Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/158

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э,Намуун,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Ч.Л******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Ч.Л*******од холбогдох эрүүгийн 2415000720100 дугаартай, 163/2024/0165/Э индекстэй хэргийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******ийн Л*******, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, *******,*******,******* оршин оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 44 настай, эрэгтэй, РД:*******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ч.Л******* нь Булган аймгийн Баян-Агт сумын 4 дүгээр багийн нутаг “Хөтөл ус” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 5 ширхэг босоо хуурай шинэс төрлийн модыг 44 хэсэг болгон тайрч бэлтгэн өөрийн эзэмшлийн 91-11 ОРХ улсын дугаартай Hyundai mighty-2 загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж явсны улмаас байгаль экологид төгрөгийн 2,115,420 төгрөгийн шууд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 6,346,262 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Л*******ын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415000720100 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ч.Л******* нь Булган аймгийн Баян-Агт сумын 4 дүгээр багийн нутаг “Хөтөл ус” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 5 ширхэг босоо хуурай шинэс төрлийн модыг 44 хэсэг болгон тайрч бэлтгэн өөрийн эзэмшлийн 91-11 ОРХ улсын дугаартай Hyundai mighty-2 загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж явсны улмаас байгаль экологид 2,115,420 төгрөгийн шууд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 6,346,262 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Л*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт цугларсан:

1. Гэрч Г.Амартүвшингийн өгсөн: "... Би 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагаас 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн  09 цаг хүртэл Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Зоон давааны постод хуваарийн дагуу олон нийтийн цагдаа Чойжамцын хамт үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байхад 23 цаг 30 минутын орчимд зам дээр шалгалт хийж байхад Булган аймгийн чиглэлээс Орхон аймгийн чиглэлд 95-11 ОРХ улсын дугаартай улаан өнгийн Маяти-2 маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгасан. Тухайн тээврийн хэрэгсэлд 3 эрэгтэй хүн явж байсан. Тэгээд жолооч болох Л******* гэх залуугаас юу ачиж яваа талаар асуухад Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багаас барилгын материал ачиж явж байна гэсэн. Тэгээд ачааг нь үзтэл мод ачиж явахаар нь би мод бэлтгэх зөвшөөрөл байгаа талаар асуухад тийм зөвшөөрөл байхгүй гэдэг талаар хэлсэн..." гэх мэдүүлэг хавтаст хэргийн 48 дахь тал/,

2. Гэрч Ч.Б*******ын өгсөн: "... 2024 оны 03 дугаар сарын 14-ний өглөө манай төрсөн ах Ч.Л******* нь намайг модонд цуг яваад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн найз Б.Эыг хамт яваад өгөөч гэж гуйгаад бид 3 өглөөний 06 цагийн үед Булган аймгийн Хутаг-Өндөр сум Уньт баг руу явсан. Тэгээд бид 3 Уньтад очоод багийн төвийн урд руу ууланд гараад унасан унианги мод хөрөөдөж бэлдэж байгаад манай ах Ч.Л******* нь босоо 4-5 ширхэг нарийн хуурай мод унагааж хөрөөдөж бэлдсэн. Найз бид хоёр ахад модыг ачихад болон цагаалахад тусалсан. Тэгээд бид 3 модоо ачаад явж байгаад Булган аймгийн төвд буюу Зоон давааны постны  ойролцоо явж байсан чинь цагдаа зогсоож шалгаад зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна гээд Булган аймгийн Цагдаагийн газар дээр авч ирсэн... Эрхийн бичиг байхгүй гэдгийг мэдээгүй. Харин цагдаад баригдсаны дараа нь эрхийн бичиггүй модонд явсан юм байна гэж мэдсэн..." гэх мэдүүлэг хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

3. Гэрч Б.Эын өгсөн: "... 2024 оны 03 дугаар сарын 14-ний өглөө манай найз Б******* хамт манай ахын модонд Булган аймгийн Хутаг-Өндөр сум Уньт баг руу явчхаад ирье гэж гуйхаар нь би зөвшөөрсөн. Тэгээд бид 3 өглөөний 6 цагийн үед Орхон аймгаас гарсан. Тэгээд би машинд ороод унтаад явж байсан чинь нэг мэдсэн чинь ууланд ирсэн байсан. Тэгээд манай найз Б*******ын ах Л******* ургаа мод хөрөөдөж унагаагаад машинд ачих хэмжээтэй болгохоор нь найз бид хоёр ахад модыг нь цагаалж ачилцаж өгсөн. Тэгээд бид 3 ууланд модоо бэлдэж машиндаа ачиж дуусаад Орхон аймаг руу хөдөлсөн. Булган аймгийн төвд орж ирээд цагдаагийн постон дээр явж байсан чинь цагдаа зогсоосон. Тэгээд манай найз Б*******ын ах Л******* цагдаатай машинаасаа бууж уулзсан. Тэгээд цагдаа нар модтой машиныг нь журамлаад бид гурвыг цагдаагийн газар дээр дагуулж ирсэн... Манай найз Ч.Б******* төрсөн ах Ч.Л*******ын түлшинд хэрэглэх зориулалттай модонд явсан. Манай найзын ах Ч.Л******* манай найз бид хоёрыг модонд дагуулж явсан. Эрхийн бичиг байхгүй гэдгийг нь мэдээгүй..." гэх мэдүүлэг хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

4. Шинжээчийн №1470 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 5 дугаартай модны тайрдас Pinaceae нарсны овгийн Larix sibirica Сибирь шинэс болох нь тогтоогдов. Тус бэлтгэсэн 44 ширхэг модыг 184-190 см-ийн урттайгаар тайрч бэлтгэсэн байгаа нь хэрэглээний бөөрөнхий мод байна. Дээж болгон авсан модны хуурай, нойтон аль нь болохыг тогтоох зорилгоор ММ82470:1978 стандартын арга ашиглан жингийн алдагдлыг тооцож үзэхэд 9,09%-ийн чийгтэй байгаа тул хуурай мод байна... Мод бэлтгэсэн гэх Булган аймгийн нутаг дэвсгэр нь ойн мужлалын үзүүлэлтээрээ гуравдугаар мужид хамаарна... 44 ширхэг модны м3 хэмжээг MNS2379:2010 стандартын арга ашиглан бодоход 4.39 м3 байна. 44 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээг байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу тооцов. Нийт экологи эдийн засгийн үнэлгээ 115.420 төгрөг гэх дүгнэлт...” /хавтаст хэргийн 84 дэх тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Х.Эрдэнэ-Очир, гэрч Г.Амартүвшин, Ч.Б*******, Б.Э нарын өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судлахад,

 Шүүгдэгч Ч.Л******* нь Булган аймгийн Баян-Агт сумын 4 дүгээр багийн нутаг “Хөтөл ус” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 5 ширхэг босоо хуурай шинэс төрлийн модыг 44 хэсэг болгон тайрч бэлтгэн өөрийн эзэмшлийн 91-11 ОРХ улсын дугаартай Hyundai mighty-2 загварын тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж явсны улмаас байгаль экологид төгрөгийн 2,115,420 төгрөгийн шууд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 6,346,262 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь болох нь хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ч.Л******* нь зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.

Шүүгдэгч Ч.Л******* нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж буюу мод бэлтгэхдээ эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авахгүйгээр мод бэлтгэн тээвэрлэсэн үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Л******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Л*******оос  байгаль экологид учруулсан хохирол, нөхөн төлбөрт 5.346.262 /зургаан сая гурван зуун дөчин зургаан мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгохоор шийдвэрлэв.

Шүүхийн шатанд шүүгдэгч Ч.Л******* нь гэмт хэргийн хохиролд 1.000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдъя.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.Л*******ыг ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Л*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Л*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэргийн 150-157,165 дахь талд авагдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чингэл багийн Засаг даргын тодорохойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Л******* нь *******,*******,******* оршин оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Улсын яллагч шүүгдэгч Ч.Л*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Ч.Л*******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.494.961 төгрөгийн үнэлгээ бүхий 95-11 ОРХ улсын дугаартай Hyundai mighty-2 маркийн тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 5 ширхэг буюу 44 хэсэг болгон тайрсан төрлийн хуурай модыг тус тус хурааж, улсын орлого болгох, эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 98.000 төгрөгийн үнэлгээ бүхий моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого тус тус болгох саналыг,

Шүүгдэгч Ч.Л******* нь тусгайлан гаргах саналгүй гэдгээ шүүх хуралдааны явцад илэрхийлсэн байна.

Шүүх Ч.Л*******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж  дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл зэргийг заавал хураана гэж ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Л*******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.494.961 төгрөгийн үнэлгээ бүхий 95-11 ОРХ улсын дугаартай Hyundai mighty-2 маркийн тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 5 ширхэг буюу 44 хэсэг болгон тайрсан төрлийн хуурай модыг тус тус хурааж, улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Л******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 98.000 төгрөгийн үнэлгээ цагаан өнгийн цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******ийн Л*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Ч.Л*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван /15/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.Л******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Л*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Ч.Л*******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.494.961 төгрөгийн үнэлгээ бүхий 95-11 ОРХ улсын дугаартай Hyundai mighty-2 маркийн тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 5 ширхэг буюу 44 хэсэг болгон тайрсан  хуурай  төрлийн модыг тус тус хурааж, улсын орлого болгосугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн 98.000 /ерэн найман мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Л*******оос  байгаль экологид учруулсан хохирол, нөхөн төлбөрт 5.346.262 /таван сая гурван зуун дөчин зургаан мянга хоёр зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

8.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.СУВД-ЭРДЭНЭ