| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 182/2021/03377и |
| Дугаар | 182/ШШ2021/01792 |
| Огноо | 2021-08-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2021/01792
| 2021 оны 08 сарын 06 өдөр | Дугаар 182/ШШ2021/01792 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.М -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “ГБ” ХХК-д холбогдох
2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Номгон сумын нутаг дэвсгэрт болсон үйлдвэрлэлийн осолд өртсөнийг бүртгэж, акт тогтоон холбогдох байгууллагад нь бүртгүүлэхийг хариуцагчид даалгах, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 10,243,235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.М, хариуцагчийн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: А.М миний бие “ГБ” ХХКинд 2006 оны 03 сараас эхлэн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд Тусгай активын хэлтсийн гэрээт өр барагдуулагчаар тасралтгүй 14 жил 5 сар ажилласан. “ГБ” ХХКтай урт хугацаанд хамтран ажиллаж, ажиллах явцдаа талуудын хооронд байгуулсан гэрээнд дурдсан үүргийн хүрээнд банкны эрх ашиг нийцсэн шийдвэрүүдийг гаргуулж шийдвэрийн биелэлтийг хангуулан хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж, хариуцсан ажилдаа чин сэтгэлээр хандан, ажиллаж ирсэн.
2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “ГБ” ХХКнаас олгосон удирдамжийн дагуу Эрдэнэт болон Дархан дахь салбарын зээлдэгч нарын зээлийг төлүүлэхээр томилолтоор ажиллаж байх явцдаа зам тээврийн осолд орж, тухайн ослын улмаас хамт явсан ажилтан Н.Цоодол нь нас барж, миний бие баруун хөлийн дунд чөмөг хугарсан гэмтлийг авсан. Ослын улмаас томилолтын хуудас болон зарим бичиг баримт хэрхсэн нь тодорхойгүй алга болсон байсан бөгөөд тухайн үед миний бие тэдгээр бичиг баримтыг бодох сөхөө байгаагүй юм. Зам тээврийн осолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд шалгалтын явцад шүүх эмнэлгийн 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10266 дугаартай актын дүгнэлтээр миний биед үүссэн гэмтлийн байдлыг тодорхойлж гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дүгнэсэн.
Тухайн осолтой холбоотой эрүүгийн хэргийг 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын 3 дугаар шүүх хуралдан шийдвэрлэж 12 дугаартай тогтоолыг гаргасан байх ба уг тогтоолд тухайн осол болоод автомашинд зорчин явсан хүмүүст учирсан гэмтлийн зэрэг болоод бусад нөхцөл байдлын талаар тодорхой дурдагдсан байгаа. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварын дагуу ажлаар явж байгаад осолд өртсөн тулд “ГБ” ХХКнаас хуульд заасан тусламж дэмжлэг нөхөн олговрыг олгох, түүнчлэн бусад байдлаар эрүүл мэндэд маань санаа тавих байх гэсэн итгэл тээж байсан боловч өнөөг хүртэл ямар ч арга хэмжээг аваагүйд гомдолтой байдаг. Тухайн ослын улмаас миний бие хоёр удаагийн маш хүнд хагалгаанд орж, дунд чөмгөө хадуулж эмчлүүлсэн боловч хагалгааны явцад яс зөрүүтэй хадагдсаны улмаас өнөөг хүртэл өвчин зовиуртай байх болсон. Эмчлэгч эмч нарын зүгээс дахин эмчилгээ хийлгэн хөлөнд үүссэн зөрүүг арилгахад маш их эрсдэлтэй бөгөөд баталгаатай хэвийн болгох боломжгүй тул жил бүр шавар эмчилгээ, татлагыг хийлгэх, хүнд зүйлс өргөхөөс зайлсхийх, эмийн эмчилгээг л санал болгох бөгөөд нас ахих тусам энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийг анхааруулж ирсэн.
Үүссэн нөхцөл байдлыг дурдан 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “ГБ” ХХКны Гүйцэтгэх захиралд хандан Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нөхөн төлбөр гаргуулан авах хүсэлтээ хүргүүлсэн. Зохих ёсны хариуг өгөөгүй тул 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өмнөх хүсэлтээ шийдвэрлүүлэхээр дахин хандсан. Гэвч хүргүүлсэн хүсэлтийг минь үндэслэн холбогдох ажилтнууд хүлээн авч уулзан, эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэнэ гэж хүлээж байсан итгэлийг минь хөсөрдүүлсэнд гомдолтой байна.
Иймд “ГБ” ХХКнаас олгосон томилолтын дагуу ажил үүргээ гүйцэтгэх явцад 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зам тээврийн осолд өртөн хүндэвтэр гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа зохих хугацаанд алдан, эрүүл мэндээрээ хохирсон тул Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн
97.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч “ГБ” ХХКнаас 10,243,235 төгрөг (2010 оны сарын дундаж цалин 2,048,647 төгрөгийг, хуульд заасанчлан 5 сараар үржүүлэн тооцсон) -ийн нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Хариуцагч “ГБ” ХХКны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон талуудын гаргасан хүсэлтийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудтай танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. “ГБ” ХХК нь 2010 ны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт болсон зам тээврийн ослын тухайд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулий 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Ажил олгогч хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас “ГБ” ХХКны гэрээт ажилтан асан А.Мын эрх өнөөдрийг хүртэл зөрчигдөж байна. Учир нь 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр А.М болон Н.Цоодол нар “ГБ” ХХКны томилолтоор ажил үүргээ гүйцэтгэх явцдаа зам тээврийн осолд өртсөн боловч ажил олгогчоос Н.Цоодолыг үйлдвэрлэлийн осолд өртсөн талаар зохих актыг тогтоосон байх боловч А.Мыг үйлдвэрлэлийн осолд өртсөн талаар өнөөдрийг хүртэл ямар ч акт тогтоогоогүй байна. Үйлдвэрлэлийн ослын актыг тогтоолгоогүйн улмаас Хөдөлмөрийн хуульд заасны дагуу нөхөн төлбөрөө шаардах боломжгүй нөхцөл байдалтай тулгараад байна.
Иймд 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Номгон сумын нутаг дэвсгэрт болсон үйлдвэрлэлийн осолд “ГБ” ХХКны гэрээт ажилтан А.М нь өртсөнийг судлан бүртгэж, актыг тогтоон, холбогдох байгуулагуудад бүртгүүлэхийг ”ГБ” ХХКинд даалгаж, А.Мын зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч А.М миний бие “ГБ” ХХКинд холбогдуулан зохих нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор холбогдох хуулиудыг судлан үзвэл:
Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шаптгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно гэж, 97.1.1-д Үйлдвэрлэлийн осол. хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 cap, 31-50 хувь алдсан ажилтанд 7 cap. 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 cap, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгох-оор хуульчлан тогтоосон байх бөгөөд Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд Хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1., 97.1.2,-т заасан "нөхөн төлбөр" -ийг 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр овчмлсон, мөн уг хугацаанаас өмнө эдгээр тохиолдолд өртөж, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гараагүй байгаа болон комиссын шийдвэр гарсан боловч нөхөн төлбөр аваагүй байгаа хүмүүст хамааруулан ойлгоно гэж, 25.1-д Ажил олгогч энэ хэсэгт заасан хугацааны нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно гэдзг нь нэг удаа заавал олгохыг хэлэх ба хөдөлмөрийн чадвар алдалтын хувь багассан, нэмэгдсэн тохиолдод нэгээс дээш удаа олгоно. хэмээн тус тус хуульчлан тогтоож, холбогдох хуулийн зүйл заалтыг тайлбарласан байх тул дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.Үүнд:
“ГБ” ХХКнаас олгосон томилолтын дагуу ажил үүргээ гүйцэтгэх явцад 2010 оны 09-р сарын 21 өдөр зам тээврийн осолд өртөн хүндэвтэр гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа зохих хугацаанд алдан эрүүл мэндээрээ хохирсон тул Хөдөлмөрийн хуулийн 97.1 дүгээр зүйлийн 97.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч “ГБ” ХХКнаас 10.243.235 төгрөг ( 2010 оны сарын дундаж цалин 2.048.647 төгрөгийг хуульд заасанчлан 5 сараар үржүүлэн тооцсон )-ийн нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч А.М нь “ГБ” ХХК-тай Хөлсөөр ажиллах гэрээ-ний үндсэн дээр гэрээт өр барагдуулагчаар ажиллаж байсан. 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “ГБ” ХХКнаас олгосон удирдамжийн дагуу Эрдэнэт болон Дархан хотруу зээлдэгч нарын зээлийн төлбөрийг төлүүлэхээр томилолтоор ажиллаж байх явцдаа зам тээврийн осолд орж хүндэвтэр гэмтэл авсан талаар нэхэмжлэлдээ дурдсан байна. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-т Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлын нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно гэж зааснаас үзвэл ажилтан тус үйлдвэрлэлийн осолд өртсөн эсэх, хэрэв өртсөн бол тэрхүү осол нь үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг тогтоосон эрх бүхий этгээдийн үйлдвэрлэлийн осолын актын үндсэн дээр нөхөн олговрыг ажил олгогч олгох талаар зохицуулсан байна. Гэвч нэхэмжлэгчийн дурдаад буй зам тээврийн осолд өртсөн нөхцөл байдал нь үйлдвэрлэлийн осол мөн эсэх, үйлдвэрлэлийн осолыг тогтоосон акт байхгүй байгаа нь. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй болохыг харуулж байна.
Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч “ГБ” ХХК-д холбогдуулан 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Номгон сумын нутаг дэвсгэрт болсон үйлдвэрлэлийн осолд өртсөнийг бүртгэж, акт тогтоон холбогдох байгууллагад нь бүртгүүлэхийг хариуцагчид даалгах, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 10,243,235 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин үйлдвэрлэлийн ослын нөхцөл байдал тохиолдсон үйл баримтын хувьд хариуцагч маргадаггүй атлаа үйлдвэрлэлийн ослын акт тогтоох үүргээ биелүүлээгүйн улмаас миний бие удаан хугацаанд хохирч байна, осол болсноос хойш асуудлыг нааштай шийдвэрлэнэ хэмээн “ГБ” ХХКинд найдаж, ийм ойлголт авч ирсэн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгсөнгүй гэх агуулга бүхий тайлбар гарган мэтгэлцэж байгаа бол хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, осол болсон үйл баримт, нөхцөл байдлын талаар маргахгүй боловч үйлдвэрлэлийн ослын акт тогтоох хугацаа өнгөрөөд хэт удсан, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор хуульд заасан ач холбогдолтой олон нөхцөл байдлуудыг тогтооход бэрхшээлтэй болох зарчмын санаа хөндөгдөх учиртай гэх агуулга бүхий тайлбар гарган маргаж байна.
Шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.
Зохигчид нэхэмжлэгч А.М нь 2006 оноос “ГБ” ХХК ХХ-нд өр барагдуулагчаар ажиллаж байсан болон 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тус банкнаас өгсөн удирдамжийн дагуу Эрдэнэт, Дархан хотруу зээлдэгчдийн өрийг барагдуулахаар томилолтоор явах замдаа зам тээврийн осолд орж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан үйл баримтын тухайд харилцан маргаагүй болно. Ослын улмаас нэхэмжлэгчтэй нэг удирдамжийн дор томилолтоор ажиллаж байсан, түүнтэй нэгэн адил өр барагдуулагч ажилтай Н.Цоодол нас барсан байх ба уг зам тээврийн осолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын гуравдугаар шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байна. /2-р хх, 24-36 дугаар тал Шийтгэх тогтоол/
Нэхэмжлэгч ба хариуцагчдын хэн аль нь ажил олгогчоос өгсөн удирдамжийн дагуу томилолтоор явж байх үед тохиолдсон зам тээврийн осол нь үйлдвэрлэлийн ослын шинж байдалтай болохыг маргахгүй байх боловч хариуцагч гагцхүү үйлдвэрлэлийн осол болохыг хуулийн дагуу шалган тогтоох ажиллагаа явуулах хугацаа өнгөрсөн нь энэ маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж мэтгэлцэж байна. Түүний үзэж байгаагаар осол болох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 6.2-т үйлдвэрлэлийн осол гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд үйлдвэрлэлийн ослын актыг нөхөн тогтоохгүй бөгөөд дээрх хугацаа нэгэнт өнгөрч даруй 10 жил болсон гэжээ. Нэхэмжлэгч энэ тайлбарыг эс зөвшөөрч үйлдвэрлэлийн ослын акт тогтоох явдал нь ажил олгогчийн үүрэг бөгөөд энэ талаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна гэж заасан нь тус байгууллагын хувьд зайлшгүй биелүүлэх ёстой үүрэг мөн гэж тайлбарлаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэл бүхий гэж үзлээ. Учир нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэж, акт үйлдэх үүрэг нь түүнд нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс хуулиар тогтоосон заавал биелүүлэх үүрэг бөгөөд нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр тогтоосон үүргийг ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаан, үндэслэлгүйгээр гагцхүү цаг хугацааны хүчин зүйлээр хязгаарлаж биелүүлэхгүй байх боломж олгох нь зөв биш. Ослыг бүртгэж, шалтгааныг тогтоон цаашид энэ төрлийн осол эндэгдэл гаргахгүй байлгах зорилгоор хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь ажил олгогчийн нийтийн эрх зүйн хүрээнд хүлээсэн үүрэг мөн бөгөөд энэ үүргийг осолд орсон этгээдээр шаардуулж, эсхүл ямар нэг хүсэлт, гуйлт тавиулж биелүүлэх ёстой хэмээн хуулийн холбогдох заалтыг хэрэглэх нь утга холбогдолгүй болно.
Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д хуульд заасан тохиолдолд Засгийн газрын энэ хуульд нийцүүлэн иргэний эрх зүйн хэм хэмжээ агуулсан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг шүүх хэрэглэж болно гэж, түүнчлэн мөн зүйлийн 3.6-д хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөвхөн хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд хэрэглэхээр заасан байна. Шүүх үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх үүргээ биелүүлэхгүй байх 6 сарын хугацаа тогтоосон Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэглэх хууль зүйн боломжгүй гэж үзлээ. Учир нь үйлдвэрлэлийн ослын улмаас өөрт учирсан хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжлэх ажилтны шаардах эрхийн үндэслэл нь уг ослыг судлан бүртгэж акт тогтоох ажил олгогчийн үүрэгтэй нягт холбоотой байх бөгөөд уг үүргээ шалтгаангүйгээр биелүүлээгүй ажил олгогчийн хууль бус үйлдлийн улмаас ажилтны нөхөн төлбөр шаардах эрх зөрчигдөх нь иргэний эрх зүйн хамгаалалтыг үгүйсгэж байх тул иргэний хууль тогтоомжид нийцэхгүй байна.
Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн эхний шаардлагыг хангаж, ”ГБ” ХХКны өр барагдуулагчаар ажиллаж байсан А.М нь Эрдэнэт, Дархан хотруу томилолтоор ажиллах явцад 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тохиолдсон зам тээврийн осол нь үйлдвэрлэлийн осол болох талаар акт үйлдэн бүртгэхийг “ГБ” ХХК-нд даалгаж шийдвэрлэх нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасантай нийцнэ.
Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага буюу “ГБ” ХХКнаас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасныг үндэслэн үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсаны нөхөн төлбөрт 10,243,235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтын дагуу үйлдвэрлэлийн ослын акт үйлдэж, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн урьдчилсан ажиллагаа хийлгэхгүйгээр нөхөн төлбөрийн талаарх шаардах эрхийн талаар хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэл байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар энэ нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 249,042 төгрөг төлсөн байх бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч “ГБ” ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу 178,842 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч А.Мад тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу хариуцагч “ГБ” ХХКны өр барагдуулагчаар ажиллаж байсан нэхэмжлэгч А.М нь Эрдэнэт, Дархан хотруу томилолтоор ажиллах явцад 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тохиолдсон зам тээврийн осол нь үйлдвэрлэлийн осол болох талаар акт үйлдэн бүртгэхийг “ГБ” ХХК-нд даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хариуцагч “ГБ” ХХК-аас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасныг үндэслэн үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсаны нөхөн төлбөрт 10,243,235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч “ГБ” ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу 178,842 төгрөгийг улсын төсөв /100200700941 тоот данс/-өөс буцаан гаргуулж нэхэмжлэгч А.Мад тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
5. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА
|
|