Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/77

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

  Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ,

 Шүүгдэгч Ж.Ц, Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж.Ц, Д.С нарт холбогдох 0000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

- Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 09-ны өдөр ..... аймгийн ...... суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, “........” .... туслах ажилтан ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Завхан аймгийн ...... сумын ....... баг, ..... хэсэг ..... тоотод оршин суух суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, ........ овогт ......-ын С, регистрийн дугаар .........,

- Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар 06-ны өдөр Завхан аймгийн ....... суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ....... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн ....... сумын ..... баг, ..... хэсэг ..... тоот суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, ........... овогт Ж-ийн Ц, регистрийн дугаар ..........,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

- Шүүгдэгч Д.С нь согтуурсан үедээ буюу 2024 оны 7 дугаар сарын 05-ны шөнө Завхан аймгийн ...... сумын ..... багийн ..... хэсэг 2-211 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Ж.Ц-тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар гэрээсээ гаргах зорилгоор том өрөөнөөсөө гал тогооны өрөө рүү чирч, түүний биед ууцны доод хэсэгт, зүүн өвдөгний хэсэгт өнгөц зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хаван, баруун мөрний үений хэсэгт, зүүн бугалгын гадна дунд хэсэгт, баруун хөхний дээд хэсэгт, баруун бугалгын гадна дунд хэсэгт, баруун өгзөгний хэсэгт, баруун гуяны гадна дунд хэсэгт, зүүн өгзөгний гадна хэсэгт цус хуралт бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

- Шүүгдэгч Ж.Ц нь согтуурсан үедээ буюу 2024 оны 7 дугаар сарын 05-ны шөнө Завхан аймгийн ..... сумын ..... багийн ..... хэсэг 2-211 тоотод хохирогч Д.С-тэй үл ялих зүйлээс болж маргалдаж, цайны аяга авч шидэн түүний нүүрэнд оносны улмаас зүүн хөмсөгний гадна талд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүгдэгч нарын холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.  

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:

 - Шүүгдэгч Д.С нь согтуурсан үедээ буюу 2024 оны 7 дугаар сарын 05-ны шөнө Завхан аймгийн ...... сумын ...... багийн ..... хэсэг 2-211 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Ж.Ц-тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар гэрээсээ гаргах зорилгоор том өрөөнөөсөө гал тогооны өрөө рүү чирч, түүний биед ууцны доод хэсэгт, зүүн өвдөгний хэсэгт өнгөц зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хаван, баруун мөрний үений хэсэгт, зүүн бугалгын гадна дунд хэсэгт, баруун хөхний дээд хэсэгт, баруун бугалгын гадна дунд хэсэгт, баруун өгзөгний хэсэгт, баруун гуяны гадна дунд хэсэгт, зүүн өгзөгний гадна хэсэгт цус хуралт бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан,

- Шүүгдэгч Ж.Ц нь согтуурсан үедээ буюу 2024 оны 7 дугаар сарын 05-ны шөнө Завхан аймгийн ..... сумын ..... багийн ..... хэсэг 2-211 тоотод хохирогч Д.С-тэй үл ялих зүйлээс болж маргалдаж, цайны аяга авч шидэн түүний нүүрэнд оносны улмаас зүүн хөмсөгний гадна талд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Ж.Ц-ын хохирогчоор өгсөн “...2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад хадам ах Н.И-нд хонохоор очсон. Намайг очиход Н.И ах, Б гэх хүний хамт хоёулаа архи уугаад сууж байсан тэр хоёртой хамт нэг залуу байсан. Гэхдээ тэр залуу архи уугаагүй. Удалгүй Б архиа ууж дуусчихаад би их уувал одоо согтоно гэж хэлээд гараад явсан. Удалгүй И ахынд байсан залуу нэг шил архи бариад ороод ирсэн. Намайг суучих гээд дуудаад байхаар нь би уухгүй гээд очиж суугаагүй, дахин дахин ирээд суучих гээд байхаар нь очиж суугаад архинаас нь хамт уусан. Тэр архийг ууж дуусгачихаад амарцгаая гээд С-г хэлтэл И ах одоо нэг шил архи байвал уучихъя гэсэн чинь С архи байхгүй, дэлгүүр хаачихсан гэж байснаа босож жижиг өрөө рүүгээ ороод нэг шил архи барьж гарч ирсэн. Тэгээд тэр архинаас ууж байгаад  би согтчихсон байсан. Нэг мэдэхэд миний хамар руу хүн цохичих шиг болохоор нь гараараа хамраа дарсан чинь хамраас цус гоожиж байсан, түүнээс хойш юу болсон талаар мэдээгүй. Өглөө 05 цагийн үед сэрсэн чинь миний зүүн талын нүд хавдаад хөхөрчихсөн, хамаг бие буларчихсан хөдөлж болохгүй байсан. Намайг сэрэхэд И, С хоёр гэртээ байхгүй, харин би хамт архи ууж байсан хүнтэй тэдний гэрт үлдчихсэн байсан. Би С рүү залгасан боловч утсаа авахгүй байсан.  И, С хоёрыг гэртээ ирэхийг хүлээж байгаад 9 цагийн үед хашаанаас нь гарах гээд явж байсан чинь урдаас С, И хоёр ороод ирэхээр нь С-д хандаад чи яагаад намайг ингээд зодчихсон юм бэ? гэхэд намайг заамдаж барьж аваад, чи намайг хэл амаараа доромжилсон, одоо чамайг цохих газар алга байна гээд намайг тавихаар нь би хойноос нь гэрт нь хамт ороод чи яаж байгаа юм бэ, намайг ингэтлээ зодоод байхдаа яадаг ч юм бэ гэхэд чи намайг аягаар цохисон тэгэхээр нь чамайг цохисон юм гээд байсан. Тэгээд би дүүгээ дуудаад гэртээ хүргүүлсэн. Намайг И ахынд очиход С чи өнөө орой ээжийнд очиж хоночихоод маргааш багийн өдөрлөгт А-тай хамт явчих, манай машинд багтахгүй гэж байсан бөгөөд би согтчихсон үедээ энэ талаар С-д хэлж маргалдсан байж магадгүй. С-тэй маргааш нь уулзаад чи намайг яаж байгаа юм бэ? гэхэд чи намайг хэл амаар доромжлоод байсан. Би согтчихсон байсан учраас яг хэнтэй ямар шалтгааны улмаас маргалдаж муудалцсан болохоо мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас/,

- Д.С-гийн хохирогчоор өгсөн “...2024 оны 7 дугаар сарын 04-ний орой намайг гэртээ байх үед Ц манайд хонох гээд ирсэн. Түүнийг ирээд байж байтал гаднаас манай нөхрийн найз тал шил архитай орж ирсэн. Тэрийг манай нөхөр уусан. Тэгээд ууж дуусгаад манай нөхрийн найз явсан. Манайд аймгаас хүн ирсэн байсан. Тэр хүн надаас би ахтай нэг юм хуваагаад уучих уу? гэж асуугаад манай нөхөр И, бэр Ц, гаас ирсэн хүн Д бид 4 нэг шил архи хувааж уусан. Шөнийн 04 цагийн үед унтах гээд орондоо ороод хэвтэж байтал Ц намайг элдэв үгээр доромжлоод хамт архи уусангүй гээд хөнжил татаад байхаар нь би уурлаад хувцсаа өмсөөд том өрөөндөө ороод одоо өглөөний 04 цаг болж байна унтаж амаръя гэтэл Ц чамайг би мэднэ шүү дээ чи янхан байсан гээд хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байгаад аяга авч шидээд миний зүүн нүдний хөмсөгний хэсэгт оносон. Тэгээд унтах гэж байгаа бололтой хэвтэхээр нь би гэрээсээ гаргах гээд том өрөөнөөсөө гал тогоо руугаа чирсэн. Тэгсэн боловч гараагүй. Тэгээд би цаашид янз бүрийн юм болж магадгүй гээд цагдаад дуудлага өгсөн боловч ирээгүй. Тэгээд Ц орилж хашхираад агсам тавиад байсан. Өглөө үүрээр нөхөр бид хоёр Ц-ыг гэртээ орхиод хадам ээжийнд хонохоор явсан. Архи уугаад сууж байхдаа И, Ц бид 3 амьдрал ахуйгаа яриад сууж байсан. Би нойр хүрээд байхаар нь унтах гээд хэвтсэн чинь гэнэтхэн уурлаад чи хэнтэй нь архи уугаад хэнтэй нь архи уудаггүй юм, чи намайг голоо юу чи нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийнхантай хүртэл хамт архи уугаад явдаг л биздээ гэж элдэв юм яриад миний хөнжлийг хүртэл татаад намайг бос гээд байсан учраас бид хоёр маргалдсан. Би Ц-г гэрээс гаргах гээд том өрөөнөөсөө гал тогооны өрөө рүү чирсэн. Ц агсам тавиад хүч хүрэгдэхгүй байсан бөгөөд би Ц-тай маргалдаж бид хоёр бие биеэ хэд хэдэн удаа барьж авсан. Харин тухайн үед манай нөхөр Ц бид хоёрыг салгаад хоёр тийш нь болгоод байсан.” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас/

- гэрч Ц.У-н “...Би 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Завхан аймгийн ...... сумд байрлах гэртээ ирсэн юм. Намайг ирээд гэртээ ороход ээж маань орондоо хэвтэж байсан бөгөөд түүнтэй золгох үед нүд нь хөхөрчихсөн, цээжний хэсэгтээ хумсаар самардуулсан мэт улайсан харагдсан. Тухайн үед манай гэрт гаднын хүмүүс байсан учраас би тодруулж асуугаагүй, дараа нь хүмүүс явсны дараа асуухад эхлээд ээж нь мод хагалж байтал мод үсрээд миний нүдийг цохичихсон гэж хэлсэн, тэгэхлээр нь модонд цохиулсан бол шалбарч, зурагдана, ингэж хөхөрч хавдахгүй, та надад үнэнээ хэлчих ээ, таныг хэн зодсон юм гэхэд, ээж нь С-тэй муудалцсан С намайг ийм болгочихсон гээд надад биеэ үзүүлсэн бөгөөд хоёр гарын булчин, хоёр гуя, зүүн талын өвдөг, баруун талын цээжин хэсэгт улайж хөхөрсөн, нурууныхаа ар хэсэгт зулгарсан шарх үүссэн байсан. Тэгэхлээр нь яасан болоод, яагаад таныг ийм болгочихсон юм бэ? гэхэд би их согтчихсон байсан бөгөөд яг юу болсныг сайн санахгүй байгаа юм. Миний санаж байгаагаар 2024 оны 7 дугаар сарын 05-ны орой би И ахынд хонохоор очсон юм. Намайг очиход И ах найзтайгаа архи уугаад сууж байсан. Тэгээд архи ууж байгаа хүмүүстэй хамт байж байхаар харьж хонодог ч юм билүү гээд сууж байтал И ах миний дүү гал тогооны өрөөнд ороод суу гээд хэлэхээр нь би тэр өрөөнд ороод зурагт үзээд сууж байсан чинь тэгээд намайг архи хундагалаад өгөөч гэж дуудаад байхаар нь би эхэндээ дургүйцсэн. Тэгээд байн байн дуудаад байхаар нь очиж архийг нь хундагалж өгсөн бөгөөд намайг архи уу гээд би тэр архинаас С, И болон нэг хүний хамт хувааж ууцгаасан. Би архи ууж байгаад согтчихсон байсан, миний санаж байгаагаар би С-тэй ам мурийж муудалцаж байсан, түүнээс хойш болсон асуудлын талаар би бүдэг бадаг л санаж байгаа юм. Согтчихсон унтаж байгаад нэг сэрэхэд миний хоолойг хүн боогоод байх шиг байсан. Тэгээд хамраа дарсан чинь хамраас цус гарчихсан байсан. Түүнээс хойш юу болсон талаар бас санахгүй байгаа. Өглөө 05 цаг өнгөрч байхад сэрэхэд миний нүд хавдчихсан, хамаг бие хөндүүр оргичихсон, хөдлөхөд хүндрэлтэй байсан. Намайг сэрээд харахад И, С хоёр гэртээ байхгүй, харин хамт архи уусан залуу нь унтаж байсан гэж хэлсэн.” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас/,

- гэрч Н.И-ын “...2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр би хөдөөнөөс ..... сумын .... баг ... хэсэг 2-211 тоотод байрлах гэртээ ирсэн. Гэртээ ирээд байж байтал манай найз Г гэх залуу 18 цагийн үед манайд нэг шил архи барьж орж ирсэн. Би найзтайгаа юм ярьж сууж байгаад архины талыг уучихаад найз нь согтчих гээд байна гээд хүн дуудаад гэртээ хүргүүлэхээр явсан. Тухайн үед Ц манайд ирчихсэн байсан бөгөөд би Ц-ыг наашаа суу гээд ууж байсан архинаасаа хийж өгөөд ганц, хоёр татуулсан. Тэгээд амрах гэтэл манайд аймгаас нэг залуу ирчихсэн байсан бөгөөд тэр залуу гарч дэлгүүрээс нэг шил архи авч ирээд манай эхнэр С, Ц, нөгөө залуу бид нар хувааж ууцгаасан. Манай эхнэр би маргааш өглөө ажилтай амарлаа гээд орондоо орсон чинь Ц над руу танай эхнэр эмнэлгийнхэнтэй нийлээд уудаг шүү дээ, эхнэрээ босгооч гээд байсан бөгөөд манай эхнэрийг хэвтэж байхад нь очиж хөнжлийг нь татаж босгосон. Тэгэхэд нь манай эхнэр уурласан чинь Ц манай эхнэр рүү миний урд байсан цайны аягыг аваад шидчихсэн. Тэгсэн нүүрнийх нь хэсэгт оноод цус гоожсон. Манай эхнэр уурлаад Ц-ыг барьж аваад гэрээс гаргана гээд чирээд байхаар нь би очиж тэр хоёрыг салгасан бөгөөд тухайн үед Ц манай эхнэрийг элдэв янзаар хэлж доромжлоод байсан. Ц агсам тавиад хүчрэгдэхгүй орилж чарлаад амраахгүй байсан болохоор эхнэр бид хоёр машинаа асаагаад ээжийндээ очиж хонохоор явсан. Тэнд очиж унтчихаад 08 цаг өнгөрч байхад буцаад ирэхэд Ц манайд унтаж байсан бөгөөд нүд нүүр нь хөхөрчихсөн байсан. Тэгэхлээр нь би юу болов гэхэд танай эхнэр цохичихсон шүү дээ гэж байсан. Уг нь шөнө тэр хоёрыг маргалдаж байхад нь би салгасан бөгөөд намайг харж байхад бол Ц-ыг манай эхнэр цохиж зодоогүй, харин гэрээс гаргах гээд чирээд байсан бөгөөд чирч байхад нь л юм мөргөсөн байх.” гэсэн мэдүүлгээр, /хавтаст хэргийн 38-40 дүгээр хуудас/,

- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн хошууч П.Б-гийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 0000000000 дугаартай: “1. Ж.Ц-ын биед гэмтэл учирсан байна.

 2. Ууцны доод хэсэгт, зүүн өвдөгний хэсэгт өнгөц зулгаралт. Зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт хаван. Баруун мөрний үений хэсэгт, зүүн бугалгын гадна дунд хэсэгт, баруун хөхний дээд хэсэгт, баруун бугалгын гадна дунд хэсэгт, баруун өгзөгний хэсэгт, баруун гуяны гадна дунд хэсэгт, зүүн өгзөгний гадна хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно.

4. Дээрх гэмтлүүд нь тогтоол заасан буюу 2024 оны 07 дугаар сарын 05-ны шөнө үүссэн байх боломжтой.

5.Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

6. Иргэн Ж.Ц-ын биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т заасны дагуу хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлтээр, /хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас/,

- Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахмад Т.О-ын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 000000000 дугаартай: “1. Д.С-ийн биед гэмтэл учирсан байна.

2. Д.С-ийн биед зүүн хөмсөгний гадна талд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл учирсан байна.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ.

4. Дээрх гэмтлүүд нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үүссэн байх боломжтой.

5. Уг хохирол нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

6. Д.С-ийн биед зүүн хөмсөгний гадна талд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлтээр, /хавтас хэргийн 54-55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, тэдгээрийн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, мэдүүлгүүд нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Ж.Ц, Д.С нар нь бие биенийхээ Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж харилцан зодолдсон үйлдлийн улмаас хэн хэнийх нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч Ж.Ц, Д.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн мэдлэг дутмаг, архи согтууруулах ундааны зүй бус хэрэглээ, бие биенээ хүндэтгэх, хүлээцтэй хандах хандлагагүй, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Ж.Ц, Д.С нар нь өөрсдийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

- Хохирлын талаар:

Уг гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж.Ц, Д.С нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд прокурорын шатанд шүүгдэгч Д.С нь хохирогч Ж.Ц-д 27,000 төгрөгийг өгсөн, шүүгдэгч нар нь хохирогчийн хувьд гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч нарын тайлбараар тогтоогдож байх бөгөөд Д.С нь Ж.Ц-аас хохирол нэхэмжлээгүй байна.

Мөн шүүгдэгч нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “хохирогчийн хувьд одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэв. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүх шүүгдэгч Ж.Ц, Д.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Ж.Ц, Д.С нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй тул холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч нарт прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан  эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Д.С, Ж.Ц нарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрд 600 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.Ц, Д.С нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Ц, Д.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ..... овогт Ж-ийн Ц, ..... овогт Д-ын С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц, Д.С нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц, Д.С нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц, Д.С нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Шүүгдэгч Ж.Ц, Д.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан цэцгэн хээтэй сэнжтэй аяга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Шүүгдэгч Ж.Ц, Д.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ