Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2021/00678

 

                                             

 

 

 

 

 

 

 

                                     2021         03          23

            182/ШШ2021/00678

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.Х

 

Хариуцагч: А.П

 

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Х /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч А.Пүрэвдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Г.Х миний бие А.Птай 2015 оны 02 сарын 02-ны өдөр танилцаж 2016 оны 01 сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр охин П.А төрсөн. Гэвч 2018 оноос харилцаа хөндийрч тусдаа амьдрах болсон. Түүнээс хойш охин П.А ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Энэ хугацаанд хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин П.Аг миний асрамжид үлдээж А.Паас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: А.П нь Г.Хтай 2016 оны 01 сарын 07-ны өдөр гэр бүл болсон. Тэдний хамтран амьдрах хугацаанд 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр охин П.А төрсөн. Охин П.Агийн хүүхдийн эрхийг зөрчихгүй байх, хуульд зааснаар эцэг, эх хоёр адил тэгш эрхтэй болохын хувьд, мөн А.Пын эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжийг бүрдүүлж А.П нь охинтойгоо уулзаж байх хүсэлтэй байгаа. Цаашид нийлж амьдрах боломжгүй, эд хөрөнгийн маргаангүй. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байгаа ба хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

 

Шүүх нэхэмжлэл, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмнэлэг, Засаг даргын тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                               

                                                            

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.Х, А.П нар нь гэр бүл болж 2016 оны 01 сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр охин П.Аг төрүүлэн амьдарсан боловч хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2018 оноос салж тусдаа амьдарсан, гэрлэгчид эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар эвлэрээгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хэн аль нь хүсэж, зөвшөөрч байгаа байдлуудыг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Хүүхэд бага насны, нэхэмжлэгч, хариуцагч нар тусдаа амьдарснаас хойш хүүхэд эхтэйгээ хамт амьдарч байгаа байдлыг харгалзан үзэж 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин П.Аг эх Г.Хы асрамжид үлдээж эцэг А.Паас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

 

А.П нь хүүхдийн эцгийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан буюу хүүхдийг өсгөн бойжуулах, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх зэрэг үүргээ хэрэгжүүлэхэд хүүхдийг эхийн асрамжинд өгсөн явдал саад болохгүй юм.

 

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1-ийг баримтлан Г.Х, А.П нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.5-ыг баримтлан 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин П.Аг эх Г.Хы асрамжинд үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин П.Аг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл уг түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг А.Паас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар хариуцагч А.Паас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Хд олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

6. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                       

                                 ДАРГАЛАГЧ                                       С. БУД