Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/191

 

 

 

 2024        02         22                                  2024/ШЦТ/191

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,

          улсын яллагч Г.Чанцалдулам,

          шүүгдэгч Б., түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Бын Дд холбогдох эрүүгийн 2306 01447 3632 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

           

          Холбогдсон хэргийн талаар

          1. Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн хххх тоотоос хохирогч Э.Огийн эзэмшлийн НР маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2,564,910 төгрөгийн хохирол учруулсан,

          2. Б.Д нь 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ххх дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Згийн эзэмшлийн 1,800,000 төгрөгийн үнэ бүхий I Phone XR маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан,

          3. 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Г.Бийн итгэмжлэн хариуцуулж өгсөн 300,000 төгрөгийн үнэ бүхий Ред ми экс загварын гар утсыг ашиглан хохирогч Г.Бийн эзэмшлийн Хаан банкны хххх дугаарын данснаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа 640,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

          4. иргэн Д.Энхжаргалыг "түүний эзэмшлийн хххх улсын дугаартай ххх загварын автомашиныг 2,500,000 төгрөгөөр худалдаж авна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан 2022 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн ххх дугаар хороо, ххх дугаар байрны гаднаас авч явсан, улмаар иргэн Г.Бид худалдан борлуулж 2,517,500 төгрөгийн хохирол учруулсан,

           5. 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "ххх" нэртэй цахим тоглоомын газар хохирогч А.Дий эзэмшлийн "Самсунг зи флип-3" маркийн гар утсыг нь "утсаар яриад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

            6. Б.Д нь хх оны хх дугаар сарын хххх-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ххх" хүнсний дэлгүүрт хохирогч Г.Пд бараа худалдан авах гэж байгаа мэт дүр үзүүлэн, утсанд чинь симээ хийгээд мөнгө шилжүүлье гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан түүний самсунг нөт-9 загварын гар утсыг залилан авч 360,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Б.Д нь хулгайлах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

    Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 12 дахь тал/

   Иргэн Э.Огийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /1 хх-ийн 13 дахь тал/,

   Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Огийн өгсөн: "... 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр манай нөхрийн фейсбүүкээр танилцсан найз Б.Д гэдэг залуу хоносон. Өглөө нөхөр бид 2 ажилдаа гарч явахад Д унтаад үлдэхээр нь гэрийнхээ түлхүүрийг үлдээгээд явсан. Орой гэртээ ирэхэд 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сайн электрониксоос 2,849,900 төгрөгөөр худалдаж авсан саарал өнгийн 49n15pa-15EH1066a0 маркийн зөөврийн компьютер алга болсон байсан. Тэгээд Д руу залгахад утсаа авахгүй байсан. Мөн facebook блок хийсэн байсан. Эгч нартай холбоо барихаар ах дүү нарынхаа юмыг аваад хашраачихсан хүүхэд, ямар ч нэмэргүй гэдэг тайлбарыг өгч байгаа..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 30 дахь тал/,

   Гэрч Д.Бий өгсөн: "...2023 оны 02 дугаар сарын эхээр манай ажил дээр ирсэн. Тэгээд “найзынх нь төрсөн өдөр болох гээд мөнгө байхгүй” гээд бялуу бичүүлж зээлээр авсан. Тэр өдөр нь Д Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байх манай гэрт ирсэн. Тэгээд эхнэр хоол хийгээд идээд сууж байтал “Дын найзууд ирж байна оруулчих уу” гэхээр нь би дургүйцсэн. Тэгээд Д бялуугаа барьж гараад тэр өдрөө ирээгүй. Түүнээс хойш 1-2 хоногийн дараа манай эхнэр амарч таараад бид хоёр ахынхаа гэрт очиж усанд орохоор гарах гэж байтал Д зөрөөд гаднаас ороод ирсэн. Тэр орой нь буцаад ирэхэд Д зөөврийн компьютероор юм үзээд байж байсан. Маргааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 09-ний өглөө босоод эхнэр бид хоёр ажилдаа явахаар гарахдаа Дд түлхүүрээ үлдээгээд явсан. Орой нь ирэхэд гэр цэвэрлэчихсэн, цай чанаад тавьчихсан байсан. Харин орны толгойд саарал өнгийн цүнхтэй байсан НР-гийн зөөврийн компьютер цүнхтэй нь хамт өөрийн үүрч ирсэн цүнхэндээ хийгээд аваад явчихсан байсан. Тэгэхдээ цүнх дотроосоо ганц хоёр хувцсаа гаргаад үлдээчихсэн байсан. Өөрийнхөө зөөврийн компьютерыг орж үзтэл манай эхнэр бид хоёрын фейсбүүк блок хийсэн байсан. Өөр хаягаар орохоор онлайн байгаад байгаа юм..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 32 дахь тал/,

             Дамно ХХК хөрөнгө үнэлгээний тайлан /1 хх-ийн 37-38 дахь тал/,

               Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 79 дэх тал/,

              Иргэн Д.Эын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /1 хх-ийн 80 дахь тал/,

   Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Эын өгсөн: “2022 оны 8 сард машинаа зарахаар болоод манай хүү Адъяахүү өөрийн цахим хаяг дээр зар тавьсан бөгөөд манай хүүгийн найзынх нь найз Дарханбаяр гэх залуу ирж үзээд авахаар болсон. Тухайн үед машинаа 2,500,000 төгрөгөөр зарахаар тохирсон бөгөөд Д “маргааш мөнгийг өгье” гэж хэлээд миний машиныг аваад явсан боловч түүнээс хойш “аавын бие өвдөөд эмнэлгээр яваад байгаа учраас очиж уулзаж мөнгө өгч чадахгүй байна, удахгүй өгнө” гэж хэлээд яваад байсан ба 2022 оны 8 дугаар сарын сүүлээс эхлэн гар утсаа авахгүй болсон. Гэтэл 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр фейсбүүк дээрээс SM5 Машины сэлбэг, засвар, худалдаа гэх групп дээр Г.Б гэх хаягаас “SM5 зарна өнөөдөр авах нь 1,5 саяд ирээд ав, 98070776” гэсэн пост байршуулаад миний машины зургийг тавьсан байсан. ... Тэгээд би зар дээр байсан утасны дугаараар залгаж асуухад “2,500,000 төгрөгөөр зарна” гэж хэлэхээр нь очиж үзэхээр болоод Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо Хувьсгалчдын Г14-313 тоот айлын хашаанд миний машин яг мөн байсан.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 87 дахь тал/

хохирогч Д.Эын дахин өгсөн: “Тухайн үед 2,500,000 төгрөгөөр Дарханбаярт зарахаар өгч явуулсан бөгөөд мөнгө төгрөг өгч авсан зүйл байхгүй. Би Б гэдэг хүнд өгөөгүй. Харин Дарханбаяр нь Бид зарна гэж өгсөн байсан. Б нь харин намайг “машинаа зүгээр аваад яваарай” гэж байгаа ” 119 дэх тал/,

   Гэрч Г.Бийн өгсөн: “...Дарханбаяр гэх залуу намайг Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-14-313 тоот гэртээ байхад ирж SM5 маркийн хэрэгсэлдээ миний машин гэж хэлээд засвар үйлчилгээ хийлгээд 4 хоногийн дараа дахин ирээд “манай аав хагалгаанд орох гэж байгаа тул мөнгөний хэрэг гараад байна. Та миний машиныг задаргаанд худалдан аваач” гэсэн. Тэгээд би 600,000 төгрөг худалдан авахаар болж машиныг авч үлдсэн. Тэгээд би 2 хоногийн дараа 400,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5077349274 данснаас Дарханбаяр гэх хүний дансанд шилжүүлсэн дараа 200,000 төгрөг шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 84 дэх тал/,

            "Дамно" ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 92-97 дахь тал/,

  Иргэн А.Дий цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /1 хх-ийн 190 дэх тал/,

   Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 191 дэх тал/

   Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Дий өгсөн: "...2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 01 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хавк” нэртэй цахим тоглоомын газарт тоглоод сууж байхад зүс таних Д гэх залуу утсаа өгч бай нэг яриад өгье гэхээр нь би өөрийн Самсунг зи флип 3 маркийн цагаан шаргал өнгийн гар утсаа өгсөн. Гэтэл Д хажууд утсаар яриад зогсож байх шиг байсан нэг харсан чинь алга болсон байхаар нь би өөрийн утас руу залгахад унтраачихсан байсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон...." гэх мэдүүлэг /1 хх-ийн 198 дахь тал/, -

   Гэрч Б.Оюунзаяагийн өгсөн: "... Би хувиараа Тэди төвийн 2 дугаар давхарт 13-6 тоот лангуун дээр гар утасны худалдаа эрхэлдэг ба 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр үдээс өмнө намхан биетэй 25-30 орчим насны эрэгтэй ирээд “Самсунг утас барьж чадахгүй байна, би саяхан утсаа шинээр авсан юм хэрэглэж чадахгүй байна Айфоне сонирхож байна” гээд манайхаас Айфоне икс маркийн гар утас үзэж байгаад “энэ утсан дээр зөрүү хийе” гэж надтай тохирсон. Тэгээд би Айфоне икс маркийн гар утсаа 750,000 төгрөгөөр тэр залууд өгөөд тухайн залуугийн барьж явсан Самсунг флип-3 маркийн цагаан шаргал өнгийн гар утсыг нийт 1,500,000 төгрөгт бодож аваад Дын нэр дээрх хаан банкны дасн руу нь 750,000 төгрөгийг шилжүүлсэн ийм л зүйл болсон. ...одоо ямар хүнд зарсан аа мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 208 дахь тал/,              

   Дамно ХХК хөрөнгө үнэлгээний тайлан /1 хх-ийн 217-219 дэх тал/,

   Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1  хх-ийн 191 дэх тал/,

   Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Пын өгсөн :"..2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн орчим Ххх дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад 160 см орчим өндөртэй, хар савхитай, малгайтай эрэгтэй хүн орж ирээд юм аваад “мөнгөө шилжүүлье” гээд миний Самсунг нөт 9 маркийн гар утсыг гуйхаар нь би өгтөл тэр залуу сим сольж хийгээд Хаан банкны лавлах руу залгаж байгаад гараад гүйчихсэн. Тэгээд би араас нь гараад гүйхэд Амар дэлгүүрийн тийш гүйгээд алга болсон. Миний биед халдаагүй..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 202-203 дахь тал/,

   Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 03/191 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 226-227 дахь тал/,

   Дамно ХХК хөрөнгө үнэлгээний тайлан /1 хх-ийн 240-241 дэх тал/,

   Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1хх-ийн 244-246 дахь тал/,

   2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4/5339 дугаартай Мобиком корпорац ХХК-иас ирүүлсэн албан бичиг, хавсралт /1 хх-ийн 249-250 дахь тал/,

   Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх-ийн 187 дахь тал/,

   Иргэн Ц.Згийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /2 хх-ийн 188 дахь тал/,

   Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Згийн өгсөн: "2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр манай найз Оросоо ирээд найзуудтайгаа уулзаад жаахан архи уусан ба машин барих хүн байхгүй болохоор Дыг дуудсан юм. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хороололд байх найзындаа очоод үргэлжлүүлэн уусан. Тэгсэн Д тэр айлаас авч гарахдаа заавал намайг авч явна гэж хэлээд ширээн дээр байсан гар утсыг аваад явсан гэж манай найз Зулаа хэлсэн юм. Тэгээд би өглөө гэртээ сэрсэн. Гар утсаа хайсан чинь миний гар утас байхгүй байхаар нь цагдаад мэдэгдсэн..." гэх мэдүүлэг /2 хх-ийн 194-195 дахь тал/,

   “Мастер үнэлгээ” ХХК хөрөнгө үнэлгээний тайлан /2 хх-ийн 204-205 дахь тал/,

    Иргэн Г.Бийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /3 хх-ийн 105 дахь тал/,

   Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Бийн өгсөн: "би хувиараа өөрийн хашаанд авто засвар ажиллуулдаг. 2022 оны 8 дугаар сард үл таних залуу автомашин нь болохгүй байна гэж ирээд засуулахаар болсон. Тухайн сарын дундуур аавын бие өвдөөд авто машинаа зарахаар болчихлоо гэж хэлэхээр нь би автомашиныг нь задаргаанд 800,000 төгрөгөөр авахаар болсон. Би эхлээд 700,000 төгрөөгийг өөрийн 5077349274 дугаарын данснаас 5301887277 данс руу шилжүүүлээд 100,000 төгрөгийг өгөөгүй байсан. Тэгтэл тухайн залуу 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр манай гэрт ирсэн тэгэхээр нь “ахын дүү юу хийж явна” гэхэд “өчигдөр найзуудтайгаа гадуур гараад шартаж үхэх гэж байна. Миний гар утас, машиныг найз аваад явсан байна” гэж хэлсэн. Би ажлаа хийж байхад тухайн залуу хажууд сууж байсан. Тэр үед манай эхнэр над руу залгаад “вакс дөхүүлээд өгөх хүн  байна уу Гранд плазагаас вакс аваад 3, 4 дүгээр хорооллын бичлийн аркад байх салонд аваачиж өгөхөөр болсон. Би тухайн залууг холбоо барих утасгүй болохоор нь өөрийн гар утсаа өгөөд явуулсан. Тэгээд тухай залуу манай эхнэрийн ажил дээр ваксыг нь оруулж өгчихөөд гараад явсан бөгөөд үүнээс хойш холбоогүй алга болсон Би маргааш нь 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн хххххх  гэсэн 2 дугаараа сэргээж аваад интернэт банкаа шалгатал 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өглөө 07 цаг 28 минутад миний данснаас 5009160083 гэсэн данс руу 640,000 төгрөг шилжүүлж авсан байсан. Би гар утсаа Монтел дээрээс 2022 оны 02 дугаар сард 500,000 төгрөгөөр худалдан авч байсан. Рэд ми Х-10 загварын утас байсан.” /3 хх-ийн 75 дахь тал/,

    Гэрч Ж.Болдсүрэнгийн өгсөн: "...би 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өглөө эрт 7 цагийн үед охиноо сургууль руу нь хүргэхээр явж байхдаа 3, 4 дүгээр хорооллын ахуй үйлчилгээний урд талын автобусны буудлын Хаан банкны АТМ рүү орж мөнгө авах гээд зогсож байхад 20 гаран насны залуу бага зэрэг архи үнэртүүлсэн над руу ирээд "ах виза картаа хаячихлаа, та мөнгө гаргаад өгөөч" гэж гуйсан. Тэгэхээр нь зөвшөөрсөн чинь тэр залуу ухаалаг хавтгай гар утас гаргаж ирээд интернэт банк руу ороод миний 5009160083 тоот данс руу 640,000 төгрөг шилжүүлсэн ба би АТМ-с гаргаж тэр залууд өгсөн. Миний картыг гуйж мөнгө шилжүүлэн гаргаж авсан залуу нь Д гэх энэ залуу яг мөн байна..." гэх мэдүүлэг /3 хх-ийн 77 дахь тал/,

   Ашид Билгүүн ХХК хөрөнгө даатгалын үнэлгээний 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-622/4847 дугаар дүгнэлт /3 хх-ийн 79-82 дахь тал/,

   Хаан банкны депозит 5009160083 дугаарын дансны хуулга /3 хх-ийн 90 дэх тал/,

   Хаан банкны депозит 5077349274 дугаарын дансны хуулга /3 хх-ийн 94 дэх тал/,

 “хххх” ХХК-ийн тодорхойлолт: ххх" ХХКомпани нь /РД:2585685/ гэсэн регистрийн дугаартай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Б овогтой Д /хххх/ нь манай хэргэжүүлж байгаа Ар гүнт зусланд баригдаж буй хаусны төсөлд өдрийн 80'000 төгрөгийн цалинтай мужаны ажил хийдэг нь үнэн болно. 2026 оны 01 сарын 01-ны өдрийг хүртэл ажилах гэрээтэй. цаашид ажиллах гэрээг сунгах боломжтой тодорхойлолт,

   Гэрч Л.Бын өгсөн: "...төрсөн эх нь бага байхад нь салаад Д нь над дээр байдаг байсан. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод найз нөхдийнхөө гэрт байгаа. Миний хүү Д хувийн зан байдлын хувьд маш төлөв даруу хүүхэд байгаа юм. Элдэв муу зангүй, спортын төрлийн авьяастай... хэрэг төвөгт ороод явдаг хүүхэд биш. Хүний гар утас авсан гэж надад цагдаагаас хэлсэн..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 210-211 дэх тал/,

            Баянзүрх дүүргийн дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт Б Д (РД:) нь аав, хойд ээжийн хамт ам бүл 3 (гурав), тус хорооны Эрдэнэтолгой 29 гудамж 738 тоотод түр оршин суугч нь үнэн болно.гэх тодорхойлолтыг зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргүүдийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.  

   

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг авч захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг. Үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эдэлж байгаа эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

 

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

 

            Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, 25-309 тоотоос хохирогч Э.Огийн эзэмшлийн НР маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2,564,910 төгрөгийн хохирол учруулсан,

             2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Згийн эзэмшлийн 1,800,000 төгрөгийн үнэ бүхий I Phone XR маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Г.Бийн итгэмжлэн хариуцуулж өгсөн 300,000 төгрөгийн үнэ бүхий Ред ми экс загварын гар утсыг ашиглан хохирогч Г.Бийн эзэмшлийн Хаан банкны 5077349274 дугаарын данснаас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа 640,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

            Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, баримт бичиг ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой, шунахайн сэдэлтэй байдаг.

            Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох, өөрийн хувийн хэрэгцээг эхний ээлжид хангах санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно. Уг гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

            Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон.

            Шүүгдэгч Б.Д нь иргэн Д.Энхжаргалыг "түүний эзэмшлийн 86-56 ДАХ улсын дугаартай SM5 загварын автомашиныг 2,500,000 төгрөгөөр худалдаж авна" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан 2022 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, 36а дугаар байрны гаднаас авч явсан, улмаар иргэн Г.Бид худалдан борлуулж 2,517,500 төгрөгийн хохирол учруулсан,

            2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хавк" нэртэй цахим тоглоомын газар хохирогч А.Дий эзэмшлийн "Самсунг зи флип-3" маркийн гар утсыг нь "утсаар яриад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авч 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

            Б.Д нь 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ххх" хүнсний дэлгүүрт хохирогч Г.Пд бараа худалдан авах гэж байгаа мэт дүр үзүүлэн, утсанд чинь симээ хийгээд мөнгө шилжүүлье гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан түүний самсунг нөт-9 загварын гар утсыг залилан авч 360,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч нь хулгайлах болон залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлгүй үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Дыг хулгайлах болон залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ................... эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж

           

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Даас 11,682р8,410 төгрөг гаргуулж, хохирогч нарт учирсан гэм хорыг хариуцах арилгах үүрэгтэй байна.

 

            Хохирогч Ц.З нь хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байна. Шүүгдэгч Б.Даас 2,564,910 төгрөг гаргуулж хохирогч Э.Од, 2,517,500 төгрөг гаргуулж хохирогч Д.Энхжаргалд, 3,500,000 төгрөг гаргуулж хохирогч А.Дд, 360,000 төгрөг гаргуулж хохирогч Г.Пд, 1,800,000 төгрөг гаргуулж Ц.Зд, 940,000 төгрөг гаргуулж хохирогч Г.Б нарт олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

            6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгон баримталлаа.

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэхээр хуульд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл шалтгаан, гэмт хэрэг үйлдэж байгаа арга барил, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирлыг төлөөгүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг тодорхой хэмжээгээр оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Дын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс цагдан хоригдсон 106 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Д нь эрүүгийн хуульд заасан хулгайлах, залилах гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцож, ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд оногдуулсан хорих ял дээр залилсан үйлдэлд оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоолоо.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Бын Дыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн  эд хөрөнгийг шилжүүлэн авсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 8 /найм/ сар хорих ял,

            - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сар хорих ял тус тус  шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар хорих ялаар тогтоосугай,

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 1 жил 2 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс цагдан хоригдсон 106 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар тул шүүгдэгч Б.Даас 11,682,410 төгрөг гаргуулж хохирогч Э.Од 2,564,910 төгрөг, хохирогч Д.Эд 2,517,500 төгрөг, хохирогч Ц.Зд 1,800,000 төгрөг, хохирогч А.Дд, 3,500,000 төгрөг, хохирогч Г.Пд 360,000 төгрөг, хохирогч Г.Бид 940,000 төгрөгийг тус тус  олгосугай.

            7. Хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ