| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 135/2023/00117/И |
| Дугаар | 001/ХТ2024/00304 |
| Огноо | 2024-12-12 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2024/00304
Ц.О-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 135/ШШ2024/00215 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 209/МА2024/00032 дугаар магадлалтай,
Ц.О-н нэхэмжлэлтэй
О.Б-д холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Л” ХХК
О.Б, “Л” ХХК нарын хооронд байгуулсан 2015.06.10-ны өдрийн №2015/06/10А дугаартай барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, *** аймгийн *** сум ** байр ** тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, гуравдагч этэгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Ц.О нь О.Б-д холбогдуулан О.Б, “Л” ХХК нарын хооронд байгуулсан 2015.06.10-ны өдрийн №2015/06/10А дугаартай барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, *** аймгийн *** сум ** байр ** тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 135/ШШ2024/00215 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.1.1-д зааснаар О.Б, “Ласти интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулсан 2015.06.10-ны өдрийн №2015/06/10А дугаартай барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, *** аймгийн *** сум ** байр ** тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 209/МА2024/00032 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 135/ШШ2023/00215 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ц.О-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч О.Б, “Л” ХХК-ийн хооронд байгуулсан 2015.06.10-ны өдрийн зээлийн барьцаат гэрээ болон О.Б-н хууль бус эзэмшлээс *** аймгийн *** сум ** байр ** тоотын 59,84 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч Ц.О-д олгохыг хариуцагч О.Б-д, барьцааны гэрээнд зохих бүртгэл хийхийг *** аймгийн *** хэлтэст тус тус даалгасугай” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.О-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б-с 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.О-д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.О-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т зааснаар гомдол гаргаж байна.
4.1.1...магадлалд “хариуцагч талаас давж заалдах гомдолд хариу тайлбар бичгээр ирүүлээгүй” гэж тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.4, 89 дүгээр зүйлийн 89.2, 107 дугаар зүйлийн 107.3-т заасныг зөрчиж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.6-д “үйлчлүүлэгчийнхээ илэрхийлж буй байр суурьт тайлбар хийх” гэж заасныг хязгаарлаж, шүүх хуралдаанд тайлбар гаргах, мэтгэлцэх зарчмыг хангаагүй. Нэхэмжлэгч 2024.02.14-ний шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, орон сууцаа барьцаанаас чөлөөлүүлэх гэж тодруулсан. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага өөр ойлголт ...нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ өөрөө тодорхойлох үүрэгтэй. ...Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс өөрөөр буюу шүүх өөрийн санаачилгаар тодорхойлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчөөгүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй хэмээн дүгнэсэн ч давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн ийм хүсэл зориг агуулагдаж байна гэж шийдвэрлэсэн нь хараат бус байх, гагцхүү хуульд захирагдах зарчмыг ноцтой зөрчсөн. ...Давж заалдах шатны шүүх Иргэний хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиудад заасны дагуу улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэхтэй холбоотой зохицуулалтыг өөрөөр тайлбарлан Ц.О-г улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийгээгүй гэж буруутгах үндэслэлгүй хэмээн хууль хэрэглээний зөрүүтэй шийдвэр гаргасан.
4.2.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасан ч магадлалын үндэслэл болсон үйл баримт нь анхан шатны шүүхээр огт хэлэлцэгдээгүй, хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, энэ талаар талуудын хэн аль нь маргаагүй байтал шүүх хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлэх болон шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг зөрчиж, нотлох баримтаар тогтоогдоогүй зүйлийг дүгнэсэн.
...Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж О.Б-н хууль бус эзэмшлээс орон сууцыг гаргуулан Ц.О-д олгохоор шийдвэрлэсэн ч магадлалын тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн гол маргаж буй барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан эсэх талаар огт дурдаагүй, О.Б хууль бусаар эзэмшиж байсан эсэхийг огт дүгнээгүй бөгөөд бодит байдалд биелүүлэх боломжгүй шийдвэр гаргасан. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.11.21-ний өдрийн 001/ШХТ2024/01403 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
7.Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч О.Б-д холбогдуулан “Л” ХХК болон О.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, *** аймгийн *** сум ** байр ** тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэлийн үндэслэлээ “... Би 2014.06.30-ны өдөр “Л” ХХК-тай гэрээ байгуулж орон сууцны үнийг бүрэн төлж, шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоолгосон, ... “Л” ХХК нь гэрээ байгуулснаас хойш 2015.06.10-ны өдөр О.Б-тэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байна, энэ гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангаагүй, тус гэрээнд үүргийг хангах хугацаа, үнийг заагаагүй нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн..., иймд барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус учир үр дагаврыг арилгуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэж тодорхойлжээ.
8.Хариуцагч О.Б нэхэмжлэлийг татгалзаж, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангаж 2015.06.10-ны өдрийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж маргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “Л” ХХК-ийг татан оролцуулсан ба гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийг дэмжиж түүнийг орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэж буй байр суурийг илэрхийлжээ.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар нэхэмжлэгч Ц.О нь сонирхогч этгээдийн хувьд нэхэмжлэл гаргасан байна..., Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ, ...О.Б нь 2015.06.10-ны өдөр “Л” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, барилгын материал авах зориулалтаар 1,500,000,000 төгрөгийг нэг сарын 4,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохирч, гэрээнд заасны дагуу мөнгийг шилжүүлсэн. “Л” ХХК нь зээлийн барьцаанд *** аймгийн *** сум *** баг ** хороололд байрлалтай өөрийн өмчлөлийн орон сууцны зориулалттай, 8,470 м.кв талбайтай дуусаагүй барилгыг барьцаалж, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2015/06/10 А дугаар зээлийн барьцааны гэрээг байгуулсан. 2015 оны 10 сарын 03-ны өдөр “Л” ХХК нэмж 510,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд үүний дагуу зээлийн гэрээнд нэмэлт оруулсан. “Л” ХХК нь 3,193,251,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч О.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг татан авах, нэхэмжлэгч О.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,193,251,000 төгрөгийн 1,793,251,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч “Л” ХХК нь үлдэх 14,000,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дотор О.Б-д бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/02840 дугаартай захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, 2023 оны 03 сарын 01-ний өдрийн 102/ШЗ2023/04169 дугаартай захирамжаар гүйцэтгэх хуудас бичигдсэн, О.Б нь “Л” ХХК-тай гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэгч Ц.О-тэй “Орон сууц захиалгын гэрээ” байгуулсан боловч гэрээг улсын бүртгэлд урьдчилан тэмдэглүүлээгүй талаар талууд маргаагүй, хариуцагч О.Б энэ талаар мэдээгүйгээс гадна “Л” ХХК-ийн буруутай үйлдэл зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй, “Л” ХХК нь 8,470 мкв талбайтай, орон сууцны зориулалттай 50 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй барилгын өмчлөгчөөр бүртгэлтэй байсан байх ба өөрийн өмчлөлийн зүйлээ барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл тул барьцааны гэрээг хүчингүйд тооцох үндэслэлгүй...” гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийжээ.
10.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа дараах дүгнэлтийг хийсэн. Үүнд: Ц.О нь гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлснөөр, шүүхийн шийдвэрийн дагуу *** аймгийн *** сум *** байр ** тоот хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Y-2********8 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0********2 дугаартай гэрчилгээ 2022.12.05-ны өдөр олгогджээ. (1хх 6) ..., нэхэмжлэгч нь маргаж буй орон сууцны хууль ёсны өмчлөгчийн хувьд өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж буй үйлдлийг зогсоолгох үүднээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан..., Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.1-д Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангахын тулд улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно... Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Барьж дуусаагүй барилгын эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд (захиалагч) нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно” гэж тус тус заасан..., Ц.О, “Л” ХХК-ийн хооронд “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулагдаж байх үед тухайн дуусаагүй барилга нь улсын бүртгэлийн гэрчилгээгүй байсан байх тул Ц.О нь гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байсан..., харин 2014 оны 06 сараас хойш буюу 3 сарын дараа нийт 8,470 м.кв талбай бүхий барилга нь 50 хувийн гүйцэтгэлтэй болсны улмаас 2014.09.03-нд улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон байна..., барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 183 дугаар зүйлийн 183.1-д заасныг тус тус зөрчөөгүй..., хариуцагч О.Б нь барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах шаардлагаасаа татгалзсан байдаг, ...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа-д “2022.12.07-О.Б өмчилсөн, гэрээний үнэ 1,500,000,000 төгрөг” гэж тэмдэглэгдсэн байх боловч тухайн 8,470 м.кв талбай бүхий барилгын хэдий хэмжээний, хэд гэсэн дугаартай хэдэн өрөө бүхий хичнээн орон сууцыг “өмчилсөн”, энэхүү “өмчилсөн” гэх хэсэгт нэхэмжлэгч Ц.О-н өмчлөлийн ... *** тоот 2 өрөө орон сууц хамаарч байгаа эсэх зэрэг нь тодорхойгүй..., иймд нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй...” гэж дүгнэжээ.
11.Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн барьцааны эрх үүсэх, дуусгавар болох хэм хэмжээг өөр өөрөөр тайлбарлан, зөрүүтэй шийдвэр гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Анхан шатны шүүх барьцааны эрх шударгаар үүссэн эсэхийг анхаараагүй, харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн асуудлыг хяналтын шатны шүүх залруулах шаардлагатай ба магадлалд хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.
12.Хэрэгт авагдсан баримтаар, Ц.О нь “Л” ХХК-тай 2014.06.30-ны өдөр гэрээ байгуулж, ** аймгийн ** сум ** байр ** тоот, 59.84 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны үнэ 59,840,000 төгрөгийг төлөх, хариуцагч нь 2015 оны 1 дүгээр улиралд орон сууцыг барьж эзэмшил, өмчлөлд нь шилжүүлэх үүргийг харилцан хүлээжээ. (1хх 99-102)
Нэхэмжлэгч орон сууцны үнэ 59,840,000 төгрөгийг бүрэн төлсөн, харин “Л” ХХК өмчлөх эрх шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.09.07-ны өдрийн 102/ШШ2021/02182 дугаар шийдвэрээр Ц.О-г өмчлөгчөөр тогтоож, улмаар *** аймгийн *** сум *** байр ** тоот хаягт байршилтай, 59.84 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Y-2********8 дугаартай, улсын бүртгэлийн 0********2 дугаартай гэрчилгээг 2022.12.05-ны өдөр олгожээ. (1хх-6, 96-98, 194-196)
Үүний дараа “Л” ХХК нь О.Бтэй 2015.06.10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1,500,000,000 төгрөгийг зээлж, ** аймгийн ** сум ** байр ** тоот орон сууцыг барьцаалсан байх ба О.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн эвлэрүүлэн зуучлалын тусламжаар “...барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг дараа дахин гаргахаар түр татан авч, 3,193,251,000 төгрөгийн шаардлагаас 1,793,251,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, “Л” ХХК нь 1,400,000,000 төгрөг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.30-ны өдрийн 2840 дугаартай шүүгчийн захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг захирамж нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. (1хх-46, 8-31, 47-48)
Эдгээр баримтаас үзвэл нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууц барьцааны зүйл болсон байх ба барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх, орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх эсэх асуудал маргааны зүйл болжээ.
13.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгчийн “магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх”-ийг хүссэн гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхино.
Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх нь гэрээг хүчин төгөлдөр болгодог урьдчилсан нөхцөл мөн боловч барьцааны эрх шударгаар үүссэн эсэх талаар маргаан үүссэн тохиолдолд эрх зүйн уг асуудлаар шүүх зайлшгүй хууль зүйн дүгнэлт өгөх учиртай.
Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д “Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ” гэж заажээ.
Энэ маргааны тухайд эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан үйл баримт байхгүй боловч барьцааны эрх үүсэхэд барьцаалагч нь барьцаалуулагчийг барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан эсэх нь зарчмын хувьд шударга барьцаалагч мөн эсэхийг тогтоох үндсэн нөхцөл нь болох тухайд шүүх зохих дүгнэлтийг хийгээгүй байна.
Нэхэмжлэгч Ц.О нь 2014.06.30-ны өдөр “Л” ХХК-тай гэрээ байгуулж, орон сууцны үнийг төлж, 2019 онд орон сууцыг эзэмшилдээ авсан ба 2022.12.05-нд өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байна. Талуудын байгуулсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэгч нь өмчлөгч болохыг ийнхүү шүүхийн шийдвэрээр тогтоосон.
Худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл нь эд юмсын эрх зүйн тусдаа харилцаа тул өмчлөх эрх шилжүүлээгүй байгаа нь худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.
“Л” ХХК нь 2014.06.30-ны өдөр Ц.О-тэй худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, үүний дараа 2014.09.03-нд ...8,470 м.кв талбай бүхий 50 хувийн гүйцэтгэлтэй дутуу барилгын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч гэрчилгээний дагуу өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй, улмаар 2015.06.10-ны өдөр О.Б-тэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгт орон сууцны дутуу барилгыг барьцаалсан байна. Үүнээс үзэхэд эхлээд нэхэмжлэгч Ц.О болон “Л” ХХК-ийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба хожим нь 1 жилийн дараа “Л” ХХК болон О.Б нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан байхаас гадна “Л” ХХК нь орон сууцны захиалга авч, иргэдтэй гэрээ байгуулж байсан, үүнтэй холбоотой худалдан авагч төлбөр төлж байгаа үйл баримт илэрхий байснаас үзэхэд барилгыг бүхэлд нь барьцаалах эрх байгаа эсэхийг О.Б нь мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Энэ тохиолдолд О.Б-г шударга барьцаалагч гэж үзэх боломжгүй бөгөөд энэ нөхцөл байдалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх байжээ. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд итгэх, уг бүртгэлийг үнэн зөв гэж тооцох эрхээр дамжин өмчлөх эрх хамгаалагдах боловч бүртгэлийг буруу ташаа болохыг мэдсэн, мэдэх боломжтой байсан тохиолдолд өмчлөх эрх олж авсан этгээдийн эрх хамгаалагдахгүй. Иймд хариуцагч О.Б-г нэхэмжлэгч Ц.О-н өмчлөх эрхийн хүрээнд барьцаалах эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй бөгөөд энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 209/МА2024/00032 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.6, 160.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч О.Б, “Л” ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний Ц.О-н өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, барьцааны гэрээнээс *** аймгийн *** сум *** баг ** хороолол, *** байр *** тоот, улсын бүртгэлийн Y-2********8 дугаартай хоёр өрөө орон сууцыг чөлөөлж, барьцааны гэрээнд зохих бүртгэл хийхийг *** аймгийн *** хэлтэст даалгасугай” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.29-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН