| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2021/02406/И |
| Дугаар | 181/ШШ2021/02239 |
| Огноо | 2021-11-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2021/02239
| 2021 оны 11 срын 23 өдөр | 181/ШШ2021/02239 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х А А Д С А А -ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: О.Э-т холбогдох
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч О.Э нь 2015 онд бага оврын FT-250 маркийн 5,000,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг тракторыг 560 дугаартай гэрээ хийж, урьдчилгаа 20 хувь болох 2,000,000 төгрөгийг тушааж, 8,000,000 төгрөгийг 4 жилд тэнцүү хувааж жилд 2,000,000 төгрөг төлөхөөр 4 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. О.Э нь 2015 оноос хойш ямар ч төлөлт хийгээгүй, одоог хүртэл 8,000,000 төгрөг нь хэвээрээ байгаа. Талууд гэрээ байгуулахдаа хүүгүй, харин өдрийн 0,3 хувийн алданги тооцохоор тохирсон. О.Э ын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 8,000,000 төгрөгийн алдангийг тооцож үзэхэд 4,000,000 төгрөг болж байгаа. Иймд нийт 12,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан” гэв.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01/1134 дугаартай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд уг нэхэмжлэлд дурдагдсан Бага оврын тракторыг миний бие хүлээн аваагүй болно. Мөн шүүхийн журмаар уг хэрэгтэй холбогдох миний биед олдохгүй, нотлох баримтууд гаргуулах хүсэлт гаргах болно” гэжээ.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х А А Д С А А нь хариуцагч О.Э т холбогдуулан 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь бага оврын тракторыг хүлээн аваагүй гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Бот-2015/560 дугаатай “Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу нэг ширхэг нь 5,000,000 төгрөгийн үнэ бүхий FT-250 маркийн бага оврын трактор /анжис/-ыг 2 ширхэгийг худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулжээ
Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөөд гэрээний урьдчилгаа болгож 2,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөр буюу шилжүүлсэн тракторын үнэ 8,000,000 төгрөгийг О.Э аас шаардах эрхтэй.
Хариуцагч нь бага оврын 2 тракторыг хүлээн аваагүй гэж маргах боловч 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр О.Э ын бичсэн хүсэлтэд “Миний бие Оюунбилэг овогтой Энхбаяр нь 2 ширхэг пад трактор авах хүсэлтэй байх тул уг хүсэлтийн минь хүлээн авч зохих хөнгөлөлтийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэж хүсэлт гаргасан, мөн О.Э т трактор олгох зөвшөөрлийн хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна.
Талуудын хооронд 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Бот-2015/560 дугаатай “Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ”-ний хугацаа 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болох тул шүүх хөөн хэлэлцэх хугацаанд дүгнэлт хийгээгүй болно.
Иймд хариуцагч О.Э аас 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анзын гэрээг бичгээр хийнэ, талуулын хооронд байгуулсан гэрээний 3.3-д үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлнө гэж тус тус заажээ.
Хариуцагч нь гэрээний үүргээ шударгаар биелүүлээгүй тул гэрээнд заасан хэмжээгээр алданги 4,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.
Иймд, хариуцагч О.Э аас 12,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд олгох нь зүйтэй гэж үзэв.
Тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минутанд товлогдсон болохыг хариуцагчийн өмгөөлөгч Г.Мандахсайхан биечлэн танилцаж, гарын үсэг зурсан атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийг хүлээн авч, шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч О.Э аас 12,000,000 төгрөг гаргуулан Х А А Д С А А –д олгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч О.Э аас 206,950 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 14 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР