| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2024/0178/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/172 |
| Огноо | 2024-08-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/172
2024 08 14 2024/ШЦТ/172
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч Ч.А******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.А*******д холбогдох эрүүгийн 2415000000160 дугаартай, 163/2024/0178/Э индекстэй хэргийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******ийн А*******, Булган аймгийн Баяннуур суманд 1988 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, Б******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 36 настай, эмэгтэй, /РД:ГО88111964/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.А******* нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Булган аймгийн Баяннуур сум Өлзийт 1 дүгээр баг Энх хөгжил хороолол 11-1130 тоотод хохирогч Б.С*******цтай маргалдаж, улмаар Б.С*******цын цээжин тус газарт хутгалж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг эрүүгийн 2415000000160 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ч.А******* нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Баяннуур сум Өлзийт 1 дүгээр баг Энх хөгжил хороолол 11-1130 тоотод хохирогч Б.С*******цтай маргалдаж, улмаар Б.С*******цын цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь хэргийн талаар үнэнээ хэлсэн, гэм буруугийн талаар маргахгүй гэх мэдүүлэг,
2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Сундуйнжамцын өгсөн: “...А******* эгчийг болиоч гэхэд намайг газар хэвтэж байхад 2 удаа гутлын ул руу өшиглөж аваад надтай бас хэрэлдсэн.Тэгээд намайг газар хэвтэж байхад А******* эгч нэг мэдсэн хутга аваад над руу далайхаар нь би гараараа хаасан чинь миний цээж рүү хатгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30 дахь тал/,
3. Иргэний нэхэмжлэгч Б.Ариунболдын өгсөн: “...Хохирогч Б.С*******ц нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 472.440 төгрөгийн зардал гаргуулж эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
4. Гэрч Ч.Мягмарсүрэнгийн өгсөн: “…Тэгээд Булган аймгийн Баяннуур сумын Өлзийт 1 дүгээр баг Энх хөгжил хороолол 11 дүгээр гудамж 1130 тоотод Ж.Батбаасангийн гэрт Нямыг хүргэж өгөөд ортол тухайн гэрт гэрийн эзэн Ж.Батбаасан, түүний эхнэр Алтантуяа мөн Зоригоо, С*******ц, А******* нар архи уусан байдалтай байсан.Намайг гэрт ороход Г.Аптантуяа, Зоригоо, Ж.Батбаасан гурав орон дээрээ унтчихсан А*******, С*******ц нар хоорондоо хэрэлдэж маргалдсан байдалтай С*******цын цээж хэсгээс цус гарчихсан байхаар нь юу болсон талаар асуухад А******* би С*******цыг хутгаар хатгачихсан юм гэж хэлсэн ингээд удалгүй байж байтал манай сумын эмч Баярмаа ирээд С*******цын биеийг үзээд эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41 дэх тал/,
5. Гэрч Г.Алтантуяагийн өгсөн: “…2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байх одоогоос 11 хоногийн өмнө намайг Булган аймгийн Баяннуур сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг Энх хөгжил хороолол 11-1130 тоотод гэртээ нөхөр Ж.Батбаасан, танил ах Зориг нарын хамт гэртээ нэг шил архи хувааж уугаад сууж байтал манай сумын танил дүү С*******ц ганцаараа орж ирсэн удалгүй араас нь манай сумын танил А******* орж ирсэн тэгээд манай гэрт архи ууцгаасан. Би С*******ц, А******* хоёрыг орж ирэхийг сайн санаж байна харин тухайн үед хэдэн цаг болж байсныг анзаараагүй А*******, С*******ц хоёрыг орж ирээд бид гуравтай хамт архи ууснаас хойш яг юу болсон талаар сайн мэдэхгүй байгаа би архи ууж байгаад тасраад унтчихсан орой 22 цагийн үед С*******ц манай гэрт гаднаас орж ирээд А******* намайг хутгаар хатгачихсан би эмнэлэгт очиж Баярмаа эмчээр оёдол тавиулсан гэж хэлсэн. Тэгээд С*******ц өөрөө хувцсаа тайлаад харуулсан чинь цээжний баруун талд хөхнийх нь ойролцоо жижигхэн газар цус гарчихсан үзүүртэй юмаар хатгачихсан юм шиг шарханд хоёр оёдол тавиулчихсан харагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-46 дахь тал/,
6. Гэрч Ж.Батбаасангийн өгсөн: “…Миний санаж байгаагаар 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр манай сумын танил Зориг ах манай гэрт ирж хоносон юм тэгээд 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн өглөө манай гэрээс гарч яваад буцаж ирэхдээ дэлгүүрээс 2 шил хараа архи аваад ирсэн юм тэгээд манай эхнэр Аптантуяа, Зориг ах бид гурав авч ирсэн архийг хувааж уугаад сууж байтал өдөр манай сумын танил С*******ц ганцаараа ороод ирсэн тэгээд бид гурвын ууж байсан архинаас хувааж уугаад сууж байтал гаднаас А******* ороод ирсэн тэгээд бид тав 0.75 литрийн архийг хувааж уусан. Архи уусны дараа би нэлээн согтчихсон бараг тасарчихсан байсан учраас юу болсныг нь сайн санахгүй байна тэгээд тэр өдрийн орой 22 цагийн үед эхнэртэйгээ унтаж байгаад сэргэсэн чинь С*******ц манай гэрт гаднаас ганцаараа орж ирээд А******* намайг хутгаар хатгачихсан би эмнэлэгт очиж Баярмаа эмчээр оёдол тавиулаад ирлээ гэж хэлээд С*******ц өөрөө цамцаа тайлаад харуулсан чинь цээжний баруун талд хөхнийх нь хажууд үзүүртэй юмаар хатгачихсан юм шиг шархтай хоёр оёдол тавиулчихсан харагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-51 дэх тал/,
7. Гэрч О.Баярмаагийн өгсөн: “…2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 20 цаг 15 минутад миний гар утсанд Булган аймгийн Баяннуур сумын иргэн Б.С*******цаас би хүнд хутгалуулчихлаа Батбаасан гэх айлд байна гэж хэлсэн юм ингээд би уг дуудлагын дагуу Булган аймгийн Баяннуур сумын Өлзийт 1 дүгээр баг Энх хөгжил хороолол 11-1130 тоотод 20 цаг 20 минутад очиход уг айлын хоймор хэсэгт газар Б.С*******цын цээжнээс их хэмжээний цус гарчихсан шархаа гараараа дарчихсан байдалтай хэвтэж байсан ингээд Б.С*******цын биед үзлэг хийхэд цээжний баруун хөхний дээд хэсэгт 2.5 сантиметрийн гүнтэй, 1.5 сантиметрийн урттай, 0.8 сантиметрийн өргөнтэй үзүүртэй зүйлээр нэг удаа хатгуулсан шархтай уг шархнаас цус гарч байсан. Ингээд Б.С*******цыг уг айлаас Эрүүл мэндийн төвд авч ирж шархыг цэгцэлж гурван оёдол тавьж жороор эм бичиж олгосон. Тухайн үед Б.С*******ц нь тус сумын иргэн Ч.А*******д хутгалуулчихсан гэж хэлсэн Намайг уг дуудлагаар очиж Ж.Батбаасангийн гэрт ороход гэрийн үүд хэсэгт шалан дээр нэлээн их хэмжээний цус болчихсон байсан. Тухайн гэрт Б.С*******ц, Ч.А******* нар хоорондоо хэрэлдэж байсан, уг айлын гэрийн эзэд болох Ж.Батбаасан, Г.Алтантуяа нар нэлээн согтуу орон дээрээ зэрэгцээд суучихсан, газар нэг эрэгтэй хүн архи уугаад тасарчихсан байдалтай унтаж байсан ... Намайг Ж.Батбаасангийн гэрт ороход гэрийнх нь баруун урд хэсэгт түлээний авдрын ойролцоо шалан дээр шар өнгийн иштэй, металл цагаан өнгийн ажлын хэсэгтэй хутга байсан тэгсэн Г.Алтантуяа энэ хутгаар Амараа С*******цыг хатгачихсан гэж хэлсэн. Би тухайн хутгыг харахад ямар нэгэн цус мэт зүйлээр бохирлогдоогүй байсан харин эргүүлж тойруулж хараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-56 дахь тал/,
8. Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 198 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Иргэн Баяраа овогтой С*******цын биед: Цээжинд хутгалуулсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах, зүсэх механизмаар үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 67-68 дахь тал зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Сундуйнжамц, иргэний нэхэмжлэгч Б.Ариунболд, гэрч Ч.Мягмарсүрэн, Г.Алтантуяа, Ж.Батбаасан, О.Баярмаа нарын өгсөн мэдүүлэг, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №198 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ч.А*******ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,
Шүүгдэгч Ч.А******* нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Булган аймгийн Баяннуур сум Өлзийт 1 дүгээр баг Энх хөгжил хороолол 11-1130 тоотод хохирогч Б.С*******цтай маргалдаж, улмаар Б.С*******цын цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №198 дугаартай дүгнэлтэнд “...Иргэн Баяраа овогтой С*******цын биед: Цээжинд хутгалуулсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах, зүсэх механизмаар үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлтийг хууль зүйн хувьд хөнгөн хохирол гэж ойлгох бөгөөд учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ч.А*******ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Ч.А*******ын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Мөн Ч.А******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Ч.А*******ын бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Ч.А*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.
Шүүгдэгч Ч.А*******ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Б.Сундуйнжамц нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Харин иргэний нэхэмжлэгч Б.Ариунболд нь Булган аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардал 472.440 төгрөгийг гаргасан бөгөөд шүүгдэгч Ч.А*******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.А*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.А******* нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Ч.А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 мянган төгрөгөөр торгох ялын саналыг илэрхийлсэн байна.
Шүүх шүүгдэгч Ч.А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэргийн 88-93 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ч.А******* нь Б******* тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ч.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ийн А******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.А******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А*******аас эмчилгээний зардалд 472.440 /дөрвөн зуун далан хоёр мянга дөрвөн зуун дөчин/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.
6. Шүүгдэгч Ч.А*******ын нэр хөрөнгөнөөс битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ