Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 15 өдөр          Дугаар 226/МА2018/00012                     Хэрлэн сум

 

 

“Т Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй  

Г.С-д холбогдох иргэний хэргийн талаар

 

226/2018/0012/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Уламбаяр,

Нэхэмжлэгч “Т Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бүднам        Хариуцагчийн өмгөөлөгч: Э.У нарыг оролцуулан

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 156/ШШ2018/00426 дугаар шийдвэртэй, “Т Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй  Г.С-д холбогдох “Орон сууцны төлбөрийн үлдэгдэл 38 765 500 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч “Т Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-ийн давж заалдах гомдлоор 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Т Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Х.М нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/157, А/153 дугаар тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийг татан буулгаж, эрх хүлээн авагчийг томилж, банк болон банкны системийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, Хадгаламж банкны ажилтны эрх ашгийг хамгаалах зорилгоор Хадгаламж банкны зарим эрх, үүргийг Хадгаламж банкны эрх хүлээн авагчаас “Т Б” ХХК-д шилжүүлсэн. “Хадгаламж банк” дахь Банкны эрх хүлээн авагч болон “Т Б” ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдор 155/003/2013 БЭХА дугаартай гэрээ байгуулж “Хадгаламж банк” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын хөдөлмөрийн гэрээнд заасан эрх, үүрэг “Т Б” ХХК-д шилжсэн. Энэхүү гэрээний дагуу “Т Б” ХХК нь “Хадгаламж банк” ХХК-д салбарын захирлаар ажиллаж байсан Г.С-г Т Бны Хэнтий салбарын захирлын ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулахаар харилцан тохиролцож, 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Т21-001 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Мөн “Т Б” ХХК нь “Хадгаламж банк” дахь Банкны эрх хүлээн авагчтай 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 008/201ЗБЭХА/165 тоот “Бусад актив хөрөнгө шилжүүлэх гэрээ” байгуулж, “Хадгаламж банк”-ны ажилтнуудтай холбоотой авлагыг шилжүүлэн авсан. Уг 008/2013БЭХА/165 тоот гэрээгээр шилжиж ирсэн авлагад тухайн үеийн “Хадгаламж банк”-ны Хэнтий салбарын захирал Г.С-гийн нэр дээр бүртгэлтэй орон сууцны төлбөрийн үлдэгдэл 38 765 500 төгрөгийн авлага шилжиж ирсэн бөгөөд “Хадгаламж банк” ХХК-иас Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайвны өргөн чөлөө 51/А дугаар байрны 11 тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031617 дугаар бүртгэлтэй орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажилтан Г.С-гийн нэр дээр гарган өгч орон сууцны үнийг авлагад бүртгэсэн байсныг дээрх гэрээний дагуу “Т Б” ХХК-д шилжүүлсэн. “Т Б” ХХК нь 2013 оны 10 дугаар сараас эхлэн орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулахыг Г.С-гаас шаардаж ажилтны орон сууцны хөнгөлөлттэй зээлийн нөхцөл рүү төлбөрийг шилжүүлэн төлүүлэх саналыг удаа дараа тавьж байсан. Тухайн үед Г.С- нь ажилтны хөнгөлөлттэй зээлд шилжүүлэхийг зөвшөөрч байсан боловч уг байрыг зарж борлуулсан учир барьцаа хөрөнгө байхгүй, хэрэв одоо байгаа зээлийн үлдэгдэл дээр нэмж зээл авах тохиолдолд орлого хүрэхгүй, хамтран зээлдэгч байхгүй зэрэг шалтгаанаар хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. Ажилтны зүгээс дээрх байдлаар “Хадгаламж банк” ХХК-иас шилжин ирсэн өр төлбөрийг төлөхөөс зайлсхийж байгаа учир “Т Б” ХХК нь “Хадгаламж банк” дахь Банкны эрх хүлээн авагчаас шилжүүлэн авсан шаардах эрхийнхээ хүрээнд ажилтан Г.С-гаас орон сууцны төлбөрийн үлдэгдэл 38 765 500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Г.С- нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ХААН банкинд ажиллаж байх үед 2010 оны 6 дугаар сард тухайн үеийн Хадгаламж банкны орлогч захирлаар ажиллаж байсан Сүхболд Хэнтий аймаг дахь салбарын захирлаар ирж ажиллах саналыг тавьсан. Уг саналын дагуу Хадгаламж банкны гүйцэтгэх захирал, орлогч захирал нартай уулзахад одоо авч байгаа цалинг нэмэгдүүлэх, 2 өрөө орон сууц олгох талаар санал тавьсан. Тухайн үед Хадгаламж банкны үйл ажиллагаа сайнгүй, зах зээл эзлэлт бага байсан учир 14 хоногийн дараа хариу мэдэгдэхээр уулзалт өндөрлөсөн. Энэ үед миний бие улсын банк болон ХААН банкинд 24 жил ажилласан багагүй туршлагатай болсон гэж өөрийгөө дүгнэж, 14 хоногийн дараа Хэнтий салбарын захирлаар ажиллах шийдвэрийг гаргасан. Хадгаламж банкны удирдлагын тавьсан миний нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн саналыг тусгасан тусгай хөдөлмөрийн гэрээг байгуулж 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий салбарын захирлаар томилогдон ажилласан. 2010 оны 07 дугаар сард 2 өрөө байраа хүлээн авч байсан. 2013 оны 06 дугаар сард гүйцэтгэх захирал Сүхболд над руу утсаар ярьж сайн ажиллаж байгаа тул орон сууцны чинь өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээр чинь шилжүүлэх боллоо, ирж гэрчилгээгээ шилжүүлж авна уу гэж хэлсэн. 2013 оны 06 дугаар сарын 20-нд орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. 2013 оны 07 дугаар сарын 23-нд Хадгаламж банк татан буугдаж, Т Б ХХК-тай нэгдсэн. 2013 оны 10 дугаар сард нутгийн салбаруудын сургалт төв банкин дээр болсон. Энэ сургалтын үеэр таны нэр дээр орон сууцны үнийн авлага бүртгэлтэй байна гэдгийг сонссон. Үүнээс хойш энэ авлагыг барагдуулах талаар 3 удаа мэдэгдэх хуудас өгч байсан. Хадгаламж банк ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр надад 2 өрөө байр өгсөн. Хадгаламж банк болон Т Бтай орон сууцны төлбөр төлөх талаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Сүнжидмаа миний нэр дээр байдаг. Төв банкин дээр хийгдэж байгаа өглөг, авлагын гүйлгээг би мэдэхгүй, надад урьд нь огт мэдэгдэж байгаагүй. 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Т Бтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэ үед авлагын талаар удирдлагын зүгээс огт мэдэгдээгүй. Иймд Т Бнаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 426 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1-т зааснаар “Т Б” ХХК-ийн хариуцагч Г.С-гаас “орон сууцны төлбөрийн үлдэгдэл 38.765.500 (гучин найман сая долоон зуун жаран таван мянга) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч “Т Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 351778 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Т Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С давж заалдах гомдолдоо: “...Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанаар “Хадгаламж банк” ХХК нь хариуцагч Г.С-тай 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж Хадгаламж банкны Хэнтий салбарын захирлын албан тушаалд 2010 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаатай ажиллуулахаар харилцан тохиролцсон. Тус гэрээний 5.1.4-т “ажилтанд 2 өрөө байр эзэмшүүлж, гэрээний хугацаа дууссаны дараа өмчлүүлнэ. Энэ нь тусдаа гэрээгээр шийдэгдэнэ” гэж заасан. Гэвч тус гэрээг 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, мөн 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тус тус шинэчлэн байгуулсан. Ингэхдээ ажилтанд 2 өрөө орон сууц эзэмшүүлэх болон өмчлүүлэх талаар заалт огт тусгагдаагүй. Түүгээрч зогсохгүй 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 11 буюу бусад зүйлийн 11.3-т “Энэхүү гэрээ нь зохицуулж буй заалтаараа Талуудын хоорондын хөдөлмөрийн бүхий л харилцааг тодорхойлж байгаа бөгөөд гэрээг байгуулснаар өмнө нь бичгээр болон амаар тохиролцсон бүх тохиролцоо хүчингүй болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл уг гэрээгээр өмнө байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний заалтыг бүхэлд нь хүчингүй болгосон юм. Үүнээс үзвэл Г.С- нь орон сууц эзэмших, цаашлаад өмчлөх эрхгүй байна.

Шүүхийн шийдвэрт “Тухайн үед Хадгаламж банкны толгой компани нь “Жаст групп” ХХК байсан бөгөөд тус компанийн ерөнхий захирал Ш.Батхүү нь Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан гэх бөгөөд Хэнтий салбарын захирал Г.С-тай ... орон сууц эзэмшүүлэх гэрээ байгуулан эзэмшүүлжээ. Г.С-д эзэмшүүлсэн уг орон сууцны өмчлөгч нь тухайн үедээ “Жаст групп” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Батхүүгийн төрсөн дүү тус компанийн дэд захирал Ш.Батсайхан болох нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн түүхчилсэн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбарууд зэргээр нотлогдож байна” гэжээ. “Хадгаламж банк” ХХК-ийн толгой компани нь буюу хувьцаа эзэмшигч нь “Жаст групп” ХХК байгаагүй бөгөөд Хадгаламж банкны ерөнхий захирал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Ш.Батхүү гэдэг хүн ажиллаж байсан эсэх, Ш.Батсайхан нь компанийн дэд захирал байсан эсэх талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие мэдэхгүй бөгөөд шүүх хуралдаанд ийм тайлбар гаргаагүй, хэрэгт ийм баримт байхгүй билээ.

Мөн хуулийн этгээдийн толгой болон охин компани, хэн нэгэн этгээдийн ах дүү төрөл садангийн байдлыг үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

Иймд шүүхийн дүгнэсэн “2010-2013 онд “Жаст групп” ХХК нь “Хадгаламж” банкны толгой компани байсны хувьд тус банкны гүйцэтгэх удирдлагыг хянаж хэрэгжүүлдэг, банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байсан нь зохигч талуудын шүүхэд гаргаж байгаа тайлбаруудаар тогтоогдож байна” гэсэн нь үндэслэлгүй юм.

“Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэснээр “Ш.Батсайхан гэгч нь өөрийн өмчлөлийн БЗД, 14-р хороо, 14-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 51А байрны 11 тоот хаягт байршилтай, 57.4 м.кв талбайтай 2 өрөө 76 342 000 төгрөгийн үнэ бүхий байрыг 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Г.С-д бэлэглэсэн баримт” хэрэгт нотлох баримтаар авагдсан. Мөн үүнээс гадна тус 11 тоот байрыг “Жаст групп” ХХК барьж ашиглалтанд оруулсан баримт болох Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн материалаар тогтоогдож байгаа ба байрны үнийг 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Хадгаламж банк” ХХК-иас “Жаст групп” ХХК-д төлсөн байдаг.

“Хадгаламж” банкнаас төлбөрийг төлсөн тус байрыг “Жаст групп” ХХК нь Ш.Батсайханы нэр дээр гаргасан байх ба Ш.Батсайхан нь Г.С-д бэлэглэлийн гэрээгээр бэлэглэсэн. Г.С- нь 2013 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн орон сууц, худалдах, худалдан авах гэрээгээр Б.Энхсайхан, Б.Баярчимэг нарт 110,000,000 төгрөгөөр худалдсан байдаг. Үүнээс үзвэл Г.С- нь “Хадгаламж” банкны төлбөрийг шилжүүлсэн байрыг бусдад худалдаж банкны мөнгөөр хөрөнгөжсөн үйл баримт нотлох баримтаар тогтоогддог.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хадгаламж банк дахь банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд нь хариуцагч Г.С-д “Хадгаламж банк” ХХК-ийн тайлан тэнцэлд Г.С- тантай холбоотой аливаа зээл, авлага бүртгэлгүй бөгөөд “Т Б” дахь таны нэр дээр бүртгэлтэй авлагын асуудлыг “Хадгаламж банк” нь шийдвэрлэх боломжгүй” гэж хариу өгч байсан байна гэжээ. Мөн үүнийгээ Г.С- нь “Т Б” ХХК-д ямар нэгэн өр, төлбөргүй гэх дүгнэлт гаргахдаа үндэслэл болгожээ. Энэ тухай тайлбар гаргавал 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Хадгаламж банк” ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд татан буулгаснаар “Хадгаламж банк”-ны тайлан тэнцэл гэх ойлголт байхгүй болсон бөгөөд “Хадгаламж” банкны актив, пассив хөрөнгийн зарим хэсэг нь шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу “Т Б” ХХК-д шилжиж ирсэн, үлдэх хэсэг нь “Хадгаламж банк” дахь банкны эрх хүлээн авагчид үлдсэн. “Хадгаламж банк” дахь банкны эрх хүлээн авагч болон “Т Б”-ны байгуулсан 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”, “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-гээр Г.С-тай холбоотой авлагыг “Т Б”-нд шилжүүлсэн тул “Хадгаламж банк” дахь банкны эрх хүлээн авагчаас “Хадгаламж банк” ХХК-ийн тайлан тэнцэлд 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар Г.С-тай холбоотой авлага бүртгэгдээгүй, “Т Б”-тай холбоотой авлагыг “Хадгаламж банк”-ны эрх хүлээн авагч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгөх нь зүйн хэрэг юм.

Мөн шүүхийн шийдвэрт “Маргааны үйл баримтаас үзэхэд Г.С- нь татан буугдсан “Хадгаламж банк” ХХК болон түүний эрх, үүргийг өөртөө шилжүүлэн авсан “Т Б” ХХК-тай одоо маргаж байгаа орон сууц болон түүний төлбөрийн үлдэгдэл гэх асуудлаар ямар нэгэн үүрэг хүлээсэн гэрээ байгуулаагүй, ийм тохироо хийгдээгүй болох нь тогтоогдож байна. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн   нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна” гэжээ. “Т Б” ХХК нь Г.С-д энэхүү өр төлбөрөө барагдуулах талаар Банктай гэрээ байгуулан ажиллах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч гэрээ байгуулаагүй тул арга буюу шүүхэд хандсан. Бас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие ямар нэгэн гэрээний үүргийн гүйцэтгэлд 38.765.500 төгрөгийг шаардаагүй тул ийм ч учраас орон сууцны төлбөрийг төлүүлэхтэй холбоотой Г.С-тай байгуулсан гэрээ, тохироо байхгүй гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрч байх боловч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үр дагаварт хүргэхгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд бусдын эд хөрөнгийн гэрээ хэлцэлгүйгээр шилжүүлэн авсан бол буцаан төлөх зохицуулалт бий. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөж гэсэн заалтаар тодорхойлж байгаа.

492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж заасан байдаг тул шүүгчийн дүгнэснээр үүрэг хүлээсэн гэрээ байгуулаагүй, ийм тохироо хийгдээгүй бол Банк 38.765.000 төгрөгөө буцаан шаардах нь үндэслэлтэй юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “орон сууцны төлбөрт шилжүүлсэн гэх 76.342.000 төгрөгөөс  37.576.500 төгрөгийг нэхэмжлээгүй нь ойлгомжгүй байна” гэжээ.

Дээрх шүүгчийн ойлгомжгүй гэж үзсэн асуудалтай холбоотой баримтууд хэрэгт авагдсан байдаг. Тухайлбал: Г.С-гийн нэр дээр шилжүүлсэн Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө 51/А байрны 11 тоот орон сууцны үнийг “Хадгаламж банк” ХХК-иас “Жаст групп” ХХК руу шилжүүлсэн 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Хадгаламж банк”-ны дансны хуулгыг нотлох баримтаар өгсөн ба гүйлгээний утга дээр “51 а 11 тоотын төлбөр” гэж тодорхой бичигдсэн байдаг. Яагаад төлбөрийн үлдэгдэл гэж 38.765.000 төгрөгийг нэхэмжилж байгаа, үлдэх 37.576.500 төгрөгийг нэхэмжлээгүй тухайд “Хадгаламж банк”-наас “Т Б”-нд 38.765.500 төгрөгийн шаардах эрхийг шилжүүлсэн тул гэрээгээр олгогдсон хэмжээний хүрээнд нэхэмжлэл гаргасан. “Т Б” ХХК нь гэрээгээр олгогдсон эрхээ хэтрүүлж 38.765.500 төгрөгөөс илүү мөнгө нэхэмжлэх эрхгүй гэж үзсэн юм. Орон сууцны анхны үнэ нь 76.342.000 төгрөг байхад 38.765.500 төгрөгийг нэхэмжилсэн бас нэг учир нь анх 2010 онд байрны үнэнд 76.342.000 төгрөгийг шилжүүлж байсан. Банк өөрийн нэр дээр орон сууц эзэмшиж болохгүй тул банкны нэр дээр орон сууцны өмчлөх эрхийг “Хадгаламж банк” шилжүүлэн авдаггүй, харин тайлан балансдаа тусгаж жил бүр тодорхой хувиар элэгдэл тооцож үнэлгээг бууруулдаг энэ л журмаар 2010-2013 оны буюу 3 жилийн хугацааны элэгдэл хорогдлыг тооцож байрны үнэ 38.765.500 төгрөг болсон.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Г.С-гийн бэлэглэлээр авсан байр нь татан буугдсан “Хадгаламж банк”-ны өмчлөлийнх байсан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй ба хувийн хэвшлийн банкны хөдөө орон нутаг дахь салбарыг хэдэн жил амжилттай удирдаж, зах зээлийг тэлж, үр дүнд хүрч ажиллаж байгааг нь үнэлэн Г.С-д толгой компанийн удирдлагынх нь зүгээс урамшуулж өөрсдийн хувийн өмчлөлийн орон сууцыг бэлэглэсэн гэж шүүх үзлээ” гэжээ. Шүүгчийн хувьд ямар баримтанд үндэслэн ингэж үзэж байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хувьд ойлгомжгүй байна. Учир нь Хадгаламж банкны Г.С-гийн өмчлөлдөө шилжүүлэн авсан орон сууцны үнийг төлсөн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой байгаа. Ш.Батсайхан болон “Жаст групп” ХХК нь “Хадгаламж банк” ХХК-ийн толгой компаниас огтоос биш басхүү Г.С- нь банкны хөдөө орон нутаг дахь салбарыг хэдэн жил амжилттай удирдаж, зах зээлийг тэлж, үр дүнд хүрч ажилласан гэдгийг ч нотлох, дэмжих баримт хэрэгт байхгүй юм. Харин бэлэглэлийн гэрээний хувьд иргэн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийж өөр хэлцлийг халхавчлах зорилгоор нийтлэг хийгддэг гэрээ бөгөөд Г.С- нь “Хадгаламж банк”-ны зөвшөөрөлгүй орон сууцыг хууль бусаар шилжүүлэн авсан нь тодорхой байхад ажилтны урамшуулж өгсөн бэлэг гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байсан талаар дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/157 дугаар “Албадан татан буулгах тухай” тушаалаар “Хадгаламж банк” ХХК-ийг 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгаж, банкны эрх хүлээн авагчийг томилсон.

Мөн өдөр “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд болон “Т Б” ХХК нь 002/2013/БЭХА/154 дүгээр “Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ” байгуулж, “Хадгаламж банк” ХХК-ийн актив хөрөнгө болох мөнгөн хөрөнгө, богино хугацаат хөрөнгө оруулалт, зээлийн өрийн үлдэгдэл, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө, бусад хөрөнгө, үндсэн хөрөнгө, урт хугацааны хөрөнгө оруулалт зэргийг /шаардах эрхийн хамт/ "Т Б” ХХК-д шилжүүлсэн. Мөн 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 007/2013БЭХА/164 дүгээр “Шаардах эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, “Актив, пассив хөрөнгө шилжүүлэх гэрээ”-ний дагуу нийт 553.067.734.955.56 төгрөгөөр үнэлэгдэх шаардах эрхийг шилжүүлсэн ба шилжүүлж буй хөрөнгөтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан тусгай гэрээ байгуулж болохоор уг гэрээний 1.5-д заасан. Энэхүү заалтын дагуу “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд болон “Т Б” ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 165/008/2013БЭХА тоот “Бусад актив хөрөнгө шилжүүлэх гэрээ” байгуулсан. Уг “Бусад актив хөрөнгө шилжүүлэх гэрээ” болон 007/201ЗБЭХА/164 дүгээр “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-гээр Г.С-гаас 38.765.500 төгрөгийг шаардах эрх “Т Б” ХХК-д хууль ёсоор шилжиж ирсэн.

Г.С-гийн нэр дээр шилжсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, Энхтайвны өргөн чөлөө 51/А тоот, 57.4 м.кв талбайтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031617 дугаарт бүртгэлтэй орон сууцны анхны өртөг буюу “Хадгаламж банк” ХХК-иас төлсөн орон сууцны төлбөр нь 76.342.900 төгрөг байдаг. Үүнээс орон сууцны төлбөр шилжүүлсэн 2010 оноос эхлэн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хуримтлагдсан нийт элэгдлийг хасч 38.765.500 төгрөгийн хэмжээгээр “Т Б” ХХК-д шаардах эрх шилжиж ирсэн. Банк энэ хүрээнд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч Г.С- нь 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ”-ний үндсэн дээр “Хадгаламж банк”-ны Хэнтий салбарын захирлын албан тушаалд ажиллаж эхэлсэн. Дээрх Хөдөлмөрийн гэрээний Тав буюу Үндсэн цалин болон нэмэгдэл хөлс, тусламж, дэмжлэг, нөхөн төлбөр. тэтгэмж. түүнийг олгох гэсэн хэсгийн 5.1.4-т “ажилтанд 2 өрөө байр эзэмшүүлж, гэрээний хугацаа дууссаны дараа өмчлүүлнэ. Энэ нь тусдаа гэрээгээр шийдэгдэнэ” гэж заасан боловч талууд буюу Хадгаламж банк ХХК болон Г.С- нар нь орон сууц эзэмшүүлэх талаар тусдаа гэрээ байгуулаагүй юм. Шүүхэд нотлох баримтаар өгсөн Орон сууц эзэмшүүлэх гэрээг “Жаст групп” ХХК-тай байгуулсан байдаг ба “Жаст групп” ХХК нь “Хадгаламж банк”-ны үнийг төлсөн орон сууцны өмчлөх эрхийг Г.С-д шилжүүлэн өгөх эрхгүй этгээд юм. Мөн “Хадгаламж банк” ХХК болон Г.С- нар нь Хэнтий салбарын захирлын ажлын байранд ажиллах Хөдөлмөрийн гэрээг 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, мөн 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тус тус байгуулсан. 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнээс хойш байгуулагдсан энэхүү хоёр хөдөлмөрийн гэрээнд ажилтанд 2 өрөө орон сууц эзэмшүүлэх болон өмчлүүлэх талаар заалт огт тусгагдаагүй. Түүгээрч зогсохгүй 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний Арван нэг буюу Бусад зүйлийн 11.3-т "Энэхүү гэрээ нь зохицуулж буй заалтаараа Талуудын хоорондын хөдөлмөрийн бүхий л харилцааг тодорхойлж байгаа бөгөөд гэрээг байгуулснаар өмнө нь бичгээр болон амаар тохиролцсон бүх тохиролцоо хүчингүй болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл уг гэрээгээр өмнө байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний заалтыг бүхэлд нь хүчингүй болгосон юм.

Өөрөөр хэлбэл 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээр Г.С-д орон сууц эзэмшүүлэх заалт нь хүчингүй болсон. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болно” гэж зааснаар 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогч Хадгаламж банкнаас ажилтанд Үндсэн цалин болон нэмэгдэл хөлс, тусламж, дэмжлэг, нөхөн төлбөр, тэтгэмж, түүнийг олгохтой холбоотой харилцааг шинэ гэрээ байгуулан өөрчилсөн. Ингэж өөрчлөхдөө ажилтанд 2 өрөө орон сууц эзэмшүүлэх үүрэг нь байхгүй болж өөрчлөгдсөн гэж үзэж байна.

Мөн “Хадгаламж банк” ХХК-тай байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд заасан 2 өрөө орон сууц эзэмшүүлэх үүрэг нь дуусгавар болоогүй байсан ч энэхүү заалтын дагуу Г.С- нь “Хадгаламж банк” ХХК-д ажиллаж байх хугацаандаа орон сууцыг зөвхөн эзэмших эрхийг олж авах бөгөөд өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрхгүй юм.

Г.С-гийн өмчлөлд үндэслэлгүйгээр шилжсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13335/, Энхтайвны өргөн чөлөө 51/А тоот, 57.4 м.кв талбайтай байрыг “Жаст групп” ХХК барьж, ашиглалтанд оруулсан байдаг ба “Хадгаламж банк” ХХК уг байрнаас авахаар тохирч 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нийт 4 ширхэг байрны үнэнд нэг м.кв нь 1.330.000 төгрөгөөр тооцон нийт 278.142.900 төгрөгийг “Жаст групп” ХХК-руу шилжүүлсэн байдаг.

Банкны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т “банкнаас хийгдсэн төлбөр шилжүүлэг нь зарим этгээдийн эрх ашгийг бусдаас илүүтэйд үзсэн шинжтэй бол банкны эрх хүлээн авах ажиллагаа эхлэхээс өмнөх гурван сарын дотор хийгдэх төлбөрийг, хэрэв төлбөр хүлээн авагч нь ... ажилтан тэдгээрт холбогдох этгээд байвал банкны эрх хүлээн авах үйл ажиллагааг эхлэхээс өмнөх 12 сарын дотор хийгдсэн бүх шагнал, урамшуулал бусад тусгай нэмэгдэл хүчингүйд тооцно” гэж заасан.

Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/153 дугаар “Хадгаламж банк” ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай” тушаалаар “Хадгаламж банк” ХХК-д эрх хүлээн авагч томилсон. Г.С- 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан нь дээрх хуульд заасан хугацаанд хамаарч байгаа ба хүчингүй болсон 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр Г.С-д 2 өрөө орон сууц эзэмшүүлнэ гэж заасан байхад бусад ажилчдад олгогдоогүй энэхүү боломж, давуу талыг Г.С-д тусгайлан олгож орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн /нэг талаар шагнал, тусгай нэмэгдэл/ дээрх хуулийн заалтын дагуу хүчингүй юм.

Хариуцагч Г.С- нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “2013 оны 6 дугаар сард гүйцэтгэх захирал Сүхболд надруу утсаар ярьсан, сайн ажиллаж байгаа тул орон сууцны чинь өмчлөх эрхийг гэрчилгээг нэр дээр чинь шилжүүлэх боллоо, ирж гэрчилгээгээ шилжүүлж авна уу гэсэн 2013 оны 6 дугаар сарын 20-нд орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авсан” нь бодит байдалтай нийцэхгүй юм.

“Хадгаламж банк” ХХК-д Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Энхтайвны өргөн чөлөө 51/а байрны 11 тоот, 57.4 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- 2204031617 дугаарт бүртгэлтэй орон сууцыг ажилтны нэр дээр шилжүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр болон албан бичиг байдаггүй.

“Хадгаламж банк” ХХК нь өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр 2 өрөө байрыг Г.С-гийн өмчлөлд нь шилжүүлэн өгөөгүй юм. Г.С-гийн нэр дээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарах процесс “Хадгаламж банк” ХХК-ийн оролцоогүйгээр явагдсан байдаг.

“Т Б” ХХК нь шаардах эрхийг шилжүүлэн авсныхаа дараанаас эхлэн Г.С-гаас төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж ирсэн. Тухайлбал: орон сууцны төлбөрөө төлөхийг шаардсан боловч төлөхгүй байсан тул 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажилтны орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах журмаар төлөхийг мэдэгдэж байсан. Мөн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлбөрийг орон сууцны зээлд шилжүүлэхгүй хаахыг хүсвэл 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дотор төлж барагдуулахыг мэдэгдсэн байдаг. 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төлбөрийг барагдуулахыг дахин мэдэгдсэн. Г.С- нь өөрөө 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр орон сууцны төлбөрийн асуудлаар өргөдөл гаргаж ч байсан иймд хариу тайлбарт дурдсан “төлбөр төлөх талаар мэдэгдэж байгаагүй” гэдэг нь худал юм. Г.С- нь 2014 онд гаргасан “өргөдөлдөө 2 банк нэгдсэнээс хойш орон сууцны үлдэгдэл 38.765.000 төгрөгийг төлөх эсвэл орон сууцны хөнгөлөлттэй зээл болгож авах талаар банкны удирдлагаас мэдэгдсэн” орон сууцны болон цалингийн зээлийн үлдэгдэлтэй тул зээл нэмж авах боломж байхгүй өнөөдрийг хүрлээ гэсэн” байдгаас үзвэл хариуцагч Г.С- нь 38.765.000 төгрөгийг төлөх үүрэгтэй талаар огт маргадаггүй ба гагцхүү төлөх боломж байгаагүй учраас төлөөгүй гэж ойлгож болохоор байна.

Т Бны шилжүүлэн авсан хөдөлмөрийн гэрээнд Г.С-д 2 өрөө орон сууц олгох талаар тусгагдаагүй, нөгөө талаар 38.765.500 төгрөгийн авлага нь хөдөлмөрийн харилцаатай огт холбоогүйгээр “Хадгаламж банк”-ны эрх хүлээн авагчтай байгуулсан “Шаардах эрх шилжүүлэх гэрээ, Актив пассив хөрөнгө шилжүүлэх гэрээгээр” шилжиж ирсэн авлага юм.

“Т Б” ХХК нь “Жаст групп” ХХК-д орон сууцны үнийг шилжүүлсэн боловч буцаан шаардахдаа Г.С-гаас нэхэмжилж байгаагийн учир нь “Жаст групп” ХХК нь зөвхөн орон сууны төлбөрөө авч байгаа ба “Хадгаламж банк”-ны төлбөрийн шилжүүлгийн үндсэн дээр хөрөнгийг бодитой олж авч, хөрөнгөжсөн этгээд нь Г.С- юм. “Хадгаламж банк”-наас шилжүүлсэн төлбөр нь “Жаст групп” ХХК-иар дамжин орон сууцны хэлбэрээр Г.С-д хөрөнгө болон очиж байгаа ба “Жаст групп” ХХК нь зөвхөн хөрөнгийн хэлбэр өөрчлөгдөх процесст оролцож байгаа дамжуулагч этгээд юм. “Хадгаламж банк” ХХК нь “Жаст групп” ХХК-д төлбөрийг төлснөөр тухайн хөрөнгийг хууль ёсоор өмчлөх эрхтэй болох байтал Г.С- нь хөрөнгийг хууль бусаар өмчилж хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул Г.С-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан.

Иймд Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, “Т Б” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Г.С-гаас 38.765.500 төгрөгийг гаргуулж өгнө” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.     

Нэхэмжлэгч  Т Б ХХК нь хариуцагч Г.С-д холбогдуулан “орон сууцны төлбөрийн үлдэгдэл 38 765 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Г.С- нь нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “Хадгаламж банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу 2 өрөө орон сууцыг миний өмчлөлд шилжүүлсэн тул орон сууцны үнэ 38 765 000 төгрөгийг би төлөхгүй...гэж маргажээ.

Хэргийн үйл баримтаас үзэхэд “Хадгаламж банк” ХХК нь ажилтан Г.С-тай 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1.4-т “ажилтанд 2 өрөө байр эзэмшүүлж, гэрээний хугацаа дууссаны дараа өмчлүүлнэ. Энэ нь тустаа гэрээгээр шийдэгдэнэ гэжээ. /хх 35-42 тал/

            “Жаст групп” ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Ш.Батхүү “Хадгаламж банк” ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбарын захирал Г.С- нарын хооронд орон сууц эзэмшүүлэх гэрээ 2010 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан. /хх43-44 тал/

            Энэхүү гэрээний 2.5-д “ажилтны байр эзэмших хугацаа дууссаны дараа байрыг ажилтны өмчлөлд хугацаанд нь шилжүүлэх өгөх” гэжээ. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо,14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө 51/А дугаар байрны 11 тоот 57,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг  2010 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 000252472 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр ажилтан Г.С-д олгогдсон байх тул уг байрны хууль ёсны өмчлөгч нь Г.С- болох нь тогтоогдож байна. /хх 22 тал/ Г.С-д орон сууцны өмчлөх эрх бэлэглэлийн гэрээгээр шилжжээ. /2 дугаар хх-72/

            Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/157, А/153 дугаар тушаалаар “Хадгаламж” ХХК-ийг татан буулгаж, эрх хүлээн авагчийг томилж, банк болон банкны системийн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, Хадгаламж банкны ажилтны эрх ашгийг хамгаалах зорилгоор Хадгаламж банкны зарим эрх үүргийг “Т Б” ХХК-д шилжүүлсэн байна.          

“Хадгаламж банк” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын хөдөлмөрийн гэрээнд заасан эрх үүргийг шилжүүлэх тухай 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 155/003/2013БЭХА гэрээний 3.2-т “...Хадгаламж банк ХХК-ийн ажилтнуудын өмнөх Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох цалин хөлс, болон бусад нөхцөл, үүрэг,хариуцлага ажлын байрны тодорхойлолт нь Хадгаламж банк ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан байдлаар хэвээр уламжлагдан хадгалагдах нөхцлийг хангасан байна “ гэжээ. /хх 7-8 тал/   

“Хадгаламж банк” ХХК ажилтан Г.С- нарын хооронд байгуулсан 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний 11.3-т “...энэ гэрээг байгуулснаар өмнө нь бичгээр болон амаар тохиролцсон бүх тохиролцоо хүчингүй болно” гэсэн боловч хөдөлмөрийн гэрээнээс тусдаа  байгуулсан  орон сууц эзэмшүүлэх гэрээг хүчингүй болгосон баримт хэрэгт авагдаагүй байна.

            Нэхэмжлэгч “Т Б” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ   “Хадгаламж банк” 2010 оны 10 дугаар сарын 27-нд Г.С-гийн эзэмшлийн 2 өрөө орон сууцны үнэ 76 342 000 төгрөгийг Жаст групп руу шилжүүлсэн гэж Т Бны дотоод дансны хуулгаар /хх-96 тал/ нотолж байгаа боловч Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар “банк ....зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор түр эзэмших болон өмчлөх, үйл ажиллагааны зардлаа нөхөх зориулалтаар хөлслүүлэх, түрээслүүлэх, худалдах үйл ажиллагаанаас” бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэж зааснаар маргаж буй 2 өрөө орон сууцыг эзэмших, өмчлөх эрх  Хадгаламж банкинд үүсэхгүй тул “Жаст групп” ХХК нь  Г.С-тай орон сууц эзэмших гэрээг байгуулжээ.

Хариуцагч Г.С- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тайлбарлахдаа Хөдөлмөрийн гэрээ болон орон сууц эзэмшүүлэх гэрээний дагуу 2 өрөө орон сууцыг надад бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрх шилжүүлсэн гэж нотлох баримтуудыг гаргаж ирүүлснийг нэхэмжлэгчээс няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байна.

            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй,эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчинтөгөлдөр бус болсон” гэж үзэхгүй  тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 351 778 төгрөгийг улсын орологод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т Бны давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 426 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 351 778 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ДЭНСМАА

                                    ШҮҮГЧИД                                                   Б.СҮХГОМБО

                                                                                                           Я.АЛТАННАВЧ