Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 129

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2017/0148/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч Г.Г*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Г.Г***т холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.Г***, 1988 оны 10 дугаар сарын   08-ны өдөр Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг Хөтөл хорооллын ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэн тэнсэж 1 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, **** регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Г.Г*** нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 3 дугаар сарын 08-ны 22 цагийн орчим Дархан сумын ** дугаар багийн алтны уулзварын орчим хамтран амьдрагч Ч.А***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан эрх чөлөөнд нь халдан биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    Шүүгдэгч Г.Г***ийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 
    
    2017 оны 3 дугаар сарын 08-ны 22 цагийн үед эхнэр Ч.А***гийн хамт Дархан сумын **-р багийн Манхантолгойн задгайд эцэг, эхийндээ баяр тэмдэглэхээр очсон. Тэгээд  хоол унд хийгээд баярын гээд нэг шил архи гаргасан. Тэрийг нь уугаад байж байсан чинь ах Г***шинэ Дарханаас ирж байна гээд орж ирээд бид хамт ууцгаасан. Тэгээд удалгүй Г***ахын эхнэр Н*** эгч орж ирэхээр нь манай эмэгтэй дүү Б*** цай хийж өгсөн чинь цайг нь цацчихсан. Тэгсэн чинь ах эхнэрлүүгээ уурлаад чи миний эцгийн гэрт орж ирчихээд яаж байгаа юм хүндэлдэггүй юм уу гээд уурлаад хэрэлдээд эхнэрлүүгээ дайраад байхаар нь эхнэр бид хоёр болиулсан. Тэгээд байж байгаад Ч.А*** Г***ахыг та одоо болиоч гараад байж бай гэсэн чинь чи миний эцгийн гэрээс намайг хөөдөг хэн бэ гээд хэрэлдсэн. Тэгээд Ч.А*** удалгүй миний утас мөнгийг хулгайлж авлаа гэж над руу дайрч байснаа гараад гүйчихсэн. Тэгэхээр нь би араас нь гарсан чинь гэрийн үүдэнд траншейны нүхэнд хөлөө хийчихсэн орилоод байж байхаар нь би татаж гаргаж ирсэн. Тэгтэл таксины буудал руу Ч.А*** гүйчихсэн. Тэгээд буудал дээр очоод таксинд суух гээд байхаар нь би суулгаагүй. Тэгээд буцаад гэрлүү оръё гээд чирсэн чинь хамаг юм хулгай хийчихлээ танайхан гээд байхаар нь гараараа баруун нүд хавь руу нь цохиод ахиад хацар хавь руу нь өшиглөчихсөн гэх мэдүүлэг, 

    Хохирогч Ч.А***гийн хэрэг бүртгэлтэд өгсөн:
    Тэр өдөр би ажлаа 21 цаг гэж тарсан. Г*** намайг ирж аваад бид 2 Г***ийн эцэг, эхийнд очсон. Тэгээд нэг шил архи задлаад бид нар уугаад байж байсан чинь Г***ийн ах Г***ирсэн. Удалгүй араас нь эхнэр Нараа нь бас ирсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад байхаар нь би дундуур нь ороод Г***ийг та болилдоо гар гэж хэлсэн чинь чи намайг миний эцгийн гэрээс хөөдөг хэн бэ гээд нүүр лүү нулимсан чинь Г*** бид хоёрын дундуур орчихсон. Гэтэл Г***ах миний зүүн хацар луу цохьчихоор нь би хувцасаа өмсөөд гараад гүйж байгаад хашааных нь үүдэнд байдаг траншейны нүх рүү өрөөсөн хөлөө хийчихсэн. Тэгээд арай гэж босоод такси барих гээд байж байсан чинь Г*** ирээд намайг буцаад оръё гэхээр нь би үгүй миний хөл өвдөөд байна сая би траншей руу уначихсан гэж хэлсэн чинь битгий баашлаад бай гэж хэлээд миний үснээс чирээд баруун хацар луу гуталаараа өшиглөөд миний халааснаас утас, мөнгө аваад явчихсан. Тэгээд би таксинд суугаад явья гэхээр мөнгө байхгүй учраас Г***өөс гар утас, мөнгөө нэхсэн чинь -чи хэзээ утастай байсан юм миний дүүгийн утсыг залгиа биз дээ- гээд байсан. Тэгтэл Г***ах Г***ийн халааснаас авч өгсөн. Дүү Б*** цагдаа дуудна гэсэн чинь Г***, Г***2 зугтаагаад яваад өгчихсөн гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

Гэрч М.Н***ын хэрэг бүртгэлтэд өгсөн: 

Би 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр нөхөр Г***ий хамт Дарханд орж ирсэн. Тэгээд хадам эх дээрээ очъё гэж бодоод явж байтал манай найз шинэ Дарханд байна гэж дуудахаар нь би найз дээрээ оччихоод буцаад хадамынхаа гэрт ирсэн. Гэтэл нөхөр Г***хаашаа яваад алга болчихсон юм гээд над руу уурлаад дайрсан чинь Г***, Ч.А*** хоёр бид хоёрын дундуур ороод Ч.А*** намайг бариад Г*** Г***ийг бариад байж байсан чинь Ч.А*** Г***ах та гарч бай гэж хэлсэн чинь Г***Ч.А*** руу агсам тавиад байхаар нь би Ч.А***г татаж аваад юугаа хийгээд эрчүүдийн дунд цохиулах гээд яваад байгаа юм гэсэн чинь би эд нарт ингэж дээрэлхүүлж чадахгүй гээд Г***э, Г*** хоёртой маргалдаад байсан. Тэгээд миний гар утас мөнгө алга болчихсон байна гээд Г***э, Г*** хоёрыг гуйлгачид минь гээд тэр хоёр луу дайраад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 8/,    

Гэрч Г.Г***ий хэрэг бүртгэлтэд өгсөн: 

2017 оны 3 дугаар сарын 08-ны 22 цагийн үед Дархан сумын **-р багийн Манхантолгойн задгайд эцэг, эхийндээ очсон чинь дүү Г*** хамтран амьдрагч Ч.А***гийн хамт ирчихсэн байсан. Тэгээд эцэг, эх хоол унд хийгээд баярын гээд нэг шил архи гаргасан. Тэрийг нь уугаад байж байсан чинь манай эхнэр Н*** ирээд бид хоёр жоохон маргалдсан. Тэгээд би нэг хэсэг юу болсоныг санахгүй байгаа. Нэг мэдэхэд гадаа Ч.А*** траншей руу хөлөө хийгээд уначихлаа мөнгө утас алга байна гээд бөөн юм болчихсон байж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 9/, 

Гэрч Г.Б*** хэрэг бүртгэлтэд өгсөн: 

2017.3.08-ны орой цаг хэд болж байсныг тодорхой санахгүй байна 21 цаг өнгөрч байлуудаа аав, ээж бид 3 гэртээ байж байсан чинь төрсөн ах Г*** эхнэр Ч.А***гийн хамт ирсэн. Тэгтэл аав намайг архинд явуулаад би архи авч ирсэн. Ингээд аав, ээж, Г*** ах, Ч.А*** эгч, бид 5 уугаад байж байхад удалгүй аав, ээж 2 маань настай хүмүүс учир амарцгаасан. Тэгээд байж байтал манай Г***ах орж ирээд удалгүй эхнэр Н*** нь бас орж ирсэн ба Н*** эгчид цай хийж өгчихөөд байж байтал Г***ах юунаас болсон юм бүү мэд маргалдаж байгаад гараад явчихсан. Араас нь Г*** ах гарсан тэгээд хэсэг хугацааны дараа Г***ах эхнэртэйгээ гараад явсаны дараа А*** эгч баруун нүд нь хавдчихсан орж ирсэн. Тэгээд би А*** эгчийг хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 10/

Гэрч Д.Г*** /хх-ийн 11/, Г.Г*** /хх-ийн 12/ нарын хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэг, 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.3.14-ний өдрийн 319 дугаар дүгнэлт: 

1.Ч.А***гийн биед баруун хөмсөг, дээд уруулын дотно, гадна хэсгийг хамарсан, баруун сарвууны зулгаралт, баруун нүдний цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүд, баруун, зүүн хацар, хүзүү, баруун бугалга, шуу, баруун өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
3.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад  нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 15/,  

ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/, эвлэрлийн гэрээ  зэрэг болно.  

Шүүгдэгч Г.Г*** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 3 дугаар сарын 08-ны шөнө 22 цагийн орчим Дархан сумын ** дугаар багийн алтны уулзварын орчим хамтран амьдрагч Ч.А***тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодид нь баруун хөмсөг, дээд уруулын дотно, гадна хэсгийг хамарсан, баруун сарвууны зулгаралт, баруун нүдний цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн нүд, баруун, зүүн хацар, хүзүү, баруун бугалга, шуу, баруун өвдөг, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг бүртгэлтэд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.3.14-ний өдрийн 319 тоот дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 
  
Шүүгдэгч Г.Г*** нь Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж тэнсэж 1 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзсан байх бөгөөд түүний ялгүйд тооцох хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн  78.2.1-т зааснаар дууссан байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хохирогч Ч.А*** нь шүүгдэгч Г.Г***тэй шүүхийн шатанд сайн дураараа эвлэрсэн болох нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх бөгөөд энэ нь хохирогч шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, нөгөө талаар шүүгдэгч Г.Г*** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Г.Г***ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж үзлээ.  

    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г*** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.

     Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч Г.Г***ийг согтуугаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Г.Г***ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай. 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шүүгдэгч болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г***т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
 
 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ