| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 135/2024/00375/И |
| Дугаар | 001/ХТ2024/00305 |
| Огноо | 2024-12-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2024/00305
Н.Оы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн тахимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэрийн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 135/ШШ2024/00685 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 209/МА2024/00067 дугаартай магадлалтай,
Н.Оы нэхэмжлэлтэй
“Э” ХХК-д холбогдох
Ажлын хөлс болох 40,000,000 төгрөгийг гаргуулан авах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Н.О нь “Э” ХХК-д холбогдуулан ажлын хөлс болох 40,000,000 төгрөгийг гаргуулан авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 135/ШШ2024/00685 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч “Э” ХХК-аас 35,880,485 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Од олгож, нэхэмжлэгчийн 4,119,510 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,880,485 төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 337,352 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
3. Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 209/МА2024/00067 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 135/ШШ2024/00685 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх "Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-аас 35,880,485 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Од олгож, нэхэмжлэгчийн 4,119,510 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэсэн заалтыг,
“Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт тус тус зааснаар ... гэж өөрчлөлт оруулж”, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,353 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар “хамтран ажиллах гэрээ”-ний харилцаа үүссэн гэж үзсэн атлаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан “ажил гүйцэтгэх гэрээ”-ний харилцаа үүссэн мэтээр Барилга хот байгуулалтын сайдын 2020.06.10-ны өдрийн 108 дугаар тушаалаар баталсан "Зураг төслийн ажлын жишиг үнэ"-ийн дагуу тооцож хариуцагчаас 35,880,485 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн, хуулийн үндэслэлгүй шийдвэр болсон. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс хууль хэрэглээний 3 өөр зөрүүтэй үндэслэл дурдаж шийдвэр, магадлал гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадсангүй. Хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн шийдвэр, магадлал гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа шаардлагаа ч зөв тодорхойлоогүй байдаг.
Мөн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг магадлахдаа дахин журам зөрчсөн гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх гэрч асуулгах хүсэлт хангасан тухай захирамж 2024.04.29-ний өдөр гарсан бөгөөд 2024.05.01-ний өдөр хариуцагч талд цахим хэлбэрээр /viber/ захирамж гарсан тухай мэдэгдсэн. Үүний маргааш нь буюу 2024.05.02-ны өдөр гэрчийг 1 талыг оролцуулан мэдүүлэг авч хариуцагч талд гэрчээс асуулт асуух боломж олгоогүй юм. Үүнийг давж заалдах шатны шүүхээс утсаар танилцуулсан ямар 1 хүсэлт гаргаагүй хэмээн хүсэлт гаргах боломжтой байсан мэтээр дурджээ. /Уг захирамжийг хариуцагч талд мэдэгдэхдээ гэрчийг шүүх хурлаас өмнө асуух тухай огт мэдэгдээгүй тул хариуцагч талаас шүүх хурал дээр л асуултаа асуух юм байна гэж ойлгосон/.
Мөн анхан шатны шүүх хуралд нэхэмжлэгч тал өмгөөлөгчтэй оролцсон гэтэл уг өмгөөлөгч нь нэхэмжлэгчийг өмгөөлөх эрхтэй субъект биш байсан. Учир нь нэхэмжлэгч Н.О нь шүүхэд өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргаагүй, өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ байхгүй байхад өмгөөлөгч Т.Э нь шүүхэд өмгөөлөгчийн байр сууринаас оролцох боломжгүй гэж үзсэн. Үүнийг давж заалдах шатны шүүхээс Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн хууль зүйн туслалцаа авах эрхтэй гэж зааснаар иргэн бүрийн үндсэн эрх юм хэмээн нэхэмжлэгчийг хууль зөрчсөн үйлдэл болохгүй гэжээ. Хариуцагчийн зүгээс Монгол Улсын иргэн эрх зүйн туслалцаа авсан нь хууль зөрчсөн эсэх талаар огт гомдол гаргаагүй бөгөөд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т зааснаар өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь хүсэлтээр тодорхойлогдоно, 34.3-т “Өмгөөлөгч хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрээгээр оролцохдоо хуульд заасан эрх эдэлж үүрэг хүлээнэ.” гэж заасныг тус тус зөрчсөн байхад үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж чадаагүй гэж үзэж байна. /Нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн 2024.02.19 өдрийн №1 тоот "Хувийн өмгөөлөгчтэй байгуулах гэрээ" нь “Амар гаджест” ХХК болон өмгөөлөгч Т.Энхжаргал нарын хооронд байгуулсан гэрээ байсан./
Иймд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийн үндэслэлгүйгээр хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШХТ2024/01402 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболдын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
7. Нэхэмжлэгч Н.О нь “Э” ХХК-д холбогдуулан 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... "Энх мөнхийн түмэн өргөө" ХХК-ийн захирал С.Этай ашиг орлогоо хувь тэнцүү хуваахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр ... "400 тн улаан буудайн үрийн агуулах"-ын барилгын зураг төслийг зохиох, [болон бусад ажлуудыг] ... бие даан хийж гүйцэтгэсэн. ... "Зураг төслийн ажлын жишиг үнэ"-ийн хавсралтад заасныг үндэслэж, ... ажлыг хөлсийг тооцож, нийт 50,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Үүнээс 10,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 40,000,000 төгрөгийг төлөөгүй. ...” гэж тайлбарласан.
8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “... Нэхэмжлэгч нь ... "Э" ХХК-тай ашиг орлогоо тэнцүү хуваан авах талаар харилцан тохиролцсон мэтээр дурдах боловч Н.О нь гэрээнд ямар нэг хэлбэрээр оролцох, ажил үүрэг гүйцэтгэх, эрх эдлэх талаар тохиролцсон болон гэрээ байгуулсан зүйл огт байхгүй. Дээрх гэрээ байгуулах явцад Н.О нь надтай хамт байж барилга баригдах явцад зарим бараа, материал нийлүүлэх боломжтой талаар л ярилцаж байсан. Манай компани гэрээний дагуу барилгын ажил эхлэхтэй зэрэгцэн Н.Оы "Амар гаджест" ХХК-аас аман тохиролцоогоор барилгын өрлөгийн бетон лего блок авахаар болж "Амар гаджетс" ХХК нь бараа материал нийлүүлэн, өрлөг угсралтаа бүрэн хийж хүлээлгэн өгснөөр манай компанийн зүгээс төлбөрийг бүрэн шилжүүлж дууссан. Харин нэхэмжлэлд дурдсан ажлуудыг хийх тухай тохиролцоо байхгүй. ... 40,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. ...” гэж тодорхойлсон.
9. Анхан шатны шүүх “Э” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас 35,880,485 төгрөгийг хангаж, үлдэх 4,119,510 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шийдвэрт “...Хариуцагч тал нь нэхэмжлэлд дурдсан ажлыг гүйцэтгүүлэх талаар амаар болон бичгээр ямар нэгэн хэлцэл хийгээгүй, ийм ажил огт хийгээгүй гэж маргаж байгаа боловч өөрийн татгалзалтай холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ ... бичгээр байгуулаагүй боловч ... үүссэн гэх үндэслэлтэй. ... хамтран ажил үүрэг гүйцэтгэхдээ хураамжийн хэмжээг тогтоогоогүй боловч нэхэмжлэгчийн зүгээс уг компанид үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлсөн ... тул Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2-т заасан шаардлагыг хангасан. ... Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д зааснаар хамтран ажиллах гэрээнээс хэдийд ч гарч болохоор зохицуулсан ... тул нэхэмжлэгч нь гэрээнээс гарсныг буруутгах үндэслэлгүй. Иймд хариуцагчаас Барилга хот байгуулалтын сайдын 2020.06.10-ны өдрийн 108 дугаар тушаалаар баталсан "Зураг төслийн ажлын жишиг үнэ"-ийн дагуу нэхэмжлэгч Н.Оы “Э” ХХК-ийн нэр дээр зохиосон барилгын 595,84 м.кв талбай бүхий 1.м.кв-ын зураг төслийн үнийг 37,989 төгрөгөөр тооцож 22,635,365 төгрөг, барилга байгууламжийн 315 м.кв талбай бүхий 1 м.кв-ын зураг төслийн үнийг 42,048 төгрөгөөр тооцож 13,245,120 төгрөг нийт 35,880,485 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Од олгох нь зүйтэй. Харин [бусад ажлын] үнэлгээг зах зээлийн ямар үнэ цэнтэй жишиж, харьцуулсан ... талаар нотлох баримт ирүүлээгүй, энэ нь баримтаар тогтоогдоогүй тул уг шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэж дүгнэсэн.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан. Магадлалд “... гэрээг амаар болон бичгийн аль ч хэлбэрээр хийж болох бөгөөд нэхэмжлэгчээс үзүүлсэн гэх ажил, үйлчилгээ нь уг гэрээний гол нөхцөл болох тул түүнийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийсэн гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгч Н.О нь бие даан тодорхой ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн нь Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1-т нийцэж байх тул талуудын хооронд "хөлсөөр ажиллах" гэрээний харилцаа үүссэн. ... Нэхэмжлэгч нь хөлсөөр ажиллах гэрээний ажиллагчийн хувьд бодит үйлдлээр, биечлэн тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх үүргээ биелүүлсэн тул “Э” ХХК нь хөлс төлөх үүрэгтэй. ... Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн [атлаа] нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа Барилга хот байгуулалтын сайдын 2020.06.10-ны өдрийн 108 дугаар тушаалаар баталсан “Зураг төслийн ажлын жишиг үнэ"-ийн дагуу .. гэж дүгнэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй гэж үзэхээр байх тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй...” гэж дүгнэсэн.
11. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг адил тогтоосон боловч эрх зүйн харилцааг ялгаатай тогтоож, улмаар эрх зүйн ялгаатай дүгнэлт өгчээ. Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн боловч Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийг хэрэглэн шаардах эрхийн талаар ялгаатай заалт баримталсан байна.
12. Зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлсон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үндэстэй гэж үзнэ. Анхан шатны шүүх зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж үзэхэд хураамжийн хэмжээг тодорхой тогтоогүй нь нөлөөлөхгүй, нэхэмжлэгч гэрээнд оролцохдоо хураамжийг биет бус байдлаар буюу үйлчилгээ хэлбэрээр оруулахаар тохирсон гэж тайлбарласан байна. Хэдийгээр хамтран ажиллах гэрээ байгуулахад хураамжийн хэмжээ тодорхой тогтсон эсэх нь гэрээ байгуулсан эсэхэд нөлөөлөх гол хүчин зүйл биш гэх анхан шатны шүүхийн хууль хэрэглээг буруутгахгүй боловч маргаан бүхий энэ хэргийн тухайд хамтран ажиллах гэрээний үндсэн зорилго тодорхойгүй, хамтран ажиллах үндсэн нөхцөлийн талаар талууд эргэлзээгүй тохирсон болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хамтран ажиллах гэрээ гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.
Харин хэрэгт авагдсан баримтаас хариуцагч “Э” ХХК нь агуулахыг барьж гүйцэтгэхээр бусад этгээдтэй гэрээ хэлцэл байгуулсан, нэхэмжлэгч Н.О маргаан бүхий агуулахыг барьж гүйцэтгэхтэй холбоотой зураг төсөл боловсруулах ажлыг туслан гүйцэтгэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Иймд нэг талаас Н.О нөгөө талаас “Э” ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ нь ажлын үр дүнгээс шалтгаалан Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан гэрээнээс ялгаатай хэдий ч эдгээр гэрээний аль аль нь ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбоотой гэрээний ерөнхий бүлэгт хамаарах тул нэг гэрээний харилцааг хоёр янзаар тодорхойлсон гэж үзэхгүй. Энэ талаар давж заалдах шатны шүүх эрх зүйн харилцааг дотооддоо зөрчилтэй тодорхойлсон гэх агуулга бүхий хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
13. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо хэд хэдэн ажил гүйцэтгэсэн талаар тайлбарлаж баримтыг хавсаргасан байх боловч хэрэгт авагдсан баримтаас 595.84 м.кв талбайтай барилгын зураг төсөл, 315 м.кв талбайтай барилгын зураг төслийг хийж гүйцэтгэсэн тухайд хариуцагч маргаагүй. Харин холбогдох төлбөрийг нэгэнт төлсөн гэх агуулгаар хариуцагч татгалзлын үндэслэлээ тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.Оы компани гэх “А” ХХК нь тус компаниас лего блок худалдаж авснаар тодорхой төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй дагалдуулан хийж гүйцэтгэхээр зар түгээсний дагуу харилцаж тус компаниас блок худалдан авч зураг төслийг зуруулсан, лего блок худалдаж авснаар зураг төсөл зуруулсны үнийг төлсөнд тооцогдоно гэх агуулгаар мэтгэлцжээ. Гэвч хариуцагч татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй, нотлох үүргээ биелүүлсэнгүй.
Иймд зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан бөгөөд ажлын хөлсийг тодорхой тогтоогүй бол эрх бүхий этгээдээс тогтоосон жишиг үнийг харгалзан хөлсийг тодорхойлохоор зохицуулсан гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т “Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө.” гэж заасантай нийцжээ.
14. Нэхэмжлэгч дээрх хоёр төрлийн зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэхээс гадна хэд хэдэн өөр төрлийн ажил хийж гүйцэтгэсэн хэмээн маргаж байх хэдий ч энэ талаарх баримт хэрэгт хангалтгүйн зэрэгцээ хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч ийм ажлууд хийж гүйцэтгэснийг эс зөвшөөрсөн байна.
Иймд дээр дурдсан хоёр зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэснийг хэрэгт авагдсан баримтын үндсэн дээр тогтоож, холбогдох хөлс болох 35, 880,485 төгрөгийг эрх бүхий этгээдийн жишиг үнийг баримтлан гаргуулах нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцнэ.
15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн буюу гэрч асуухад байлцуулаагүй, нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан талаар гомдолдоо дурдсан байна. Энэ гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э 2024.04.24-ний өдөр Б.Быг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх 2024.04.29-ний өдрийн захирамжаар хангаж шийдвэрлэжээ. Тус захирамжийг 2024.05.01-ний өдөр талуудад танилцуулсан бөгөөд гэрчийг мөн өдрөө дуудаж маргааш нь буюу 2024.05.02-ны өдөр мэдүүлгийг авч хэрэгт хавсаргасан байна. Гэрч асуухад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э байлцсан болох нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэгт гарын үсэг зурсан байдлаар тогтоогдсон. Хариуцагч, түүний төлөөлөгч н.Б нар гэрч асуулгах тухай нэхэмжлэгчийн хүсэлт, түүнийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжтай танилцаж улмаар гэрчээс мэдүүлэг авснаас хойш 2024.05.07-ны өдрийн болон хэргийг шийдвэрлэсэн 2024.05.22-ны өдрийн шүүх хуралдаануудад оролцохдоо гэрчийн мэдүүлгийг дахин авахуулах, асуулт асуух шаардлагатай талаар аливаа хүсэлт гаргаагүй, тухайлсан хүсэлт, саналгүй болохоо илэрхийлж байжээ. Иймд анхан шатны шүүх гэрч асуух талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
16. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Эд нэхэмжлэгчийг төлөөлөх эрх олгогдоогүй талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэстэй. Нэхэмжлэгч өөрийгөө төлөөлөн хууль зүйн туслалцаа үзүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээдийг зөвшөөрч байгаа нь энэ талаар аливаа гомдол гаргаагүй нэхэмжлэгчийн үйлдлээс хангалттай илэрхий байх тул энэ тухай хариуцагчийн төлөөлөгчийн гомдол учир холбогдолгүй гэж үзнэ.
17. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулан талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... "Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-аас 35,880,485 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Од олгож, нэхэмжлэгчийн 4,119,510 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэснийг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт тус тус зааснаар ... гэж дутуу өөрчлөлт оруулж алдаа гаргасныг залруулах шаардлагатай.
Эдгээр үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 209/МА2024/00067 дугаартай магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “Э” ХХК-аас 35,880,485 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Од олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,119,510 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “Э” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.09.23-ны өдөр 337,353 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН