| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2024/0128/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/182 |
| Огноо | 2024-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/182
2024 02 21 2024/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,
хохирогч Ц.Г,
шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Г.Өлзийхишиг нарыг оролцуулан тус шүүхийн Ё танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бн овогт Сийн Ныг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 3563 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ныг хххх оны ххх дугаар сарын хх-ны өдөр Баянзүрх дүүргийн хх дугаар хороо хх тоотод иргэн Ц.Гтай эд хөрөнгийн улмаас маргалдаж түүний толгойн тус газар нь заазуурын ар талаар цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:
Шүүгдэгч С.Н нь ххх оны ххх дугаар сарын ххх-ны өдөр Баянзүрх дүүргийн хх дугаар хороо ххх тоотод иргэн Ц.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/,
БЗДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 02/,
Хохирогч Ц.Гын мөрдөн шалгах ажилгаанд өгсөн:
“Манай компаний оффисийн байр буюу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо ххх тоотод С.Н гэх гүйцэтгэх захирлын туслах гэрээ нүүлгээд орсон байсан. Тэгээд манай компаний зүгээс уг эмэгтэйг байраа сулла бид нар оффистоо ажилаа хиймээр байна гэж удаа дараа хэлсэн. Тэгтэл байр огт суллаж өгөхгүй байсан.
Тэгээд ххх-ны өдөр гүйцэтгэх захиралын хамт би байранд очоод байраа суллаж өгөө гэтэл хаалгаа нээгээд хэл амаар доромжилсон. Бид нар байр руу ороод яагаад гэрээ нүүлгээд ирсэн юм, та байраа суллаж өгөх ёстой гэтэл Н заазуур гаргаж ирээд миний хоолойнд тулгаад миний толгойн ар хэсэгт заазуураар цохиж, нүүр рүү хамар хэсэг рүү, цээж рүү бас цохисон. Тэгээд толгойноос цус гараад тогтохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06/,
Насанд хүрээгүй гэрч Н.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Тухайн үед би ээжийн хамт гэртээ унтаж байсан. Тэгтэл өглөө хаалга тогшихоор нь сэрсэн, ээж очиж хаалга нээсэн. Тэгтэл ээжийн ажилладаг компаний хятад захирал ах Номио ярилцъя гэж хэлж байсан. Тэгээд ээж хүүхдүүд унтаж байна гэтэл хэдэн хүмүүс гэрт ороод ирсэн. Тэгээд ээж хашгираад та нар гэрт дайрч ордог хэн бэ гээд хөөж гаргах гэтэл гарахгүй байсан. Би босч очоод бас тэр хүмүүсийг гар гэтэл гарахгүй байсан. Энд хүүхэд оролцож болохгүй цаашаа бай гээд намайг түлхээд холдуулаад байсан. Тэгээд Г ах орж ирээд бичлэг хийгээд намайг бас түлхээд цаашаа бай гээд намайг түлхээд байсан. Бас цоож солих гээд байхаар нь гараараа боль гэхэд Г ах миний гарыг мушгиад боль гээд түлхээд байсан. Ээж уурлаад гартаа нэг юм бариад л хүмүүстэй маргалдаад байсан. Г ах миний биед халдаж намайг хэд хэдэн удаа түлхэж миний гарыг мушгисан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Гэрч Д.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Тухайн өдөр миний танил Г над дээр ирээд талийгаач Мөнхбатын эхнэр нь манай офиссийн байранд амьдраад байна яах вэ бид нар үйл ажиллагаа явуулах гэсэн ерөөсөө байрнаас гарахгүй байна гэхээр нь би Мөнхбатын эхнэрийг сайн танина шүү дээ их зөөлөн ухаантай хүн байдаг юмдаа би хамт явж уулзъя гээд ххх-ны өдөр ххх тоотод руу очсон. Тухайн үед компанийнх нь хэдэн хүн хамт явсан. Тэгтэл уг тоот хаалгаа нээтэл танихгүй эмэгтэй хүн гараад ирсэн талийгаач Мөнхбатын эхнэр нь биш байх шиг байсан. Тэгээд Гт энэ эхнэр нь мөн юмуу миний мэдэх эхнэр нь биш байна даа гээд яриад зогсож байтал л тэр Н гэх эмэгтэй улаан галзуу орилж хашигираад та нар зайл гээд орилоод унасан. Тэгэхээр нь би хүү минь тайван бай, гэтэл чамд хамаагүй гээд намайг түлхээд улаан галзуу хүн шиг л дайраад байсан. Гыг цохиж түлхээд нэг хартал Н гартаа заазуур бариад Гын толгой дагз хэсэг рүү нь цохисон. Би сандраад хүүеээ хүн аллаа гээд больцгоо та нар гэж хашгиртал Н та нарыг ална аа гээд хашгираад байсан. Гын толгойноос цус гараад тэгэж байтал л цагдаа ирсэн. Тэр Н гэх эмэгтэй гартаа заазуур бариад дуусгъя та нарыг алаад өгье гээд л аймар дайраад байсан. Би бол дотроо айж л байсан. Гын толгой руу цохихыг нь би яг харсан болохоор их сандарч боль гэж дундуур нь гүйж ороод Ныг болиулах гэсэн боловч дийлдэхгүй орилоод байсан. За ингээд хүн алчихлаа л гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
Гэрч Н.Дуламжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Би жинхуасиндажибин ХХК-ийн менежерийн ажил эрхэлж байсан. Тэгээд манай компанийн оффисийн байранд Н гэх гүйцэтгэх захирлын нарийн бичиг эмэгтэй гэрээ нүүлгэж орчихоод гарахгүй байсан. Өмнө нь хэд хэдэн удаа Нтай холбогдож байраа суллаж өгөө гэхээр өгөхгүй бүр манай компаний байрны хаалганы голыг нь сольсон байсан. Тэгээд манай клмпани оффисийн байраа авах гээд хэдэн ажилчид очтол Н гэх эмэгтэй хаалгаа нээгээд байр суллаж өгөхгүй гээд харааж зүхээд шүлсээ үсчүүлээд дайраад байсан. Тэгээд бид нар гэр лүү чинь орж ярилцъя гээд ортол Н заазуур бариад одоо та нарыг ална гээд Г ах руу заазуур барьж дайрахаар нь хүүе ээ хүн аллаа гээд бүгд сандралдаад болиоч ээ гэтэл Гын толгойн дагз хэсэг рүү заазуураар цохьсон. Тэгээд боль гээд Ныг хориод тайвшруулах гэтэл л орилж хашгираад байсан. Н л заазуурны иргүй хэсгээр нь толгой руу нь цохисон. Би айгаад яаана аа гээд оройтож чадахгүй хараад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын шинжээч Н.Энхцолмонгийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13288 дугаар:
“Ц.Гын биед зулайн хуйхны язарсан шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна.” гэх дүгнэлт /хх-ийн 21-22/,
Хохирогчоос гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 63-64/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн:
“Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: ххх өдөр эд мөрийн баримтаар тооцсон “CD-н дээр хуулбарласан дүрс бичлэг” байв. Уг дүрс бичлэгүүдээс ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор Dell маркын суурин компьютерт бичлэгийг суулган үзлэг хийв. CD дээр хуулагдсан эхний 1 бичлэгийг нээж үзэхэд уг файл нь 21 секундийн дүрс бичлэг байлаа. Уг камерын бичлэгт орцон доторх харагдаж байх ба хүрэн өнгийн бүргэд хаалга онгорхой наад талд нь хар өнгийн цамцтай буурал мэт толгойтой эрэгтэй хүн гараа өмднийхөө халаасанд хийж зогссон, хажууд нь хөх өнгийн курткатай саравчтай малгайтай эмэгтэй гар утсаа оролдон зогсож байлаа. Хаалганы наана хар өнгийн цамцтай хөр өнгийн өмдтэй үсээ задгай тавьсан эмэгтэй хар өнгийн пальтотой цүнх барьсан эрэгтэйг түлхэж байх ба уг хар пальтотой хүн өөдөөс нь биеэрээ түлхэж дотогш орох гэсэн үйлдэл гаргаж байх ба хар өнгийн цамцтай эмэгтэй хоолойг нь боож түлхээд, гараараа толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохиж түлхэлцэж байгаа дүрс бичлэг 21 секундын турш үргэлжлэв. CD дээр хуулагдсан 2 дугаар бичлэгийг нээж үзэхэд уг файл нь 03 секундын дүрс бичлэг байлаа. Уг камерын бичлэгт нэгдүгээр бичлэг дээр гарсан хар өнгийн пальтотой эрэгтэй хүн баруун гараараа толгой хэсэгтээ хүрч байгаа дүрс бичлэг байлаа...” гэх тэмдэглэл /хх-ийн 68/,
Шүүгдэгч С.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Өглөө 09 цаг өнгөрч байхад би гэртээ нэг ач, нэг охины хамт унтаж байсан. Тэгээд хаалга тогшихоор нь хэн бэ гэтэл Юун ван бао гэдэг манай гүйцэтгэх захирал хаалга тогшоод ярилцъя гэхээр нь би хаалгандаа завсар гаргаад гараад уулзъя гэрт нялх хүүхэд байна гэтэл хаалга татаж нээгээд гэрт Хятад Монгол нийлсэн 4, 5 хүн орж ирээд манай байрыг сулла гээд хаалганы гол солих гээд дайраад байсан. Тэгээд би больцгоо гэж тухайн манай гэрт орж ирсэн хүмүүстэй маргалдаж муудсан. Би заазуур барьж дайрсан гэхдээ хүний биед гэмтэл шарх учруулаагүй. Манай нөхөр одоогоос 3 жилийн өмнө буюу 2020 онд өнгөрсөн. Амьд байх үедээ манай нөхөр жинхуа син да жи би эн ХХК-д 2014 оны 6 дугаар сард 4 тэр бумын зээл гаргаж өгч байсан. Тэгээд нөхөр бид 2 уг зээлийг 2018 оны 5 дугаар сард бүрэн дарж дуусгасан. Тэгээд 2021 онд Юун ван бао гэх хувьцаа эзэмшигчийг барилгийн ажилаа дуусга гэж хэлсэн, тэгтэл уг хүн чи наад ажилаа хийж дуусга, би гэхдээ Монголд очиж чамд туслана гэж хэлсэн. Тэгээд ковидын үе таараад Юун ван бао ирээгүй. Би барилгын үйл ажиллагаагаа явуулаад 80 хувьтай болгосон. 2023 оны 05 дугаар сард Юун ван бао ирж үйл ажиллагаа явуулсан. Тэгээд би одоо амьдарч байгаа гэр буюу ххх тоотод манай барилгын оффис байдаг уг барилгын оффисыг надаас авна гээд намайг тэр байрнаас хөөгөөд байгаа, тэгээд л маргаан үүссэн. Уг маргаан бол иргэний журмын маргаан тул цагдаагаар шалгуулах шаардлага байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 12/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч С.Нын Татварын ерөнхий газрын тодорхойлолт, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, АСАП сангийн лавлагаа /хх-ийн 45-61/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Гэм буруугийн талаар:
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Н нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаарх мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч С.Н нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, энэ нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогджээ. Шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулжээ.
Иймд шүүгдэгч С.Нын хохирогч Ц.Гын биед зулайн хуйхны язарсан шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Хохирогч Ц.Г нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүх хуралдаанд нээхмжлэх зүйлгүй талаараа тайлбарлаж байх учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Ц.Г нь уг гэмт хэргийн улмаас цаашид гарсан зардлын талаарх баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,
5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирч, шударга ёсны зарчимд нийцэх ёстой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг судлахад шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасанд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.
Хохирогч Ц.Гын хувьд тухайн байр орон сууцыг нэхэмжлэх, шаардах, хууль ёсны эрхгүй байх атлаа бусдыг амьдарч буй байрнаас нь гаргах зорилго бүхий ажиллагааг явуулж байгаа нь зүй бус үйлдэл болно. Зүй нь тухайн байрыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх бүхий этгээд эсхүл түүний төлөөлж хуульд заасан эрх үүссэн этгээд хуульд заасан журмаар буюу холбогдох байгууллагад гомдол гаргаж улмаар үндэслэл бүхий шийдвэрийн дагуу бусдаас эд зүйлээ авах ажиллагаа юм.
Шүүгдэгч С.Нын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ялыг хуульд заасан бага хэмжээгээр шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Н нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Сгийн Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад нотлох баримтаар төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ