Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/152

 


2024           07           22                                  2024/ШЦТ/152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун,

улсын яллагч П.Шижиртуяа

шүүгдэгч Б.Б*******, түүний өмгөөлөгч  П.Г******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б*******д холбогдох эрүүгийн 2415000840138 дугаартай, 163/2024/0158/Э индекстэй хэргийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х******* овогт Б******* Б*******, Булган аймгийн С суманд 1978 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, Булган аймгийн С сумын Угалз багт оршин суух бүртгэлтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, 46 настай, эрэгтэй,

Урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 20-ны өдөр 2022/ШЦТ/213 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2415000840138 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Б******* нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/213 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дах заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн орчимд 0.37%-ийн согтолттой үедээ Булган аймгийн С сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт **-** БУЛ улсын дугаартай Chevrolet AVEO-Т250 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалтыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь  

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Гэрч Н.Б өгсөн: “...Би тухайн өдөр ээлжийн ажилтай байсан, нөхөр гэртээ хоол хийж байна гэхээр нь надад хоол дөхүүлээд өгөөч гэж хэлсэн манай хүн за гэж байсан, хэсэг хугацааны дараа нөхрийн дугаар луу залгахад манай бага охин аваад аав цагдаагийн хэсэг дээр байна гэхээр нь би цагдаатай уулзаж байгаа байх гэж ойлгосон. Тэрнээс архи уугаад машин барьсан гэж бодоогүй. Тэгээд цагдаагаас гэртээ ирэхээр нь чи архи уусан юм уу? Яагаад машин барьсан юм гэж асуусан. Тэгсэн гадаа хүйтэн салхи шуургатай байна. Надад халуун дээр нь хоол дөхүүлж өгөх гээд машин барьсан гэж хэлсэн. Ганбатын гэрт нэг шаазан аяга Монгол архи уусан өөр зүйл уугаагүй гэж надад хэлэхээр нь би чи уусан юм бол надад хэлэхгүй тэгсэн бол би өөрөө хоолоо очоод авна шүү дээ гэж нөхөртөө хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

3. Гэрч Г.Б өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 26-ны орой 17 цагийн үед С сумын төвд хяналт, шалгалт хийж байх үед С сумын 5 дугаар багт **** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байхаар нь зогсоож шалгахад Б.Б******* гэдэг залуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь илт мэдэгдсэн. Би Б*******г аваад шууд С сумын цагдаагийн кобан байранд авчраад согтуурал хэмжих багаж буюу драйгераар үлээлгэж шалгахад 0.37-той байсан... Б.Б******* нь 2022 оны 10 дугаар сард архи уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргаж шүүх хурлаар ороод 3 жилээр эрхээ хасуулж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

4. Гэрч Б.Б өгсөн: “...Ганбатын гэрт хүний 3 аяга Монгол архи уусан, тэгээд Б.Б******* нь машин барьж намайг гэрт хүргэж өгөөд өөрөө гэртээ харьсан Б.Б******* нь нээх согтоогүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

5. Гэрч Б.Б өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 26-ны орой 17 цагийн үед С сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Б хамт С сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүл, шалгалтын үүрэг гүйцэтгэж байх үед бид хоёр шалгалт хийж байсан газарт **** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байхаар нь зогсоож шалгахад Б.Б******* гэх залуу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь ил мэдэгдээд байхаар нь С сумын цагдаа Г.Батзориг бид хоёр нөгөө залууг аваад шууд цагдаагийн кобан байранд авчраад драйгераар үлээлгэж шалгахад 0.37%-тай байсан. Тэгээд машиныг түр саатуулаад өөрийг нь гэр бүлийн хүнд нь хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

6. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн магадалгаа: “... Булган аймгийн С сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр *** БУЛ улсын дугаартай "Chevrolet AVEO" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Б******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалтад "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэж заасныг зөрчсөн...” гэх магадалгаа /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

7. Жолооч Б.Б******* нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/213 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 53-67 дахь тал/,

8. Яллагдагч Б.Б*******гийн  өгсөн: “... Ганбат Монгол архи халааж өгөхөөр нь тэр архинаас нь Базарсад бид хоёр хувааж ууж дуусагдчихаад Базарсадыг гэрт нь хүргэж өгчхөөд би гэр лүүгээ хариад байж байсан чинь эхнэр намайг хоол аваад ажил дээр аваад ир гэхээр нь би хоол саванд хийгээд өөрийн **** БУЛ улсын дугаартай "Chevrolet AVEO" маркийн тээврийн хэрэгслийг унаад эхнэрийн ажил руу явж байтал сумын цагдаа намайг зогсоож шалгаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд цагдаа дээр авчирч драйгерь үлээлгэсэн. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулчихсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч Б.Б******* нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/213 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дах заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 17 цагийн орчимд 0.37%-ийн согтолттой үедээ Булган аймгийн С сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт **** БУЛ улсын дугаартай Chevrolet AVEO-Т250 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалтыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт тогтоогдсон байна.

Б.Б******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар өөрөө мэдүүлсэн ба 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн эрх бүхий албан тушаалтан Б.Батбаатарын согтолтыг шалгасан тэмдэглэлээр түүний согтуурал 0.37% промилли спирт илэрсэн буюу хөнгөн зэргийн согтолттой байсан болох нь тогтоогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбарласан байна.   

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.Б*******г дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Б.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан  үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Б******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан  үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бөгөөд уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч  Б.Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж,  3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.0000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Г*******: Саналыг дэмжиж байна тусгайлан гаргах  

саналгүй гэв.

Шүүх шүүгдэгч Б.Б*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 3000  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х******* овогт Б******* Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******г  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногийн хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Шүүгдэгч Б.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн  хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Б.Б******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.СУВД-ЭРДЭНЭ