| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 182/2021/02273/и |
| Дугаар | 182/ШШ2021/0103 |
| Огноо | 2021-01-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 182/ШШ2021/0103
| 2021 оны 01 сарын 14 өдөр | Дугаар 182/ШШ2021/00103 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Н,
Хариуцагч: Ц.Б,
Хариуцагч: “М С” ХХК -нд холбогдох,
Үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч А.Н, хариуцагч бөгөөд хариуцагч “М С” ХХК-ийн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 09 сард А.Н нь миний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 61.2-6 тоот орон сууцыг 50,000,000 төгрөгөөр барьцаалан Хас банкнаас зээл авч энэхүү зээлийг А.Нын эзэмшил газар дээр үйлдвэрийн байр барих, үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах, үйлдвэрийн шаардлагатай гүний худаг гаргах зэрэг ажилд зарцуулаад үйлдвэр ашиглалтанд орсон. Үйлдвэр ашиглалтад орсны дараа Хас банк ХХК А.Наас зээлээ төлөхийг шаардахад М.Нийн байрыг дуудлага худалдаанд оруулаад төлбөрийг хаана гэсэн тайлбар гаргаснаар миний орон сууц албадан дуудлага худалдаанд орсон. Аргагүйн эрхэнд барьцааг өөрчлүүлж өөрийн орон сууцыг чөлөөлүүлэн үйлдвэрийн байрыг барьцаалах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргахад А.Н Барьцааг өөрчлүүлэхгүй. Тэр үйлдвэрийнхээ байрыг авахгүй юу гэсэн зүйл ярьсан. Шүүх барьцааг өөрчлөх боломжгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Миний орон сууц, Сүндэ үйлдвэрийн барилга тоног төхөөрөмжийн барьцаанд дуудлага худалдаанд орж худалдагдах нь тодорхой болсон учир үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, миний байраар барьсан үйлдвэрийн байр, тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох нь хууль, шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Миний эрх зөрчигдсөн гол шалтгаан бол өөрийн үл хөдлөх хөрөнгө болох 2 өрөө байраа А.Нын зээлж авсан банкны барьцаанд хураалгах хэмжээнд хүрсэн учир миний байрыг барьцаалж авсан зээлээр боссон хөрөнгүүдийг өөрийн өмчлөл болохыг тогтоолгох эрхтэй гэж үзэж нэхэмжлэл гаргахад хүрсэн болно. Иймд Сүндэний үйлдвэр /үйлдвэрийн байр, иж бүрэн тоног төхөөрөмжийн хамт/ өмчлөгчөөр М.Н намайг тогтоож өгнө үү. Миний байрыг барьцаалан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, их булга 18500 гудамж, 35 тоот Ү-2201039011 дугаартай, 827.5 м.кв талбай бүхий Сүндэний үйлдвэр /30,000,000 төгрөгийн үнэ бүхий/, пүнтүүз угааж сүндэ зуурагч, шахагч машин, гэдэс цэвэрлэгч, угаагч машин, цус найруулагч машин, сүндэ чанагч тэрэг, сүндэ чанагч паднус, хөргөгч, тахианы толгой жижиглэн шахагч машин, мах жиижиглэгч машин, мах ногоо жижиглэгч, өлөн угаагч машин, тос хайлагч тогоо зэрэг 20,000,000 төгрөгийн үнэ бүхий Сүндэний үйлдвэр нь бүрдэл хэсгийн хамт 50,000,000 төгрөгийн өртөгтэй болно.
Ц.Б, М.Н нар нь 2014 онд дараах байдлаар тохиролцоо хийсэн. Үүнд: М.Н нь Ц.Бод БНСУ-ын виз авахад нь туслах буюу байнгын визтэй М.Н Ц.Бтой гэр бүл болж батлуулах; Ц.Бын нэрээр ЖДҮДС-ийн зээл авахад нь төсөл боловсруулах, зээл хөөцөлдөх ажлыг М.Н гүйцэтгэх, байр барьцаалах; ЖДҮДС-аас авсан зээлийн хөрөнгөөр Сүндэний үйлдвэр байгуулж М.Нийг 100 хувийн өмчлөгчөөр тогтоолгох зэрэг болно. А.Нын хувьд ЖДҮДС-ийн зээл авах боломж байхгүй учир Ц.Бын нэрээр зээл авахуулах; өөрийн газар дээр Сүндэний үйлдвэр бариулах; А.Н, Ц.Б нар зээлийг зарцуулсан хэмжээгээрээ хариуцахаар тохиролцсон. Энэхүү тохиролцоо нь зөрчигдөж Ц.Б, А.Н нарын нэг нь тоног төхөөрөмжүүдийг аваад алга болсон, А.Н нь үйлдвэрийн байраа авахын тулд мөнгө төл гэж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн нутагт байх А.Нын эзэмшил газар дээр 30,000,000 төгрөгөөр баригдсан үйлдвэрийн байр, Монсүндэ ХХК болон Ц.Б нарын эзэмшиж, ашиглаж байгаа 16,000,000 төгрөгийн үнэтэй үйлдвэрийн тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байна.
Хариуцагч А.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2014 онд 61-ын гарамд гахайн аж ахуй барьсан. Ц.Б манай аж ахуй дээр ирж Солонгост 6 жил гахайн гэдэс, толгой боловсруулах үйлдвэрт ажиллаж байгаад ирсэн ба Монголд үйлдвэрлэл хийх хүсэлтэй байгаагаа ярьсан бөгөөд хэсэг хугацааны дараа ЖДҮДС-аас 100,000,000 төгрөгийн зээл авах гэхээр барьцаа хөрөнгө, үйл ажиллагаа байхгүй зээл олдохгүй, боломжгүй байгаа талаар ярьсан. Надад хамтарч ажиллах санал тавьж, зээлээ хувааж аваад авсан авсанаараа төлөх, Сүндэний үйлдвэрээ 50, 50 хувиар эзэмшиж ашиглахаар тохиролцсон. Ингээд Хас банкинд барьцаа хөрөнгө болон санхүүгийн тооцоог гаргаж өгсөнөөр зээл авсан байдаг. Миний ажиллагаа явуулж байгаа газрууд дээр эргэн төлөх тооцоог гаргасан.
Энэ хугацаанд М.Нтэй би уулзаж байгаагүй, ямар ч тохиролцоо амаар болон бичгээр үйлдэж байгаагүй. Зээл авсаны дараа нэмж 50,000,000 төгрөгийн зээлийг авсан. Эхний үед хүү төлж байгаад үндсэн зээлийн төлөлт эхлэх үеэс Ц.Б, М.Н нар алдаг оног төлж байгаад сүүлдээ зээлээ төлөхгүй намайг аргалж байгаарай гээд төлөлтөөс зугтах болсон бөгөөд аргаа бараад банкин дээр очиж Ц.Б бид хоёр зээлийн гэрээгээ салгуулсан. Би өндөр хүүтэй 50,000,000 төгрөгийн зээлээ төлөхөөр Ц.Б ЖДҮДС-ийн зээлээ төлөхөөр тохиролцсон ба үйлдвэрийн байр барьсан мөнгийг би төлж байраа авахаар болсон. Ц.Б, М.Н нар зээлээ төлөхгүй байсан ба миний 600,000,000 төгрөгийн аж ахуйг барьцаанд тавьсан байсан болохоор энэ яаж ч чадахгүй өөрөө аж ахуйгаа алдахгүйн тулд авна, төлж л таарна гэсэн хандлага байнга гаргаж байсан.
Үйлдвэрийн байрыг зээлийн хөрөнгөөр барьж, тухайн зээлийг төлж байгаа хүн нь эзэмших, өмчлөх эрхтэй байх нь шударга ёсонд дөхнө гэж үзэж байна. Анх зээл авах үед М.Нийн байрны үнэлгээ одоо дуудлага худалдаанд шүүхийн шийдвэрээс гаргасан үнийг бууруулсан байдлыг харахад 25,000,000 орчим төгрөгөөр үнэлэгдэж байгаа нь үлдэгдэл зээл болон хүү, алданги 133,000,000 төгрөг нэхэмжилж байгаагийн 5-ны 1-д хүрэхгүй байна. М.Нийн нэхэмжлэлийн дагуу бол Ц.Б, М.Н нар 75,000,000 төгрөгийн зээлийн хүү, алдангитайгаа 100,000,000 орчим төгрөг банкинд төлөх үүрэгтэй. Энэ үүрэг нь Хас банктай хийсэн барьцааны гэрээгээр баталгаажина. Ц.Б, М.Н нар барьцааны гэрээтэйгээ танилцаж өөрсдийн хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Ц.Б М.Нийн байрыг аваад өгчихнө, чи хохирно, надад төлөх мөнгө байхгүй гэх мэтээр байнга доромжилдог байсан. Банк болон А.Н намайг хохиролгүй болгосон цагт Монсүндэ ХХК-ийн хувь болон эрхийн талаар ярьж болно. Үйлдвэрийн барилгыг авахыг хүсч байгаа бол миний банкинд төлсөн 40,000,000 төгрөгийг надад гаргаж өгөх шаардлагатай байх ба надаас хамааралгүй 12,400,000 төгрөгийн алдангийг Ц.Б, М.Н нар төлөх ёстой гэж үзэж байна. М.Нийн нэхэмжилж байгаа Монсүндэ ХХК, түүний тоног төхөөрөмж, үйлдвэрийн барилга нь 100,000,000 орчим төгрөгөөр үнэлэгдэх бөгөөд 25,000,000 төгрөгийг банкинд өгөөд авчих байртай нь харьцуулахад харьцангүй үнэтэй нэхэмжлэл байх шиг байна
Хариуцагч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "М С" ХХК-ийн захирал миний бие одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа болно. Уг компанийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байхад М.Н оролцож байгаагүй. "М С" ХХК-нд одоогоор тоног төхөөрөмж байхгүй үйл ажиллагаа зогссон дампуурлын байдалтай байгаа болно. Татварт өртэй, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон ба хэргийн материалд авагдсан тоног төхөөрөмжийн зураг нь Солонгост ажиллаж байсан үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зураг байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч А.Н, Ц.Б, “М С” ХХК нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Их булаг (18500) 35 гудамж гэх хаягт байрлах Сүндэн /гахайн толгой, шийр, гэдэс боловсруулах/-ийн үйлдвэрийн барилга, түүний тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин, М.Н, А.Н, Ц.Б нар Сүндэний үйлдвэр барьж хамтран ажиллахаар тохиролцсон. А.Н, Ц.Б хоёр зээл авч үйлдвэр барих, тоноглох, М.Н зээлийн барьцаанд өөрийн орон сууцыг тавьж, үйлдвэрийн барилга босохоор өмчлөлдөө шилжүүлэхээр тохиролцсон байсан гэх агуулга бүхий тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан, гэрээний дагуу миний бие баригдаж дууссаны дараа үйлдвэр, тоног төхөөрөмжийг өмчлөх тохиролцоотой байсан гэх үндэслэлээр үйлдвэрийн барилга ба тоног төхөөрөмжийг өмчлөлдөө шилжүүлэн авах гэрээний эрх зүйн шаардах эрхтэй гэж мэтгэлцэж байна.Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн тодруулгаас дүгнэвэл бусдын авсан зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас түүний байрыг банкны барьцаанд алдах болсон тул зээлийн хөрөнгөөр боссон үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийг өмчлөлдөө авах нь шударга ёсонд нийцнэ гэх өөр нэг агуулгаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж байна.
Хариуцагч А.Н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Сүндэний үйлдвэр барих тухай Ц.Бын саналыг хүлээн зөвшөөрч хамтран ажиллахаар шийдэн банкнаас зээл авсан. Тус зээлийн барьцаанд миний өөрийн эзэмших эрхтэй газар болон Ц.Бын хамтран амьдрагч М.Нийн орон сууцыг тавьсан. Зээлийн гэрээгээр олгосон 100,000,000 төгрөгөөр хамтын ажиллагааны дагуух тус тусын үүргийг биелүүлэхээр Ц.Бтой 50:50 хувиар хувааж авсан ба тус тусын авсан хэсгээр зээлээ буцаан төлөхөөр тохиролцсон. Харин нэхэмжлэгч М.Нтэй ямар нэг байдлаар хамтран ажиллах тохироо хийгээгүй, үйлдвэр, тоног төхөөрөмжийг түүний өмчлөлд шилжүүлэхээр гэрээ байгуулаагүй. Хас банкнаас авсан зээлийн өөрт оногдсон 50,000,000 төгрөгөөс зохих хэмжээний зарцуулалт хийж үйлдвэрийн барилгыг барьсан. Зээлийн өөрт ногдох хэсгийг бүрэн төлж барагдуулсан, Ц.Бод эрүүл мэндийн болон бусад хувийн асуудал үүсэж зээлээ төлж чадаагүй. Иймд барилгыг М.Нт шилжүүлэх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
Хариуцагч бөгөөд хариуцагч “М С” ХХК-ийн төлөөлөгч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, М.Нтэй тодорхой хугацаанд хамтран амьдарч байсан. Сүндэний үйлдвэрийн санааг гаргаад А.Нтай хамтарч ажиллахаар тохирсон. Зээлийн 50 сая төгрөгийг би авч үйлдвэрийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө авсан. М.Н мөнгө аваагүй. Миний хувьд М.Нтэй гэр бүлийн харьцаатай байсан тул ашиг, алдагдал бүх юм хамтдаа гэж бодож байсан. Иргэн Ц.Бынхоо хувьд М.Нийн барьцаанд алдаж байгаа байрных нь үнээс зохих хэмжээний хариуцлага хүлээнэ гэдгээ зөвшөөрнө. Харин Сүндэний үйлдвэрийн барилгыг А.Н зээлийн 50,000,000 төгрөгөөсөө барьсан нь үнэн тул тухайн барилга, тоног төхөөрөмжийг М.Нт шилжүүлэх шаардлагын талаар миний бие татгалзах, зөвшөөрөх хариу хэлэх боломжгүй, үйлдвэрт тоног төхөөрөмж гэх олигтой зүйл байхгүй. Хэрэгт байгаа зурагнууд энэ үйлдвэрийн төхөөрөмжийн зураг биш гэх агуулга бүхий тайлбар гарган мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгч нь Сүндэний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг “М С” ХХК болон Ц.Бын хэн алиных нь өмч болох нь тодорхойгүй тул “М С” ХХК-ийг хариуцагчаар татсан гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, “М С” ХХК-ийг үйлдвэрийн барилгын тухайд ямар нэг эрхгүй этгээд болохыг зөвшөөрч байх бөгөөд харин тоног төхөөрөмжийн хувьд өмчлөгчийн эрхийг эдлэдэг байж болзошгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргаснаа шүүх хуралдаанд тодотгов. Гэвч тэрээр “М С” ХХК-иас болон Ц.Б, А.Н нараас гаргуулах үндэстэй хэмээн үзэж байгаа тоног төхөөрөмжид /зарим үед 20,000,000, зарим үед 16,000,000 төгрөгийн үнэ бүхий гэж ярих/ чухам ямар тоног төхөөрөмж хамаарч байгааг тодруулан нотлоогүйн зэрэгцээ эл асуудал нь хэргийг хянан шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хөөж илрүүлэх боломжтой зүйл гэх агуулгаар шүүх хуралдаан дээр тайлбарлаж байна.
Хариуцагч “М С” ХХК-ийн захирал Ц.Б “М С” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шарадлагыг эс зөвшөөрч, үйлдвэрийн барилгад зарим нэг тоног төхөөрөмж байгаа хэдий ч тэдгээрийг иргэн Ц.Б Хас банкнаас авсан 50,000,000 төгрөгийн зээлийн хөрөнгийн зарим хэсгээр авсан, хавтаст хэрэгт байгаа зурагнууд нь Солонгос улсад зарагдаж байгаа тоног төхөөрөмжүүд, тэндэхийн зах зээлийн үнийг харуулсан зураг байна. Ийм тоног төхөөрөмж үйлдвэрт байхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
1. Нэхэмжлэгч Сүндэний үйлдвэр ба тоног төхөөрөмжийг өмчлөлдөө шилжүүлэн авахаар А.Н, Ц.Б нараас шаардахдаа тэдгээртэй хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу хамтын ажиллагаа амжилттай болоогүй тул дундын өмчөөс үйлдвэр, тоног төхөөрөмжийг шилжүүлж авах эрхтэй гэх агуулгаар мэтгэлцсэн. Харин хариуцагч “М С” ХХК-ийн хувьд чухам ямар хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж тоног төхөөрөмж, эсхүл үйлдвэрийн барилгыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй гэж үзэж байгаагаа нэхэмжлэгч тодорхой тайлбарлаж чадахгүй байна.
Нотлох баримт, зохигчдын тайлбараар М.Н нь А.Н, Ц.Б, нарын хооронд, эсхүл “М С” ХХК-тай Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хариуцагч А.Нын эрхэлдэг гахайн фирмд түшиглэн гахайн гэдсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж хамтран ажиллах зорилгоор А.Н Ц.Батогтох нар тодорхой алхам хийж Хас банкнаас хамтран зээл авсан, уг зээлийн барьцаанд А.Н, М.Н нарын хөрөнгийг барьцаалсан байх хэдий ч энэ нь А.Н, Ц.Б хоёртой М.Н хамтран ажиллах гэрээ байгуулж дундын хөрөнгөд зээлийн барьцаанд орон сууц тавих хэлбэрээр хувь оруулсан, энэ нь хамтын үйл ажиллагааны хураамж болж 60,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээгээр үнэлэгдсэн, гишүүд хоорондоо ашиг, алдагдлаа хуваах, хамтын ажиллагааны үүргээ хуваарилах зэрэг нарийвчилсан журам тохирсон гэж дүгнэх хангалттай үндэслэл болж чадахгүй байна. Хариуцагч А.Н, Ц.Б нарын хооронд ямар нэг хэмжээгээр тохироо байж болохыг үгүйсгэхгүй ч энэ нь М.Н тэдгээрээс хамтран ажиллах гэрээг үндэслэн хөрөнгө шаардах эрхтэй эсэхэд хамааралгүй байна.
Нэгэнт М.Н нь А.Н, Ц.Б, “М С” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан болохоо хангалттай баримтаар нотолж чадахгүй байх тул Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, болон мөн хуулийн 480.3-т заасны дагуу гэрээний үндсэн дээр дундын өмчөөс тодорхой хөрөнгийг нэр заан шаардах аливаа эрх эдлэх боломжгүй юм.
2. Түүнчлэн маргааны зүйл болж байгаа үйлдвэрийн барилга ба тоног төхөөрөмж нь хариуцагч нарын өмчлөлийн зүйл, эсхүл тэдгээрийн дундын өмчийн зүйл мөн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Зохигчид Сүндэний үйлдвэрийн барилга гэх хөрөнгийн зургийг хэрэгт нотлох баримтаар өгсөн байх ба уг хөрөнгийг барилга буюу газраас тусдаа өмчлөх эрхийн зүйл гэж тооцогдох учиртай үл хөдлөх эд хөрөнгө мөн гэж мэтгэлцэцгээж байна. Гэвч хариуцагч А.Н уг барилгыг банкнаас авсан зээлийн хөрөнгөөс өөрт ногдох хэсгээр барьсан гэж маргахдаа уг барилгын зонхилох хэсгийг өөрийн эзэмшилд хамааралгүй газар дээр барьсан, газар эзэмших эрхийн зөрчилтэй тул өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өмчлөх эрхийн зүйл болгон бүртгүүлж чадаагүй, гэсэн хэдий ч барилга өнөөдрийг хүртэл түүний бодит эзэмшил, мэдэлд байгаа гэж тайлбарлаж байна. Түүний энэ тайлбар бодитой болохыг хариуцагч Ц.Б, нэхэмжлэгч М.Н нар хүлээн зөвшөөрч байна. Энэ ч агуулгаар уг барилга өнөөдрийг хүртэл албан ёсны хаягжилтгүй, төрийн эрх бүхий байгууллагаас өмчлөх эрхийн бүртгэлийн лавлагаа мэдээлэл авах боломжгүй байдалтай байгаатай зохигчид харилцан маргахгүй байна.
Хэргийн энэхүү нөхцөл байдлаас нэхэмжлэгч үйлдвэрийн барилгын өмчлөх эрхийг шилжүүлэх шаардлагыг хариуцагч А.Н, Ц.Б, “М С” ХХК нарт холбогдуулан гаргах боломжгүй гэх дүгнэлтэд хүрэх юм. Тодруулбал, иргэний эрх зүйн субьектив шаардах эрхийг хэн нэг тодорхой этгээдэд холбогдуулан гаргаж байгаа бол ийнхүү холбогдож байгаа этгээд уг шаардлагыг биелүүлэх боломжтой байх ёстой. Гэвч маргаан бүхий тохиолдолд А.Н, Ц.Б, “М С” ХХК нарын хувьд маргааны зүйл болох Сүндэний үйлдвэрийн барилгыг бусдын өмчлөлд шилжүүлэхүйц хэмжээний мэдэлтэй өмчлөгч этгээдүүд биш байна.
Харин хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбар зэргээс үзвэл Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна. гэж заасны дагуу төрийн өмчийн бөгөөд бусад этгээдэд хууль ёсоор бусдад эзэмшүүлж, ашиглуулаагүй газарт баригдсан хөрөнгө газрын үндсэн бүрдэл хэсэгт хамаарч, зүй ёсоор газар өмчлөгчийн өмч гэж тооцогдох учиртай.
3. Өмнө дурдсанчлан нэхэмжлэгч нь шударга ёсны зарчим, аливаа этгээд үндэслэлгүй хөрөнгөжихгүй байх зүй ёсыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлох байдал анзаарагдаж байна. Тодруулбал, А.Н, Ц.Б нарын Хас банкнаас авсан зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөний төлөө түүний байрыг худалдах болсон нь шударга бус, энэ байдлыг уг зээлийн хөрөнгөөр бий болсон барилга, тоног төхөөрөмжийг өмчлөлдөө шилжүүлж авах замаар арилгавал зохино гэх агуулгаар мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгч тухайн нөхцөл байдалд хариуцагч Ц.Бтой хувийн дотно харилцаатай байсны улмаас ашиг сонирхол нэгдмэл хэмээн ойлгож, түүний бизнесийн үйл ажиллагааг дэмжин, бусдаас авч буй зээлийн үүрэгт нь өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалж томоохон эрсдлийг сайн дураар бий болгосон байна. Энэ нь бусад этгээд түүний зардлаар үндэслэлгүй хөрөнгөжиж, шударга бусаар авирлахыг зөвтгөх үндэслэл болох учиргүй. Гэвч ийнхүү бусдын шударга бус авирыг ерөнхий зарчмын хүрээнд буруутгах нь хуульд заасан тодорхой үндэслэлгүйгээр, дурын арга замаар эрх зүйн хамгаалалт хэрэглэх боломжийг нэхэмжлэгчид олгохгүй. Тодруулбал, аль нэг этгээдээс хөрөнгө гаргуулах тухай иргэний эрх зүйн субьектив шаардах эрхыг хэрэгжүүлэхийн тулд тодорхой урьдчилсан нөхцөл, хэм хэмжээний бүрэлдэхүүн бий болсон байхыг шаардах бөгөөд эдгээр нөхцөл байдал бүрдээгүй үед гагцхүү хохирсон байж болзошгүй эсхүл шударга бус гэх ерөнхий үндэслэлээр нэр заан шаардсан аль ч хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлэх хууль зүйн хангалттай үндэслэл болохгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хувьд түүний орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гүйцэтгэгчээс мэдэгдсэн хэмээн тайлбарлаж байх бөгөөд өнөөдрийн байдлаар орон сууцны өмчлөх эрхийг хараахан бусдад шилжүүлээгүй, орон сууц бусдад худалдагдаагүй гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж байна. Иймд түүнд бодитой хохирол учирсан гэж дүгнэхэд бэрхшээлтэй байна.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч өөрийн өмчлөлд шилжүүлэх ёстой хэмээн шаардаж буй хөрөнгийн шинж байдлыг тодорхойлох үүргээ хангалттай биелүүлээгүй, энэ талаар тодруулсан шүүхийн асуултад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд тодрох боломжтой хэмээн тайлбарлаж байгаа нь хэргийг хянан шийдвэрлэхэд нөлөөлөх хүчин зүйл мөн болохыг дурдах нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын тэгш эрхийн хүрээнд диспозитив зарчмын үндсэн дээр хэрэгжих ажиллагаа бөгөөд шүүхийн зүгээс өөрийн санаачилгаар аль нэг талын эрх ашгийг илүүтэй анхаарч, тэдгээр нь хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд өөрөө тодруулах, гаргаж өгөх боломжтой шаардлага, баримтуудыг түүний нэрийн өмнөөс хийх хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдав.
Эдгээр үндэслэл, үйл баримтад суурилан нэхэмжлэгч М.Нийн хариуцагч А.Н, Ц.Б, “М С” ХХК нарт холбогдуулан гаргасан үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийг өмчлөлдөө шилжүүлэхийг даалгуулах (өмчлөгчөөр тогтоолгох) тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн сүүлчийн шатанд буюу шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө үг хэлэхдээ Сүндэний үйлдвэр, тоног төхөөрөмжийг М.Нийн эзэмшилд шилжүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаагаа дурдсан бөгөөд түүний тайлбарлаж байгаагаар энэ нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгаа явдал гэжээ. Шүүх энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах бус өөрчлөхтэй холбоотой асуудал гэж дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгчийн анх тодорхойлсон шаардлагын хүрээнд шүүх хуралдааны бүтэн хэлэлцүүлэг өрнөсөн тул нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч М.Нийн хариуцагч А.Н, Ц.Б, “М С” ХХК нарт холбогдуулан гаргасан Сүндэний үйлдвэр, тоног төхөөрөмжийг өмчлөлдөө шилжүүлэхийг даалгуулах /өмчлөгчөөр тогтоолгох/ тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРМАА