Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 128

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0143/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Т***,
Шүүгдэгч Э.Д***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Э.Д***д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Д***, 1991 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс баяд, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр,  хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын * дугаар баг Тээвэрчдийн      ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар 702 000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, **** регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Э.Д***нь 2017 оны 3 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед Дархан сумын ** дугаар багийн “***” ХХК-ний ажлын байранд Э.Д***нь архидан согтуурсан үедээ цуг ажилладаг Н.Б***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж Н.Б***ын биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    Шүүгдэгч Э.Д***гийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 
    
    2017 оны 3 дугаар сарын 16-ны шөнө 23 цаг өнгөрч байхад ажлын хүмүүстэй архи уусан. Тэгээд нойлын өрөө орчихоод буцаад ирээд Н.Б***аас -чи 032-р цэргийн ангид шугам чинь байсан гэл үү- гэж асуухад хүн андуураад байгаа юм биш үү гээд тэрнээс болоод бид хоёр маргалдсан. Маргалдаад байж байхад Золоо Н.Б***ыг салгаад цаашаа аваад явсан. Тэгтэл Н.Б*** буцаж ирээд намайг хойшоо түлхээд миний хөлнөөс хамаад унагаахад би овоолсон арьсан дээр нуруугаараа уначихсан. Тэгээд Н.Б*** над руу гүйгээд ирэхээр нь би баруун гараараа нүүрэнд нь хоёр удаа цохисон. Бусдын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хохирогчтой эвлэрч хохирол 715 000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг, 

    Хохирогч Н.Б***ын хэрэг бүртгэлтэд өгсөн:
    Би 2017 оны 3 дугаар сарын 16-ны шөнө 23 цаг өнгөрч байхад Нэхий ХХК-д ажилтай байсан. Хариуцсан ажлаа дуусгачихаад харихаар болоход надтай цуг ажилладаг  Д***, З***, Б*** нар архи уусан бололтой халамцуу гарч ирсэн. Тэгээд Х***ийг Д*** мөрөөрөө шүргэснээ надаас -чи манай ангид цэргийн алба хаасан гэл үү- гэхээр нь би  -чи согтуу байна эрүүлдээ ярь- гэж хэлээд нурсан арьс хураах гээд тонгойход -чиний шугам чинь гэж юу байсан юм бэ- гээд надтай хэрүүл хийгээд миний ар дагз руу Д*** гараараа 2-3 удаа алгадсан. Тэгэхээр нь би зугтаачихсан. Миний хойноос хөөгөөд ирэхэд Б*** зогсоосон. Тэгээд би арьс элдэгч машинаа унтрааж, газар унагаасан малгайгаа авах гээд маргаан болсон газарт буцаж очиход Д*** арьсан дээр дээшээ хараад хэвтэж байсан. Тэгтэл Б*** Бааска ирлээ гэж хэлэхэд нь Д*** босож ирээд бид 2 дахиж ам зөрөөд би буцаад явахад хойноос гүйж ирээд баруун хажуунаас нүүрний урд хэсэгт 2-3 удаа цохиход нь би тонгойсон. Тэгэхэд амнаас цус гараад цусаа хаяхад нэг шүд уначихсан гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

Гэрч Д.Х***ий хэрэг бүртгэлтэд өгсөн: 

Тэр өдөр би шөнийн ээлжтэй байсан. Индүүгээ хийгээд явж байгаад эргээд харахад Н.Б*** ах тонгойгоод арьс авч байхад Д*** толгой руу нь цохиж байгаа харагдсан. Н.Б*** ах хөлнөөс нь хамаад унагаагаад цаашаа явж байсан. Би индүүгээ цэвэрлэж дуусаад араас нь очиход Н.Б*** индүүний машинаа цэвэрлээд малгайгаа авна гэж хэлээд эргээд явсан. Малгайгаа аваад эргээд явахыг нь би наана нь хараад зогсож байхад Д*** араас нь гүйж ирээд нилээн хэд цохиж байгаа харагдсан. Тэгээд Н.Б*** шүд унагаачихлаа Дагваа гэж хэлээд надруу хараад харуул дууд гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 10/,    

Гэрч Г.Г*** хэрэг бүртгэлтэд өгсөн: 

2017 оны 4 дүгээр сарын 16-ны орой шөнийн ээлжинд гарсан. Тэгээд ажлаа хийж байгаад өөрийнхөө ажлыг дуусгаад Б*** ахын машин дээр нэхий элдэж байтал Д*** ах архи үнэртүүлчихсэн ирээд цуг явъя чи миний машиныг барь би жоохон уусан юм чинь машин тэрэг барьж болохгүй гэж байсан. Тэгээд 01 цаг гээд явъя гэхээр нь за гээд хүлээгээд би арьс элдэж байтал Н.Б*** Д*** 2 маргалдаад байх шиг чанга чанга яриад байсан. Юу ярьж байгаа нь сонсогдохгүй байсан. Тэгээд 30 гаруй минутын дараа Н.Б*** амаа гараараа дарчихсан яаж байгаа юм бэ гээд орилоод байсан. Тэгтэл цагдаа нар ирээд тэд нарыг аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 11/, 

Гэрч С.З***ын хэрэг бүртгэлтэд өгсөн: 

2017 оны 4 дүгээр сарын 16-ны орой би шөнийн ээлжинд гарч байсан Тэгээд ажлаа хийж байгаад дээд моторын ремен тасраад ременээ ганцаараа хийж чадахгүй болоод Мөнхөөг дуудаад цуг хийж байсан. Тэгээд би машинаа ажиллуулаад угаах арьсаа авах гээд дээшээ гарсан тэгтэл Б***, Хүрлээ, Н.Б***, Д*** нар цуг суугаад юм ярьж байсан. Би арьсаа авчихаад тэд нар дээр очоод буцаад явсан. Тэгээд арьсаа машиндаа хийчихээд хэсэг хугацааны дараа дээшээ гарч ирэхэд Д*** Н.Б*** 2 бие биенээсээ зууралдаад байж байхаар нь би салгачихаад доошоо дахиад арьсаа аваад буусан. Тэгээд би доор байж байсан чинь цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 12/, 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016.3.21-ний өдрийн 351 дугаар дүгнэлт: 

1. Н.Б***ын биед уруул, буйлны цус хуралт, зулгаралт, 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, 1 шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. 
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
4.Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 5% нөлөөлнө гэжээ /хх-ийн 14/,  

ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 32-33/, эвлэрлийн гэрээ зэрэг болно.  

Шүүгдэгч Э.Д***нь 2017 оны 3 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед Дархан сумын ** дугаар баг "“***”" ХХК-ний ажлын байранд архидан согтуурсан үедээ цуг ажилладаг Н.Б***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж Н.Б***ын бие махбодид уруул, буйлны цус хуралт, зулгаралт, 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, 1 шүдний паалангийн эмтрэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж 715 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлэг мэдүүлэг, хэрэг бүртгэлтэд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016.3.21-ний өдрийн 351 дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 
  
Шүүгдэгч Э.Д***нь урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар 702 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан бөгөөд түүний ялгүйд тооцох хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т зааснаар дууссан байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хохирогч Н.Б*** нь шүүгдэгч Э.Д***тэй шүүхийн шатанд сайн дураараа эвлэрсэн болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх бөгөөд энэ нь хохирогч шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, нөгөө талаар шүүгдэгч Э.Д***нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Э.Д***г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж үзлээ.  

    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөүй, шүүгдэгч Э.Д***нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.

     Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч Э.Д***г согтуугаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Э.Д***г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шүүгдэгч болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Д***д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
 
 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ