Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар  2024/ШЦТ/171

 

 

 

2024           08           14                                  2024/ШЦТ/171

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Л.А******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.А*******д холбогдох эрүүгийн 2415000000158 дугаартай, 163/2024/0177/Э индекстэй хэргийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******ийн А*******, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд 2001 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, ******* оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, гоо засалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 23 настай, эмэгтэй, /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.А******* нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн төрсөн ах Л.А*******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэж хэрүүл маргаан өдөөж түүнийг цохих гэж далайхад гэрээсээ авч гарч ирсэн хутгаараа баруун гарын шуу хэсэгт нь 1 удаа хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг эрүүгийн 2415000000158 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Л.А******* нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт төрсөн ах Л.А*******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.А*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь хэргийн талаар үнэнээ хэлсэн, гэм буруугийн талаар маргахгүй гэх мэдүүлэг,

2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Л.А*******ын өгсөн: “...Би 2024 оны 06 дугаар сарын 15-ны урд өдөр 15 цагийн үед өөрийн төрсөн дүү Л.А*******тай гэр бүлийн асуудлаас болж жоохон маргалдсан. Тэгээд орой нь Пүрэвдагва, Дагва-Очир гэх 2 найзын хамт 0.75 литрийн 2 шил архи уусан. Тухайн үед би нэлээн согтсон байсан. Тэгээд дүү Л.А*******тай утсаар маргалдаад дүүгийн түрээслэн амьдарч байсан нийтийн байрны гадаа очоод дүүг гараад ир гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай төрсөн дүү Л.А******* гэрээсээ гараад ирсэн. Тэгээд би дүү А*******г цохих гэж очоод гараа далайхдаа дүүгийн гартаа барьсан байсан юманд гараа авсан. Тэгээд миний гараас маш их хэмжээний цус гараад эмнэлэг орж үзүүлээд хагалгаанд орж эмнэлэгт хэвтсэн... Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй ээ. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

3. Иргэний нэхэмжлэгч Б.А*******ын өгсөн: “…Л.А******* нь 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,022,863 төгрөгийн зардал гаргуулж эмчилгээ хийлгэсэн байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/,

4. Насанд хүрээгүй гэрч С.Нандин-Эрдэнийн өгсөн: “…2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн ах болох Ган-Эрдэнэ ахын гэрт унтаж байхад надтай урьд өмнө үерхэж байсан А******* гэх залуу хаалга тогшсон юм. Тэгээд би ахын гэрээс гараад А*******той уулзаад байж байгаад би машинаас нь нүдний шилээ авах гэж машин дотор хайж байгаад олохгүй болохоор нь би машинаас гараад харсан чинь А*******ын гараас цус гарч байсан юу болоод байна гээд би ахын гэр рүү орж даавуу авч гарч ирээд гарын цусыг боосон. Тэгсэн А*******, А******* хоёр ноцолдоод засмал зам хөндлөн гарсан юм аа би тэр хоёрыг юунаас болж хэрүүл тэмцэл хийснийг бол мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

5. Гэрч  Б.Пүрэвдуламын өгсөн: “…Намайг унтах гээд байж байхад манай төрсөн охин А******* хаалга нүдээд ээж хаалгаа гэсэн. Би тэгэхээр нь хаалга нээж өгсөн чинь А******* ганцаараа орж ирээд ээж би агааг хутгалчихлаа гэж орж ирсэн. Тэгээд би агаа чинь одоо хаана байгаа юм гэж асуухад нэгдсэн эмнэлэгт байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/,

6. Гэрч  У.Дагва-Очирын өгсөн: “…тэгээд Пүрэвдагва бид хоёр А******* руу очих гээд А*******ын дүүгийн гэрийн гадаа очсон чинь А*******ын дүү А******* нь 3 дугаар багт байдаг Нандин дэлгүүрийн эсрэг талын гудамжнаас туслаарай гялс эмнэлэг явах хэрэгтэй байна гээд гараад ирсэн. Тэгээд юу болсон гээд гудамж руу яваад ороход А******* нь гарынхаа шуу хэсэгт хутгалуулаад маш их хэмжээний цус алдсан байдалтай байсан.Тэгээд Пүрэвдагва бид хоёр А*******ыг дүүгийнх нь хамт аваад эмнэлэг хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/,

7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №180 дугаартай дүгнэлт: “...Л.А*******ын баруун шуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр зүсэх, хатгах механизмаар үүснэ. Уг шарх нь шинэ байна. Гаднаас дотогш, дээрээс доош чиглэлтэй байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 67-69 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Л.А*******, иргэний нэхэмжлэгч Б.А*******, насанд хүрээгүй гэрч С.Нандин-Эрдэнэ, гэрч Б.Пүрэвдулам, У.Дагва-Очир нарын өгсөн мэдүүлэг, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №180 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Л.А*******гийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад,

Шүүгдэгч Л.А******* нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт төрсөн ах Л.А*******тойгоо хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний баруун гарын шуу хэсэгт нь 1 удаа хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №180 дугаартай дүгнэлтэнд “...Л.А*******ын баруун шуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр зүсэх, хатгах механизмаар үүснэ. Уг шарх нь шинэ байна. Гаднаас дотогш, дээрээс доош чиглэлтэй байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг бөгөөд  хохирол, хор уршиг нь шүүгдэгч Л.А*******гийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Л.А*******гийн гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Мөн Л.А******* нь хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Л.А*******гийн бусдын бие, эрх чөлөөнд  халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн,  хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн  шүүгдэгч Л.А*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя.

Шүүгдэгч Л.А*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Б.А******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Мөн иргэний нэхэмжлэгч Б.А*******ын нэхэмжилсэн 1.022.863 төгрөгийг төлсөн болохыг дурдав.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.А*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.А******* нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Л.А*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.0000 мянган төгрөгөөр торгох ялын саналыг илэрхийлсэн байна.

Шүүх шүүгдэгч Л.А*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял  шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэргийн 123-127 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Л.А******* нь ******* оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, гоо засалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Л.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 25.5 см урттай ажлын хэсгийн урт 13.5 см, ажлын хэсгийн өргөн 2.4 см, бариулын урт 12 см хэмжээтэй хар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, эмэгтэй хүний хар өнгийн углааш зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ийн А*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А*******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Л.А******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.А*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Л.А******* нь битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдсан 25.5 см урттай ажлын хэсгийн урт 13.5 см, ажлын хэсгийн өргөн 2.4 см, бариулын урт 12 см хэмжээтэй хар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, эмэгтэй хүний хар өнгийн углааш зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.СУВД-ЭРДЭНЭ