Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | |
Хэргийн индекс | 128/2018/0291/З |
Дугаар | 128/ШШ2018/0479 |
Огноо | 2018-08-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2018/0479
2018 оны 08 сарын 06 өдөр Дугаар Улаанбаатар хот
128/ШШ2018/0479
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Б-ОХХК нарын нэр бүхий 14 компани
Хариуцагч: ГЕГ, М Х Е Г
Гуравдагч этгээд: Б О А Ж С
Нэхэмжлэлийн шаардлага: “Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэхгүй байгаа Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хилээр нэвтрүүлэхийг ГЕГт даалгах, “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг гадаадад гаргахаар “Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ” хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээг нэхэмжлэгч компаниудад олгох шийдвэр гаргахыг М Х Е Гт даалгах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, Ч.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:
1. “Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хилээр нэвтрүүлэхийг ГЕГт даалгах шаардлагын тухайд: Нэхэмжлэгч компаниуд нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгалийн ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүүг гадаадад гаргах зөвшөөрлийг авсан болно.
Дээрх компаниудаас зарим нь Дэрэвгэр жиргэрүү ургамлыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсад экспортлохоор Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны 362 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог бараанд гаалийн бүрдүүлэлт хийх журам”-ын дагуу гаалийн бүрдүүлэлт хийж, Замын-Үүдийн Алтанбулаг боомтоор гаргах гэхэд Гаалийн ерөнхий газраас тус ургамлыг хилээр нэвтрүүлэхгүй байх чиглэл өгсөн гээд хилээр нэвтрүүлээгүй болно.
Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэхгүй байгаа учрыг тодруулахаар бид холбогдох төрийн байгууллагуудад хандаж гомдол, хүсэлтээ гаргаж, албан тушаалтнуудтай уулзахад Байгаль орчин аялал жуулчлалын яамны мэргэжилтний амаар өгсөн тайлбараар "...Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасан “Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гаргахыг хориглоно” гэсэнтэй зөрчилдөж байгаа тул яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу байгалийн Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэх боломжгүй гэсэн албан бичгийг Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн” гэсэн болно.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрөл авахаар нэг тонн тутамд 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг ургамлыг бэлтгэх, 3.000.000 /гурван сая/ төгрөгийг экспортлох тусгай зөвшөөрлийг авах улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт, мөн орон нутгийн Байгаль орчны газарт нэг тонн 10.000.000 /арван сая/ төгрөгийг тус тус улс болон орон нутгийн төсөвт төлснөөс гадна “Дэрэвгэр жиргэрүү”-г түүж, бэлтгэхтэй холбогдуулан ажиллах хүч, техник хэрэгсэл, тээвэрлэлт, хадгалалт, худалдан авалт зэрэгт маш их хэмжээний зардал гаргасан болно. Гаалийн хилээр нэвтрүүлэх асуудал удаашралтай байгаатай холбоотойгоор агуулах, хадгалалтын зардал нэмэгдэхийн зэрэгцээ барааны чанарт өөрчлөлт орох нөхцөл байдал үүсээд байна.Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-т зааснаар “Ургамлыг гадаад улсад гаргах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно” гэж заасны дагуу бүрэн эрхтэй, Байгаль орчны мэргэжлийн байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас судалгаа шинжилгээгээ хийж, зохих нөөцөө тодорхойлон, түүж бэлтгэх ургамлын хэмжээгээ тогтоосны дагуу манай компаниуд нь яамнаас гадаадад гаргах зөвшөөрлөө авсан билээ.
Гэтэл Гаалийн ерөнхий газраас компаниудын гадаадад гаргах зорилгоор шууд хэрэглэхэд бэлэн болгон, зориулалтын дагуу хатааж бэлтгэсэн Дэрэвгэр жиргэрүүг эцсийн бүтээгдэхүүн биш гэж үзэж хилээр нэвтрүүлэхгүй байгаа нь үндэслэлгүй, хууль бус эс үйлдэхүй юм.Учир нь Дэрэвгэр жиргэрүү ургамлын хатаасан үндсийг Дорнын уламжлалт анагаах ухаанд шууд эмийн бүтээгдэхүүн (ганга, халгай зэргийг мөн л түүж бэлтгэн, хатааж шууд эцсийн бүтээгдэхүүн хэлбэрээр хэрэглэдэг) болгон хэрэглэдэг.
Мөн Байгалийн ургамлын тухай хууль 1995 онд батлагдаж хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн бөгөөд 1997 оноос хойш Дэрэвгэр жиргэрүү ургамлыг Монгол Улсын хилээр тасралтгүй гаргаж байсан ба сүүлийн 2 жилийн гаалийн статистикийн мэдээлэлд 2016 онд 14 аж ахуйн нэгжийн 202 тонн, 2017 онд 8 аж ахуйн нэгжийн 108 тонн Дэрэвгэр жиргэрүү ургамлыг гаалийн байгууллагад бүрдүүлэлт хийж хилээр гаргасан атлаа гаалийн байгууллагаас хуулийг нэг мөр ойлгон ялгаваргүй үйлчлэх зарчмыг алдагдуулан тайлбарлаж хэрэглэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.
Түүнчлэн Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. “Гаалийн байгууллага, албан тушаалтан нь улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт хийх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно” гэж заасан байхад байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон экспортын гэрчилгээг Гаалийн байгууллага өөрт олгогдоогүй эрхийг эдлэн, гаалийн хууль тогтоомжид хамаарахгүй асуудлаар хориг саад тавьж байна гэж үзэж байна.
Иймд шууд хэрэглэхээр хатааж бэлтгэсэн Дэрэвгэр жиргэрүү нь Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасан “эцсийн бүтээгдэхүүн” мөн болно.
Дээрх учрыг тайлбарлаж нэхэмжлэгч компаниудаас ГЕГт 2018 оны 02 сард гомдол гаргахад тус газрын 2018.02.28-ны өдрийн 01-2/892 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “... “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг улсын хилээр нэвтрүүлэх боломжгүй байна” гэсэн хариуг ирүүлсэн болно.
2. Дэрэвгэр жиргэрүү ургамлыг гадаадад гаргахаар “Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ” хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож. Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ (Экспортын гэрчилгээ)-г нэхэмжлэгч компаниудад олгох талаар зохих шийдвэр гаргахыг М Х Е Гт даалгах шаардлагын тухайд:
Компаниуд нь Дэрэвгэр жиргэрүүг гадаадад гаргахад бүрдүүлэх шаардлагатай баримт бичгийн нэг болох “Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ”-г Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас авахаар хүсэлт холбогдох материалыг хүргүүлсэн боловч дээр дурдсан “Гаалийн ерөнхий газраас Дэрэвгэр жиргэрүүг гадаадад гаргахыг хориглосон, хилээр нэвтрүүлэх боломжгүй талаар албан бичгийг ирүүлсэн” гэх үндэслэлээр “Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ”-г олгохоос татгалзаж, гэрчилгээ олгохгүй байгаа болно.
Бид Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 9, 11, 24.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангасан, Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын III хавсралт “Амьтан, ургамал түүхий эд, бүтээгдэхүүнд экспорт, импортын гэрчилгээ олгох журам”-ын 2.1 дэх хэсэгт дурдсан баримт бичгийн хамт хүсэлтээ гаргасан байхад Мэргэжлийн хяналтын газраас хууль, журамд заагаагүй үндэслэлээр Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн албан тоотын дагуу гэрчилгээ олгохоос татгалзаж буй нь хууль бус юм.
Нэхэмжлэгчид нь уг асуудлаар М Х Е Гт 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргахад тус газрын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10/681 тоот “Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр “ ..төрийн захиргааны байгууллагаас хуулийн хүрээнд шийдвэрлэсэн тохиолдолд манай байгууллагын зүгээс лабораторийн шинжилгээний дүнд үндэслэн ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ олгоход татгалзах зүйлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна" гэсэн хариуг ирүүлсэн.
ГЕГ нь хуулийн зүйл заалтыг тайлбарлах эрхгүй этгээд бөгөөд төрийн байгууллага нь үндэслэлгүйгээр дур зоргоор хуулийг өөрсдийн хүсэл сонирхлоор тайлбарлаж компаниудын үйл ажиллагаанд хориг, саад учруулж буй нь холбогдох байгууллагаас ном журмаар нь зөвшөөрлөө авсан манай компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.“ гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ГЕГ тарьсан ургамлыг хилээр гаргаж байгаа гэсэн. Яагаад тарьсан болон байгальд ургасан хоёр ижил ургамлыг нэгийг нь эцсийн бүтээгдэхүүн гэж, нөгөөг нь биш гэж үзэж байна вэ? 2017 оныг хүртэл тухайн хуульд нэмэлт өөрчлөлт ороогүй байсан. ГЕГ өөрийн холбогдох сайдаар уламжлуулж тухайн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд хүрээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл энэ асуудлаар хууль зөрчигдсөн талаар дээд шатны байгууллагад мэдэгдсэн зүйл байхгүй. Засгийн газрын бүтцийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Байгалийн ургамлын тухай хуулийг шууд хэрэгжүүлдэг байгууллага. Иймд Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан өөрийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой байхад өөр бусад байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа нь асуудалтай байна. ” гэв.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дэрэвгэр жиргэрүү ургамлыг нэг компанийн Замын-Үүд сумын Алтанбулаг боомтоор нэвтрүүлэх гэтэл хилээр гаргаагүй байдаг. Үүн дээр эрх нь зөрчигдсөн. Мөн дараагийн компаниуд ч мөн Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр гаргах сонирхолтой. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль шинээр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор зөрчигдөж болзошгүй эрхийн хүрээнд нэхэмжлэл гаргасан.
Нэгдсэн тоог сүүлийн байдлаар гаргаагүй. Гэхдээ нэхэмжлэгч 14 компанийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А М Х Е Гт хандаж, гомдол гаргасан. М Х Е Г 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс гэрчилгээ олгох асуудлыг түр зогсоосон байгаа. ГЕГтай холбоотой асуудал шийдвэрлэгдвэл манай зүгээс эрүүл ахуйн гэрчилгээ олгоход татгалзах зүйлгүй гэх хариу ирсэн. Уг албан бичиг 1 дүгээр хавтаст хэргийн 153 дугаар хуудсанд авагдсан байгаа.
Гааль дээр очоод буцаагүй хирнээ нийт 14 компани нэхэмжлэл гаргасан талаар, мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эрүүл ахуйн гэрчилгээ нь гараагүй, өргөдөл, хүсэлт нь шийдвэрлэгдээгүй байхад яагаад шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар тайбарлавал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж заасан. Б Ж ХХК-ийн хувьд Замын-Үүд сумын Алтанбулаг боомтоор Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр гаргах гэтэл хилээр гаргахгүй байгаа учраас эрх нь зөрчигдсөн этгээд. Бусад компаниудын хувьд бэлтгэл ажлаа хийгээд явж байхад ГЕГ Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр гаргахгүй гэсэн байр суурь илэрхийлсэн учраас эрх нь зөрчигдөж болзошгүй этгээд гэж үзэж байгаа. Энэ асуудлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр шийдвэрлэвэл дараа дараагийн асуудал шийдвэрлэгдэнэ. Тийм учраас энэ маргааны хүрээнд 14 компани нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлага болох Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хилээр нэвтрүүлэхийг ГЕГт даалгах шаардлагын тухайд, Б Ж ХХК нь Замын-Үүд сумын Алтанбулаг боомтоор Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр гаргах гэтэл хилээр нэвтрүүлээгүй. Гаалийн ерөнхий газраас Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэхгүй байх чиглэл өгсөн байдаг. ГЕГ нь үндэслэлгүйгээр хориг тавьж, Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлээгүй эс үйлдэхгүй гаргасан гэж үзэж байна.
Учир нь Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно” гэж заасан. Ямар тохиолдолд эцсийн бүтээгдэхүүн гэж үзэх вэ, алийг нь эцсийн бүтээгдэхүүн биш гэж үзэх вэ гэдгийг ялгаж тогтоодог байгууллага нь ГЕГ биш. Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Гаалийн байгууллага, албан тушаалтан нь улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт хийх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно” гэж заасан. Гэтэл ГЕГ шинжээч эсхүл мэргэжлийн байгууллага юм шиг энэ бол эцсийн бүтээгдэхүүн биш гэж үзэн хориг тавьж, хилээр нэвтрүүлэхгүй байгаа нь хууль бус үйл ажиллагаа байна. Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Ургамлыг гадаад улсад гаргах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно” гэж заасан. Хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам бөгөөд яам нь хуулийн этгээдүүдэд экспортын гэрчилгээ, түүж бэлтгэх зөвшөөрлийг олгоод байгаад байхад хилээр нэвтрүүлэх үүргийг хэрэгжүүлдэг ГЕГ өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, үндэслэлгүйгээр нэхэмжлэгч нарын эрхийг хязгаарлаж, эс үйлдэхүй гаргасан. Тийм учраас мэргэжлийн байгууллага нь тухайн ургамлыг түүж бэлтгэх, экспортын гэрчилгээг нь олгож байгаа тохиолдолд Гаалийн ерөнхий газраас хязгаарлах эрхгүй.
Дэрэвгэр жиргэрүү ургамлыг зориулалтын дагуу түүж, бэлтгэсэн ургамлыг яагаад эцсийн бүтээгдэхүүн гэж үзэж байна гэхээр хавтаст хэрэгт авагдсан Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжилгээний дүгнэлтээр Дэрэвгэр жиргэрүү ургамлыг эцсийн бүтээгдэхүүн мөн гэж дүгнэсэн байдаг. Учир нь зориулалтын дагуу хатааж бэлтгээгүй бол шууд хэрэглэх боломжгүй ургамал. Халгай, ганга зэрэг ургамлыг зориулалтын дагуу хатаавал шууд хандлаад хэрэглэж болдог. Үүнтэй адил Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зориулалтын дагуу хатааж хэрэглэдэг. Ийм нөхцөл байдлыг ГЕГ ялгаж салгалгүйгээр, үндэслэлгүйгээр Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж байна. Дэрэвгэр жиргэрүү ургамлыг 1997 оноос хойш 2016 оны сүүл хүртэл хилээр гаргаж байсан. Гэтэл гэнэт 2017 оны 01 дүгээр сараас эхлэн энэ асуудал яригдаад хилээр гаргахаа больсон. Дэрэвгэр жиргэрүү ургамлыг 2004-2016 он хүртэл хилээр хэвийн нэвтрүүлж байсан эсэх тоон мэдээг шүүхээс шаардсаны дагуу Гаалийн ерөнхий газраас гаргаж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан.
Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд, Дэрэвгэр жиргэрүү ургамлыг гадаадад гаргах Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олгодог. Энэ үндсэн дээр хилээр нэвтрүүлдэг. Гэтэл хилээр нэвтрүүлэхтэй холбоотой асуудлаар Гаалийн ерөнхий газраас албан бичиг ирсэн. Тийм учраас бид 30 хоногийн хугацаатай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ нь дахин олгогдох боломжгүй, удаа дараа дахин олгохоор хугацаа нь дуусаад байна гэдэг үүднээс энэ асуудлаа шийдвэрлүүлээд ирэх юм бол Ургамлын эрүүл ахуйн шинжилгээний дүгнэлтийг үндэслээд гэрчилгээ олгоход татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн.
Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх, хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийг үндэслэж, үйл ажиллагаагаа явуулж, эрүүл ахуйн гэрчилгээ олгодог. Энэ хуулиар хориглосон, хязгаарласан зүйл байхгүй бол гэрчилгээг чөлөөтэй олгох ёстой. Гэтэл Гаалийн ерөнхий газрын албан бичиг нь энэ хуульд заасанчлан хориглох үндэслэл болохгүй байна. Тухайн хуулийн 9, 11, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтуудад заасан шаардлагыг хангавал Мэргэжлийн хяналтын газар зөвшөөрөл олгох ёстой. Засгийн газрын 2013 оны 173 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Амьтан, ургамал, түүхий эд бүтээгдэхүүнд экспорт, импортын гэрчилгээ олгох журам”-ын 2.1-д ямар бичиг баримтуудыг бүрдүүлэх талаар тодорхой заасан. Үүнд заасан шаардлагыг хангаж, бичиг баримтуудаа бүрэн оруулж байгаа тохиолдолд Мэргэжлийн хяналтын газар ямар нэгэн эс үйлдэхүй гаргахгүй, эрүүл ахуйн гэрчилгээг олгох ёстой. Иймд Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичгийн дагуу зогсонги байдалд орсон гэж байгаа нь хууль бус эс үйлдэхүй байна. Тиймээс эрүүл ахуйн гэрчилгээг олгоход хориглож, хязгаарласан ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй.
Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 204 дүгээр хуудсанд авагдсан Шинжлэх ухааны академи болон геологийн хүрээлэнгийн шинжилгээний дүгнэлт, ургамлын хэрэглээний талаарх тайлбарыг Ц.Б , н.Чингис нарын гарын үсэгтэйгээр албан ёсоор ирүүлсэн байна. Үүнд энэ нь үйлдвэрлэлд хэрэглэхээс гадна шууд ургамал чигээр нь ашигладаг, хатаасан үндэс нь ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн юм гэж эцсийн бүтээгдэхүүн гэж маш тодорхой дурдсан бөгөөд энэ талаар ГЕГт албан бичиг явуулж байхад үндэслэлгүйгээр татгалзаж, улмаар Мэргэжлийн хяналтын газарт татгалзсан албан бичиг явуулж байгаа нь төрийн байгууллагууд хууль зөрчиж байгаагаас болж нэхэмжлэгч компани бараа бүтээгдэхүүн бэлтгэх, хадгалалтын горим алдагдах зэргээр 10 гаруй тэрбум төгрөгөөр хохирох нөхцөл байдал үүсч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Гаалийн байгууллага нь Гаалийн тухай хуулийн 2671 дугаар зүйлийн 2671. 2 дахь хэсэг"... гаалийн хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий мөн хуулийн 2691.1.1 дэх заалт “гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөнд хяналт тавих;” гэж тус тус заасны дагуу төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх төрийн байгууллага болно.
Нэхэмжлэлд дурдсан Дэрэвгэр жиргэрүү ургамал нь Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг үндэслэн Засгийн газраас 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 153 дугаар тогтоолоор тогтоосон “Ховор ургамлын жагсаалт”-ын 350 дугаарт “Дэрэвгэр жиргэрүү /Saposhnikovia divaricata/” нэрээр заагдсан байна.
Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно.” гэж заасан байх тул Гаалийн байгууллагыг Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Гаалийн байгууллага, албан тушаалтан нь улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт хийх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно.” заасныг зөрчсөн гэх нь үндэслэлгүй байна. Иймд Б-ОХХК нарын 14 компанийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гаалийн байгууллага нь улсын хилээр нэвтэрч байгаа барааг оруулахыг хориглох эрхтэй байгууллага биш бөгөөд энэ эрхийг Засгийн газар хэрэгжүүлдэг. Улсын Их Хурлаас хууль баталж, тогтоол хэлбэрээр гардаг. Монгол Улсын Засгийн газраас хориглож буй барааны нэршлийг заадаг. Бид зөвхөн хуулийг хэрэгжүүлж байгаа. Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг улсын хилээр гаргахыг хориглоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл бидэнд энэ хуулийг хэрэгжүүлэх эрхийг олгосон. Улсын хилээр оруулахыг хориглосон барааг гаалийн байгууллага хилээр оруулахгүй, гаргахгүй.
Нэхэмжлэгч талаас Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно” гэж заасныг дурдсан. Тодорхой хэлбэл, судалгаа шинжилгээний зориулалтаар улсын хилээр нэвтрүүлж болно, үүнээс бусад тохиолдолд нэвтрүүлэхийг хориглох заалттай. Эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно гэж заасан. Судалгаа, шинжилгээний зориулалтаар улсын хилээр гаргах бол холбогдох яам, Тамгын газрын албан бичгүүд дагалдаж гаргадаг. Нөгөө нь тухайн бараа бүтээгдэхүүнийг түүж, бэлтгэж, боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл улсын хилээр гаргаж болно. Жишээлбэл барагшууныг түүж, ундаа бэлтгээд хаана үйлдвэрлэгдсэн, ямар зориулалтаар бүтээгдсэн, хэрэглэх хугацаа, хэрхэн хэрэглэх талаар тухайн бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн гэдгийг нотолсон бичиг баримтуудыг үндэслэн хилээр гаргах боломжтой. Эдгээрээс бусад тохиолдолд хилээр гаргахыг хориглоно. Бид Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.7, 8.9 дэх заалтуудыг баримтлан хориглож байгаа.
Ховор ургамал бол хилээр гаргахыг хориглодог. Монгол Улсад байгаа ургамлыг нэн ховор, ховор, ердийн тархацтай элбэг ургамал гэж 3 ангилдаг. Нэн ховор, ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар бүрэн эрхийн хүрээнд баталдаг. “Нэн ховор, ховор ургамлыг, амьтан тэдгээрийн эд эрхтэн, эвэр туурай, арьс хөрсийг хил дамнуулан худалдаалах тухай” олон улсын SITS-ын хэлэлцээрт Монгол Улс 1996 онд бүрэн эхээр нь нэгдсэн орсон. Тухайн улсын нэн ховор, ховор амьтан, ургамлыг тухайн улсын Засгийн газар жагсаалт гаргаж, хамгаалах хуулийн зохицуулалттай. 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Засгийн газрын 153 дугаар тогтоолд ховор ургамлын жагсаалтыг зааж, 350 дугаар зүйлд Дэрэвгэр жиргэрүү ургамлыг оруулсан. Нэгэнт уг жагсаалтад орсон бол Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.5 дахь заалтуудад хамаарч байгаа тул гаалийн байгууллага улсын хилээр гаргахгүй байгаа.
Гаалийн байгууллага нь төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч төрийн тусгай албаны байгууллага мөн гэж Төрийн албаны тухай хуульд тодорхой заасан. Мөн Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д “Гаалийн алба нь Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгай чиг үүрэгтэй байгууллага мөн” гэж заасан. Бидний үйл ажиллагааны эрх зүйн гол зохицуулалт нь Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад хуулиуд байна. Төрийн албаны тухай хуулийн төрийн аль ч шатны байгууллага дээд шатны байгууллагын, өөр бусад эрх бүхий байгууллагын зөвхөн хуульд нийцсэн хууль ёсны шийдвэрийг биелүүлэх ёстой үндсэн зарчим байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нэр дурдагдаж буй компаниудад зөвшөөрөл өгснийг бид мэднэ. Хэн нэгэн төрийн байгууллага, Засгийн газраас зөвшөөрөл өгөөгүй байхад дураараа бэлтгэвэл энэ нь гэмт хэрэг үйлдсэн болно. Нэгэнт Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл өгч, бэлтгүүлээд килограмм тутмаас тэмдэгтийн хураамж авсан байна. Түүнийхээ дагуу улсын хилээр гаргах зөвшөөрөл олгосон. Хамгийн гол нь Б О А Ж Сын гаргасан эрх хэмжээ нь Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар хязгаарласан байхад хориглосон заалтыг зөрчин түүж бэлтгэх, тэмдэгтийн хураамж авсан, улсын хилээр гаргах зөвшөөрөл өгснөөр Б О А Ж Сын гаргасан тушаал, шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа тул Төрийн албаны тухай хуульд заасан хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх ёстой үндсэн зарчмаа баримтлан ажиллаж байна.
Гаалийн байгууллага магадлан шинжилдэг байгууллага биш бөгөөд эцсийн бүтээгдэхүүн мөн эсэхийг ялгаж чадахгүй хирнээ өөрсдийн эрх хэмжээнд нь хамаарахгүй асуудлаар шаардлага тавьж байгаа нь хууль бус гэж тайлбарлаж тавьж байна. Гаалийн тухай хуулийн 271'1-д “Гаалийн байгууллага дэргэдээ магадлан шинжилгээний итгэмжлэгдсэн лабараторитой байна” гэж заасан. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй итгэмжлэгдсэн 5 лабаратори байгаа. Нэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гаалийн итгэмжлэгдсэн лабаратори буюу гаалийн байгууллагын бүтцэд байдаг байгууллага. Улсын хилээр орж, гарч байгаа аль ч төрлийн бараанд итгэмжлэгдсэн лаборатори өөрийн эрх хэмжээний хүрээнд магадлан шинжилгээ хийдэг. Уг шинжилгээгээр чанар, аюулгүй байдлыг хангаж байгаа эсэх, уг бараа нь эцсийн бүтээгдэхүүн эсэх, ямар барааны ангилалд хамаарах зэргийг тодорхой болгож, бүх шийдвэрүүдийг гаргадаг. Уг шийдвэрийг гаалийн байгууллага үйл ажиллагаандаа шууд ашигладаг. Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд хамаарах буюу шаардлагатай бичиг баримтуудыг дурдсан бөгөөд үүнд дээрх лабораторийн дүгнэлт дурдагдсан. Иймд уг лабораторийн дүгнэлтээр эцсийн боловсруулсан бүтээгдэхүүн мөн эсэхийг нотлох хангалттай үндэслэл болно.
Монгол улс 1992 онд эхлэн дэлхийн гаалийн байгууллагаас батлан гаргасан Барааг тодорхойлох, кодлох, уялдуулсан системийн олон улсын конвенцэд нэгдсэн бөгөөд гаалийн байгууллага үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг. Уг системд тухайн бараа бүтээгдэхүүнийг байгаль дээр байгаа байдлаар, түүсэн байдлаар эсхүл эцсийн бүтээгдэхүүн гэж ямар бүтээгдэхүүн байх талаар бүгдийг тодорхой заасан. Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан болох энэ чиглэлээр мэргэшсэн доктор, эрдэм шинжилгээний ажилтан н.Батцэрэнгийн гаргасан бичигт Дэрэвгэр жиргэрүү ургамал нь хатаасан үндсийг ургамлын гаралтай эмийн түүхий эд болгон бүтээгдэхүүн болгоход ашигладаг гэсэн байх бөгөөд бүтээгдэхүүн гэж тодорхойлсон зүйл байхгүй. Тодорхой хэлбэл түүхий эд байгаад боловсруулалтад ороод эцсийн бүтээгдэхүүн болдог шат дамжлагыг хольж ярьж байна.
Б Ж ХХК-ийн хувьд гаалийн байгууллагаас танай бараа нь түүхий эд байдлаар бэлтгэгдсэн, Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т хамаарч байгаа тул хилээр гаргах боломжгүй гэж шийдвэр гаргаж, эс үйлдэхүй бус тодорхой үйлдэл гаргасан. Металлын хувьд алтыг, ургамлын хувьд Дэрэвгэр жиргэрүү ургамлыг, чулууны хувьд Өмнөговь аймагт ургадаг улаан чулуу гэх эрдэнэсүүд нь газрын хөрсний чийгийн үржил шимийг барьж байдаг. Эдгээр зүйлүүд байснаар тухайн хөрсийг хамгаалж байдаг. Тэгэхээр цаашид энэ ургамал улсын хилээр гарах нөхцөл байдал бүрдвэл магадгүй хэдэн жилийн дараа асуудал үүснэ. Хохирлын буруу шийдвэр гаргасан этгээдүүдээс нэхэмжилж гаргуулах боломжтой. Б О А Ж Сын хувьд ажилдаа хайнга хандсан, эсхүл албан тушаал эрх мэдлээ ашиглан, бэлтгэх зөвшөөрөл олгосноос болж энэ нөхцөл байдал үүссэн.
Б О А Ж Саас энэ асуудлыг тодруулахаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/4027 тоот албан бичгээр уг ургамал нь Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар зөвхөн эрдэм шинжилгээний зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болж боловсруулагдахаас бусад тохиолдлоор улсын хилээр гаргах боломжгүй тул цаашид чиглэл болгон ажиллах нь зүйтэй гэж ирүүлсэн. Тэгэхээр уг асуудлаар Засгийн газар хуралдаж, н.Цэрэнболд сайдыг энэ асуудлыг шийдвэрлэ гэсэн болохоос шийдвэр гарга гэх чиглэл өгөөгүй. Компаниудын хувьд ургамлыг түүх, бэлтгэхтэй холбоотой зардлууд гарч байгаа. Үүнийг шийдвэр гаргасан яамнаас нэхэмжилбэл гаалийн байгууллага гуравдагч этгээдээс оролцож, байр сууриа хамгаалах боломжтой. ” гэжээ.
Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Мэргэжлийн хяналтын байгууллага нь “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай" хуулийн 11 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 173 дугаар тогтоолыг үндэслэж “Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ”-г ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд олгодог.
Б О А Ж Саас манай байгууллагад 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/12 тоот мэдээлэл хүргүүлэх тухай албан бичгээр 2017 онд Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөл авсан /хавсралт 1/ аж ахуйн нэгжүүдэд экспортлох зөвшөөрөл олгосон нэр бүхий 22 аж ахуйн нэгжүүдийн нэрсийг ирүүлсэн.
Иймд дээрх нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хууль тогтоомжийн хүрээнд ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ олгогдсоор ирсэн.
Гэтэл Гаалийн ерөнхий газраас Б О А Ж С Н.Цэрэнбат танаа гэсэн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/423 тоотоор “Байгалийн ургамлын тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасан “....эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно." гэсэнтэй зөрчилдөж байгаа тул танай яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу байгалийн Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэх боломжгүй байна. Хувийг: М Х Е Гт гэсэн албан тоот ирсэн.
Засгийн газрын 173 тоот тогтоолоор ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ нь олгосон өдрөөс хойш ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эдэд 1 сарын хугацаанд хүчинтэй байдаг тул төрийн байгууллагууд хоорондын үл ойлголцлоос болж манай байгууллага аж ахуйн нэгжүүдэд дахин дахин ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ олгож чирэгдэл үүсгэхгүйн тулд хүсэлт тавьсан аж ахуйн нэгжүүдэд “Төрийн захиргааны төв байгууллагаас хуулийн хүрээнд шийдвэрлэсэн тохиолдолд манай байгууллагын зүгээс лабораторийн шинжилгээний дүнд үндэслэн ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ олгоход татгалзах зүйлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.” гэсэн хариу хүргүүлж ажилласан.
Иймд хууль тогтоомжийн хүрээнд ажилласан М Х Е Гт тавьсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд Б О А Ж Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаанд нэхэмжлэгч талууд Гаалийн ерөнхий газраас ховор ургамлыг гадаад улсад нэвтрүүлэх зөвшөөрөл авах, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ авах тухай шаардлага гаргасан байна.
Б О А Ж С 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр "Дэрвэгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглох тухай" А/43 тоот тушаал гаргаж уг ургамлыг судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар байгалиас түүж бэлтгэхийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай хориглосон байна. Уг тушаал нь хууль зүйн нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж www.Legalinfo.mn сайтад албан ёсоор тавигдсан.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам ямар нэгэн удирдлага солигдохоос үл хамаарч ажиллаж байгаа. Өмнө нь хилээр гаргаж байгаад гэнэт больсон байдлаар асуудалд ханддаггүй. Сум дүүргийн татварын хэлтэст тушаасан төлбөр, бараа хүлээн авагчтай байгуулсан гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрчилгээ зэрэг 8 төрлийн баримт бичгийг шалган тусгай зөвшөөрөл олгодог. Зарим тохиолдолд цагдаагийн байгууллагаас баримт бичгүүдийг шалгаж тогтоодог.
Гаалийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар манай байгууллагын ургамлын мэргэжилтний ярих зүйлийг ярьж байна. 2023 оныг дуустал уг ургамлыг хилээр гаргахыг хориглосон бөгөөд хориглохдоо Монгол Улсын Их Сургууль, зарим Э Ү, эрдэмтэд, зарим сум, дүүргийн Засаг даргын үндэслэл бүхий тайлбарыг үндэслэн хориглосон. Түүнээс Гаалийн ерөнхий газрын шаардлагын дагуу хориглоогүй.
Мөн Б О А Ж Сын өмнө нь гаргасан шийдвэр нь хууль бус байсан. Бид өмнөх баримтаа шалгахад хууль зөрчсөн асуудал байсан. Өнөөдрийг хүртэл тус сайдын тушаал, шийдвэр хууль бус байсан гэж шүүхээр шийдвэрлэсэн зүйл байхгүй. Миний бие тус яаманд 4 жил ажиллахдаа ийм зүйл хараагүй. Нэхэмжлэгч компаниудаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан байна. Хуульд өөрчлөлт оруулаагүй л бол ямар ч газаас бичиг ирүүлсэн Байгалийн ургамлын тухай хуулийн дагуу шийдвэр гаргана. Өмнө нь гаргасан шийдвэрүүд өөрчлөгдөөгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтыг шинжлэн судалж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б-ОХХК болон нэр бүхий 14 компанийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б-О, Б Ж, Д Т, М Г, Н С Р, Ө, Т Х, Ц Б, Э П, Э Ү, Ю И ЭХХК-иудын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт тус шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 128/Ш32018/3534 дүгээр захирамжаар А О, Н Ш, Э Д Г ТХХК-иудын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг нэгтгэсэн болно.
Нэг. Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хилээр нэвтрүүлэхийг ГЕГт даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2017 онд Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд уг ургамлыг экспортлох зөвшөөрөл олгосны дотор нэхэмжлэгч 14 компани багтаж, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/12 дугаар албан бичгээр эдгээр компанийн 2017 онд түүж бэлтгэсэн Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр гаргах зөвшөөрөл олгосныг ГЕГт уламжилсан байдаг.
Уг албан бичигт “Дэрэвгэр жиргэрүү ургамал нь ховор ургамлын жагсаалтад орсон тул Байгалийн ургамлын тухай хуулийн 17.4-т зааснаас бусад үндэслэлээр гадаад улсад экспортоор гаргах зөвшөөрөл олгох боломжгүй талаар Хууль зүй дотоод хэргийн яамнаас мэдэгдсэн... Дээрх асуудлыг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулж 2017 онд багтаан шийдвэрлэх чиглэл авсны дагуу 2017 онд Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд экспортлох зөвшөөрлийг олгосон. /хавсралтад нэр дурдагдсан/ Иймд Дэрэвгэр жиргэрүү ургамлыг экспортлох зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж хамтран ажиллах” талаар мэдэгджээ.
Гэвч Гаалийн ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/134 дүгээр албан бичгээр Б О А Ж Сад “... танай албан бичгийн хавсралтаар Дэрэвгэр жиргэрүү ургамал экспортлох зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүд хуульд заасан судалгаа, шинжилгээний зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа гэх үндэслэлгүй ...” гэсэн албан бичгийг хүргүүлснээр, Б О А Ж Сын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/468 тоот албан бичгээр эдгээр компаниудын экспортод гаргаж буй Дэрэвгэр жиргэрүү ургамлын дээжид хийлгэсэн шинжилгээний дүгнэлтийг хүргүүлсэн байна.
Ингээд Гаалийн ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/423 дугаар албан бичгээр “...Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасан “... эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд улсын хилээр гаргахыг хориглоно” гэж заасантай зөрчилдөж байгаа тул танай яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу байгалийн Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэх боломжгүй.” гэж шийдвэрлэсэн.
Дэрэвгэр жиргэрүү буюу Saposhnikovia divaricata нэртэй ургамал нь Монгол улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолоор батлагдсан Ховор ургамлын жагсаалтад бүртгэгджээ.
Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгээс Дэрэвгэр жиргэрүү ургамлын дээжинд хийсэн шинжилгээний дүгнэлтэд “...Дэрэвгэр жиргэрүү ургамлын хатаасан үндсэн дэх нөхөн сэргэх нахиа нь ургах чадвараа алдсан байдаг тул цаашид тарималжуулалтад ашиглах боломжгүй. Хатаасан үндсийг ургамлын гаралтай эмийн түүхий эд болгон бүтээгдэхүүн хийхэд ашиглах боломжтой” гэж, мөн уг хүрээлэнгээс Дэрэвгэр жиргэрүү ургамлын хэрэглээний талаархи тайлбарт ”...Дэрэвгэр жиргэрүү ургамлын хатаасан үндэс нь ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн юм. Дорнын уламжлалт анагаах ухаанд Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг шууд ургамал чигээр нь эмийн бүтээгдэхүүн болгон ашигладаг талаар ном хэвлэлд дурдсан байна.” гэж дүгнэсэн байна.
Харин дээрх дүгнэлтийг гаргасан доктор Ц.Б г гэрчээр асуухад Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг эцсийн бүтээгдэхүүн мөн эсэх талаар тодруулахад “... Чихэр өвс, Хунчир, Дэрэвгэр жиргэрүү, Бадаан гэх мэт ургамлын үндсийг ямар нэг боловсруулалт хийлгүйгээр эмийн бүтээгдэхүүний оронд хэрэглэж байгаа. Тэгэхээр энэ нь эмийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа эцсийн бүтээгдэхүүн болж байна.” гэж мэдүүлсэн.
Дээрх дүгнэлт, мэдүүлгээс үзэхэд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг эцсийн бүтээгдэхүүн гэж үзэн хилээр гаргах тусгай зөвшөөрөл олгож ирсэн бөгөөд энэхүү тусгай зөвшөөрлийн дагуу Гаалийн байгууллага 2004-2016 онд гаалийн бүрдүүлэлтийн 100 горимоор нийт 378.224.00 кг Дэрэвгэр жиргэрүү ургамлын хатаасан үндсийг улсын хилээр экспортод гаргасан талаар Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн статистик мэдээлэлд дурдагджээ.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/381 дугаар тушаалаар батлагдсан “Байгалийн ургамал түүж бэлтгэх, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаад улсад гаргах зөвшөөрөл олгох журам”-ын 2.4-т “Нэн ховор, ховор ургамал тэдгээрийн гаралтай эд зүйлийг судалгаа шинжилгээний зориулалтаар эсвэл эцсийн бүтээгдэхүүн болсон тохиолдолд гадаад улсад гаргах зөвшөөрөл олгоно...”, 2.5-д “Байгалийн ургамал түүж бэлтгэх, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаад улсад гаргах зөвшөөрлийг иргэн, хуулийн этгээдийн эрх бүхий байгууллагад гаргасан хүсэлтийг үндэслэн олгоно” гэж журамласан байна.
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/71 дүгээр тушаалаар “...Дэрэвгэр жиргэрүүг түүж бэлтгэх зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд 360 тоннд багтаан 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн олгох...”-оор шийдвэрлэжээ.
ГЕГ Байгаль орчны сайдаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу 2017 онд бэлтгэгдсэн Дэрэвгэр жиргэрүү ургамлыг улсын хилээр нэвтрүүлэхгүй байгаа үндэслэлээ “Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасан “... эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд улсын хилээр гаргахыг хориглоно” гэж заасантай зөрчилдөж байгаа..., мөн “Монгол улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанд танилцуулж 2017 онд багтаан шийдвэрлэх чиглэл авсны дагуу 2017 онд Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд экспортлох зөвшөөрлийг олгосон” боловч Засгийн газрын тэмдэглэлээс үзэхэд тодорхой шийдвэр гараагүй” гэж тайлбарладаг.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлд үзлэг хийхэд “2017 онд түүж бэлтгэсэн Дэрэвгэр жиргэрүү ургамлыг гадаад улсад гаргах зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн талаар Б О А Ж С Н.Цэрэнбат танилцуулав.” гэсэн хэсэг тэмдэглэгдсэн бөгөөд Б О А Ж Саас “уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, 2017 онд багтаан шийдвэрлэх чиглэл авсны дагуу 2017 онд Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд экспортлох зөвшөөрлийг олгосон.” талаар ГЕГт мэдэгдсэн байдаг.
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/279 дүгээр тушаалаар “Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэх, гадаад улсад гаргах зөвшөөрөл олгохыг түр хугацаагаар хориглох”-оор шийдвэрлэсэн боловч уг тушаалыг Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 1-1/4027 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болгож, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар “...Дэрэвгэр жиргэрүүг ... судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар байгалиас түүж бэлтгэхийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар хориглосон нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Монгол улсын Засгийн газрын Байгаль орчны асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Б О А Ж С Дэрэвгэр жиргэрүү ургамлын талаар дээр дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлж, 2017 онд батлагдсан хэмжээ, зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэсэн Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэх талаар ГЕГ мэдэгдсэн боловч ГЕГ нь Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Гаалийн байгууллага, албан тушаалтан нь улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, гаалийн бүрдүүлэлт хийх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоомжид зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно.” гэж заасныг зөрчиж өөрт олгогдоогүй чиг үүргийг хэрэгжүүлж, тусгай зөвшөөрөл бүхий ургамлыг хилээр нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн.
Тодруулбал: Дэрэвгэр жиргэрүү ургамлыг эцсийн бүтээгдэхүүн биш гэж тогтоох эрх Гаалийн байгууллагад хуулиар олгогдоогүй атал Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4-т “Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно.” гэж заасныг зөрчсөн гэж үзэн, Б О А Ж Сын олгосон тусгай зөвшөөрлийн дагуу 2017 онд түүж бэлтгэсэн Дэрэвгэр жиргэрүү ургамлыг улсын хилээр нэвтрүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус юм.
Харин нэхэмжлэгч компаниудын гаргасан “...Дэрэвгэр жиргэрүү ургамлыг улсын хилээр гаргахыг ГЕГт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.
Учир нь хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б-О, Б Ж, Д Т, М Г, Цагаан биндэръяа, А О, Н Ш, Э Д Г ТХХК-иуд Байгалийн ховор ургамлыг түүж, бэлтгэх зөвшөөрөл болон Байгалийн ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад гаргах зөвшөөрөлтэй, Н С Р, Ө, Э П, Э Ү, Юу И Эйч, Т Х ХХК-иуд Байгалийн ховор ургамлыг түүж, бэлтгэх зөвшөөрөлтэй.
Эдгээр компаниудаас зөвхөн Б Ж ХХК нь Дэрэвгэр жиргэрүү ургамлыг тусгай зөвшөөрлийн дагуу улсын хилээр гаргахаар гаалийн байгууллагад хандаж татгалзсан хариу авчээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 14 компани бүр ижил нөхцөл байдалтай гэж үзэхээргүй, зарим компани энэхүү захиргааны хэргийг хэрхэн шийдвэрлэгдэж, хүчин төгөлдөр болохоос шалтгаалан ургамлыг хилээр гаргах зөвшөөрлийг Байгаль орчин аялал жуулчлалын сайдаас өгөхөөр хүлээгдэж байгаа, зарим компани Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ургамлын эрүүл ахуйн гэрчилгээг гаргуулахаар хандсаныг шийдвэрлэх боломжтой болох талаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбарт дурдагдаж байна.
Иймд нэхэмжлэгч Б-ОХХК болон нэр бүхий 14 компанийн 2017 онд түүж бэлтгэсэн Дэрэвгэр жиргэрүү ургамлыг улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзсан Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч компаниудын 2017 онд түүж бэлтгэсэн Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэхийг ГЕГт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Дэрэвгэр жиргэрүү ургамлыг гадаадад гаргахаар “Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ” хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс уйлдэхүй хууль бус болохыг тогтоож. Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ нэхэмжлэгч компаниудад олгохыг М Х Е Гт даалгах шаардлагын тухайд:
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нэхэмжлэгч Б Ж ХХК-ийн түүж бэлтгэсэн Дэрэвгэр жиргэрүү ургамалд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүл ахуйн гэрчилгээ олгосон боловч Гаалийн ерөнхий газраас улсын хилээр гаргаагүйгээс гэрчилгээний хүчинтэй байх 1 сарын хугацаа дууссан байна.
Нэхэмжлэгч нараас ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ гаргуулахаар М Х Е Гт хандахад “...Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас олгосон Байгалийн ургамал, ойн дагалт баялаг, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад гаргах зөвшөөрөл нь Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т заасантай зөрчилдөж байгаа тухай албан бичгийг Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн. Иймд дээрх асуудлыг төрийн захиргааны төв байгууллагаас хуулийн хүрээнд шийдвэрлэсэн тохиолдолд манай байгууллагын зүгээс лабораторийн шинжилгээний дүнд үндэслэн Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ олгоход татгалзах зүйлгүй.” гэсэн хариуг өгч хүсэлтийг шийдвэрлээгүй байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “...Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/12 дугаар албан бичгээр 2017 онд Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэх, экспортлох зөвшөөрлийг олгосон 22 аж ахуйн нэгжийн нэрсийг ирүүлсэн. Иймд дээрх нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн Дэрэвгэр жиргэрүү ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ олгогдсоор ирсэн. Гэтэл Гаалийн ерөнхий газраас “...Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэх боломжгүй гэсэн албан бичиг ирүүлсэн. Засгийн газрын 137 дугаар тогтоолоор эрүүл ахуйн гэрчилгээ нь олгосон өдрөөс хойш 1 сарын хугацаанд хүчинтэй байдаг тул төрийн байгууллагуудын хоорондын үл ойлголцлоос болж, манай байгууллага аж ахуйн нэгжүүдэд чирэгдэл учруулахгүй байх үүднээс уг асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн тохиолдолд эрүүл ахуйн гэрчилгээ олгохоос татгалзах зүйлгүй” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Монгол улсын Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 173 дугаар тогтоолоор Монгол Улсын хилээр нэвтрүүлэх мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд экспорт, импортын гэрчилгээ олгох асуудлыг журамласан байна.
Дээрх журамд Эрүүл ахуйн гэрчилгээ олгохгүй байх нөхцөлийг дараах байдлаар зохицуулсан: Үүнд: “3.1. Амьтан, ургамал, бүтээгдэхүүнд гэрчилгээ олгохыг дараахь тохиолдолд хориглоно: 3.1.1. Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан шаардлага нөхцөлийг хангаагүй; 3.1.2. импортын мэдэгдэлтэй боловч экспортлогч орны эрх бүхий байгууллагын гэрчилгээгүй, эсхүл экспортын гэрчилгээтэй боловч импортын мэдэгдэлгүй;3.1.3. амьтан, ургамлын хорио цээртэй зүйлийн шинж тэмдэг илэрсэн;3.1.4. импортлогч орны эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг хангаагүй.” гэжээ.
Харин нэхэмжлэгч компаниудын хувьд журамд заасан нөхцөлийг хангасан бөгөөд уг журмын” 6.2. Ургамлын хорио цээрийн гэрчилгээ нь олгосон өдрөөс хойш ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эдэд 1 сар,…” гэж заасан байх тул “...тусгай зөвшөөрөл бүхий Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр гаргах асуудал шийдвэрлэгдэх хүртэл эрүүл ахуйн гэрчилгээ олгох нь ач холбогдолгүй” гэж үзсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тайлбарыг буруутгах боломжгүй юм.
Гэхдээ хууль журамд заасан нөхцөл болзлыг хангасан тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжүүдэд Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэн Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ олгохоос татгалзсан хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүйг зөвтгөх үндэслэл байхгүй тул нэхэмжлэгч 14 компанийн М Х Е Гт эрүүл ахуйн гэрчилгээ олгохоор гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бусад тооцож, эрүүл ахуйн гэрчилгээ олгохыг даалгах нь зүйтэй байна.
Дээрх дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Б-ОХХК болон нэр бүхий 14 компанийн 2017 онд түүж бэлтгэсэн Дэрэвгэр жиргэрүү ургамлыг улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзсан Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүй, Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ авах хүсэлтийг шийдвэрлээгүй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, Б-ОХХК болон 14 компанид Эрүүл ахуйн гэрчилгээ олгохыг М Х Е Гт даалгаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох нэхэмжлэгч компаниудын 2017 онд түүж бэлтгэсэн Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэхийг ГЕГт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Байгалийн ургамлын тухай хуулийн Байгалийн ургамлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Б-ОХХК болон нэр бүхий 14 компанийн 2017 онд түүж бэлтгэсэн Дэрэвгэр жиргэрүү ургамлыг улсын хилээр нэвтрүүлэхээс татгалзсан Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүй, Ургамлын эрүүл ахуйн гэрчилгээ авах хүсэлтийг шийдвэрлээгүй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, Б-ОХХК болон 14 компанид Эрүүл ахуйн гэрчилгээ олгохыг М Х Е Гт даалгаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох нэхэмжлэгч компаниудын 2017 онд түүж бэлтгэсэн Дэрэвгэр жиргэрүү ургамлыг хилээр нэвтрүүлэхийг ГЕГт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас 35100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН