Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/174

 

 

 

2024           08           15                                  2024/ШЦТ/174

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун,

улсын яллагч Э.Гантулга,

хохирогч Д.М*******,  

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа,

шүүгдэгч Б.М******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М*******ид холбогдох эрүүгийн 2315001660286 дугаартай, 163/2024/0150/Э индекстэй хэргийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, Чонос овогт Б*******гийн М*******, 1984 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, Булган аймгийн ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, 40 настай, эрэгтэй,

Урьд 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 473 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх заалтад зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар  хорих ялаар,

-Орхон аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай анийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар  хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, /РД:ГЖ84041716/.

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Б.М******* нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Зүүн түрүүний 13-1301 тоотод байрлах хохирогч Д.М*******гийн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 1.115.000 (нэг сая нэг зуун арван таван мянга) төгрөгийн үнэлгээ бүхий 14 нэр төрлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

Мөн 2023 оны 12 дугаар сарын 15-22-ны өдрийн хооронд Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Зүүн түрүүний 11 дүгээр гудамж 1105 тоотод оршин суух Д.Б*******гийн байшинд хууль бусаар нэвтрэн орж эмэгтэй хүний урт түрийтэй савхин гутал, эмэгтэй хүний цагаан ултай савхин гутал хар өнгийн Нокио 7360 загварын гар утас, саарал өнгийн ******* загварын гар утас, хүрэн өнгийн торгон цамц, хар өнгийн богино холбооны станц, ажлын өмд, суран тэлээ тус бүр 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, 1,240,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ./ Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг болон эрүүгийн 2315001660286 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.М******* нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Зүүн түрүүний 13-1301 тоотод байрлах хохирогч Д.М*******гийн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 1.115.000 (нэг сая нэг зуун арван таван мянга) төгрөгийн үнэлгээ бүхий 14 нэр төрлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

Мөн 2023 оны 12 дугаар сарын 15-22-ны өдрийн хооронд Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Зүүн түрүүний 11 дүгээр гудамж 1105 тоотод оршин суух Д.Б*******гийн байшинд хууль бусаар нэвтрэн орж эмэгтэй хүний урт түрийтэй савхин гутал, эмэгтэй хүний цагаан ултай савхин гутал хар өнгийн Нокио 7360 загварын гар утас, саарал өнгийн ******* загварын гар утас, хүрэн өнгийн торгон цамц, хар өнгийн богино холбооны станц, ажлын өмд, суран тэлээ тус бүр 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, 1,240,000 төгрөгийн хохирол учруулсан нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүгдэгч Б.М*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг

2. Хохирогч Д.М*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2023 оны 03 дугаар сарын 30 ны өдөр манай гэрт хулгай орсон байсан. Тухайн үед би Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Үүнээс хойш шүүгдэгч Б.М******* хохирол барагдуулсан зүйл байхгүй, уулзаагүй гэх мэдүүлэг,

3. Хохирогч Д.М*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгаас Дархан-Уул аймаг руу эмчилгээнд яваад 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэртээ ирсэн.Тухайн үедээ би орой ирсэн.Тэгтэл манай нөхөр Ч.Цэнддорж манай гэрт хулгай орсон үүдний хэсгийн цонхыг хагалж орсон байна лээ би юу алдагдсан талаар мэдэхгүй байна ямар ч байсан шүүгээнд байсан 2 шил дарс, миний 2 ширхэг 21ро асаагуур алдагдсан байна лээ гэсэн. Тэгээд өөрөө хагарсан цонхоо шиллэсэн байсан. Тэгээд би эд зүйлээ бүртгэж үзтэл миний ууттай гоёлын ээмэг зүүлт, үүдэнд байсан хөлдөөгчөөс шулаад хийсэн үхрийн хааны мах бүтнээрээ алдагдсан байсан. Тэгээд гадаа байсан Ш машины арын тээшний хаалганы бариулыг онгойлгох гэж байгаад хугалчихсан юм шиг байна лээ хугархай байсан...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

4. Гэрч Ч.Цэнддоржийн өгсөн: .. Би 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэртээ ирэхэд манай гэрийн үүдний цонхийг хагалаад дотогш хулгай орсон байсан. Би дотогш орж алдсан эд зүйлсээ бүртгэж үзэхэд хөлдөөгчид байсан үхрийн мах, 2 дарс, манай эхнэр М*******гийн мөнгөн ээмэг, монетон ээмэг бөгж алдагдсан байсан. Тэгээд би манай гэрээр орж гардаг М*******ийг сэжиглээд байгаа газар нь очтол манай гэрээс алдсан дарсыг уугаад согтоод унтсан байсан. Тэгээд манай эхнэр ирээд нэг хоёр хоногийн дараа эд зүйлсээ бүртгээд эхнэртэйгээ хамт М*******той уулзахад уучлаарай гэж байсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа авсан эд зүйлсээ манай эхнэрт авчирч өгсөн байсан...”  гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

5. Гэрч Э.Чулуунбатын өгсөн:”… 2023 оны 03 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Оожоо гэж дууддаг залуугийн гэрт очиход Цэнддорж ах М******* Оожоо нар архи ууж байсан.Тэгээд тэнд нэг шил архи ууж байтал Цэнддорж ах гараад явтал хэсэг байж байгаад М******* араас нь гараад явсан. Тэгээд маргааш өглөө нь Цэнддорж ахын гэрт очиход гэрийнх нь үүдний хэсгийн цонхийг хагалаад хулгай орсон байсан Цэнддорж ах М******* манай гэрт хулгайгаар ороод зөндөө юм явсан байна гэж байсан тухайн үед би цонхыг нь шиллэж өгөөд явсан сүүлд сонсоход М******* хулгайлсан юмнуудаа аваачиж өгсөн гэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

5. Яллагдагч Б.М*******ийн өгсөн:”… Би 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Зүүн түрүүнд байдаг Шонхор гэх нэртэй дэлгүүрийн урд гудамжинд байдаг манай төрсөн дүү болох Лхагвадоржийн гэрээс гараад шонхор дэлгүүр дээр орсон.Тэгсэн чинь шонхор дэлгүүрийн тэнд М*******гийн эгчийн нөхөр Цэндээ /Цэнддорж/ ахтай таарсан.Тэр үед Цэнддорж ах 2 танихгүй хүнтэй хамт явж байсан.Тэгээд Цэнддорж нь хамт явсан 2 хүнтэйгээ 0,75 литрийн 1 шил хараа нэртэй архи авсан.Харин би бас 0,75 литрийн 1 шил хараа нэртэй архи аваад Цэнддорж ахын гэрт нь очиж Хараа нэртэй архиа хувааж уусан.Тэгээд хэдэн цагийг нь сайн санахгүй байна нөгөө 2 танихгүй залуугийн хамт Цэнддорж ахын гэрээс гараад тарцгаасан.Тэгээд би дүү Лхагвадоржийнд очсон чинь манай дүү Лхагвадоржийн гэр нь цоожтой байсан.Тэгэхээр нь би буцаад Цэнддорж ахын гэрт унтах гээд очсон.Тэгээд Цэнддорж ахын гэрт очоод гэрийнхэн хаалгыг татсан чинь онгойхгүй болохоор хаалганых нь хажуу талд байсан жижиг цонхыг хагалаад буцаад хаалгыг татсан чинь хаалга нь онгойсон.Тэгэхээр нь Цэнддорж ахын гэр лүү орсон чинь Цэнддорж тасарсан унтаж байсан.Тэгэхээр нь тэдний хөргөгчийг онгойлгож 2 бөөрөнхий мах аваад мөн зурагтын тавиур дээр нь эмэгтэй хүний ууттай ээмэг бөгж эдлэлүүд байхаар нь авсан.Тухайн үед би нэлээн согтсон байсан болохоор өөр юу юу байсан гэдгээ сайн санахгүй байсан.Тэгээд тухайн үед Цэнддорж ахынхаас гараад урд Домын дэвсэг гэх газарт байрлах хуурай дүү болох Отгоо гэдэг айлд очиж хоносон.Тэгээд өглөө сэрсэн чинь миний халаасанд Цэнддорж ахынхаа хулгайлсан эд зүйл маань байхаар нь дүү Лхагвадоржид хандаж ах нь Цэнддорж ахынхаас ийм эд зүйл хулгайлсан байна гээд ээмэг бөгжийг үзүүлсэн.Харин авсан мах болон асаагуур зэрэг эд зүйлсийг хаана хийснээ санахгүй байгаа.Нэлээн согтсон байсан болохоор авч явж байгаад энд тэнд хаясан байх гэж бодож байна.Би 2023 оны 12 сарын яг хэдний өдрийг нь санахгүй байна.Булган аймгийн 4 дүгээр хороо Зүүн Түрүү гэх газарт согтуу явж байгаад хуурай ах Б*******гийнд орохоор очсон.Тэгэхэд гэрт нь хүн байхгүй байсан.Тэгэхээр нь би цоожийг нь татаж онгойлгосон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 87-89, 235-237 дахь тал/,

6. Хохирогч Д.Б*******гийн өгсөн: “... 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 15 цагийн орчим би өөрийн эзэмшлийн Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Зүүн түрүүний 11 дүгээр гудамжны 1105 тоот хаягт байх хашаа байшиндаа ирэхэд манай хашааны хаалгаар ороод гэр лүү алхсан гутлын мөр цасан дээр гарчихсан байсан. Би тэр үед шууд л М*******оос өөр манайд ирэх хүн байхгүй, тэр л ирээд явж дээ гэж бодоод байшингийнхаа цоожийг түлхүүрээрээ нээгээд ортол байшин доторх эд зүйлс бүгд л эмх замбараагүй болчихсон байсан. Тэгээд гэртэй ороод эд зүйл замбараагүй болчихсон байсан болохоор нь алга болсон зүйл юу байна гээд бүртгэтэл байшингийн баруун урд талын хананд байх хүрэн бор шүүгээг нээгээд дотор талд нь шургуулгад нь байсан цэнхэр өнгийн, цагаан зөөлөн товчлууртай Нокиа загварын гар утас 1 ширхэг, хар өнгийн хатуу товчлууртай Нокиа загварын гар утас 1 ширхэг алга болсон байсан. Мөн манай ээжийн цагаан ултай урт түрийтэй савхин хар гутал, баруун талын хана дагуу байх тольтой бор өнгийн шүүгээн дээр давхарлаад тавьсан байсан 2 ширхэг хар өнгийн станцын 1 ширхэг нь алга болчихсон байсан. Мөн цагаан өнгийн мөлхөө тавилгын шургуулгад байсан хүрэн өнгийн торгон цамц, хойд талын хана дагуу байх бор өнгийн модон орны дээд талд байсан манай ээжийн намхан өсгийтэй урт хар түрийтэй, савхин гутлууд зэрэг зүйлс алга болсон байсан... Тэгээд би алга болсон зүйлүүдээ бүртгэчхээд угаасаа л М******* манайд орж ирж хулгай хийсэн нь тодорхой байна, өөрөө ирээд эр хүн шиг уулзчих байлгүй дээ гэж бодоод хамт байх хүмүүст нь надтай ирж уулзаарай гэж утсаар хэлсэн. Би 7 хоногийн өмнө хавьцаа байх М******* болон Болороо гэх эмэгтэй нарын хамтаар өөрийн гэртээ архи ууж хоносон. Тэгээд тэр үед намайг гэртэй байхгүй байгааг тэр хоёр мэдсэн... Манай гэрийн цоож Солонгос цоожтой 3 ширхэг түлхүүртэй 1 нь надад байгаа үлдсэн нь манай хүргэн ах П.Ганбатынд байгаа. Гэхдээ энэ цоожийг 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шинээр худалдаж авч ашигласан байгаа... Түүний дараа манай гэрт хулгай орсны дараа цагдаа намайг дуудахаар нь би цагдаагийн газар дээр иртэл М******* манай гэрээс алдагдсан миний өмд мөн тэлээ нарыг өмсчихсөн зогсож байсан. Би тэгэхээр нь яасан их айлд орж эд зүйл хулгай хийдэг юм гээд 1 удаа өшиглөөд авсан чинь цагдаа нар болохгүй гээд би гараад явсан. Манай гэрээс алдагдсан станцыг Төлүүгийн даваа руу Б.М*******ийг зарсан гэж надад хүн хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 178-181 дэх тал/,

7. Гэрч Д.Доржпүрэвийн өгсөн: Би Б******* ахтай хамт гэрт нь хулгай орсны дараа Зүүн түрүүнд явж байгаад Мягаатай тааралдсан юм. Тэр үед таарчхаад Б******* ах миний өмдийг өмсчихсөн байна. Сая гэрт хулгай ороод эд зүйл алдсан энэ өмдийг байгаа байх гэж бодсон бас авчихсан юм байна. Хоёулаа хамт манай гэрт очоод миний өмдийг үзээдэхье гээд хулгай орсон гэх байшин руугаа намайг дагуулж яваад очоод үзсэн чинь өмд нь алга байсан. Тэгээд Б******* ах бас миний өмийг хамтад нь хулгай хийгээд авсан юм байна гэж байсан...” гэх мэдүүлэг 197-198 дахь тал/,

8. “Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ- ОРХ/8797 дугаартай хулгайлагдсан эд зүйлийн үнэлгээг нийт 1,240,000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн  дүгнэлт зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан,эх сурвалжийг сэргээн тогтоох замаар шалгахад,

Шүүгдэгч Б.М******* нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Зүүн түрүүний 13-1301 тоотод байрлах хохирогч Д.М*******гийн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан М*******д 1.115.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 12 дугаар сарын 15-22-ны өдрийн хооронд Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Зүүн түрүүний 11 дүгээр гудамж 1105 тоотод оршин суух Д.Б*******гийн байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 1,240,000 төгрөгийн хохирол учруулсан  үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь хэрэгт цугларсан хохирогч Д.М*******, Д.Б******* нарын өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Ч.Цэнддорж, Э.Чулуунбат, Д.Доржпүрэв нарын өгсөн мэдүүлэг, алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээ, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, тэмдэглэлийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Б.М*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон ба эдгээр нотлох баримтууд  нь хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, учирсан хохирол, хор уршгийн талаар хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн хэрэгт ач холбогдолтой бөгөөд эдгээр нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх, нөхцөл байдал хэрэгт цуглараагүй байна.

Шүүгдэгч Б.М*******ийн гэмт үйлдлийн улмаас хохирогч нарт хохирол учирсан шалтгаант холбоотой бөгөөд үнэлгээ хийх эрх бүхий байгууллага гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоосон байна.

        Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад ангилагддаг бөгөөд “Хулгайлах” гэмт хэрэгт бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгоно.

Бусдын өмчлөх эрх гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, гэж Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.

Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Б.М******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байна.

         Хулгайлах гэмт хэргийн объектив тал нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан идэвхитэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирсан байхыг  заавал шаардахгүй бөгөөд бусдын эд зүйлийг хулгайлах идэвхитэй үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр гэмт хэрэг төгсдөг.

Харин хууль бусаар авсан гэж бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг тус тус ойлгоно.

Шүүгдэгч Б.М******* нь бусдын эд зүйлийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж  үйлдсэн бөгөөд  “Хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг хангаж байна.

Иймд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.М*******ийг үргэлжилсэн 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдъя.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч И.Болдбаатараас 1.055.000 төгрөгийг хохирогч Д.М*******д гаргуулж, хохирогч Д.Б*******д 1.240.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Б.М******* нь хохирол төлбөр төлөх завсарлагаа авах талаар хүсэлт гаргасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан “ Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгчийн  хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг хуулийн хугацаанд завсарлуулсан.

Завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Б.М******* нь хохирогч Д.М*******д 380.000 төгрөгийг төлсөн, хохирогч Д.Б******* нь өөрт учирсан хохирол болох 1.240.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа талаарх хүсэлтээ шүүхэд гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Б.М*******оос 675.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М*******д олгохоор, хохирогч Д.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагасаа татгалзсан тул Б.М*******ийг Д.Б*******д төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас:

Шүүгдэгч Б.М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Б.М*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 55 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох  саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа: Шүүгдэгч Б.М*******ийг анхнаасаа гэм буруугийн талаар маргаагүй, зарим хохирогч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулсан байгаа зэргийг харгалзан прокурорын санал болгосон ялын хүрээнд шийдвэрлэж цагдан хоригдсон  55 хоног байгаа тул эдлэх ялд нь оруулан тооцож өгнө үү гэх саналыг тус тус  шүүхэд илэрхийлсэн байна.

           

Шүүх шүүгдэгч Б.М*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Цагдан хоригдсон 55 хоногийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцох нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн хор аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж  дүгнэв.

1 дүгээр хавтаст хэргийн 219-222 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 473 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоол зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.М*******ийн нь хэрэгт холбогдохын өмнө Булган аймгийн ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг 2 удаагийн ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.М*******оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6,  36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чонос овогт Б*******гийн М*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бусдын  орон байранд нэвтэрч үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*******ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М*******ид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М*******оос 675.000  /зургаан зуун далан таван/ төгрөгийг гаргуулж, Булган аймгийн Булган сум, 4 дүгээр баг, Зүүн түрүү 13-1301 тоотод оршин суух бүртгэлтэй хохирогч Бөртэ овогт Даваацэрэнгийн М******* /РД:ГЭ56020103/-д олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ