| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 182/2020/03790/и |
| Дугаар | 182/ШШ2021/00157 |
| Огноо | 2021-01-19 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 182/ШШ2021/00157
| 2021 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 182/ШШ2021/00157 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.Л-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ХНХЯ-д холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, мөн хугацааны нэмэгдлийн зөрүү 27,365,968 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Л намайг анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны иргэний хэргийн шүүхээс Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /одоогийн Дархан -Уул аймаг дахь Политехник коллеж/-ийн захирлын үүрэгт ажлаас буруу халагдсаныг тогтоож ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан билээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно. гэсэн заалтыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны олговор болох 20,110,573 төгрөг, хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу олгож өгнө үү. Мөн төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолоор миний үндсэн цалин 995,822 төгрөг болсноор үндсэн цалингийн зөрүү 995,822-740,341=255,481 төгрөг, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам-аар төрийн алба хаасан хугацааны эхэлснээс хойш буюу 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны нэмэгдлүүд болох 217 өдөр х 33,435=7,255,395 төгрөгийг зохих хууль журмын дагуу олгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч дээрх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч Ч.Лгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Л нь хариуцагч ХНХЯанд холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 20,110,573 төгрөг, мөн хугацааны нэмэгдлийн зөрүү 7,255,395 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, түүнийг Дархан Уул аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй, энэ хугацаанд төрийн албан хаагчийн цалингийн сүлжээнд өөрчлөлт орж үндсэн цалин нэмэгдсэн тул түүнийг дагаж нэмэгдлийн хэмжээнд зөрүү гарч эхэлсэн. Иймд уг өөрчлөгдсөн дүнгээр холбогдох хугацааны цалин хөлс, нэмэгдлийг тооцох нь зүйтэй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, . Нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт болох нэг өдрийн дундаж цалин хөлсийг нэхэмжлэгч буруу тооцоолсон. Засгийн газрын холбогдох шийдвэрүүдээр цалингийн сүлжээ, нэмэгдлийн хэмжээнд өөрчлөлт орсон хэдий ч энэ нь тухайн төрлийн нэмэгдлийг байгууллагын холбогдох албан тушаалтны шийдвэргүйгээр шууд олгох үндэслэл болохгүй гэж хариу мэтгэлцэж байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
1. Нэхэмжлэгчийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01408 дугаар шийдвэрээр Дархан Уул аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрийн төвийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон байх ба тус шийдвэрийг давж заалдах, хяналтын шатны журмаар хянан хэлэлцэж хэвээр үлдээжээ. /хх-ийн 6-13 дугаар тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т заасны дагуу ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор зохицуулсан байдаг.
Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт түүний нэг өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 72,781 төгрөгөөр тодорхойлсон байх ба анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг давж заалдах, хяналтын шатны шүүхээс үндэслэл бүхий гэж үзэн хэвээр үлдээжээ. Харин нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэхдээ тус дүнг 77,647 төгрөгөөр тооцох үндэстэй байсан гэж тайлбарлаж, энэ талаар хүчин төгөлдөр давж заалдах шатны шүүхийн магадлал бий хэмээн тайлбарлаж байна. Гэвч нэхэмжлэгчийн тус тайлбарыг нотлох аливаа баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 72,781 төгрөгөөр тогтоосон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас 18,850,279 төгрөг /72,781*259/-т холбогдох хэсгээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Нэхэмжлэгч нь түүнийг ажилгүй байх хугацаанд Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолоор ТҮ-7-3 шатлалын албан тушаалын үндсэн цалин хөлс 995822 төгрөг болж өссөнтэй холбоотойгоор үндсэн цалингийн зөрүү, тус цалингаас тооцох нэмэгдлүүдийн зөрүү нийт 7,255,395 төгрөгийг нэхэмжилж байна. Тэрээр Засгийн газрын 472 дугаар тогтоол 2020 оны 01 дүгээр сарыг 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэсэн тул энэ өдрөөс эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаа 217 ажлын өдрөөр тооцон нэг хоногийн нэмэгдэл, үндсэн цалингийн зөрүүг 33,435 төгрөгөөр тооцон дээрх дүнг тодорхойлжээ. /хх-ийн 4 дүгээр тал/
Нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн сүлжээний ТҮ-7 гэсэн зэрэглэлд хамаарах талаар зохигчид маргаагүй боловч тухайн зэрэглэл дотроо ТҮ-7-3-т хамаарах тухайд хариуцагч хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ. Гэвч нэхэмжлэгч ажил эрхэлж байх хугацаандаа Засгийн газрын 2014 оны Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын цалингийн доод жишгийг шинэчлэн тогтоох тухай 208 тоот тогтоолын дагуу 740341 төгрөгийн үндсэн цалин авч байсан байх ба энэ зэрэглэл нь 2019 оны 472 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтад ТҮ-7-3 дахь шатлалтай адил зэрэглэлд хамаарахаар байна. Иймд нэхэмжлэгчийг цалингийн сүлжээний ТҮ-7-3 зэрэглэлээр цалинжих үндэстэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл, сар бүрийн үндсэн цалингийн зөрүү 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 255,481 төгрөг болж хохирч байгаа тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл бүхий байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын дагуу үндсэн цалингаас гадна төрийн албан хаасан хугацааны (25%), докторын зэргийн (15%), ур чадварын (25%), хавсран ажилласны (40%) нэмэгдлүүд тооцогдох үндэстэй гэж үзэж шинэ үндсэн цалингаас эдгээр нэмэгдлийг тооцсон дүнгээс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хугацаанд тооцож байсан нэмэгдлийг хасаж үлдэх зөрүү дүнг хохирол хэмээн нэхэмжилж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, эдгээр нэмэгдлийг нэхэмжлэгч авах эрх үүсээгүй, тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр, баталгаажуулсан захиргааны акт гараагүй үед эдгээр нэмэгдлийг тооцох боломжгүй гэж тайлбарлаж байна. Хариуцагчийн татгалзал, үндэслэлгүй бөгөөд шударга бус байна. Учир нь хариуцагч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг эс биелүүлж өнөөдрийг хүрсэн бөгөөд энэ нь нэхэмжлэгчийг хууль ёсны ажил, албан тушаалаа эрхлэхгүй байхад хүргэсэн байна. Гэтэл хариуцагчийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй хууль бус үйлдэл нь нэхэмжлэгчид хохирол учруулж байгаа хариуцагчийн бусад үйлдлийг зөвтгөх үндэслэл болох учиргүй.
Гэвч шүүх хариуцагчийн татгалзлын үндэслэлд бус, харин нэхэмжлэгчийн нотолгооны үүрэгт суурилан нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдлийн зөрүүд холбогдох зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Тодруулбал, нэхэмжлэгчийн төрийн албан хаасан хугацаа 25 хувийн нэмэгдэл тооцох шаардлагыг хангасан эсэх, ажил албан тушаал хавсран эрхэлж байсан эсэх, уг албан тушаалдаа эгүүлэн тогтоогдсон эсэх, тэрээр ажилгүй байх хугацаандаа ур чадварын 25 хувийн нэмэгдэл авахуйц хангалттай үзүүлэлттэй ажиллах байсан зэргийг эргэлзээгүй тогтоох нотлох баримт хэрэгт авагдсангүй. Харин нэхэмжлэгч докторын зэрэг хамгаалсан болох нь нийтэд илэрхий үйл баримт байх бөгөөд Шинжлэх ухаан технологийн сангаас эрхлэн хөтөлдөг http://data.stf.mn/ цахим хуудасд Ч.Л нь 2012 онд докторын зэрэг хамгаалсан талаар дурджээ. Иймд нэхэмжлэгчид докторын зэргийн нэмэгдлийн зөрүү дүнг дурдсан хугацаагаар тооцон олгох нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасантай нийцнэ.
Нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө докторын зэргийн нэмэгдэлд 111,051 төгрөг /740341*15%/ авч байсан бол 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш буюу Засгийн газрын 382, 472 дугаар тогтоолуудаар 149,373 /995822*15%/ төгрөг тооцогдохоор байна. Улмаар нэг сарын үндсэн цалингийн зөрүү болон докторын зэргийн нэмэгдлийн зөрүү дүнгийн нийлбэр болох 293,803 /255,481+38,322/ төгрөгийг сар бүр хүлээн авах нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэх үндэстэй. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу хариуцагчаас 3,007,323 төгрөг /293,803:21,2*217/-ийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.
3. Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй. Иймд 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Дээр дурдсан үндэслэл, үйл баримтад тулгуурлан Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу хариуцагч ХНХЯнаас ажилгүй байсан хугацааны олговор 18,850,279 төгрөг, ажил олгогч үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 3,007,323 төгрөг, нийт 21,857,602 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,508,365 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ХНХЯнаас 267,238 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу хариуцагч ХНХЯнаас 21,857,602 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Лд олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,508,365 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ХНХЯнаас 267,238 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
5. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА