| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2024/0924/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/938 |
| Огноо | 2024-08-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/938
2024 08 21 2024/ШЦТ/938
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд,
улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Д-н Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408017****** дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** тоотод байрлах иргэн Б.Э-ийн монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч “Sony” брэндийн 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Улсын яллагч: “...шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Э “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Э нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** тоотод байрлах иргэн Б.Э-ийн амьдардаг монгол гэрийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч “Sony” брэндийн 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** тоотод хулгай орж, зурагт алдагдсан…” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал)
2. Хохирогч Б.Э-ийн: “...2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өглөө 8 цаг өнгөрч байхад би хоёр хүүхдийн хамт гадагшаа гарч, том хүү, 12 настай Э.Т гэртээ үлдсэн. Манай хүү 09 цаг 30 минутын үед гэрээ цоожлоод гараад явлаа гэсэн ба өдөр 12 цагийн үед хулгай орсон байна гэж манай хүүхэд хэлсэн. Тэгээд би гэртээ ирж үзэхэд гэрийн цоож эвдрээд 55 инчийн “Sony” брэндийн зурагт алдагдсан байсан юм. Тус зурагтыг BSB-ээс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 3.300.000 төгрөгөөр худалдаж авч байсан…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),
3. Гэрч Т.А-н: “...Би Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо ** байрны ** тоотод үйл ажиллагаа явуулдаг "***" нэртэй барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр би ажил дээрээ байж байтал 10 цаг 36 минутанд Д овогтой Э гэдэг хүн ирээд Sony брэндийн 55 инчийн зурагтыг барьцаанд тавьсан. Би тухайн хүний бичиг баримтыг нь шалгаад, өөртэй нь тулгаж үзээд тухайн зурагтийг нь 500.000 төгрөгөөр авсан. Тэгээд байж байтал Э гэх хүн ирээд тухайн зурагтийг хараад манай зурагт байна гээд аваад явчихсан. Тухайн зурагтыг анх барьцаанд тавьсан хүн болох Э гэх хүн 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр манайх дээр ирж тухайн зурагтны мөнгө болох 500.000 төгрөгийг манай байгууллагын данс руу шилжүүлсэн. Би тэр хүнийг танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй. Тухайн үед би тэр зурагтыг авахдаа бичиг баримтыг шалгаад тулгаж үзээд авсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),
4. “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “... Sony фирм, 55 инчийн лед загварын телевизорыг 3.000.000 төгрөгөөр үнэлсэн” тайлан (хавтаст хэргийн 20 дахь тал)
5. Хаан банкны шилжүүлгийг мэдээлэл: “...Д.Э нь 50******** дугаарын данснаас “***” -ын эзэмшлийн 50******** дугаартай данс руу 2024 оны 06 дугаар сарын 10ны өдөр 500,000 төрөг шилжүүлсэн. (хавтаст хэргийн 25 дахь тал)
6. “***” барьцаат зээлийн гэрээ: “…Д.Э нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Sony фирм, 55 инчийн лед загварын телевизорыг 500.000 төгрөгийн барьцаанд тавьсан” тухай (хавтаст хэргийн 28 дахь тал)
7. Шүүгдэгч Д.Э-н: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өглөө 10 цагийн орчимд гэрээсээ гараад автобусны буудал руу алхаж байтал замд байсан айлын хашааны хаалга нь онгорхой байхаар нь тухайн хашаа руу орсон чинь монгол гэр байсан бөгөөд тухайн монгол гэрийн хаалга нь цоожтой байхаар нь хашаан дотор байсан төмрийг нь аваад тухайн төмрөөр монгол гэрийн цоожийг хөшиж онгойлгож ороод гэрт дотор байсан зурагтыг нь удирдлагатай нь аваад гарсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 21 дүгээр хорооллын автобусны буудлын баруун талд үйл ажиллагаа явуулдаг ломбарданд 500.000 төгрөгөөр тавьчихсан. Би тухайн мөнгөөр архи аваад уучихсан. Тухайн зурагтыг ломбарднаас 500.000 төгрөгөөр аваад эзэнд нь буцаагаад өгчихсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Орон байр гэж хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг ойлгохоор,
орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэдэг нь эдгээр газар луу бусдын эд хөрөнгийг авах зорилгоор түлхүүр тааруулж орох, багаж хэрэгсэл ашиглан цоож түгжээ, цуурга зэргийг эвдэх, мултлах, хөших, онгорхой байхад сэм орох зэргээр нэвтэрч орсон үйлдлийг хэлнэ.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Д.Э нь хохирогч Б.Э-ийн амьдардаг монгол гэрийг эзэнгүй сул үеийг ашиглан цоожийг нь эвдэн нэвтэрч, бусдын өмчлөх эрхэд халдаж, хууль бусаар олж авсан эд зүйлийг өөртөө захиран зарцуулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Э нь өөрийгөө хохирогчийн гэрт нэвтрэх эрхгүй этгээд гэдгээ мэдсээр байж бусдын орон байрыг эзэнгүй, хүнгүй сул байдлыг далимдуулан хууль бусаар нэвтэрч, бусдын эзэмшлийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэсэн шинжээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болох бөгөөд Д.Э нь шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсаныг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-т 3000.000 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаах ажиллагааны явцад "***" барьцаалан зээлдүүлэх газраас түүний алдагдсан “Sony” брэндийн 55 инчийн зурагтыг буцаан өгсөн, хохирогч Б.Э нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй гэж үзнэ.
Мөн шүүгдэгч Д.Э нь "***" барьцаалан зээлдүүлэх газарт 500.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримт, гэрч Т.А-н мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул шүүгдэгч нь мөн бусдад төлөх төлбөргүй байна. (хавтаст хэргийн 13-14, 25, 28 дахь тал)
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Э-т 2 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Э нь “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлоо төлж барагдуулсан тул прокурорын санал болгосон ялыг багасгаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.
Шүүгдэгч Д.Э-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймээс дээрх шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын өмчлөх эрхэд халдсан, нийгмийн аюулын шинж, бусдад учруулсан хохирол, хор уршгийн байдал, нөгөөтэйгөөр гэм буруу дээр маргаагүй, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Э-т 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Э-т 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ