| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 182/2021/03776/и |
| Дугаар | 182/ШШ2021/01990 |
| Огноо | 2021-09-09 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 182/ШШ2021/01990
| 2021 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 182/ШШ2021/01990 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Б-т холбогдох,
Хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 75,751,159 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д, хариуцагч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие газар тариалангийн салбарт төмс тариалах зорилгоор 2020.04.20-нд Д.Бтэй хамтран хөрөнгө оруулалт хийсэн боловч элдэв шалтаг хэлэн хойшлуулсаар 2020.07.28-нд хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Д. Б хавар хэлэхдээ Би энэ жил 50 га газарт төмс тарих гэж байна. Дахиад 50 га газарт тарих үр бий. Тэрэн дээр хамтарвал 50 га талбайн 50% буюу 25 га газрын ургацыг чамд өгье. Чи 1 га-аас хамгийн багадаа 10тн (250 шуудай) төмс авна. Чамд ашигтай. Төмс хадгалах зоорь, трактор, техник бүх юм надад байгаа гэж санал тавьсан учир 2020 оны 04 сарын 18-нд Төв аймгийн Жаргалант сумын Талбулаг багт очиж үзэж танилцсан. Бүх зүйлээ өөрийнх мэт ярьж итгүүлсэн бөгөөд тэнд очиход Чимэдбавуу овогтой Гомбосүрэн /Хаан банк данс: 5007277265/ гэх хүнийг төмс тариалахад нь тусалдаг, цэргийн хүн гэж танилцуулаад цуг явж Харанхуй хэмээх газарт хөрөнгө оруулах 50 га талбай чинь энэ гээд 2 зааг татсан тариалалтын түрээсийн талбай харуулж, энэ газрын тал нь чинийх гэж хэлсэн. Тэгээд би мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, хамтрахаар шийдэн тариалалтын өмнө 25.000.000 төгрөг өгч 05 сарын 02-ны өдөр ажил эхэлсэн. Төмс тариалалтын явцад талбайн хэмжээ багасч хэт бага санагдсан тул газрын талаар лавлахад Харанхуйн газар 30 гаруй га бий. Чиний 25 га асуудалгүй. Санаа зоволтгүй. гэж анх ярьж байснаасаа зөрж худал хэлсэн. Тэрээр гэрээнд гарын үсэг зуралгүй 3 cap хойшлуулсаар намар гуравдагч этгээд болох Ч.Гг бас гүйцэтгэгч юм чинь адилхан хариуцлага хүлээнэ гэж хэлээд гэрээнд давхар гарын үсэг зуруулсан.
Ингээд хураалтын хөрөнгө оруулалтаа өгөхөөс өмнө 25 га талбайтай гэдгээ баттай болгох шаардлага гарсан тул 08 сарын 01-нд 300.000 төгрөгийн (гурван зуун мянга) илүү зардал гарган мэргэжлийн хүцтэй Талбулаг руу явж талбайн хэмжилт болон хөрсний шинжилгээ хийлгэхэд 18,6 га байсан. Энэ газар 25 га ч хүрэхгүй байна гэж хариуцагч Д.Бт хэлэхэд зөрүү газрыг чинь өгнө өө санаа зоволтгүй гэж хэлсэн. Харин Ч.Гнь: Бид чам шиг нарийн хэмждэггүй. 20 га гэж түрээс төлсөн. Зөрүү 5 га хаанаас нь ч өгсөн болно. 25 га чинь асуудалгүй. гэж хэлсэн. Ингэж анх хөрөнгө оруулалт хийх санал тавихдаа 25 га гэсэн нь худал болж, мөн хүний төмсний үр, техник, хүч хөдөлмөрийг ашиглан өөрийгөө гүйцэтгэгч гэж ойлгуулан надаас мөнгө залилан авсан байх магадлалтайг ойлгосон. Өөрийн нүдээр тэр газруудыг нь хараагүй тул бас хууран мэхэлж байж болзошгүй гэж эмээн газрын асуудал эргэлзээтэй байсан учраас итгэл алдран, дутуу 6.4 га биш ч ядаж 5 га нэмж хаанаас өгөхийг нь харж байж гэрээний дагуу хөрөнгө оруулалтаа гүйцээхээр шийдсэн.
Эхний ээлжинд 08 сарын 25-ны дотор 13.500.000 төгрөгийг буюу гэрээний дагуу тохиролцсоноор 19 га 25 сот талбайтай тэнцэхүйц хөрөнгө оруулалт хийсэн байсан. Гэвч хэлсэн хугацаанд нь буюу 08 сарын 27-ны өдөр хураалтын ажил эхлээгүй. Энэ хооронд 7 хоногийн хугацаанд ирж очих бензин тос, хоол хүнс гээд дахин нэмэлт зардалд 274.990 гаргасан.
Ийнхүү 09 сарын 01-ны өдөр Ч.Гнь тооцоо бодохоор залгаж би чамд 15 га ургац л өгье, Д. Болорхишиг та хоёрын яаж тохиролцсон надад хамаагүй гэж гол гүйцэтгэгч, эзэн нь мэт тулган хэлсэн. Хэрэв үгүй гэвэл би ургацаа өгөхгүй. Тэр Д. Бтэй өөрөө учраа ол гэж хэлсэн. Гэрээний дагуу ч тэр өгсөн мөнгөнд минь Харанхуйн газар чинь харин ч дутаад таарч байгаа шүү! тэр газраа л тулж авъя гэж намайг хэлэхэд эрс татгалзаж зардал мөнгө өссөн гэсэн шалтаг хэлсэн. Иймд Ч.Гтэй хуйвалдаж энэ асуудалд орж ирснээс нь болж хөрөнгө мөнгө, төмсөө алдахвий гэсэн айдастай, сэтгэл санааны хямралтай болж аргагүйн эрхэнд дуугүй байж төмсөө салгаж авах тухай л бодсон. Тэгээд Д.Бт хандан Гэрээний дагуу 25 га ургацаа авмаар байна. Үлдэгдэл 11,500.000 (арван нэгэн сая таван зуун мянга) төгрөгийн хувьд намрын хураалтын мөнгийг хоёулаа төмсөө зарж, бартердаад болно шүү дээ гэж, Мөн хавар чиний хэлснээр төмсөө зараад өгч болно биз дээ?! Гэрээ хийх үед мөн болно гэж тохиролцсон байж мөнгө авсныхаа дараа хураалт ч эхлээгүй байхад яагаад Ч.Гчинь надад 15 га өгье гэж тулгаад байгаа юм бэ?! Би чамтай л ярьж тохирсон биз дээ? гэхэд Д. Болорхишиг тэгж өгнө гэж ойлгоогүй гэж хэлээд, Тэгвэл тэгж болно. За за гэсэн. 09 сарын 05-нд хураалт эхлэхээр болж хотод ирж өмнөх орой нь тэр хоёртой уулзахад чамд 15 га л өгье хэмээн бүх юмны зардал өссөн гэсэн шалтаг тоочин дахин тулгаж, 4.25 га ямар ч бодит үндэслэлгүйгээр хасагдсан. Хэрэв 15 га ургацаа зөвшөөрвөл бид хоёр бүх хүчээрээ хамгийн түрүүнд чиний төмсийг хурааж өгье. Үгүй гэвэл чамд хураалтын 13.500.000 (арван гурван сая таван зуун мянга) төгрөгийг чинь өгөхгүй. Чи өөрөө Харанхуйн 20 га төмсийг хурааж ав. Тэр илүү 5 га газраас авах төмсөөрөө зардлаа хий гэж угаас авах ёстой газрыг минь нэмээд өгч буй мэтээр тулган шаардахад нь аргагүй байдалд орж, хураалтын ажлаа эхлүүлэхийн тулд 15 га талбайн ургацаа ч болов авъя гэсэн. Д.Б түрүүлээд явж бай, 7 хоногийн дараа араас чинь очно гэж хэлээд нэг ч ирээгүй.
Төмс хураалтын ажил эхлэхэд Ч.Гнь Харанхуйн үндсэн талбайг өгөхгүй гэсэн учир дундуур нь тасалсан 6м-8м өргөнтэй замыг хүртэл оролцуулан өргөн 260м * урт 577м = 15га газар болгон ашигтай талбайгаа хасуулж тооцуулсан. Ингээд Зэвсэгт хүчний 150-р ангийн 20 ахлах 09 сарын 05-наас 09 сарын 11-ныг хүртэл 6 хоног, 120-р ангийн 20 цэрэг 09 сарын 08 болон 09 сарын 10-нд 2 хоног ажиллаж 260м * урт 285м = 7.41 га төмсөө хураан авч байтал тэд хэлэлцэн тохиролцсоноо зөрчиж, төмсөө хурааж дуусаагүй байхад цэргүүдийг маань өөрсдийнхөө газарт болон бусдад зарж ажиллуулсан. Үүнийгээ надад тайлбарлахдаа Ч.Гнь цэргийн ангиас дуудаад байна. Ажил гарсан тул 2,3 хоноод ирнэ. Тэр хооронд цэргүүдийг ингээд ажиллуулж байя гэсэн. Үүнээс хойш буюу 09 сарын 12-ноос 09 сарын 29 хүртэл хэзээ ирэх нь тодорхойгүй 17 хоногийн турш одоо очлоо гэсээр хүлээлгэсэн. Дундуур нь Ч.Гнь буудлагын тэмцээнтэй байна, 09 сарын 22-нд чөлөө аваад очно гээд мөн ирээгүй.
Энэ хугацаанд 09 сарын 12-ноос 09 сарын 14-ны хооронд З хоног бороотой байсан ба бусад өдрүүд дулаахан нартай байсан. Хүйтрэх хүртэл хэд хоногийн хугацаа алдсан (Энэ хугацаанд цаг агаарын хувьд ургацыг 100% хурааж авах бүрэн боломжтои байсан.). Би тэр хоёрт цаг агаарын байдлыг анхааруулж хэлсээр байтал 09 сарын 29-нд 150-р ангиас 12 ахлагч ирсэн боловч цаг агаар муудаж 09 сарын 30-ны өдөр 5 га газар үлдэж цасанд дарагдсан. Энэ хүйтрэлээр талбайн ургацын 30-аас 40% нь хайрагдаж хөлдсөн байдалтай надад их хэмжээний хохирол учирсан ч Д.Бээс үлдсэн ургацаа хурдан хурааж өгөхийг гуйж шаардахад мөнгө нь байгаад ч хүн хүч олдохгүй байхад би яалтай билээ, газарт нь хаяхгүй юу, хөлдөөхгүй юу гэх мэтээр хүн хохироож байгаагаа ч үл тоомсорлосон. Аргаа барахдаа Ч.Гд 1.050.000 төгрөгийг өгч оронд нь төмс авъя гээд үлдсэн төмсөө хураалгахаар болж 10 сарын 10-нд 13 цэрэг ажилласан ч тэр шөнө -15 градус хүртэл хүйтэрч 260м * урт 118м =3,068 га талбайн төмс таг хөлдсөн. Итгэл даахгүй байдлаас нь болж гэрээний дагуу зооринд нь төмсөө хадгалуулж чадалгүй, бас л нэмэлт зардал гарган төмсөө хадгалах 9 нүхэн зоорь түрээсэлж авсан ч төмсөө хураан зоорьлож чадаагүйгээс хүнд байдалд орсон.
Ингээд авч чадаагүй 4.25 га ургацын хохирол дээр нэмээд 3.068 га төмсөө хөлдөөлгөж, нийт 7.318 га талбайн 73тн 180кг (1829.5 шуудай) ургацаар хохирол учирсан. Үүний санхүүгийн хохирол нь хавар бөөний ханшаар борлуулахад: 1829.5*40.000₮=73.180.000 төгрөг болно. Хохирлыг маань барагдуулаагүй бөгөөд Ч.Гнь авсан мөнгөндөө гэж 300 шуудай хөлдөж хайрагдсан төмс өгсөн. Өөр хөлдөөгүй төмс байхгүй гэсэн тул ядаж өгсөн 1.050.000 төгрөгөө болон зардлаа нөхөх төмс гарна байх гэж бодоод аргагүй байдалд орсон тул авсан. Хадгалах боломжгүй, асуудалтай төмс байсан тул хот руу шууд тээвэрлэхэд 500.000 төгрөг,буулгахад 100.000 төгрөг, ялгуулахад 300.000 төгрөг нийт 900.000 төгрөгийн нэмэлт зардал дахин гаргасан.
Мөн хураалтын ажил цаг тухайд нь гүйцэтгэж өгөхгүй урт хугацаанд сунжруулснаас үүдэн тооцоологдоогүй 1.096.169 төгрөгний зардал гарсан. Дансны гүйлгээний баримт болон санхүүгийн зардлын баримт хавсаргасан болно. Иймд цаг хугацаа алдан ажил амьдралынхаа олон асуудлыг хойш тавьж, тэгтлээ хүлээцтэй байгаад ч эцэст нь ургацаа бүрэн гүйцэт авч чадахгүй, өр зээлний асуудлуудаа шийдэж чадахгүй хохирсон тул гомдолтой байна. Гүйцэтгэгч Д.Б нь худал үг, үйлдэл гарган гэрээгээ зөрчиж ёс зүйгүй хандсанаас болж хөрөнгө оруулагч надад олон төлөвлөгдөөгүй нэмэлт зардал үүсч, сэтгэл санааны болон санхүүгийн хохирол учирсан тул хохирлоо нэхэмжлэн барагдуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байна.Иймд хуулийн дагуу 75.751.159 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Х.Сийн гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие Х.Сд 3 жил ногоо тарьж байгаа талаараа ярихад Х. С ногоо тариалах санал тавьж улмаар 2020 оны 07 сарын 28-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр 25 га газарт төмс тариалж Х.Снийт 50.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон болно. Төлбөрийн хувьд Х.Снь урьдчилгаа 25.000.000 төгрөг, ногоо хураалтын үед үлдсэн 25.000.000 төгрөгийг тус тус төлж хамтран ажиллахаар харилцан тохиролцсон.
Ингээд Х.Снь 2020 оны 05 дугаар сарын 02-нд 17.000.000 төгрөгийг 5005335107 дансанд шилжүүлсэн. Ийнхүү урьдчилгаа төлбөрийг бүрэн шилжүүлэлгүй дутуу шилжүүлсэн нь нийт 25 га талбайд төмс тариалахад хүрэлцэхгүй байсан болно. Иймээс харилцан тохиролцож 15 га талбайд оруулсан хөрөнгө оруулалтад тохируулан төмс тариалах болсон бөгөөд миний бие тариалалтыг 100% хариуцаж ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн юм. Ногоо хураалт болох үед урьд тариалалтын үлдэгдэл 8.000.000, хураах зардал болох 25.000.000 төгрөг, нийт 33.000.000 өгөх ёстой байтал 2020 оны 09 дүгээр сарын 02-нд 13.500.000 өгсөн.
Ингээд нийт 31.500.000 надад өгсөн бөгөөд миний бие оруулсан хөрөнгө оруулалтад тохируулан 15 га газрын ургац өгөхөөөр болж ургац хураалтын ажлыг гүйцэтгэсэн. Ийнхүү 15 га талбай болох төмс буюу 5000 шуудай төмс 200 тонн төмсыг хураан авч хүлээлгэж өгсөн.Энэ хүн хүний хөдөлмөрийг 100 хувь ашиглаад дээр нь гэрээ хийсэн мөнгөө бүтэн өгөөгүй байж ийм үйлдэл гаргаж байгаад үнэхээр их харамсаж байна. Иймд хүч хөдөлмөрөө бүгдийг нь зориулж байсан болохоор энэ уйваагүй үйлдлийг үнэхээр гайхаж байгаа тул хурааж өгсөн төмсөө авахыг хүсэж нэхэмжилж байна.
Миний бие нийт 5000 шуудай буюу нийт 125.000.000 төгрөгийн үнэ бүхий төмсийг хүлээлгэн өгсөн бөгөөд түүний шилжүүлсэн төлбөр нь уг төмсийг хураан авах зардалд бүрэн хүрээгүй болно. Иймээс Х.Сэлэнгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.
Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.С нь хариуцагч Д.Бт холбогдуулан зохигчдын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөний улмаас олж чадалгүй алдсан орлого 73,180,000 төгрөг, төмс хураалтын үеэр гарсан зардал 2,571,159 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, Зохигчдын байгуулсан хамтран ажиллах гэрээгээр 50 га газарт 50,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, төмс тариалж, намар ургаж хураах үеэр гэрээний тал тус бүр 25:25 га газрын төмсийг өмчлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч тал тариалах газрыг бэлэн байлгах, үр суулгах, төмс хураалтыг зохион байгуулах, энэ үүрэгтэй холбоотой бүх зардлыг хариуцах, нэхэмжлэгч тал 50,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг 100 хувь хариуцах үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч гэрээний үүргээ зөрчиж, 50 га газар бэлэн байлгаж чадаагүйн зэрэгцээ нэхэмжлэгчид хамаарах 25 га газрыг бэлэн байлгаж чадаагүй, намар төмс хураах ажлыг ч бүрэн дүүрэн хийгээгүйн улмаас орох байсан орлогоо алдахын зэрэгцээ өөрөөс гарах ёсгүй зардлыг гаргасан гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Зохигчдын хооронд төмс тариалах, газар ба хөрөнгө оруулалтыг тус тусын үүргийн хүрээнд хариуцах асуудлаар гэрээ байгуулсан нь үнэн. Гэвч нийтийг хамарсан цар тахал, хөл хорионы улмаас төмс хураалтыг хугацаанд хийж чадаагүй. Өөрт ногдох 25 га газрын төмсийг ч тариалж, хурааж чадаагүй. Нэхэмжлэгч мөнгөө дутуу шилжүүлсэн, нэхэмжлэгч шилжүүлсэн мөнгөндөө тохирох хэмжээний төмс авсан тул түүнд хохирол учруулаагүй гэж хариу мэтгэлцэж байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Зохигчид дараах үйл баримтууд болсон талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Үүнд:
a. Нэг талаас Х.С, нөгөө талаас Д.Б нар харилцан тохиролцож Төв аймгийн жаргалант сумын Харанхуй гэх газарт 50 га газарт төмс тариалан, намар 25 га газрын төмсийг Х.С, 25 газарт ургасан төмсийг Д.Б нар хувааж өмчлөхөөр харилцан тохиолцсон.
b. 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан дээрх агуулга бүхий гэрээний харилцаанд Х.С 50 га газарт төмс тариалах, намар төмсийг хураахтай холбоотой гарах нийт зардал болох 50,000,000 төгрөгийг төмс тариалах үеэр 50 хувь, төмс хураалтын үеэр 50 хувийг гаргах замаар хөрөнгө оруулах, Д.Б төмс тариалах 50 га газрыг бэлэн байлгах, үрийн төмсийг олох, төмс тарих, арчлах, хураах ажлыг хариуцахаар харилцан тохиролцсон.
c. Нэгэнт Х.С төмс тариалалтад шаардлагатай 50,000,000 төгрөгийг гаргаж байгаа тул Д.Б тарих, арчлах, хураахтай холбоотой бүх зардлыг хариуцаж, төмсийг хураан зооринд хийхэд бэлэн болгох үүргийг тус тус хүлээсэн.
d. Гэрээнд ийнхүү тохирсон боловч нэхэмжлэгч бодит байдал дээр 11.94 га газрын төмс хураасан, учир нь 4.25 га газарт огт төмс тариалаагүй, 3.06 га газрын төмсийг хурааж авч чадалгүй хөлдөөсөн гэж маргаж байна. Харин хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр талууд 15.43 га газарт төмс тариалснаас 2.7 га газрын төмсийг хурааж амжаагүйн улмаас төмс газартаа үлдсэн болох нь тогтоогдоно. /хх-ийн 83 дугаар тал/ Түүнчлэн 12.73 га газраас нийт 95 тонн, 756 кг буюу 2343 шуудай төмс хураасан нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбараар тогтоогдоно /хх-ийн 129 дүгээр тал/
e. Нэхэмжлэгч төмс тариалах үеэр 17,000,000 төгрөгийг, төмс хураалтын үеэр 13,500,000 төгрөг, нийт 30,500,000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэнд зохигчид маргадаггүй. Хариуцагч Д.Б нь нэхэмжлэгчийн нөхөрт 8,000,000 төгрөг өгөх ёстой байсан бөгөөд түүнийг өгсөнд тооцон суутгахаар төмс хураалтын үеэр нэхэмжлэгчтэй тохиролцсон талаар зохигчид мөн маргадаггүй. Гэвч өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч Х.С болон түүний нөхөртэй ярилцаж тохирсон орон сууц худалдан авах харилцаа бүтэлгүй болсон тул хариуцагч уг мөнгийг төлөх үүрэггүй гэж үзэн 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээж аваагүйд тооцно гэж маргаж байгаа. Нэхэмжлэгч уг тайлбарыг хүлээн зөвшөөрөдөггүй бөгөөд хариуцагчид нийт 38,500,000 төгрөг шилжүүлсэн гэж маргаж байна.
2. Нэхэмжлэгч Х.С нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тодорхойлохдоо 38,500,000 төгрөг шилжүүлсэн гэх өөрийн тайлбартаа үндэслэсэн байх ба түүний үзэж байгаагаар 25 га газрын төмсийг хурааж авах эрхийг 50,000,000 төгрөг шилжүүлснээр олж авсан бол 38,500,000 төгрөг шилжүүлсэн тохиолдолд 19.25 га газрын төмсийг хурааж авах ёстой байсан гэжээ. Улмаар бодит байдал дээр 11.94 га газрын төмс хураасан, учир нь 4.25 га газарт огт төмс тариалаагүй, 3.06 га газрын төмсийг хурааж авч чадалгүй хөлдөөсөн тул нийт 7.31 га газарт тариалах байсан төмсний хэмжээнд суурилан өөрт учирсан хохирлын хэмжээг тодорхойлжээ. Тэрээр нэг га талбайгаас дунджаар 10 тонн төмс, нийт 7.318 га талбайгаас 73 тонн 180 кг төмс хураана гэж таамаглан, уг төмсөө шуудайнд шилжүүлбэл 1829,5 шуудай төмс, шуудай нэг бүрийг 40,000 төгрөгөөр худалдах байсан гэж дүгнэж хохирлын хэмжээгээ 73,180,000 төгрөгөөр тодорхойлжээ. Түүнчлэн 11.94 га газрын төмс хураалтын үеэр өөрөөсөө 1,096,169 төгрөгийн зардал гаргасныг хариуцагчаас нэхэмжилнэ гэсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд тайлбарлахдаа ярилцсан ёсоор 50 га газарт төмс тариалж чадаагүй, энэ талаараа гэрээ хэрэгжиж байх хугацаанд нэхэмжлэгчтэй ярилцаж, төмс тариалах газрын хэмжээг 30,500,000 төгрөгт 15 га газарт тариалах болгон гэрээний нөхцлөө өөрчлөн тохиролцсон. Энэ талаар бид хоёр тодорхой ярилцаж зөвшилцсөн. Түүнчлэн түүний тодорхойлсон хохирлын хэмжээ хэт хийсвэр үнийн дүнд суурилсан бодит биш үнэлгээ юм. Төмс тариалах талбайн хувьд Хөх баянбулаг ХХК-ийн эзэмшилд байдаг талбай бөгөөд уг компани тариа тариагүй үед нутгийн хүмүүст түрээслүүлж төмс, хүнсний ногоо тариалуулдаг. Миний бие уг компанийн захиралтай нь ярьж тохирсон ч албан ёсоор бичгээр гэрээ байгуулаагүй гэж маргаж байна.
3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Зохигчдын хооронд хүчин төгөлдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй байна. Зохигчид хамтран ажиллах гэрээний дагуу Төв аймгийн Жаргалант сумын Харанхуй гэх газарт 50 га газрыг төмс тариалахад зориулан бэлэн байдлыг хангах, ийм хэмжээтэй газарт төмс тариалах ажлыг хариуцаж гүйцэтгэх нь Д.Бийн үндсэн үүрэг гэж үзсэн байна. Гэвч Д.Бт Төв аймгийн Жаргалант сумын Харанхуй гэх газарт 50 га газрыг бусдын ашиглалтад шилжүүлэх хууль зүйн боломж байгаагүйн зэрэгцээ гэрээний дагуу төмс тариалсан гэх 15.43 га газрын хувьд тэрээр хууль ёсны аливаа эрхгүй болох нь Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргаас 2021 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр ирүүлсэн 01/410 тоот албан бичгээр тогтоогдож байна /хх-ийн 142 дугаар тал/.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасны дагуу газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно. Гэвч төмс тариалсан газрын хууль ёсны эзэмшигч Хөх баянбулаг ХХК-аас газар ашиглах эрхийг олж авсан болон энэ талаар эрх бүхий төрийн байгууллагаас зөвшөөрөл авсан нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд хариуцагч Д.Б нь өөрт байхгүй, нийлүүлэх бодит боломжгүй, эсхүл хууль ёсны эрх үүсээгүй зүйлийн талаар бусадтай хэлцэл хийсэн нь тус гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болж байна.
Нэгэнт талуудын хооронд үүссэн харилцаа нь хүчин төгөлдөр гэрээний харилцаа биш байх тул нэхэмжлэгчид уг гэрээг үндэслэн гэрээний үүргийг биелүүлэх, эсхүл гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг шаардах хууль зүйн боломжгүй. Тэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6, 492 дугаар зүйлийн 492.1-д заасны дагуу шаардлага гаргах хууль зүйн боломжтой. Гэвч нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл бүхэлдээ гэрээний үүргийн биелэлттэй холбоотой, гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас түүнд учирсан хохирлыг арилгуулахад чиглэгдсэн байна. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаан бүхий газраас нийт 95 тонн 756 кг төмс бодитой хураасан гэж мэдүүлж байх ба түүний өөрийнх нь тогтоосон үнэлгээгээр тооцож үзвэл энэ нь 95-96 сая төгрөгийн орлогыг нэхэмжлэгчид бий болгосон байх боломжтойг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ба хариуцагч нарын хэн аль нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас бий болсон үр дагаврыг арилгуулах талаар үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг тэмдэглэж байна.
Эдгээр үндэслэл, хууль зүйн дүгнэлтэд суурилан нэхэмжлэгч Х.Сийн хариуцагч Д.Бт холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээний улмаас учирсан хохирол, гарах ёсгүй байсан зардалд 75,751,159 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 536,705 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хариуцагч Д.Бээс 75,751,159 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Сийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 536,705 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА