Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2021/01810

 

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2021/01810

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч “П Д” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Б -д холбогдох,

 

Даатгалын гэрээний нөхөн төлбөрийг даатгуулагчид төлсний улмаас учирсан хохирол 4,028,387 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Бнь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр цалингийн зээлийн болон барьцааны гэрээгээр 7,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэйгээр Улаанбаатар хотын банк ХХК-иас зээлж авсанД.Бнь зээл авах үедээ Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын гуравдугаар баазын тээвэрлэлт, үйлчилгээний албаны 2 дугаар хэсгийн мөнгө хураагчаар ажиллаж байсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1472 дугаар тушаалаар ажпаас чөлөөлөгдсөн. 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөхөө байж үүргийн зөрчил үүссэн. Зээлдүүлэгч Улаанбаатар хотын банк ХХК нь манай даатгалын компанитай 2014 оны 06 сарын 26-ны өдөр цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан ба зээлдэгч Д.Бнь ажлаас чөлөөлөгдөж, зээлийн хугацаа хэтрэлт 90 хоногоос хэтэрснээр даатгалын тохиолдол бий болсон. Ийнхүү Улаанбаатар хотын банк ХХК-ийн нөхөн төлбөр хүссэн 2016 оны 05 сарын 26-ны өдрийн 6-ё/2591 дүгээр албан тоотыг хүлээн авч компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 3011602296 дугаар тушаалын дагуу нөхөн төлбөр тооцож 4,028,387 төгрөгийг Улаанбаатар хотын банк ХХК-д төлсөн.

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу даатгуулагчийн шаардах эрх Улаанбаатар хотын банк ХХК-д олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр манай компанид шилжсэн билээ. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй тул Д.Боос 4,028,387 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр цалингийн зээлийн болон барьцааны гэрээгээр 7,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэйгээр зээлж авсан. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож ажлаас чөлөөлөгдсөн. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын банкны зээлийн эдийн засагч ирж зээл хаасан гэж гарын үсэг зуруулсан. Гэтэл 4 жилийн дараа буюу 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба зээлийг хаасан байхад одоо мөнгө нэхэмжилж байгаад гайхаж байна. Хэрэв зээлтэй байсан бол 4 жил гаруй хугацаанд нэхээгүй байж хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгт одоо нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хүү П.Ц хөлний төв мэдрэлийн судас тасарснаас болж явж чадахгүй хэвтэрт байдаг. Хагалгааг Монголд хийх боломжгүй гэсэн ба амьдралын хүнд нөхцөлд амьдарч байна. Манай нөхөр бид хоёр өөрсдийн идэх хоолоо хасан байж тэтгэврийн зээл авч хүүгийнхээ эмчилгээнд зарцуулж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “П Д” ХХКнь хариуцагч Д.Бд холбогдуулан даатгуулагчаас шилжиж ирсэн шаардах эрхийн дагуу төлөх төлбөрт 4,028,387 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, “П Д” ХХКнь Улаанбаатар хотын банк ХХК-иас зээлдэгчидтэйгээ байгуулсан цалингийн зээлийн гэрээний эрсдлийг даатгаж хамтран ажиллаж ирсэн бөгөөд хариуцагч Д.Бнь Улаанбаатар хотын банк ХХК-аас авсан цалингийн зээлээ хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон шалтгааны улмаас хугацаанд нь төлж чадаагүй тул бий болсон даатгалын эрсдлийн дагуу зээлийн үлдэгдэл төлбөрийг тус банкинд төлж барагдуулсан. Улмаар уг зээлийн төлбөрийг шаардах эрх “П Д” ХХК-нд шилжиж ирсэн үндэслэлээр дээрх төлбөрийг шаардах эрхтэй хэмээн тайлбарлаж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Улаанбаатар хотын банк ХХК-аас авсан цалингийн зээлээ бүрэн төлж барагдуулаагүй нь үнэн боловч миний зээлийн асуудлыг хариуцаж байсан эдийн засагч надад зээл тань бүрэн хаагдсан гэж хэлж 2016 онд баримт бичиг дээр гарын үсэг зуруулж байсан. Тэр цагаас хойш хэн ч надаас зээл нэхэмжлээгүй. Би өнөөдөр зээл төлөх боломжгүй, төлбөрийн чадваргүй болсон гэх агуулга бүхий хариу тайлбар гарган мэтгэлцэж байна.

 

Зохигчдын тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

 

1.  Хариуцагч Д.Бболон Улаанбаатар хотын банк ХХК нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 24 сарын хугацаатай, сарын 1,6 хувийн хүүтэй 7,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримтын тухайд болон зээлдэгч Д.Б2016 оны 01 дүгээр сараас эхлэн зээлийн төлөх хуваарь зөрчиж эхэлсэн болон 2016 оны 04 дүгээр сараас эргэн төлөлт бүрэн зогссон үйл баримтын тухайд зохигчид маргаагүй болно. Түүнчлэн хариуцагч Д.Б2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарч ажил эрхлэхээ больсон үйл баримтыг зохигчид харилцан хүлээн зөвшөөрч байх ба энэ талаарх баримт болох Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирлын 11472 тоот тушаал хавтаст хэргийн 100 дугаар талд авагдсан байна. Тодруулбал хариуцагч Д.Бнь Улаанбаатар хотын банк ХХК-аас цалингийн зээл авсан боловч заасан хугацаанд төлбөрөө хуваарийн дагуу буцааж төлөөгүй гэх нөхцөл байдал дээр дурдсан үйл баримтаар тогтоогдож байна.

 

2.  Нэхэмжлэгч “П Д” ХХКнь 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын банк ХХК-тай Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээ, мөн өдөр Хамтран ажиллах гэрээ тус тус байгуулсан байх /хх-ийн 9-11, 43,44 дүгээр тал/ ба эдгээр гэрээнд 2015 оны 08 дугаар сарын 18, 2016 оны 02 дугаар сарын 02, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдэд тус тус нэмэлт, өөрчлөлт орсон нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагджээ. /хх-ийн 45-48 дугаар тал/. Нэхэмжлэгч “П Д” ХХКнь тус байгууллагын Улаанбаатар хотын банк ХХК-тай байгуулсан Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээг үндэслэн өөрийгөө даатгагч, Улаанбаатар хотын банк ХХК-ийг даатгуулагч хэмээн тодорхойлж Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасны дагуу даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид төлсөн тул буруутай этгээд болох зээлдэгчээс нөхөн төлбөрийн хэмжээгээр учирсан хохирлыг гаргуулах үндэстэй гэж маргаж байна.

 

Гэвч дээр дурдсан даатгалын гэрээг судлан үзвэл уг харилцаанд Улаанбаатар хотын банк ХХК-ийг даатгуулагч байх үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болсон даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан. Тодруулбал даатгалын гэрээнд даатгуулагч нь аливаа нэг эрсдлээс хамгаалан даатгал хийлгэсний төлөө даатгалын хураамж төлөх түүний хүлээх үндсэн үүрэг байдаг. Гэвч маргаан бүхий тохиолдолд тус гэрээнд заасан аль нэг эрсдлийн улмаас цалингийн зээл буцаан төлөгдөхгүй болсон үед даатгалын төлбөрөөр эрсдлийг хаах эрхийг эдлэх даатгуулагч нь Улаанбаатар хотын банк ХХК бус харин зээлдэгч этгээд болох Д.Ббайна.

Өөрөөр хэлбэл Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээ хэлбэрийн хувьд нэг талаас Улаанбаатар хотын банк ХХК нөгөө талаас “П Д” ХХКнар гарын үсэг зурж байгуулсан мэт харагдаж байх боловч үнэн хэрэгтээ эрсдэлээ даатгаж даатгалын хураамж төлсөн этгээд нь зээлдэгч Д.Бболох нь хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан Улаанбаатар хотын банк ХХК-аас “П Д” ХХК-нд хүргүүлсэн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6-е/2591 албан тоотод ... Манай банкны зээлдэгч Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т мөнгө хураагч ажилтай Д.Б нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 7,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай авч даатгалын шимтгэлд 70,000 төгрөг төлсөн ... гэх өгүүлбэр, Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээний 6.2-т Дэд даатгуулагчийн хураамж төлсөн сарын дараа сарын 5-ны өдрийн дотор хураамжийг “П Д” ХХК-ийн Улаанбаатар хотын банкин дахь 2612223055 тоот төгрөгийн дансанд шилжүүлэх ... гэж зааснаар тус тус тогтоогдож байна.

 

Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээнд даатгуулагч, дэд даатгуулагч, даатгагч гэх этгээд байхаар заасан байх ба даатгуулагч гэж Улаанбаатар хотын банк, дэд даатгуулагч гэж зээлдэгч нар, даатгагч гэж “П Д” ХХКнарыг ойлгохоор боловсруулагджээ. Гэвч үнэн хэрэгтээ Улаанбаатар хотын банк ХХК нь даатгуулагчийн хувиар чухам ямар үүрэг хүлээж байгаа нь ойлгомжгүй, гагцхүү дэд даатгуулагч буюу зээлдэгч нараас төлсөн хураамжийг төвлөрүүлэн даатгагчид хүргүүлэх зохион байгуулалтын шинжтэй үүргээс өөр хууль зүйн үр дагавар бүхий утга төгөлдөр даатгуулагчийн аливаа үүргийг хүлээсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин дэд даатгуулагч нэртэй боловч үнэн хэрэгтээ тус гэрээний даатгуулагч нь даатгалын хураамжаа төлсөн зээлдэгч гэж үзэх үндэстэй байна.

 

Иймд даатгуулагч Д.Бийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон нь Цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээний 5.1.5-д заасан эрсдэл байх тул даатгуулагч Д.Батцоожийн нэрийн өмнөөс даатгалын нөхөн төлбөрийг цалингийн зээлийн дагуу зээлдүүлэгчийн хувиар шаардах эрх бүхий этгээд болох Улаанбаатар хотын банк ХХК-нд төлж барагдуулсан байна. Харин өөрийн эрсдлийг даатгаж даатгалын хураамж төлсөн этгээд болох Д.Батцоожоос уг нөхөн төлбөрөө гэм буруутэй этгээд гэж үзэн нэхэмжилж байгаа “П Д” ХХК-ийн үйлдэл хууль зүйн үндэслэлгүй болжээ. Тодруулбал, “П Д” ХХК-нд даатгалын нөхөн төлбөрийг зээлдүүлэгчид шилжүүлсний төлөө даатгуулагчаас төлбөрөө эргүүлэн шаардах эрх даатгагчид үүсэх боломжгүй бөгөөд ийм үндэстэй хэмээн дүгнэвэл даатгалын үйл ажиллагааг учир холбогдолгүй болгох бизээ.

 

Эдгээр үндэслэл, үйл баримтад тулгуурлан “П Д” ХХК-ийн хариуцагч Д.Боос даатгалын гэрээний дагуу шаардах эрх шилжиж ирсэн гэх үндэслэлээр нэхэмжилж буй 4,028,387 төгрөгийг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч “П Д” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасны дагуу нэхэмжлэгч “П Д” ХХК-ийн хариуцагч Д.Боос 4,028,387 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч “П Д” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА