Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Ч.Х*******, түүний өмгөөлөгч Ж.А******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Х*******ад холбогдох эрүүгийн 2415001130118 дугаартай, 163/2024/0132/Э индекстэй хэргийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б******* овогтой Ч******* Х*******, Булган аймгийн Булган суманд 1968 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, О аймаг Б сум, **** тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, ганцаараа амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 56 настай, эрэгтэй, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Х******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2415001130118 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ч.Х******* нь урьд 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл хүлээж уг шийтгэлийн хугацаа. дуусаагүй байхад дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн амьсгал дахь спиртийн агууламж 4,16 хувийн промилли, цусан дахь спиртийн агууламж 2.6 промилли согтолттой байх үедээ буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг зөрчин Булган аймгийн О сумын 4 дүгээр багийн нутаг “Овоотой хөтөл” гэх газарт 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр *** ОРБ улсын дугаартай Toyota Axio загварын тээврийн хэрэгслийг жолоодсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь  

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Х*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Гэрч Ч.Т өгсөн: “...“...2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутагт байрлах “Зоон даваа”-ны замын хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байхад 17 цагийн үед О сумын 4 дүгээр багийн нутаг Овоотой хөтөл гэдэг газарт согтуу жолооч тээврийн хэрэгсэл бариад явж байна гээд Хөвсгөл аймаг явж байсан замын хүн Ч.Х******* гэх иргэнийг аваад ирэхээр нь жолооны эрхийг шалгахад 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр О аймагт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан байсан. Ингээд Х*******аас асуухад О аймгаас гараад Булган аймаг орохоор явж байсан нь үнэн би ганцаараа тээврийн хэрэгслээ жолоодоод явж байсан гэж ярьсан ба Х*******ыг цагдаагийн байгууллагын гомдол мэдээлэлд оруулж шалгуулахаар согтуурал хэмжигч багаж драгераар үлээлгэж хэмжихэд 4,16% согтолттой байсан...” гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

5. Гэрч Н.Г өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу өөрийн тээврийн хэрэгслээр зорчсон. Тухайн өдөр Эрдэнэт хотоос гараад 50 орчим километр явж байхад **** ОРБ улсын дугаартай хар саарал өнгийн Toyota Axio маркийн тээврийн хэрэгсэл миний урд талд урсгал сөрөөд замын хөвөө дээгүүр яваад эсрэг талын урсгал руу ороод осол гаргаж болзошгүй яваад байхаар нь би араас нь сигналдаж зогсоосон. Зогсоогоод очиход тэр машины жолооч 60 орчим насны архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн биеэ авч явах чадваргүй харваас илтэд архи үнэртсэн согтуу эрэгтэй жолооны хүрдний ард талд сууж байсан. Тухайн согтуу жолоочийг машинаас нь буулгаж өөрийнхөө машинд суулгаад би өөрөө **** ОРБ улсын дугаартай саарал өнгийн Toyota Axio маркийн машиныг жолоодон замаас гаргаж зогсоогоод машиныг нь түгжиж орхиод гар утсан дээрээ зургийг нь дарж аваад цааш явсан. Цааш яваад Булган аймаг явах замын хамгийн наад талын цагдаагийн пост руу очиж цагдаагийн алба хаагчид учир байдлаа хэлж согтуу жолооч болон машиных нь түлхүүрийг хүлээлгэн өгөөд цааш явсан..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

6. 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Ч.Х*******ын согтуурлын зэргийг “Согтуурал хэмжих alcatest-6820” багажаар тогтооход амьсгал дахь спиртийн агууламжийг 4,16 хувийн промиль гэж тогтоосон цагдаагийн алба хаагчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 06 дахь тал/,

7. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №0286658 дугаартай “Ч.Х*******ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 400,000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан” шийтгэлийн хуудас /хавтаст хэргийн 29 дэх тал/,

8. Шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 32 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Ч.Х******* 58 нас гэж хаягласан цуснаас 2,6 спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2.6 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

9. Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны №02 дугаартай “..***** ОРБ улсын дугаартай Аксио загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.Х*******  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтад “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчсөн байна...” гэх магадалгаа/хавтаст хэргийн 58-62 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч Ч.Х******* нь урьд 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл хүлээж уг шийтгэлийн хугацаа. дуусаагүй байхад дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн амьсгал дахь спиртийн агууламж 4,16 хувийн промилли, цусан дахь спиртийн агууламж 2.6 промилли согтолттой байх үедээ буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а дахь заалтыг зөрчин Булган аймгийн О сумын 4 дүгээр багийн нутаг “Овоотой хөтөл” гэх газарт 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр **** ОРБ улсын дугаартай Toyota Axio загварын тээврийн хэрэгслийг жолоодсон үйл баримт тогтоогдсон байна.

Ч.Х******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар өөрөө мэдүүлсэн ба түүнийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлтээр согтуурлыг 2.6% промилли спирт илэрсэн буюу хүнд зэргийн согтолттой байсан болох нь тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбарласан байна.   

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Ч.Х*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан  үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.Х******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бөгөөд уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч  Ч.Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэргийн 64-68 дахь талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар, шүүгдэгч Ч.Х******* нь О аймаг Б сум, ********** тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, ганцаараа амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүний үйлдсэн гэмт хэргийн шинж байдал Эрүүгийн хуулийн зорилго, зорилтод нийцүүлэн шүүгдэгч Ч.Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ял оногдуулах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.А******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дараах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Ч.Х*******ын хувьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, анх удаа тохиолдсон шинжтэй гэмт хэрэг үйлдсэн. Түүний хувийн байдлыг авч үзвэл өндөр настны тэтгэвэр авдаг эрүүл мэндийн хувьд асуудалтай хүн байгаа. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж 2.700.000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байна. Хэрвээ шүүх торгох ял оногдуулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу торгох ялыг 12 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна гэх саналыг

Шүүгдэгч Ч.Х******* нь тусгайлан гаргах саналгүй,

Шүүх шүүгдэгч Ч.Х*******ад  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд 1 жил 2 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Х*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Х******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Х*******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын  хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* овогтой Ч******* Х*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан  үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Шүүгдэгч Ч.Х******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х*******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Ч.Х******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.СУВД-ЭРДЭНЭ