Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 125

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0136/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Хохирогч Б.Б***,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б***
Шүүгдэгч Б.Б***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Б.Б***т холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Б***, 1998 оны 4 дүгээр сарын    16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын **-р багийн Үйлдвэрийн ** тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй,  хэрэг хариуцах чадвартай, **** регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Б***нь Дархан сумын **-р багийн ** дугаар байрны ** тоотод 2017 оны 3 дугаар сарын 08-ны 00 цагийн үед Б.Б***, Б.Б***нар нь хоорондоо маргалдаж улмаар Б.Б***нь Б.Б***ын нүүрэн тус газар нь цохиж үүдэн 3 шүдийг хугалж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    Шүүгдэгч Б.Б***ын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

    2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 22 цагийн үед манай найз Н*** утсаар над руу яриад манай гэрт хүрээд ир уулзах хэрэг байна гэж дуудсан. Тэгээд Н***ын гэрт очсон чинь Н***, О*** нар байсан. Тэгээд уулзалдсаных гээд бид гурав гаднаас нэг том пиво, нэг шил архи аваад хувааж уусан. Тэгээд миний нойр хүрээд унтаж байсан чинь гаднаас Н***ын ах Б*** 00 цагийн үед архи уучихсан согтуу орж ирээд шууд хөнжил татаад бос гээд орилоод байсан. Би босоод хувцасаа өмсөөд зогсож байсан чинь Н*** ах Б***ыгоо өрөөнөөс татаад аваад гарсан. Коридорт Н***, Б*** хоёр хоорондоо маргалдаад зодолдсон. Тэгэхээр нь би жижиг өрөөнөөс гараад Б***, Н*** хоёрыг салгачихаад буцаад жижиг өрөө рүү орж хувцасаа авах гээд эргэтэл Б*** орилж ирээд чи над руу томордог болчихсон уу гээд миний нүүрэн тус газар луу гараараа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд Б***ын нүүрэн тус газар луу цохьчихсон. Б*** өрөөндөө орчихоод шүд хугарчихлаа гээд орилоод байсан. Тэгээд манай найз Н*** намайг чи яв яв гээд явуулсан. Тэгээд гэрээс нь гараад явж байхад Б*** наанаа байж бай цагдаа дуудчихсан гээд орилоод байхлаар нь би шууд яваад өгсөн гэх мэдүүлэг, 

    Хохирогч Б.Б***ын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр эхнэр Урантуул, найз М***, Б***нарын хамтаар гадуур явж байгаад 00 цагийн үед М***, Б***нарын хамт гэртээ ирсэн. Манай дүү Н*** манай байрны хажуу өрөөг түрээслэж амьдардаг О***ын өрөөнд 2 найзтайгаа архи уучихсан байдалтай амрах гээд байж байсан. Тэгэхлээр нь би дүү Н***ыг юун хүн цуглуулаад байгаа юм би чамайг битгий хүн цуглуулаад бай гэж хэлдэг биз дээ гэсэн чинь манай дүү Н*** өрөөнөөс гараад ир тэгээд ярья гэсэн. Тэгэхлээр нь би чамтай яриад байх юм байхгүй чи наад найз нарыгаа гарга гээд хэлсэн чинь чи ямар сонин пизда вэ гээд хэлэхээр нь би коридорт гараад дүү Н***ын нүүрэн тус газар луу уурандаа цохисон. Тэр үед найз М*** намайг салгасан тэгсэн чинь манай дүү Н***ын найз Б.Б*** чи яахлаараа Н***ыг зоддог юм бэ гээд жижиг өрөөнөөс гараад ирсэн тэгэхээр нь би уурандаа Б.Б***ын нүүрэн тус газарлуу нь цохисон чинь Б.Б*** буцаагаад миний нүүрэн тус газар луу цохисон. Тэгээд л М***, Н***, О*** гурав Б.Б*** бид хоёрыг салгасан. Тэгээд би Б.Б*** луу чи яаж байгаа юм гээд хэлэх гэсэн чинь миний шүд уначихсан. Тэгээд би Цагдаагийн байгууллага дуудах гэсэн чинь Б.Б***, Н*** хоёр гараад явчихсан. Би шүдээ янзлуулж авмаар байна. Имплант шүд хийлгэхэд нэг ширхэг нь 2 сая төгрөгийн үнэтэй гэсэн. 3 шүд хийлгэхэд 6 сая төгрөг болно гэсэн. Имплант шүд хийлгэхээр өвөөгийн тэтгэврийн зээл авсан боловч хүрэхгүй байгаа учир одоогоор шүдээ хийлгэж чадаагүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 8/,   

    Гэрч Н.Б*** хэрэг бүртгэлтэд өгсөн:

2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр найз залуу М*** мөн найз Б***, Б***бид хэд гадуур явж байгаад 00 цаг өнгөрөөгөөд Б***ын гэр буюу Дархан сумын **-р багийн **дугаар байрны **тоотод очсон. Би гал тогооны өрөөнд нь байж байхад Б*** дүү Н***той уулзана гээд жижиг өрөө рүү орсон. Тэгээд удаагүй коридорт шуугилдаад байхаар нь харсан чинь Н***ын найз нь гээд залуу Б***той хоорондоо маргалдаад зодолдоод байсан. Би гал тогооны өрөөнд байсан болохоор сайн хараагүй. Тэгээд зодоон дуусаад Б***ын өрөөнд орж ирсэн чинь амнаас нь цус гарчихсан үүдэн шүд нь хугарчихсан байсан. Тэр үед нөгөө Б***той зодолдсон залуу найз охиноо аваад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

    Гэрч Б.Н***ын хэрэг бүртгэлтэд өгсөн:

    2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 19 цагийн үед би гэртээ хувцасаа угааж байсан чинь манай найз Б.Б*** найз охинтойгоо ирсэн. Тэгээд бид гурав гаднаас нэг шил архи аваад гэрт ороод хажуу өрөө түрээслэж суудаг О***ын өрөөнд ороод гаднаас авсан архиа уугаад дуусаж байсан чинь 00 цагийн үед гаднаас манай ах Б*** орж ирээд Б.Б***ыг түрээсийн байранд байгаа хүүхдийн өрөөнд орж архи уулаа одоо гар гээд хөөгөөд над руу уурлаад Б***явуул гэж байхад яагаад явуулаагүй нийлээд архи дарс уудаг юм гээд намайг 2 удаа цохисон. Тэгсэн чинь Б.Б*** цаанаас манай ах Б*** руу чи муу арчаагүй пизда минь битгий охин шиг шалчиганаад бай гээд хэлсэн чинь Б*** өөдөөс нь хэрэлдсэн. Б*** Б.Б***ыг чи манай гэрээс найз охиноо аваад яв гээд хэлээд хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд нэг мэдсэн чинь хоорондоо барьцалдаад авчихсан зодолдоод байсан. М*** бид 2 салгасан чинь манай ах Б***ын үүдэн шүд нь хугарчихсан байсан. Тэгээд би Б.Б***ыг одоо чи яв яв гээд явуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 10/, 

    Гэрч М.О***ын хэрэг бүртгэлтэд өгсөн:

Би Дархан сумын **-р баг **-р байрны **тоотод хажуу өрөө түрээслэж амьдардаг. 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн үед хажуу өрөөний Н***, Б.Б*** найз охиноо дагуулаад манай өрөөнд орж исрэн. Тэгээд бид дөрөв юм яриад манай өрөөнд сууж байхдаа гаднаас 1 шил архи авчирч уусан. Тэгтэл байрны эзэн Б*** ах орж ирээд нойлын өрөөнд бөөлжсөн байна хэн бөөлжсөн юм гэж надаас асуухаар нь би бөөлжсөн гээд хэлсэн чинь Б*** ах шууд манай өрөө рүү орсон. Тэгсэнээ дүү Н***ыг чи байранд элдэв янзын хүн авчирч архи уулаа гээд уурласан чинь Н*** өөдөөс нь хэдэн юм ярьсан байх тэгсэн чинь Б*** ах Н***ыг ганц нэг удаа цохиод зодолдоод байхлаар нь Б.Б***, О*** бид 3 салгасан. Коридорт цус болчихсон байхаар нь би цэвэрлээд байж байсан чинь цаана Б.Б*** Б*** ах хоёр хоорондоо зодолдсон. Тэгээд тэр 2-ыг салгаад Б*** ах коридорт зодолдсон газраа амаа дараад хойшоогоо суучихсан. Тэгээд цагдаа дуудна гээд байсан би цусыг нь цэвэрлээд байж байсан. Б*** ахын үүдэн шүд нь хугарчихсан байсан. Удаагүй Б.Б*** найз охинтойгоо гараад явчихсан гэх мэдүүлэг /хх-ийн 11/, 

    Гэрч А.Ю*** хэрэг бүртгэлтэд өгсөн:

2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр би найз залуу Б.Б***тай уулзаад байж байсан чинь Б.Б***ын найз Н*** утсаар залгаад манай гэрт ганц юм зохицуулаад яваад ир гэж дуудсан. Тэгээд Б.Б*** бид хоёр Н***ын гэрт нь очсон. Тэр үед Н*** байр түрээслэдэг гээд нэг залуугийн өрөөнд бид хоёрыг оруулсан. Тэгээд бид хэд юм яриад шатар тоглоод байж байхад Н***ын ах Б*** гэх залуу гадагшаа гарч шоудлаа гээд гараад явсан. Гарч явсных нь дараа Н***, Б.Б*** 2 гаднаас 1 шил архи оруулж ирээд Н***, Б.Б*** 2 уусан. Б.Б*** хөнжил нөмрөөд хэвтэж байсан би өрөөнд нь сууж байсан чинь 23 цагийн үед гаднаас Н***ын ах Б*** өрөөнд орж ирээд Б.Б***ын хөнжлийг хуу татаж авчихаад Б.Б*** пизда минь бос гээд намайг харснаа наад гичийгээ аваад зайл гэж хэлсэн чинь Н*** гаднаас ирээд ахаа хоёулаа ярья гээд өрөөнөөс аваад гарсан. Тэгээд коридорт Н*** ахтайгаа муудалцаад зодолдоод байх шиг байсан. Тэгсэн чинь Б.Б*** салгах гээд өрөөнөөс гарахаар нь би араас нь гарсан чинь Б.Б*** Н***, Б*** хоёрыг зодолдож байхад нь салгаад Б***ыг аваад гал тогооны өрөө рүү аваад явж байхдаа бид хэд одоо ингээд явлаа гээд хэлсэн чинь Б*** Б.Б***ын нүүрэн тус газар луу нэг удаа гараараа цохисон тэр үед Б.Б*** зөрүүлээд Б***ын нүүр хэсэг рүү нь цохисон. Тэгээд зууралдаж байхад нь тэнд байсан Б***ын найз нар мөн би Н*** бид хэд салгасан. Тэгээд бид хэд явцгаасан гэх мэдүүлэг /хх-ийн 12/, 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 383 дугаартай дүгнэлт /хх-ийн 16/, 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 361 дугаартай дүгнэлт:
 
1.Б.Б***ын биед 3 шүдний булгарал, буйлны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3.шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.3 шүдний булгарал гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 10% нөлөөлөнө гэжээ. /хх-ийн 20/, 

    ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-38/ зэрэг болно.  

Шүүгдэгч Б.Б***нь Дархан сумын **-р багийн **дугаар байрны **тоотод 2017 оны 3 дугаар сарын 07-ны шөнө 00 цагийн үед Б.Б***, Б.Б***нар нь хоорондоо маргалдаж улмаар Б.Б***ын бие махбодид 3 шүдний булгарал, буйлны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг бүртгэлтэд  хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 361 дугаартай дүгнэлт, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан баривчлах ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б***ын бие махбодид 3 шүдний булгарал, буйлны цус хуралт бүхий  гэмтэл учирсан байх бөгөөд хохирогч "имплант шүд хийлгэхэд 6 000 000 төгрөг шаардлагатай төлбөрийн боломжгүйгээс шүдээ хийлгэж чадаагүй" гэх мэдүүлгээс түүний гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бичгийн нотлох баримтыг үндэслэж гаргах бөгөөд хохирогч хэрэгт ямар нэг нотлох баримт ирүүлээгүй байх тул хохирол гаргуулах боложгүй болно.   

    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.  

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

 1.Б.Б***ыг согтуугаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч Б.Б***ыг 1 сарын /нэг сар/ хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч Б.Б***т оногдуулсан 1 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Б.Б*** нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

              6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
                   7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б***т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ