Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/164

 

 

2024           08            01                                    2024/ШЦТ/164

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Б.Б*******, түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б*******д холбогдох эрүүгийн 2415000000156 дугаартай, 163/2024/0174/Э индекстэй хэргийг 2024 оны 07 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******ийн Б*******, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд 1970 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, Б*******,******* гэх газарт оршин суух хаягтай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, эрэгтэй, 54 настай РД:*******,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б******* нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Баарын ам” гэх газрын ойгоос 2024 оны 06 дүгээр сарын 11-ний өдөр *******маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 12 ширхэг босоо, хуурай шинэс төрлийн мод буюу 1.71 метр куб модыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 30 ширхэг болгон тайрч бэлтгэн байгаль экологид 824,000 /есөн зуун арван мянга долоон зуун гучин найман/ төгрөгийн шууд хохирол, /Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 2,472,000 төгрөг/ хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415000000156 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б******* нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 1 дүгээр багийн нутаг “Баарын ам” гэх газрын ойгоос 2024 оны 06 дүгээр сарын 11-ний өдөр *******маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 12 ширхэг босоо, хуурай шинэс төрлийн мод буюу 1.71 метр куб модыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 30 ширхэг болгон тайрч бэлтгэн байгаль экологид 824,000 /есөн зуун арван мянга долоон зуун гучин найман/ төгрөгийн шууд хохирол, /Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 2,472,000 төгрөг/ хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь хэрэгт цугларсан гэрч Н.Мөнхсүх, Ц.Дэжидмаа нарын өгсөн мэдүүлэг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2104 дугаартай шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 59-62 дахь тал зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэж  буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль экологид хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч Н.Өсөхбаяр 2.472.000 төгрөгийн байгаль орчины хохирол учирсан бөгөөд уг Б.Б*******  нь 2.472.000 төгрөгийг төлсөн бөгөөд иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

     Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4.674.240 /дөрвөн сая зургаан зуун далан дөрвөн мянга хоёр зуун дөч/ төгрөгийн үнэлгээ бүхий 54-55 БУА улсын дугаартай Hyundai porter pronter загварын тээврийн хэрэгсэл болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 70.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 12 ширхэг 1.71 м3 хэмжээтэй хэрэглээний зориулалттай нойтон шинэс төрлийн модыг тус тус хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг 700 /долоо зуу/ нэгжтэй тэнцэх буюу 700.000 /долоо зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай. 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4.674.240 /дөрвөн сая зургаан зуун далан дөрвөн мянга хоёр зуун дөч/ төгрөгийн үнэлгээ бүхий 54-55 БУА улсын дугаартай Hyundai porter pronter загварын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 12 ширхэг 1.71 м3 хэмжээтэй шинэс төрлийн нойтон модыг тус тус хурааж, улсын орлого болгосугай.

6. Шүүгдэгч Б.Б*******эс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн, 70.000 /далан мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий моторт хөрөөг хурааж, үнийг улсын төсөвт оруулсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзэнэ.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ