Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/147

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн,

улсын яллагч Э.Гантулга

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ц*******,

шүүгдэгч Б.Б******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б*******д холбогдох эрүүгийн 2415000370090 дугаартай, 163/2024/0153/Э индекстэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, У******* овогтой Б******* Б*******, Завхан аймгийн Тэс суманд 1979 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, Булган аймаг Б сумын 1 дүгээр баг Б булаг гэх газарт оршин бүртгэлтэй, боловсролгүй, мэргэжилгүй,  урьд ял шийтгэлгүй, малчин, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, эмэгтэй,45 настай, 

Хэргийн товч утга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Б******* нь Булган аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг “Б булаг” гэх газарт оршин суух иргэн Ц.Б 10 тооны хонь, 4 тооны ямаа болох олон тооны малыг 2024 оны 01 дүгээр сарын 02-ноос 05-ны өдрийн хооронд манай малын өвсийг идээд байна гэх шалтгааны улмаас эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хулгайлан авч өөрийн хүнсэндээ хэрэглэсний улмаас 1,950,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2415000370090 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Б******* нь Булган аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг “Б булаг” гэх газарт оршин суух иргэн Ц.Б 10 тооны хонь, 4 тооны ямаа болох олон тооны малыг 2024 оны 01 дүгээр сарын 02-ноос 05-ны өдрийн хооронд манай малын өвсийг идээд байна гэх шалтгааны улмаас эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хулгайлан авч өөрийн хүнсэндээ хэрэглэсний улмаас 1,950,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2415000370090 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:

2.Хохирогч Ц.Б өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Б сумын 1 дүгээр баг Б булаг гэх газарт байрлах өөрийн гэртээ байж байгаад нөхөр Д биеийг үзүүлэхээр Улаанбаатар хот явахаар болоод хүргэн дүү Д өөрийн 345 тооны хонь, 133 тооны ямааг мал дээрээ хариулж байгаарай гээд үлдээгээд нөхөр бид хоёр 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар явсан. Тэгээд 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Булган аймгийн Б сумын 1 дүгээр багт байрлах өөрийн гэртээ очоод орой 18 цагийн орчимд үхрийн хашаан дотор үнээгээ саагаад сууж байхад үхрийн хашааны урд талаар 1 тооны ямаа явсан тэгэхэд тухайн ямааны араас манай саахалт айлын Б******* гэдэг эмэгтэй дагаад явж байгаад хашаа налаад зогссон. Тэгэхээр нь Б*******г сонин сайхан юу байна гэхэд Б*******  гэдэг эмэгтэй өө ирчихсэн юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би чиний өмнө явж байсан 1 тооны ямаа хэнийх вэ гэхэд танай ямаа байна гэж Б******* гэдэг эмэгтэй хэлчихээд өөрийн гэр рүүгээ явсан. Тэгээд би үнээгээ сааж дуусаад маргааш өглөө нь өөрийн хонь, ямаагаа тоолж бүртгэхэд 345 хонь байх ёстойгоос 335 хонь болчихсон 10 тооны хонь дутсан. Ямаагаа тоолоход 133 ямаа байх ёстойгоос 129 ямаа болчихсон 4 тооны ямаа дутсан байсан. Тэгээд би 10 хонь, 4 ямаа хоттой хонь, ямаанаас дутахаар нь ойролцоо байдаг Ноён нуруу гэдэг айлаас очиж асуухад манай хонь, ямааг намайг байхгүй байхад айлын хонь, ямаатай нийлээгүй гэсэн. Тэгээд би Б*******г өчигдөр орой манай 1 тооны ямааг туучихсан явж байсан болохоор Б******* дээр очоод манай хонь, ямаа дутаад байна танай хонь, ямаанд үзэх гэсэн юм гэхэд Б******* үз гэж хэлсэн тэгээд би Б*******гийн хонь, ямаанд шүүж үзчихээд гэр рүүгээ явах гэж байхдаа Б*******гийн модон амбаарын хаалга онгорхой байсан болохоор би дотор талд нь юу байна гэж харахад толгой, арьс нь байхгүй 5 тооны хонь, ямааны хүзүү, нэлээн олон гэдэс харагдаж байсан... Б.Б******* нь надаас уучлалт гуйж миний алдсан 10 тооны хонь, 4 тооны ямааг Б******* нь өөрийн хонь, ямаанаасаа хүйс болон тоо ширхгээр нь нөхөж өгсөн болохоор надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-35 дахь тал,

3. Гэрч Х.Д өгсөн:“.... 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймгийн Б сумын 1 дүгээр баг Б булаг гэх газарт байрлах өөрийн гэртээ эхнэр Б хамт байж байгаад миний бие өвдөөд байсан болохоор миний биеийг үзүүлэхээр эхнэр Б бид хоёр Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлчихээд Улаанбаатар хотоос 01 дүгээр сарын 05-ны өдөр Булган аймгийн Б сумын 1 дүгээр багт байрлах гэртээ ирсэн. Тэгээд эхнэр Б бид хоёр хонь, ямаагаа тоолж үзэхэд манай хонь, ямаа дутсан... Тухайн үед миний баз Даваа гэж бид нар дууддаг Б манай хонь, ямааг харж үлдсэн... Манай 10 хонь, 4 ямааг саахалт айлын Б******* нядалсан байсныг мэдсэн. Б******* нь манай гэрт орж ирээд би танай 10 хонь, 4 ямааг авчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

4.Гэрч Ч.Б өгсөн: “...Би Б эгчийн гэрээс ертөнцийн зүгээр зүүн тал руу нь хонь, ямаагаа бэлчээрт гаргаж хариулж байсан. Миний хонь, ямаа хариулж байгаа газрын ойр орчимд айлын хонь, ямаа байдаггүй байсан. Тийм болохоор би айлын хонь, ямаатай ойртуулж нийлүүлээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/,

10. Ашид билгүүн ХХК-ийн ОРХ/9458 дугаартай дүгнэлт: “...10 тооны хонь, 4 тооны ямааг нас хүйсээр нь нийт 1,950,000 төгрөгөөр үнэлсэн...” гэх дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларчээ.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч Б.Б******* нь Булган аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг “Б булаг” гэх газарт оршин суух иргэн Ц.Б 10 тооны хонь, 4 тооны ямаа буюу бусдын олон тооны малыг 2024 оны 01 дүгээр сарын 02-ноос 05-ны өдрийн хооронд “манай малын өвсийг идээд байна” гэх шалтгааны улмаас хулгайлж Ц.Бд 1,950,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.

Дээрх үйл баримт нь хэрэгт цугларсан хохирогч Ц.Б өгсөн мэдүүлэг, гэрч Х.Д, Ч.Б нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд гэрч, хохирогч нарын мэдүүлгийг няцаан үгүйсгэх, нөхцөл байдал хэрэгт цуглараагүй байна.

Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан шинжээчийн 9458 дугаартай дүгнэлтээр гэмт хэргийн улмаас 1.950.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Б*******гийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Ц.Бд хохирол учирсан шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

   “Мал хулгайлах” гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

    Бусдын өмчлөх эрх гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, гэж Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.

Энэ гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Б.Б******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байна.

   Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: Шүүгдэгч Б.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ц*******: Гэм буруугийн талаар маргахгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байна гэх гэх дүгнэлтийг шүүхэд илэрхийлж оролцсон болно.

   Шүүгдэгч Б.Б******* нь бусдын 10 тооны хонь  4 тооны ямаа буюу олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь “Мал хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан  байна.

Шүүгдэгч Б.Б******* нь бусдын олон тооны малыг дур мэдэн авч нядалсан идэвхтэй үйлдэл, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор  уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол Улсын эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Б******* нь бага насны буюу 3 настай хүүхдийн хамт амьдардаг болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдсон байна.  

Шүүгдэгч Б.Б*******гийн бага насны хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих этгээд  тогтоогдоогүй байх тул Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон харъяа сум багийн төрийн байгууллагатай хамтран хүүхэд хамгааллын асуудлыг хэрэгт хяналт тавьж буй прокурор цаашид анхаарах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Б нь 1.950.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Б.Б*******г бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Б*******г бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.Б******* нь хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт,

Улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Б*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ц*******: Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэж тус тус байр сууриа илэрхийлсэн байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.Б******* нь хавтаст хэргийн 109-113 дахь талд авагдсан жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Б*******гийн хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүх шүүгдэгч Б.Б******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорих нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон бариултай 1 ширхэг хутга, нарийн цагаан уяа зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У******* овогтой Б******* Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б*******г  1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б******* нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд цагдан хорьсугай.

5.Шүүгдэгч Б.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон бариултай 1 ширхэг хутга, нарийн цагаан уяа зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.СУВД-ЭРДЭНЭ