Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар   2024/ШЦТ/170

 

 

 

2024           08           08                                  2024/ШЦТ/170

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун,

прокурор Э.Гантулга,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ариунжаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

шүүгдэгч Х.Н******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Н*******т холбогдох эрүүгийн 2415000000087 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ******* Н*******, 2005 оны 10 дугаар сарын 24-ний өдөр О*******анд төрсөн, О*******,*******,******* оршин суух бүртгэлтэй, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар:  / Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.Н******* нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган сум Ханжаргалант 2 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” орчим 1******* маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а дахь хэсэгт заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”, З7.д хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарын оролцоотойгоор ашиглах” гэсэн заалтуудыг буюу тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Х.А*******ийн амь нас хохирсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 2415000000087 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Х.Н******* нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган сум Ханжаргалант 2 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” орчим 1828 ОРА улсын дугаартай “Тоёота лексус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ  захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а дахь хэсэгт заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”, З7.д хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарын оролцоотойгоор ашиглах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Х.А*******ийн амь нас хохирсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь  

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Н*******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 06-08 дэх тал/,

3. Үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 05-07 дахь тал/,

4.Зам тээврийн осолд дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

5.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Ариунжаргалын өгсөн: “... миний бага охин Н******* нойлд орж ирээд ээж А******* эгч бид хоёр өнөөдөр найз охины төрсөн өдөр болж байгаа юм. Бид хоёр хөдөө байдаг гэрт нь оччихоод ирье гэхээр нь би ийш тийшээ явахдаа заавал мэдэгдэж бай гэж хэлээд би нойлоос гараад хувцсаа өмсөөд ажилдаа яваад ажил дээрээ ажлаа хийгээд орой ажпаа тараад дэлгүүр ороод байж байсан чинь 18 цаг 39 минутад миний гар утас руу нэг танихгүй дугаар залгахаар авсан чинь Булганы цагдаагаас ярьж байна та А*******, Н******* гэх хүмүүсийн ээж мөн үү гэж асуухаар нь би төрсөн ээж нь байна гэж хэлсэн чинь, та А*******, Н******* нарын аавтай нь яаралтай Булган аймгийн цагдаа дээр хүрээд ирээрэй гэж хэлэхээр нь би яасан бэ? гэсэн чинь аваарт орсон гэж хэлээд утсаа салгасан.Тэгээд би нөхрийнхөө гар утас руу залгаад Булганы цагдаагаас ярьж байна хоёр охин чинь аваарт орчихсон юм шиг байна хурдан хүрээд ир гэж дуудаад Булган аймгийн эмнэлэг дээр очсон чинь тэнд байсан эмч, цагдаа дээр оч гэхээр нь цагдаа дээр ирсэн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

6. Гэрч О.Уранцацралын өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хичээл дээрээ сууж байхад 12 цаг 26 минутад манай хуурай эгч А******* чат бичээд чи ангиасаа нэг нийлдэг охиноо аваад Н******* бид хоёртой ойрхон явчихаад ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би машин байхгүй ш дээ гэж хэлтэл, Н******* бид хоёрт машин байгаа гэж хэлэхээр нь би хонохгүй ш дээ гэж хэлсэн чинь бид хоёр ч гэсэн хонохгүй ээж рүү зураг явуулах гэж байгаа юм аа бид хоёр угаасаа хөдөө явахгүй гэж хэлсэн. Тэгээд би найз Оюун-Эрдэнэд хандаж А******* эгч болон Н******* нартай ойрхон хөдөө явчихаад ирэх үү гэж асуутал тэгье гэсэн...Тэгээд бид дөрөв уулзаад хаашаа явах гэж байгааг нь асуутал А******* эгч хэлэхдээ Н******* бид хоёр өнөөдөр найз залуучуудтайгаа тус тусдаа хонох гэж байгаа юм аа. Тэгээд ээж зөвшөөрөхгүй болохоор нь Оюун-Эрдэнийн төрсөн өдрийг тэмдэглэхээр тэдний гэр лүү явлаа Оюун-Эрдэнийн гэр Булган аймгийн Орхон суманд хөдөө сүлжээгүй газар байдаг юм аа гээд худлаа хэлчихсэн юм. Тийм болохоор дөрвүүлээ Булган аймаг орж хөдөө явж байгаа юм шиг бичлэг хийж, дэлгүүр дээр зогсож ээжтэй ярьчихаад буцъя гэж хэлээд, Н******* жолооны үнэмлэхгүй болохоор намайг цагдаагийн постон дээр солигдож барина шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр зөвшөөрөөд бид дөрөв Булган аймаг руу хөдөлсөн. Тэндээс Н******* нь өөрийн унаж ирсэн найз залуугийнх нь гэх машиныг унаж явсан... Тэгээд тэндээс хөдлөөд доошоо уруудсан зам дээр явж байтал Н******* утсаа гаргаж ирээд стори хийх гэж байгаад замын хажуу талын хашлага мөргөх шахам үрүүлээ буцаж дараад зам руугаа ороод, заза утсаа болъё гээд А******* эгчид өгч байсан...Тэгээд хэсэг газар явж байгаад ахиж утсаа аваад бичлэг хийх гэж байгаад баруун тийш огцом үрүүлээ дарчихсан, тухайн үед машин асфальтан замаас гараад замын хажуу талын шороон дээр гарахад нь Н******* зам руу буцаж орох гэж үрүүлээ буцаагаад зүүн тийш нь огцом дарсан. Тэгээд машин бүтэн эргэж, зам дээр нэлээд хэдэн удаа эргэсэн байх. Тухайн үед би жолоочийн эсрэг талын арын суудал дээр суудлын бүсээ зүүгээгүй сууж байсан. Харин миний зүүн талд Оюун-Эрдэнэ мөн суудлын бүсээ зүүгээгүй сууж байсан. Машиныг Н******* жолоодоод суудлын бүсээ бүрэн зүүчихсэн, харин жолоочийн эсрэг талын суудал дээр А******* эгч мөн суудлын бүсээ зүүчихсэн сууж байсан. Гэхдээ А******* эгчийг бүсээ бүрэн, зөв зүүсэн байсан эсэхийг мэдэхгүй байна. Бүсээ бүрэн бус нэг талыг нь дээгүүрээ цээж хэсгээрээ зүүчихсэн явсан байж магадгүй байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-43 дахь тал/,

7. Гэрч Б.Оюун-Эрдэнийн өгсөн: “… 2024 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр 15:30 цагийн үед Х.А******* эгч, О.Уранцацрал бид нар хичээл тараад уулзсан тэгээд Х.А******* эгч О.Уранцацралт нар Булган аймаг орчоод ирье гээд гарсан чинь Х.Н******* хар өнгийн 1228 ора дугаартай авто машинтай гадаа ирсэн байсан тэгээд бид 4 шууд Булган аймаг явахаар хөдлөөд замаараа нэг дэлгүүр орж 3 ширхэг савз нэртэй пиво, 1 ширхэг бохь, 1 ширхэг ундаа аваад шууд хөдөлсөн тэр үед замдаа Х.Н*******, Х.А******* эгч хоёр бичлэг хийгээд явсан юм тэгээд явсаар байгаад Булган аймгийн төвд орж ирээд 00 хайгаад олдоогүй болохоор нь Миний дэлгүүрт ороод 00 асуусан байхгүй гээд тэгээд бид нар зайрмаг авъя гээд гоё зайрмаг байхгүй юм байна аа. Орхон аймгаас л авахаас гээд гарсан тэгээд шууд Орхон аймаг явсан тэгээд замдаа цагдаагийн пост өнгөрөөд О.Уранцацрал жолоогоо Х.Н*******т өгөөд Х.Н******* тээврийн хэрэгсэл жолоодож явсан юм тэгээд л нэг мэдсэн машинаа мурилзаад л замын хажуу руу орцон тэгээд л бид нар машинаас гарсан Х.А******* эгч машин доор дарагдсан байсан.Тэгээд бид нар гаргах гэсэн боловч чадаагүй тэгээд эмнэлгийн машин ирээд цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-53 дахь тал/,

8. Иргэний нэхэмжлэгч Б.Анхбаярын өгсөн: “… 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 15 цагийн орчим манай найз охин Н******* манай ажил дээр ирээд төрсөн эгч А*******тэй ойрхон хөдөө явчихаад харанхуй болохоос өмнө хүрээд ирье гээд миний машиныг аваад явсан юм. Тухайн үед Н******* над дээр ганцаараа ирээд би ажлынхаа үүдэнд машиныхаа түлхүүрийг гаргаж өгсөн. Тэгээд ажлынхаа дундуур Н******* рүү залгатал Булган аймагт ирчтхээд буцаад Эрдэнэт рүү гарч байна гэж хэлсэн. Тэгтэл оройны 17 цагийн орчим Н******* над руу залгаад зам тээврийн осол хийчихлээ, А******* эгч машин доор дарагдчихлаа хурдан хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд би нэг танилын хамтаар осол болсон гэх газарт ирсэн. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 57-59 дэх тал/,

9. Иргэний нэхэмжлэгч Ц.Буянхишигийн өгсөн: “… тухайн зам тээврийн осолд орсон 18-28 ОРА улсын дугаартай Тоёото Н8250 маркын тээврийн хэрэгсэл нь манай Таван Богд финанс ББСБ ХХК-ын өмчлөлд байдаг юм.Тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодож явсан хүнд тээврийн хэрэгсэл шилжүүлсэн Б.Анхбаяр нь манай компанитай 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 104208 дугаар автомашины зээлийн гэрээ байгуулж 28.500.000 төгрөгийг жилийн 33.48 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр 104208- РА01 дугаар фидуцын гэрээ байгуулж тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг компанид бүртгүүлэн эзэмших ашиглах эрхийг өөрөө эдэлж байсан.Шинжээчийн дүгнэлтээр гарсан 25.585.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

10. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 19 дугаартай дүгнэлтэд “...1,2 Хаянхярваа овогтой А*******ийн биед зүүн 1-10, хавирга, өвчүү ясны хугарал, зүүн уушги, элэгний задрал, цээжний хөндий цус хуралдалт, зулайнд шарх, эрүү, баруун бугалга, баруун гарын чигчий хуруу, өвчүүний зүүн хэсэг, баруун суганы хэсэгт, баруун дал, зүүн өвдөг, хэвлий хэсэгт зулгаралт, баруун мөр цээж, баруун хөхний доор, баруун шуу, зүүн гарын сарвуу, баруун ташаа, баруун шилбэ, баруун гуя, зүүн шилбэ, баруун хөлийн эрхий хурууны гадна цус хуралт гэмтэл тогтоогдлоо: б.Талийгаач Х.А******* нь олон хавирганы хугарал, цээж, хэвлийн хүнд гэмтлүүдийн улмаас цус алдалтын шокт орж нас баржээ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 129-133 дахь тал/,

10. Мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 53 дугаартай магадалгаа”… Хаянхярваа овогтой Н******* нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхзүй....үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарын оролцоотойгоор ашиглах гэх заалтуудыг зөрчсөн байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 136-137 дахь тал/,

11. Ашид билгүүн ХХК-ны шинжээчийн дүгнэлт “...Автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээ шууд зардлын дүн 24.515.000 төгрөг, шууд бус зардлын дүн 1.050.000 төгрөг, үнэлгээгээр тогтоосон дүн 25.565.000 төгрөг... гэх дүгнэлт /хавтаст хэргийн 149-150 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч  Х.Н******* нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Булган сум Ханжаргалант 2 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” орчим 1828 ОРА улсын дугаартай “Тоёота Лексус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож  явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а дахь хэсэгт заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”, З7.д хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарын оролцоотойгоор ашиглах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Х.А*******ийн амь нас хохирсон үйл баримт тогтоогдсон байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Х.А*******ийн биед тогтоогдсон гэмтлүүд нь автомашины эд ангид дайрагдах үед нэг цаг хугацаанд нэг механизмаар үүсгэгдсэн шинэ гэмтэл болох нь  нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Х.Н*******ийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Х.Н******* жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Х.Н******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь хохирч хүнд хохирол учирсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Х.Н*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  1 хүний амь нас  хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.Н******* гэм буруутай үйлдлийн улмаас Х.А******* амь хохирчээ.  

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Ариунжаргал, иргэний нэхэмжлэгч Б.Анхбаяр, Ц.Буянхишиг нар нь гомдол саналгүй мөнгөн хэлбэрээр нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Х.Н*******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Ариунжаргал, иргэний нэхэмжлэгч Б.Анхбаяр, Ц.Буянхишиг нар гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х.Н*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Н*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэргийн 117, 179-180 дахь талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар, шүүгдэгч Х.Н******* нь О*******,*******,******* оршин суух бүртгэлтэй, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагчийн зүгээс:

Шүүгдэгч Х.Н*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлын арга хэмжээ хэрэглэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасныг үндэслэн тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулж өгнө үү. Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна саналыг,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Нэг охин маань нас барсан. Цаашид Х.Н******* охиныгоо харж амьдрах тул миний охинд бага ял оногдуулж өгнө үү гэх саналыг,

Шүүгдэгч Х.Н******* тусгайлан гаргах саналгүй гэх саналыг тус тус шүүхэд гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Х.Н*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэв.

Шүүгдэгч Х.Н*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт Х.Н*******ийн жолоодох эрхийн жолооны үнэмлэх хэрэгт ирээгүй болохыг дурдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Х.Н*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  үеэс эхлэн тооцохоор шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Н*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Х.Н******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* Н*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг /1/ хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасныг журамлан ял оногдуулахыг шүүгдэгч Х.Н*******т сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Х.Н*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.СУВД-ЭРДЭНЭ