Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 15 өдөр          Дугаар 226/МА2018/00013                     Хэрлэн сум

 

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй  

А.Б-т холбогдох иргэний хэргийн талаар

 

226/2018/0013/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Уламбаяр

Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Х,

Хариуцагч: А.Б-,

           Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Б нарыг оролцуулан

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 425 дугаар шийдвэртэй, “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй  А.Б-т холбогдох “дутагдуулсан барааны үнэ 1146842  төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч А.Б-ын давж заалдах гомдлоор 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А.Б- нь 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “Ж” ХХК-ийн “Оч” хүнс барааны дэлгүүрт хүнсний кассчин, худалдагчаар ажилд орох хүсэлт гаргаснаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 02 сарыг хүртэл хугацаанд хүнсний барааны худалдагч кассаар ажиллахдаа нийт 1.146.842 /нэг сая нэг зуун дөчин зургаан мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийн бараа дутагдуулсан.

А.Б- нь өөрийн дутагдуулсан барааны үнийг одоог болтол төлж барагдуулаагүй байна. Иймд А.Б-оос 1.146.842  төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэнчимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б-той 2016.8.10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан кассчин, худалдагчаар ажиллуулсан. Сарын цалинг 300 000 төгрөг, борлуулалтын орлогын 0.6 хувиар урамшуулж цалинжуулахаар тохиролцсон юм.

А.Б- нь 2016.8.12-ны өдрөөс 2017.01.15-ны өдрийг хүртэл 4 удаагийн суултанд 89 хоног  ажилласан.

Нэг дэх суулт: 2016.8.12-ны өдрөөс 2016.9.10-ны өдрийг хүртэл 30 хоног ажилласан. 431 992 төгрөгийн цалин бодогдсон, урьдчилгаанд 102 922 төгрөг авсан, үлдэгдэл 134 178 төгрөгийг Бямбаноров цалин гэж хүлээж авсан. Энэ үед 194 891 төгрөгний дутагдал гаргасан.

2 дах суулт: 2016.9.27-ны өдрөөс 2016.10.20-ны өдрийг хүртэл 24 хоног ажилласан. Цалинд 410 427 төгрөг бодогдсноос Бямбаноров урьдчилгаанд 86 233 төгрөг авсан. Бусад суутгалд 176 918 төгрөгийг суутгасан. Гарт нь 147 274 төгрөгийг өгсөн. Энэ үед 176 918 төгрөгийн дутагдал гаргасан.

3 дах суулт: 2016.11.11-ний өдрөөс 2016.11.25-ныг хүртэл 15 хоног ажилласан. Цалинд 208 372 төгрөг бодогдсон. Урьдчилгаанд 127 408 төгрөг Бямбаноров авсан. Үлдсэн 80 963 төгрөгийг өр дутагдалд суутгасан. Энэ үед 594 874 төгрөгийн дутагдал гаргасан.

4 дэх суулт: 2016.12.27-ны өдрөөс 2017.01.15-ны өдрийг хүртэл 20 хоног ажилласан. 284 093 төгрөгийн цалин бодогдсон. Урьдчилгаанд 64 700 төгрөг Бямбаноров авсан. Суутгал 219 393 төгрөг суутгасан. Энэ үед 681 824 төгрөгийн дутагдал гаргасан.

Нийтдээ 1 648 508 төгрөгийн дутагдал Бямбаноров гаргасан ба түүний цалингаас суутгасан суутгалуудыг хасаад 1 146 842 төгрөгийн үлдэгдэл тооцоо байгаа юм.

Үүний 976 342 төгрөг нь Бямбаноровын өөрийнх нь гаргасан бараа материалын дутагдал,  мөн хянах худалдагч Энхтуяатай гардаг байхдаа 170.500 төгрөгийн дутагдал  үүнийг хариуцаж төлөхөөр Бямбаноров өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг юм.

Дутагдлыг тооцохдоо орлогын дэвтрүүд дээр тулгалт хийгээд бараа материалын үлдэгдэлтэй тооцоо нийлээд явдаг”  гэжээ.

Хариуцагч А.Б- нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...“Ж” ХХК-нд би  2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ажилд орсон.  6 сарын турш ажиллахдаа 250 000 төгрөгийн цалин авч байсан. Надад идэж ашигласан зүйл байхгүй.Компанид хохирол учруулаагүй учраас 1 146 842 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч А.Б- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Эхний 2 суултанд гарсан дутагдлыг цалингаасаа суутгуулсан. Цалин багатай ажилд, өдөртөө ганцхан  цай хоол идэж  байсан. “Оч” дэлгүүрт ажилласан хүн болгон өрөнд ордог. Нийт хүмүүсийн өр 30 гаран сая болсон гэж байгаа. Надаас нэхэмжилж байгаа 1 146 842 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би төлж чадахгүй, боломжгүй, намайг дутагдуулсан бараа материалаа төл гээд цаг үргэлж шахаж дарамтлаад гэр орноор ирээд байхаар нь нялх  хүүхэдтэй тул хэрүүл маргаан хийгээд яахав гээд  төлнө гэсэн бичгийг бичиж өгч байсан” гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 425 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч А.Б-оос 976 342 /есөн зуун далан зургаан мянга гурван зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 170 500 /нэг зуун далан мянга таван зуу/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 700 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Б-оос 27 982 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-нд олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч А.Б- давж заалдах гомдолдоо: ”...Хэргийн материалаас харахад намайг 1.146.842 төгрөгийг дутаасан гэх баримт байхгүй, зөвхөн нэхэмжлэгчийн амаар уг асуудлыг шийдвэрлэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би тэр дэлгүүрээс ганц ч төгрөг аваагүй, юу ч авч идээгүй болно” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч А.Б-т холбогдуулан “дутагдуулсан бараа, бүтээгдэхүүний үнэ 1 142 842 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч А.Б- нь “ажиллах хугацаанд идэж ашигласан зүйлгүй тул 1 142 842 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Ажил олгогч “Ж” ХХК ажилтан А.Б- нарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 10 ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний 1.8-т “ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ компанид хохирол учруулбал хөдөлмөрийн хуулийн 132, 136 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ” гэж заажээ.

          Ажилтан А.Б- нь “Жонст” ХХК-ийн “Оч” дэлгүүрт 2016 оны 8 дугаар сарын 12-наас 2017 оны 01 дүгээр сарын 25 хүртэлх хугацаанд 4 удаагийн ээлжээр 89 хоног ажиллахдаа 1 142 842 төгрөгийн дутагдал гаргасан нь нэхэмжлэгчийн тайлбар, цалингийн хүснэгтүүд, бэлэн болон бэлэн бус тооцоо нийлсэн актууд, хариуцагчийн төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн баримт, гэрч нягтлан бодогч Н.Алтаннавчийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч А.Б- 1 142 842 төгрөгийн дутагдал гаргаагүй гэх боловч, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буйгаа нотлох баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан ”шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй тул түүний давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримталж хууль буруу хэрэглэсэн байх тул зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 425 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “492 дугаар зүйлийн 492.1.1-т” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3-т” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч А.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28 000  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

                                                                                                    Я.АЛТАННАВЧ