| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2024/0160/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/169 |
| Огноо | 2024-08-08 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Э.Гантулга, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/169
2024 08 08 2024/ШЦТ/169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун
улсын яллагч Э.Гантулга
шүүгдэгч Д.Б******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б*******т холбогдох эрүүгийн 2415000880145 дугаартай, 163/2024/0160/Э индекстэй хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******ийн Б*******, 1986 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, Булган аймгийн ******* оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, Төв аймгийн орон нутгийн өмчийн газарт мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг,
урьд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 880 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,
-2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 948 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,
-2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Булган аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар,
-2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Булган аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, 38 настай, эрэгтэй, РД:*******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2415000880145 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.Б******* нь 2023 оны 09 дугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үйлдэн 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 03 дугаар сарын 31-ний орой 20 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ******* тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
2. Гэрч П.Баяраагийн өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 20 цагийн орчим охин Цэрэнтогтохын гэрт байхад хашааны гадна талд нэг машин маш өндөр хаазтай ирээд огцом зогссон. Байшингийн цонх онгорхой байсан тул сайн сонсогдсон. Тэгтэл удалгүй байшингийн хаалга нүдээд хэн бэ гэсэн чинь манай хүргэн Б******* байсан. Тэгээд хаалга нээтэл нэлээд согтуу орж ирээд байшин дотор байсан хүмүүст агсам согтуу тавьж эхэлсэн. Тухайн үед манай охин Гантуяа орон дээр хэвтэж байтал манай хүргэн Б******* очиж орноосоо татаж босгож ирээд хэл, амаар доромжилж эхэлсэн. Тэгээд би та нарыг бүгдэнг чинь ална гээд байшингаас гараад, хашааны гадна талд гудамд байсан машинаа унаад явсан. Тухайн үед хүргэн Б*******ыг агсам, согтуу тавиад байхаар нь манай охин Цэрэнтогтох цагдаа дуудчихсан байсан болохоор Б*******ыг гараад удаагүй байхад цагдаа ороод ирсэн юм. Тэгээд цагдаа орж ирээд юу болсон талаар асууж байтал манай хүргэн Б******* хашааны гадна машинтайгаа ирж зогсоод гэрт ороод ирсэн. Тэгээд Б*******ыг цагдаа нар аваад явсан...” гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,
3. Гэрч Т.Эрдэнэбулганы өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 20 цаг 10 минутад Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг В хэсгийн 19-1901 тоотод манай гэрт хүргэн ах орж ирээд агсам тавиад байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Тэгээд би хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарт тухайн дуудлага мэдээллийг дамжуулаад, өөрөө зөрчил материалжуулах байсан болохоор хамт очиж нөхцөл байдалтай танилцъя гэж бодоод тухайн хаягт очсон. Намайг очиход хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар ирээгүй байсан. Тэгээд дуудлага өгсөн хүн нь нэлээд айж, уйлсан байдалтай хашаанаас гараад ирэхээр нь ганцаараа тухайн айл руу орсон. Тухайн айл руу ороход 3 эмэгтэй хүн, бага насны 3 хүүхэд байсан. Тэгээд юу болсон талаар асууж байтал хашааны гадна талд нэг машин ирж зогсохоор нь дуудлага өгсөн эмэгтэй гараад цагдаа нар ирж байгаа байх гээд гартал, буцаад сандарсан байдалтай нөгөөдөх чинь байна гэж хэлээд ороод ирсэн. Тэгээд хаалганы завсраар хартал нэг залуу хашааны хаалгаар урт буу барьчихсан орж ирж байсан. Тэгэхээр нь би хаалганы хажуу талд халхавчилж зогсоод хүлээж байтал тухайн залуу ороод ирсэн. Тэгэхээр нь би түлхэж ор луу унагаад хэсэг ноцолдсон. Тухайн үед гэрт байсан хүмүүс айгаад гараад явцгаасан.Тэгээд удалгүй гаднаас хөдөлгөөнт эргүүлийн хоёр цагдаа орж ирээд тухайн залуугаас бууг нь салгаж аваад, гавлаж хөдөлгөөнт эргүүлийн машинд суулгасан. Бид нарыг хашааны гадна гарахад тус залуугийн унаж ирсэн Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолооч талын хаалга нь онгорхой зогсож байсан. Тэгээд тухайн залууг цагдаагийн газарт авч ирж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох багажаар шалгахад 3.73 бүхэл байсан. Тухайн хүнийг эрүүлжүүлэх саатуулах байранд түр саатуулсан..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-52 дахь тал/,
4. Согтуурал шалгасан тухай тэмдэглэлд 3.73% согтолтой болохыг тусгасан тухай гэрэл зургийн үзүүлэлт тэмдэглэл /хавтаст хэргийн 05-06 дахь тал/,
5. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай мөрдөгчийн магадалгаа: “.. 36-73 УБЛ улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Б******* /РД: *******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а дахь заалтад "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэж заасныг зөрчсөн байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,
6. Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 0089012 дугаартай шийтгэврээр Д.Б*******ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан тухай зөрчлийн 2325001025 дугаартай хэргийн материалын хуулбар /хавтаст хэргийн 16-43 дахь тал/,
7. Яллагдагч Д.Б*******ын өгсөн: “... Би 2023 оны 09 сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьсан гээд жолооны эрхээ хасуулж байсан. Улмаар 2024 оны 03 сарын 31-ний өдөр Булган аймгийн Орхон суманд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар өөрийн эзэмшлийн 36-73 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Булган аймгийн төвд байх гэртээ ирсэн... Миний хувьд маргах зүйл байхгүй буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,
Шүүгдэгч Д.Б******* нь 2023 оны 09 дугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 03 дугаар сарын 31-ний орой 20 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ******* тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Б*******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар өөрөө болон гэрчүүд мэдүүлсэн ба 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр согтуурлыг шалгахад 3.73% промилли спирт илэрсэн болох нь тогтоогджээ.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбарласан байна.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Д.Б*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Д.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Б******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бөгөөд уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Хавтаст хэргийн 76-80 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 880 дугаартай шийтгэх тогтоол, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 948 дугаартай шийтгэх тогтоол, 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Булган аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 74 дугаартай шийтгэх тогтоол, 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Булган аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 84 дугаартай шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудаар, шүүгдэгч Д.Б******* нь Булган аймгийн ******* оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, Төв аймгийн орон нутгийн өмчийн газарт мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд 4 удаагийн ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагчийн зүгээс: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 17 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 17 хоногоор тогтоож, Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялыг саналыг,
Шүүгдэгч Д.Б*******: Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дуусаж байгаа, Төв аймагт шинээр ажилд орсон хувийн байдлыг минь харгалзан үзэж, торгох ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүх шүүгдэгч Д.Б*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Б******* нь урьд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн ба хэрэгт хяналт тавьсан прокурор зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаа дууссан эсэх, эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ял бий эсэх талаар холбогдох байгууллагаас лавлагаа авч, хэрэгт хавсаргаагүй ба шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн болно.
Харин шүүх шүүгдэгчийн хувийн байдал, үйлдэлдээ чин санаасаа гэмшсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан торгуулийн ял, өмнөх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б******* нь нэг цаг хугацаанд буюу 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох хамтран амьдрагч Д.Гантуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бөгөөд нэг цаг хугацаанд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байгааг дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Б*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ийн Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б*******т урьд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулийн ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
5. Шүүгдэгч Д.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч Д.Б******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ