| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 142/2024/00818/И |
| Дугаар | 001/ХТ2025/00004 |
| Огноо | 2024-12-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Даатгал, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2025/00004
“М” ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/00903 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 207/МА2024/00089 дүгээр магадлалтай,
Ч.Б-д холбогдох
14,247,423 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, С.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “М” ХК нь хариуцагч Ч.Б-д холбогдуулан цалингийн зээлийн эрсдэлд төлсөн 14,247,423 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/00903 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 123 дугаар зүйлийн 123.8, 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан “М” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Б-д холбогдох 14,247,423 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,190 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн 207/МА2024/00089 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/00903 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтад “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 123 дугаар зүйлийн 123.8, 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан “М” ХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Б-д холбогдох 14,247,423 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 439 дүгээр зүйлийн 439.4, 210 дугаар зүйлийн 210.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ч.Б-гоос даатгалын нөхөн төлбөрт 14,247,423 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХК-д олгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтад “...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,190 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “...хариуцагч Ч.Б-гоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,190 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, С.Н нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нэхэмжлэгч “М” ХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийг нэхэмжлэх банкны эрхийг гэрээний дагуу шилжүүлэн авсны үндсэн дээр зээлийн гэрээний үлдэгдэл 9,498,282 төгрөг, алданги 4,749,141 төгрөг, нийт 14,247,423 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба давж заалдах шатны шүүхээс уг шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл хэсгийг зөрүүтэй хэрэглэсэн. Тодруулбал, “М” ХК нь цалингийн зээлийн үлдэгдлийг гэрээний үндсэн дээр шаардахдаа Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй. “К” ХХК, Ч.Б нар нь цалингийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-д зааснаар бичгээр байгуулсан. Үүний дагуу гэрээний шаардах эрхийг шилжүүлэхдээ бичгээр шилжүүлэхийг хуулиар зохицуулсан байна. Гэтэл “М” ХК, “К” ХХК нар нь 2013.09.11-ний өдрийн №3019- 2013/103 тоот Ч.Б-гийн цалингийн зээлийн гэрээний шаардах эрхийг шилжүүлэх гэрээ, хэлцлийг бичгээр байгуулаагүй. Мөн Ч.Б болон “М” ХК нарын хооронд ямар нэгэн төрлийн даатгалын эрх зүйн харилцаа үүсээгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж хуулийг зөрүүтэй, буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй байна.
4.1.”М” ХК болон “К” ХХК нарын хооронд байгуулагдсан 2012.08.22-ны өдрийн 12/85 дугаартай “Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах тухай” хэлцлийн дагуу Ч.Б-гийн үндсэн зээлийн үлдэгдлийн хэмжээгээр банканд олгох үүргээ “М” ХК нь хугацаандаа гүйцэтгээгүй, үүргээ зөрчсөний улмаас алданги 4,749,141 төгрөгийг шүүхийн шийдвэрээр гаргуулж “К” ХХК-д олгосон. Гэтэл “М” ХК нь өөрөө үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үүссэн алдангиа Ч.Б-гоос нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж “М” ХК-ийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүссэн алдангийг Ч.Б-гоос гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж, зөрүүтэй хэрэглэсэн байна.
4.2.Хөөн хэлэлцэх хугацааны хувьд, 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 001/XT2017/01702 дугаартай Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй “М” ХК-д холбогдох иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж зээлийн үлдэгдэл 9,498,282 төгрөг, “М” ХК нь хугацаандаа төлөөгүйгээс үүссэн алданги 4,749,141 төгрөгийг нэмж, нийт 14,247,423 төгрөгийг гаргуулан “К” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийг 2018.03.19-ний өдөр биелүүлсэн. “М” ХК-ийн Ч.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018.06.28-ны өдөр хүлээн авахаас татгалзсанаар хөөн хэлэлцэх хугацааны тасалдал зогсож, шинээр тоолж эхлээд 2021.06.28-ны өдөр Иргэний хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 1882 дугаартай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Ч.Б-г эрэн сурвалжлуулж, 2023.12.01-ний өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамааралгүй гэж дүгнэсэн ба уг дүгнэлт ойлгомжгүй, хууль хэрэглээний зөрүүтэй байна.
4.3.Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэг нь бичгээр гаргахдаа шүүх хуралдаан дээр уншиж сонсгосноос өөр өөр бичигдсэн байна. Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөлт буй оруулж тогтоох хэсгийн агуулгын уншиж танилцуулахдаа /сонсгохдоо/ “Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 12-ны өдрийн 903 дугаартай шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8, мөн хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар хариуцагч Ч.Б-гоос үндсэн зээл 9,498,482 төгрөг, алданги 4,749,141 төгрөг 14,247,423 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХК-д олгож...” гэжээ. Харин бичгээр гаргасан магадлалын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад “...гэснийг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 439 дүгээр зүйлийн 439.4, 210 дугаар зүйлийн 210.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ч.Б-гоос Даатгалын нөхөн төлбөрт 14,247,423 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХК-д олгосугай гэж” гэж магадлалын тогтоох хэсэгт нь зөрүүтэй бичигдсэн байна. Энэ нь Иргэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар “Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж...” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дүгээр зүйлийн 116.2-д зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байна. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 15:00 цагт 106 тоот өрөөний "М" ХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Б-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааны бичлэгээс магадлалын тогтоох хэсгийг агуулгыг уншиж танилцуулсан /сонсгосон/ дуу болон дүрс бичлэгийг үзэж өгөхийг хүсье.
Иймд Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 89 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 903 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, С.Н нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.12.05-ны өдрийн 001/ШХТ2024/01584 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдол үндэслэлтэй байна.
7.Нэхэмжлэгч “М” ХК нь хариуцагч Ч.Б-д холбогдуулан 14,247,423 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “...”М” ХК нь “К” ХХК-тай 2012.08.22-ны өдөр 12/85 тоот “Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл” байгуулж тус банкнаас цалин барьцаалж зээл авсан зээлдэгч нь ажлаас халагдах, хөдөлмөрийн чадваргүй болох гэх мэт эрсдэлийн улмаас даатгалын тохиолдол үүсэхэд зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдлийн хэмжээгээр банкинд нөхөн төлбөр олгож, улмаар зээлдэгчээс зээлийг нэхэмжлэх банкны эрхийг гэрээний дагуу шилжүүлэн авч ажилладаг. 2013.09.11-ний өдрийн №3019-2013/103 тоот цалингийн зээлийн гэрээний зээлдэгч Ч.Б нь “Э” ХК-д гагнуурчнаар ажиллаж байгаад 2014.05.27-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж үндсэн зээлийн үлдэгдэл болох 9,498,282 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй удааснаар даатгалын тохиолдол үүссэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01761 дүгээр шийдвэрээр Ч.Б-гийн зээлийн гэрээний үлдэгдэл 9,498,282 төгрөг, алданги 4,749,151 төгрөг, нийт 14,247,423 төгрөгийг манай компаниас гаргуулж “К” ХХК-д олгох шийдвэр гарсан. Уг төлбөрийг төлсөн тул зээлдэгч Ч.Б-гоос мөнгийг нэхэмжилж байна” гэжээ.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “... “М” ХК, “К” ХХК-тай даатгалын гэрээ байгуулсан боловч Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1-д зааснаар даатгалын баталгааг хариуцагч Ч.Б-д гардуулаагүй. Мөн Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ” гэсний дагуу Ч.Б нь “К” ХХК-д зээлийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээсэн боловч Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д “Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч “М” ХК нь “К” ХХК-аас шаардах эрхийг бичгээр шилжүүлэн аваагүй болох нь тогтоогдож байна. Нөгөө талаар “К” ХХК нь хариуцагч Ч.Бг 2014.05.27-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж даатгалын тохиолдол бий болсноос хойш түүнээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаагүй, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 001/XT2017/01702 дугаар тогтоол гарч хэрэг эцэслэн шийдэгдсэн хугацаанаас хойш нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна. Ийнхүү Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийжээ.
10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “...Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1-д заасан даатгалын баталгааг даатгагч “М” ХК даатгуулагч “К” ХХК-д гардуулах үүрэгтэй болохоос зээлдэгч Ч.Б-д гардуулах үүрэггүй. Ч.Б ажлаас чөлөөлөгдөж зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж даатгалын тохиолдол бий болж даатгагч “М” ХК нь даатгуулагч “К” ХХК-д Ч.Бгийн зээлийн үлдэгдэл, алдангийн хамт төлсөн нь тогтоогдсон тул учирсан хохирлыг хариуцагч Ч.Б-гоос шаардах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаprax хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. “М” ХК нь 2018 оны 06 сард шүүхэд Ч.Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, Ч.Бг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг мөн шүүхэд гаргаж, цагдаагийн газраас хариуцагчийн хаягийг тогтоож, 2023.11.27-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Түүнчлэн даатгалын гэрээнд даатгалын тохиолдол болж нөхөн төлбөрийг банканд олгосон тохиолдолд зээлдэгчээс зээлийн төлбөрийг нэхэмжлэх эрхийг даатгалын компанид шилжүүлнэ гэж заасан. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д мөн ...хохирлоо шаардах эрх даатгагчид шилжинэ...” гэж зохицуулсан байна. “ гэжээ.
11.Дээр дурдсанаар анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “М” ХК-д шаардах эрх гэрээний эсхүл хуулийн дагуу үүссэн аль нь болох, уг маргаанд хөөн хэлэлцэх ямар хугацаа хамаарах, тухайн хугацаа өнгөрсөн эсэх талаар өөр өөр эрх зүйн дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцлээ.
12.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг гэрээний бус харилцаанаас үүссэн гэж Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар тодорхойлсон нь оновчгүй болсноос гадна үндэслэлээ тодорхой заагаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн, хэзээнээс эхэлж тоолох, уг хугацаа өнгөрсөн эсэх талаар хийвэл зохих дүгнэлт хийгээгүйгээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгов.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч “М” ХК нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар шаардлага гаргах эрхтэй гэж үзсэнийг үгүйсгэх үндэслэлгүй боловч тус шүүх “К” ХХК нь “М” ХК-д шаардах эрхийг шилжүүлэхдээ гэрээг байгуулаагүйгээс шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэсэн нь хэргийн баримтад тулгуурлаагүй, түүнчлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх үеийг буруу тогтоосон алдаа гаргасныг залруулан дүгнэж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, харин нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээх нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
13.Нэхэмжлэгчийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийг тодруулахын тулд даатгалын эрх зүйн харилцаан дахь даатгуулагч, эсхүл гуравдагч этгээдийн шаардах эрх даатгагчид шилжих хуулийн зохицуулалт болон энэ төрлийн ихэвчлэн гардаг маргаан, уг маргааныг шийдвэрлэж буй шүүхийн практикийн талаар товч дурдах нь зүйтэй байна.
13.1.Үүргийн эрх зүйн ерөнхий зарчмаар авч үзэхэд даатгагч нь даатгуулагчийн хохирлыг нөхөн төлж, ашиг сонирхлыг сэргээснээр даатгуулагчийн шаардах эрх дуусгавар болох ч даатгалын эрх зүйд шаардах эрх хэвээр үлдэж, уг шаардах эрх нь даатгагчид шилжих /регресс/ тохиолдол байна.
Шаардах эрх шилжүүлэхэд урьдчилсан нөхцөл хангагдсан байх шаардлагатай ба үүнд, шаардах эрхийг олгож байгаа тухай гэрээ байх эсхүл хуулиар шаардах эрхийг олгосон байх, шаардах эрх эзэмшигч этгээдийн эрх нь хүчинтэй бөгөөд тодорхойлох болон шилжүүлэх боломжтой тохиолдолд эзэмшиж байгаа эрхийн хэмжээнд шаардах эрхээ шилжүүлж болдог.
13.2.Даатгалын харилцаан дахь даатгагчийн шаардлага гаргах эрх нь даатгалын гэрээний төрөл, хэлбэр, гэрээний зүйл, гэрээний оролцогчоос хамаарч өөр өөрөөр тодорхойлогддог онцлогтой. Тухайлбал, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж зааснаар даатгагч нь даатгуулагчид төлсөн нөхөн төлбөрөө гэм буруутай этгээдээс шаардаж болох бөгөөд энэ нь гэм хорын эрх зүйгээр зохицуулагдах юм.
Гэм хорын даатгалын хувьд даатгуулагч нь учирсан гэм хорыг нөхөн төлөх төлөх шаардлагыг гэм буруутай, хууль бус үйлдэл, /эс үйлдэхүй/ гаргасан гуравдагч этгээдэд эсхүл даатгагчид алинд ч гаргаж болох бөгөөд хэрэв даатгагчаар нөхөн төлүүлсэн тохиолдолд даатгагчид өөрийн хохирлыг гуравдагч этгээдээс шаардах эрх шилжинэ. Гэм хор учруулсан этгээд нь даатгалын компани, эсхүл даатгуулагчтай аливаа гэрээний харилцаа үүсгээгүй гуравдагч этгээд байна.
Харин даатгагч шаардах эрхтэй байх өөр тохиолдлыг хууль тогтоогч Иргэний хуулийн 444 зүйлийн 444.4, 444.6-д заахдаа даатгуулагчийн хариуцлагатай холбоотой буюу түүний гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүргээс чөлөөлөх хариуцлагын даатгалын хувьд даатгуулагч гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхэд хүргэсэн нөхцөл байдлыг өөрөө санаатай бий болгосон бол даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх боловч албан журмын даатгалын хувьд даатгагчийн гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага хүчин төгөлдөр байж, нөхөн төлбөрийг төлсөн тохиолдолд гуравдагч этгээдээс даатгуулагчид гаргах шаардлага даатгагчид шилжинэ. Өөрөөр хэлбэл, даатгагч даатгуулагчийн санаатай бий болгосон хууль бус үйлдэл, /эс үйлдэхүй/-ээс гуравдагч этгээдэд учирсан хохирлыг төлж, ингэснээрээ төлсөн нөхөн төлбөрөө даатгуулагчаас шаардах эрхтэй байхаар хуульчилсан байна.
Дээрх байдлаар даатгалын гэрээнээс үүдэлтэй даатгагчид шаардах эрх шилжих эдгээр үндэслэлийг Даатгалын тухай хууль болон Иргэний хууль дахь даатгалын эрх зүйн харилцааг зохицуулсан дөчин гуравдугаар бүлэгт заажээ.
13.3.Даатгалын гэрээний зүйл нь ямар нэгэн хуулиар хориглоогүй ашиг сонирхол байдаг ба үүнд, эд хөрөнгө, амь нас, эрүүл мэнд болон гэрээний бус үүрэгтэй холбоотой хариуцлагууд байж болох бөгөөд сайн дурын даатгалын хүрээнд практикт, ихэвчлэн арилжааны банкууд цалингийн зээлийн эрсдэлийг даатгуулдаг болсон. Хэрэв цалин барьцаалж зээл олгосон бол ажилтан ажлаас гэнэт халагдах, цалин орлогогүй болох нөхцөлийг даатгалын эрсдэл, тохиолдолд хамааруулж даатгалын гэрээнд заадаг байна.
Энэ харилцаанд банк нь ихэнхдээ даатгалын компаниудтай хамтран ажиллах гэрээг байгуулж, улмаар зээлдэгч нь даатгалын компанитай даатгалын гэрээ байгуулж, хураамжийг төлснөөр тухайн гэрээний хувьд даатгагч нь даатгалын компани, даатгуулагч нь зээлдэгч байх ба гэрээнд заасан эрсдэл үүсч, даатгалын тохиолдол буюу ажилтан ажлаас гэнэт халагдаж цалин орлогогүй, зээл төлөгдөх боломжгүй болсноос даатгуулагч даатгалын компанид хандаж, зээлийн эрсдэлийг нөхөн төлбөр хэлбэрээр шаардах тохиолдол нилээд гарч байна. Энэ нөхцөлд даатгалын компани даатгуулагчид хохирол нөхөн төлснөөр даатгагч буюу даатгуулагчийн эрх, үүрэг дуусгавар болдог, өөрөөр хэлбэл, даатгуулагчийн шаардах эрх дуусгавар болох тул даатгагчид шаардах эрх шилжих боломжгүй.
14.Харин энэ хэргийн хувьд өөр нөхцөл байдал тогтоогдож байна. Хэргийн баримтад авагдсан “М” ХК-аас нөхөн төлбөр гаргуулж, “К” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээс үзвэл даатгалын гэрээ нь эдгээр хоёр компанийн хооронд байгуулагдсан байна. Улмаар “К” ХХК нь зээлдэгч Ч.Б ажлаас халагдаж зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байгаа эрсдэлийн улмаас өөрт учирсан хохирлыг даатгалын компаниас нөхөн төлбөр хэлбэрээр шаардаж, энэ маргааныг шүүх шийдвэрлэжээ.
15.Хэрэгт авагдсан “М” ХК болон “К” ХХК-ийн хооронд байгуулагдсан цалингийн эрсдэлийг даатгах хэлцлийн 4-т “банкнаас авч буй цалингийн зээл эргэж төлөгдөх боломжгүй болсон буюу зээлдэгч гэнэтийн осол болон өвчний улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа түр болон бүр алдах, гэнэтийн шалтгааны улмаас ажилгүй болох тохиолдолд банкинд учирч болох санхүүгийн эрсдэлийг даатгалын компанид шилжүүлэх зорилготой” гэж, 5-д “цалингийн орлогоо барьцаалан зээл авсан үед зээлдэгчид гэрээнд заасан эрсдэлүүд учрахад банкийг санхүүгийн алдагдалгүй болгохыг зорино” гэж, 9-ийн 3-т “зээлдэгч гэнэтийн шалтгааны улмаас ажлаас халагдах, үүнд, байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн улмаас зээлдэгч орон тооны цомхотголд орсон” гэж тус тус заасан байна.
Мөн дээрх хэлцэлд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний 10.4-т “даатгалын тохиолдол болж зээлдэгчийн өмнөөс даатгал нь банкинд үндсэн зээлийн үлдэгдэл дүнг нөхөн төлсөн тохиолдолд банк зээлдэгчийг зээлээ бүрэн төлөхийг шаардах зэргээр зээл эргэн төлөлтийг бүхий л талаар дэмжиж ажиллах”, 10.5-д “даатгалын тохиолдол болж даатгалаас банкинд нөхөн төлбөр олгосон бол зээлдэгчийн банкинд төлөх тухайн зээлийн нэхэмжлэх эрхийг даатгалд шилжүүлэх бөгөөд энэ хүрээнд талуудын харилцааг дараах байдлаар зохицуулна.”, 10.5.1-д “... даатгалаас банкинд нөхөн төлбөр олгосны дараа зээлийн төлбөр эргэн төлөгдөж эхэлсэн тохиолдолд хуваарийн дагуу төлөгдсөн төлбөрөөс даатгалын нөхөн төлбөр орж ирэх хүртэл хуримтлагдсан зээлийн хүүг суутгаж, үлдэгдэл төлбөрийг банк даатгагчийн дансанд тушаана” гэж заасны зэрэгцээ “К” ХХК болон Ч.Б нарын хооронд байгуулагдсан 2013.09.11-ний өдрийн зээлийн гэрээний 4.1-д “зээлдэгч аливаа шалтгаанаар зээлийн хугацаа дуусахаас өмнө ажлаас чөлөөлөгдвөл энэ тухайгаа банкинд урьдчилан мэдэгдэж, төлбөрийн талаар харилцан тохиролцоно.” гэжээ.
Эдгээрээс дүгнэхэд банк нь даатгалын компаниас зээлийн үүргийг нөхөн төлбөр хэлбэрээр авсан бол шаардах эрхээ тухайн компанид шилжүүлэх, зээлдэгч банкинд зээлийг төлбөл нөхөн төлбөрийг буцаан олгохоос гадна зээлдэгч ажлаас чөлөөлөгдсөн ч зээлийн үүргээс чөлөөлөгдөхгүй байх агуулга тусгагдсан гэж үзнэ.
16.Өмнө энэ тогтоолын 13.2-т дурдсанаар Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасан зохицуулалтыг хэрэглэхэд даатгуулагч нь учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдол ихэнхдээ даатгуулагч ба гуравдагч этгээдийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй, гуравдагч этгээдийн гэм буруутай үйлдэлтэй холбоотой буюу үүргийн зөрчилтэй холбоотой байдаг, энэ үед даатгагч даатгуулагчид хохирлыг төлж, шаардах эрхийг гэрээ болон хуульд зааснаар шилжүүлж авдаг бол энэ хэргийн хариуцагч Ч.Б нь даатгуулагч “К” ХХК-тай зээлийн гэрээний харилцаатай байсан, түүнчлэн өөрөөс үл шалтгаалах буюу ажлын байр хасагдсан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн нь тогтоогдсон тул түүнийг гэм буруутай этгээд гэж үзэхгүй, иймээс Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасны дагуу шаардах эрх даатгагч буюу нэхэмжлэгч “М” ХК-д шилжих боломжгүй ба энэ байдлыг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн хийсэн “... Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн, энэ тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэсэн дүгнэлт үндэслэлгүй болжээ.
17.Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ”, 123.2-т “хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно”, 123.3-т “үүрэг гүйцэтгэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр бол шаардах эрх шилжүүлэхийг гэрээгээр хязгаарлаж болно” гэж тус тус заажээ. Иймд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар “К” ХХК нь зээлийн гэрээний үүргийг Ч.Б-гоос шаардах эрхээ “М” ХК-д хэлцлийн дагуу шилжүүлэх, даатгалын компани шилжүүлэн авах энэ эрхийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.
18.Гагцхүү энд дараах нөхцөл байдлыг анхаарах нь зүйтэйг дурдах нь зөв байна. Банкнаас авч буй цалингийн зээл эргэж төлөгдөх боломжгүй болсон шалтгаан, хүчин зүйл буюу даатгалын эрсдэл, тохиолдол бүрт даатгуулагчаас даатгагчид гэрээний үндсэн дээр шаардах эрхийг шилжүүлэх боломжтой гэж үзэж болохгүй. Учир нь, зээлдэгч гэнэтийн осол болон өвчний улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа түр болон бүр алдах зэрэг тохиолдолд даатгалын байгууллага даатгуулагчид төлсөн нөхөн төлбөрөө гуравдагч этгээдээс шаардах нь даатгалын гэрээний агуулга, үүргийн эрх зүйн үүрэг дуусгавар болох ерөнхий зарчимд нийцэхгүй.
Харин энэ хэргийн хувьд буюу зээлдэгч нь хэдийгээр өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажилгүй болсон боловч авсан зээлээ төлж, гэрээний үүргээ шударгаар биелүүлэх боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжих, давуу байдал олж авах нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилна.
19.Анхан шатны шүүх, нэхэмжлэгч нь шаардах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар шилжүүлж авч болно гэж үзсэн хэдий ч шаардах эрхийг шилжүүлж авахдаа гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хангаагүй буюу мөн зүйлийн 123.8-д заасныг баримтлаагүй гэж дүгнэхдээ “К” ХХК болон “М” ХК-ийн хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд зээлийн үүргийг даатгалын компаниар төлүүлсэн бол тус компанид шаардах эрхээ шилжүүлэх тухай зохицуулалтыг харгалзаагүй байна, иймээс шаардах эрх шилжүүлэхээр хоёр компани бичгээр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй.
20.Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаанд гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа хамаарна гэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д нийцсэн байна. Гэвч тус шүүх уг хугацаа өнгөрсөн гэж үзэхдээ холбогдох үйл баримтыг буруу тодорхойлсон.
Хэргийн баримтаас үзвэл, даатгалын гэрээний дагуу “М” ХК-аас “К” ХХК-д 14,247,423 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоол 2017.12.02-ны өдөр гарсан, уг өдрөөс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзсэн нь алдаатай байна.
Дээрх тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж шийдвэрт заасан мөнгийг “М” ХК нь “К” ХХК-д 2018.03.19-ний өдөр төлсөн тул энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.”, 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, ...үеэс үүснэ” гэж заасантай нийцнэ.
Уг хугацаанаас хойш нэхэмжлэгч “М” ХК нь хариуцагч Ч.Б-гоос зээлийн үүргийг шаардсан нэхэмжлэлийг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШЗ2018/02962 дугаар захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ. Ингэснээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3, 79.4-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, улмаар уг тасалдал зогсож, хугацааг шинээр тоолох үндэслэл бий болсон ба хугацааг дахин шинээр тоолвол 2021.06.28-ны өдөр дууссан байна.
Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хариуцагч нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй бөгөөд талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгч “М” ХК-ийн хүсэлтээр хариуцагч Ч.Бг эрэн сурвалжлах тухай шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан нь хэрэгт авагдсан, гэвч уг баримт хөөн хэлэлцэх хугацааг тоолоход нөлөөлөх баримт болохгүйг дурдав.
21.Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 22.3дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 207/МА2024/00089 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2024/00903 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “123 дугаар зүйлийн 123.8” гэснийг 123 дугаар зүйлийн 123.1” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ч.Б нь 2024.10.14-ний өдөр төлсөн 229,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД