Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2021/01924

 

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2021/01924

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Албадан дуудлага худалдаа явуулсан ажиллагаа нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Б.Бд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагайгаар дамжуулан төлбөр төлөгч П.Т өөрийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 13A байрны 133 тоотод орших үл хөдлөх хөрөнгийг Дуудлага худалдаа явуулан худалдан борлуулахад хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан байдаг. Гэтэл уг гомдол нь эцэслэн шийдвэрлэгдээгүй буюу Улсын Дээд Шүүхээс тогтоол гардуулах ажиллагаа хийгдээгүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1762 дугаар зүйлийн 1762.1 дэхь хэсэгт "Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 176.2-т заасан тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор хууль зөрчсөн гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно" гэх ажиллагаа хийгдээгүй байтал 2021 оны 1 дүгээр сарын 12-ний өдөр 149-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч И.Гомбожав нь төлбөр төлөгч П.Тд дуудлага худалдаа зохион байгуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4. дэх хэсэгт 'Гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлнэ.'' хэмээн тусгагдсан нөхцөл байдал арилаагүй гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэсэн утга бүхий гомдол гаргасан байдаг. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн Дугаар 01 "Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол"-ын ТОГТООХ нь хэсэгт: "...Тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах эрхтэйг дурьдсугай..." гэсэн байтал 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр буюу дээрх тогтоолд гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад дуудлага худалдаа зохион байгуулж бусдын эд хөрөнгийг үнэгүйдүүлж төлбөр авагчид худалдан борлуулсан нь төлбөр төлөгч П.Т миний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолын ноцтойгоор зөрчиж байгаад гомдолтой байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00675 дугаар шийдвэрээр Панигаагийн Туулаас 60,228,975 төгрөгийг гаргуулж Ж.Буянтогтоход олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч П.Тын өмчлөлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 13А байрны 133 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007610 дугаарт бүртгэлтэй, 40м.кв тайлбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжпэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар 1-д зааснаар шинжээч томилон үнэлгээ тогтоолгоход 94.400.000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр төлөгч П.Тд 2019 оны 4/9614 дугаартай албан бичгээр мэдэгдэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар шүүхэд гомдол гаргасан.

Төлбөр төлөгч П.Тын гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хянаж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2019/01175 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1634 дүгээр магадлал Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 001/ХТ2020/00584 тоот тогтоолоор тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Иймд төлбөр төлөгч П.Т нь хөрөнгө албадан борлуулах ажиллагааны талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаж 3 шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Т нь хариуцагч НШШГГт холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Бгийн тогтоолд гомдол гаргах эрхээр хангаагүй, түүнчлэн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг хянуулахаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах хугацаа дуусгавар болоогүй байхад дуудлага худалдааг зохион байгуулсан гэх үндэслэлүүдийг дурдаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн, уг хэрэг маргааныг шүүх хуралдаанаас шийдвэр гаргаж эцэслэн шийдвэрлэх шаардлагагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл тогтоогдсон тул 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж тайлбарлаж байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримтад суурилан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

1.   Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00675 дугаартай захирамжаар 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч П.Т, хариуцагч Ж.Б нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн нэхэмжлэгч П.Т, хариуцагч Ж.Б нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг зөвшөөрч, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007610 дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 13а байрны 133 тоотод байрлах 80 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг П.Тын өмчлөлд шилжүүлэх, П.Т нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 60,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Бд төлөхөөр тус тус харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулжээ. /хх-ийн 19-26 дугаар талУлмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэнгийн 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн 18281104 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна /хх-ийн 27 дугаар тал/. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу үргэлжилж, төлбөрт төлөгч П.Тын өмчлөлийн Баянгол дүүрэг, 14-р хороо 3 дугаар хороолол, 13А байрны 133 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007610 дугаартай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоох ажиллагаа хийгджээ.

Энэхүү хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагаанд хуульд заасан журмын дагуу шүүхэд гомдол гаргаж тухайн маргааныг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж Баянгол дүүрэг, 14-р хороо 3 дугаар хороолол, 13А байрны 133 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007610 дугаартай 3 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 94,400,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай П.Тын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүх тус тус хянан хэлэлцэж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. /хх-ийн 28-42 дугаар тал/

2.   Нэхэмжлэгч П.Т 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр анх шүүхэд гаргасан байх ба Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч иргэний хэрэг үүсгэн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж гаргасан хэдий ч тус захирамжаа 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүчингүй болгон шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, үнэлгээ хүчингүй болгуулах тухай шийдвэр гүйцэтгэлийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасны дагуу хяналтын шатны журмаар гарсан гомдлыг шийдвэрлэсэн өдрөөс хойш шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн байж болох аливаа баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу хэвийн үргэлжлэх боломжтой байжээ.

 

3.   Нэхэмжлэгч ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай тогтоолд Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад албадан борлуулах ажиллагааг үргэлжлүүлэн явуулснаараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус болно гэж маргаж байна. Гэвч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн тухай эрх бүхий этгээдийн шийдвэр, захирамж гараагүй үед шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа цааш үргэлжлэх нь хууль зөрчихгүй бөгөөд энэ хугацаанд ч холбогдох шийдвэрүүдэд хуульд заасан журмаар гомдлоо гаргах эрх нь нээлттэй хэвээр байх юм. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

4.   Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээний талаарх өмнөх маргааныг хянасан хяналтын шатны шүүхийн тогтоолд Ерөнхий шүүгчид гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж албадан дуудлага худалдааг зохион байгуулсан нь хууль зөрчсөн гэж тайлбарлаж байна. Шүүх уг тайлбартай санал нэгдэх боломжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн хяналтын шатны тогтоол гарснаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн хяналтын шатны шүүхийн тогтоол гармагц шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд Ерөнхий шүүгчид тогтоолыг хянуулахаар гомдол гаргах асуудал нь шийдвэрийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй. Иймээс хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх талаарх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албадан дуудлага худалдааг зохион байгуулсан ажиллагаа хуульд нийцсэн байна.

 

5.   Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэж шүүхийн шийдвэр гаргах бус харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 буюу маргаан бүхий асуудлаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлт гаргаж байна. Шүүх хүсэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т шийдвэр гүйцэтгэлийн харьцангуй өргөн хүрээний ажилллагаанд шүүхэд гомдол гаргах эрхийг нээж өгсөн байх бөгөөд мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт тухайн асуудлаар дахин хэмээн заасан нь албадан борлуулах болон хөрөнгийн үнэлгээтэй холбоотой ажиллагаа тус бүрийг илтгэсэн байх агуулгатай байна. Хуулийн заалтыг ийнхүү өргөн хүрээнд тайлбарлах болсон нь Үндсэн хуулиар олгогдсон шүүхэд гомдол гаргах иргэний үндсэн эрхийн баталгааг хангахтай холбоотой болно.

Эдгээр үндэслэл, үйл баримтад суурилан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн төлбөр төлөгч П.Тын өмчлөлийн Баянгол дүүрэг, 14-р хороо 3 дугаар хороолол, 13А байрны 133 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007610 дугаартай 3 өрөө орон сууцыг албадан борлуулах 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль ёсны гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т заасны дагуу нэхэмжлэгч П.Тын өмчлөлийн Баянгол дүүрэг, 14-р хороо 3 дугаар хороолол, 13А байрны 133 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205007610 дугаартай 3 өрөө орон сууцыг албадан борлуулах 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА