47.730 төгрөг гэх баримтууд /хавтаст хэргийн 59 дэх тал/ нийт 289.255 төгрөгийн баримтуудыг хэрэгт хамааралтай нотлох баримтууд байна гэж 289.255 төгрөгийг хангаж шийдвэрлэлээ.
Харин хавтаст хэргийн 60 дугаар талд авагдсан “CU” гэх газраас хоол ундаа авсан 2.350, 2.500 төгрөгийн баримтууд, “Momo Hot pot” хоолны газрын 75.500 төгрөгийн баримт, Шөлөндөө гэх газрын 22.600 төгрөгийн баримт, Хөвүүн гэх дэлгүүрээс ундаа авсан 3.600 төгрөгийн баримт нийт 106.550 төгрөгийг баримтууд нь энэ хэрэгт хамааралтай гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Гэмт хэргийн улмаас хохирсон, хохироогүй хүний наад захын амьдралын хэрэгцээ шаардлага нь хоол хүнс идэх зардал байдаг учраас дээрх баримтуудыг гэмт хэрэгтэй холбоотой зардал гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн өмгөөлөгчид төлсөн төлбөртэй холбоотой 1.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж хуульчилсан тул өмгөөлөгчид төлсөн төлбөртэй холбоотой нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж,
Мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус хуульчилсан.
Хохирогч Д.******* нь сэтгэцэд учирсан хохиролд 5.000.000 төгрөг нэхэмжилсэн. Шүүх хавтаст хэрэгт авагдсан сэтгэцэд учирсан хор, уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хавтаст хэргийн 52 дахь тал/, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын талаарх хүснэгт /хавтаст хэргийн 53 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан сэтгэцэд учирсан хохирлыг 3.300.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хохирогч Д.******* нь ажилгүй байсан 9 хоногийн цалин болох 1.060.560 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн. Ингэж нэхэмжлэхдээ хилийн цэргийн 0131 дүгээр ангийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэх лавлагаагаар нэхэмжилсэн. Үүнийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Нотлох баримт хангалт хангалтгүй байна гэж үзлээ. Тухайн хугацааны нотлох баримтаа бүрдүүлээд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Д.******* нь нэхэмжлэх эрхтэй байна гэж үзлээ. Зөвхөн ажлын тодорхойлолт болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтаар дээрх нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй. Энэ нь Эрүүл мэндийн тухай хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулагдах асуудал учраас нотлох баримтаа бүрдүүлээд ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа хуулийн дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.*******гаас жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.
Нийт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр, хор уршигт 3.589.255 төгрөгийг шүүгдэгч А.*******гаас гаргуулж хохирогч Д.*******т олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч А.******* нь гэм буруугийн шүүх хуралдааны шатанд түр завсарлага авч шүүхээс тогтоосон хохирол төлбөр болох 3.590.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч А.*******г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.*******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч А.*******гийн хувийн байдлын тухайд ......................ийг шалгах хуудаст “Үгүй” гэжээ. /хавтаст хэргийн 38 дахь тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 40 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хавтаст хэргийн 41-43 дахь тал/, жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд эрүүгийн хэрэг хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Эрүүгийн хэрэг хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хохирогчид төлөх ямар нэгэн хохирлын төлбөргүй. Гэмт хэргийн улмаас гарах зардлыг баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх асуудлыг нээлттэй орхих, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй байна. Шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гарсан зардалгүй байна. Шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох шийдвэр шүүхээс гаргалаа. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийг шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд 3.589.255 төгрөгөөр тооцсон. Уг хохирлыг сая шүүх хуралдаанаас түр завсарлага аваад шүүгдэгчийн зүгээс шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн төлж бүрэн барагдуулсан. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, мөн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх гэх олон талын зорилгыг агуулж байдаг. Тухайн хүний үйлдэлд холбогдох учруулсан хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан үзэх нь анхаарах ёстой асуудал гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Улсын яллагчийн зүгээс 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгуулийн ял шийтгэл ногдуулъя гэсэн саналыг оруулж байна. Энэ оногдуулж байгаа ял шийтгэлийн талаар өмгөөлөгчийн зүгээс тусгайлан гаргах санал хүсэлт байхгүй байна. Тухайн тохирсон ял шийтгэлийг оногдуулах нь хууль ёсны зарчимд нийцнэ гэх санал, дүгнэлтүүдийг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг нь шударга ёсны зарчим байхаар хуульчилсан.
Шүүх шүүгдэгч А.*******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч А.******* шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч А.******* өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн зүгээс “...гэмт хэргийг нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй учраас мөрдөн шалгах ажиллагааг нэмэлт ажиллагаанд буцааж өгөөч, 60 хоногоор шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргасан. Шүүх хавтаст хэргийн хүрээнд энэ хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.............г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.******* 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.******* нь ажилгүй байсан 9 хоногийн цалин болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч А.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******т хохирол төлбөрт 3.590.000 /гурван сая таван зуун ерэн мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлээс 1.106.495 /нэг сая нэг зуун зургаан мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Шүүгдэгч А.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч А.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ