Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 130

 

                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                        Хэргийн индекс: 166/2017/0140/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б***,

Шүүгдэгч Э.Б***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүх хуралдааныг нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар шүүгдэч Э.Б***д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Б***, 1994 оны 01 дүгээр сарын    02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын **-р багийн Мангиртын ** дүгээр хэсгийн ** тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:

1.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, /**** регистрийн дугаартай/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/:

Шүүгдэгч Э.Б***нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дархан сумын ** дугаар багийн нутаг дэвсгэр Үйлчилгээний төвийн орчим Б.Б***ийн IPhone 5S  маркийн гар утсыг “утсаар чинь нэг ярьчихаад өгье” гэж хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авч 300 000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дархан сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хүлээлгийн танхимд сууж байсан А.У***гийн IPhone 5S маркийн гар утсыг мөн л “утсаар чинь нэг ярьчихаад өгье” гэж хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авч 350 000 төгрөгийн хохирол учруулан, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Б***ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Идэр төвийн РС тоглоомын газар тоглож байхдаа зүс таних Б*** гэх бандиас утсаар чинь нэг ярьчихаад өгье гэж хэлж түүнээс Iphone 5-S маркийн “Gold” өнгийн гар утсыг нь авч гарч яваад шууд хуучин хорооллын ** дугаар байрны ломбардад гар утсыг нь 70 000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Өөрийнхөө нэр дээр миний гар утас гэж хэлээд барьцаалж мөнгөөр нь Улаанбаатар явж ажилдаа очсон. Ингээд Дарханы цагдаад хошууч Б.С*** дээр энэ хэрэг шалгагдаж намайг сэжигтнээр тооцож яллагдагчаар татаж, гадагш явж болохгүй талаар бичиг хийлгүүлсэн. Тэгээд хэргийг прокурорт шилжүүлж хэрэг маань Доржмаа прокурор дээр ирсэн. Д*** прокурор намайг 2017 оны 02 дугаар сарын 06-нд 14 цагт ирж уулз гэсэн. Би Дарханы Прокурор дээр 14 цагт ирэхэд Д*** прокурор байгаагүй. Ингээд хүлээж байхад хохирогч Улаанхүү гэх залуу /урьд нь огт таньдаггүй байсан/ орж ирээд сууж байхаар нь утсаар чинь ярьчихаад өгье гэж хэлж түүнээс Iphone 5S маркийн “Gold” буюу шармал өнгийн гар утсыг нь авч гарч утсаар хошууч Б.С***, ахмад Б.М*** нартай прокурор дээр ирсэн уулзах гэж байгаа талаар хэлж мэдэгдээд тухайн гар утсыг нь шууд авч явж Теди төвийн 3 давхарт гар утасны ченжид манай дүүгийн гар утас байгаа юм гэж хэлж 60 000 төгрөгөөр худалдаж мөнгийг нь аваад шууд Улаанбаатар хот явсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Б.Б***ий мөрдөн байцаалтад өгсөн:

2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би 13:00 цагийн орчим Баян-Идэр худалдааны төв дотор интернетэд сууж байсан чинь танил болох Э.Б*** ах ирээд утсаа өгч бай утсаа алга болгочихлоо утсаар чинь яриад өгье гэж хэлээд миний Iphone 5-S маркийн гар утсыг авсан. Тэгээд миний ард гар утсаар ярьж зогсож байгаад алга болчихсон байсан. Би тэгээд араас нь доошоо буугаад интернетийн эзний утсаар утас руугаа залгаад үзсэн чинь холбогдохгүй болчихсон байсан. Тэгээд 3 хоногийн дараа Э.Б*** ээж рүү залгаад би Сэлэнгийн Ноён ууланд байна утсыг чинь зарчихсан, дансаар мөнгийг нь явуулъя дансаа явуулчих гэж хэлсэн гэсэн. Тэгээд орой нь мөнгө ороогүй байхаар нь залгаад асуусан чинь даргыг ирэхээр мөнгийг нь шилжүүлнэ гэж хэлсэн байсан. Маргааш нь залгасан чинь утсыг нь нэг эмэгтэй хүн аваад энэ дугаар хотын угаалгын газрын дугаар, Э.Б*** энд ажиллаж байгаад дэлгүүрээс юм зээлээд алга болсон гэж хэлсэн  гэсэн. Тэгээд тэрнээс хойш холбоо барьж чадаагүй алга болсон гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Б.Б*** мөрдөн байцаалтад өгсөн:

2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би 15:00 цагийн орчим байхаа сайн санахгүй байна РС тоглоомын газар найз Х***тэй цуг орсон. Ороход Б*** гэдэг манай ангийн хүүхэд сууж байсан. Тэгээд юм яриад байж байхад Э.Б*** гэдэг ах орж ирээд Бат-Эрдэнийн гар утсыг ганц яриад өгье гэж хэлээд аваад явсан. Удаад байхаар нь Б*** та 2 гараад хараадах нөгөөдөх чинь байна уу гэхээр нь Х*** бид 2 хойноос нь гарсан чинь байхгүй байсан. Тэгээд гадаа зогсож байсан чинь доод талын Тулгат гэдэг РС-нээс гараад ирсэн. Тэгэхээр нь та хааччихав Б*** утсаа нэхээд байна гэсэн чинь нааш ир гээд бид 2-ыг дагуулж яваад өөрөө **-р байрны ломбард руу яваад орчихсон. Х*** бид 2 наад дэлгүүрийн хажууд зогсож байсан чинь хүрээд ирэхээр нь утсыг нь тавьчихаж байгаа юм уу, ингээд тавьж болж байгаа юм уу гэсэн чинь Б***тэй хамаатан гээд байхаар нь өөрсдөө мэдэж байгаа юм байх гэж бодсон. Тэгээд Э.Б*** ах яваад өгсөн бид 2 гэрлүүгээ салаад явсан. Орой нь Б***тэй үйлчилгээн дээр таараад Э.Б*** ах утсыг чинь ломбарданд тавьчихсан гэж хэлсэн чинь даварчихсан пизда вэ алнаа гээд яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

Гэрч Г.О*** мөрдөн байцаалтад өгсөн:

Би өөрийн барьцаалан зээлдүүлэх газарт эд зүйл бартцаалсан барьцааны гэрээнүүдийг шүүж үзэхэд **** дугаарт бүртгэгдсэн барьцаат зээлийн гэрээгээр манай ломбарданд 2016.11.01-ний өдөр **** тоот регистрийн дугаартай Э.Б*** нь Iphone-5S маркийн гар утсыг 70 000 төгрөгний барьцаанд тавьж 15 хоногийн хугацаатай зээлийг авсан байна. Ингээд 2017.11.07-ны өдөр Э.Б***нь над руу зээлийн гэрээн дээр бичүүлсэн **** дугаарын утаснаас залгаж Б*** гэх хүн миний гар утасны мөнгийг төлж авна. Та өгчихөөрэй би өөрөө очих боломжгүй байна гэж ярихад нь би Б*** гэх залууг нь ирэхээр 75 600 төгрөгийг төлүүлж уг утсыг Б*** гэх залууд өгч явуулсан. Б***ий бичиг баримтыг нь би үзээгүй. Одоо миний зүгээс Э.Б***гэх залуугаа нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 70/,

Хохирогч А.У***гийн  мөрдөн байцаалтад өгсөн:

Би Дархан-Уул аймгийн Прокурорын газар дээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж хэрэг маань прокурорын хяналтад шалгагдаж байгаа ба өнөөдөр намайг хяналтын прокурор Б*** ирж уулз гэж дуудсан. Ингээд Дархан-Уул аймгийн прокурорын газар дээр би 14:20 цагийн алдад очсон ба 1 давхарт прокуророо хүлээгээд сууж байтал 14:25 цагийн үед нэг танихгүй залуу надаас “хөгшөөн утсаа өгөөч утсаар чинь нэг яриад өгье” гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөртөл тэр залуу миний **** дугаарын симтэй гар утаснаас **** гэсэн дугаарлуу хэлж залгуулсан. Тэгээд энэ хүнтэйгээ ярьж дуусаад надад миний утсыг буцааж өгсөн. Тэгээд жоохон байж байгаад хэсэг хугацааны дараа дахин тэр залуу надаас  “хөгшөөн утсаа өгч байгаач дахиад нэг яриад өгье" гэж хэлээд **-тэй дугаар луу /арын оронг санахгүй байна/ залгуулаад миний утсыг авсан. Тэгээд миний утсаар энэ хүнтэй ярихдаа Сэргэлэнбат хошууч уу гээд байсанаа утсаар маань яриад прокуророос гараад явсан. Тэгэхээр нь би санаанд ороогүй утсаар ярьж дуусаад ороод ирэх байх гэж бодоод сууж байснаа араас нь удалгүй 1-2 орчим минутын дараа гартал нөгөө залуу алга болсон байсан. Ингээд би прокурорын газрын жижүүр ахын утсыг гуйгаад өөрийнхөө **** гэсэн дугаартай гар утас руугаа залгатал нөгөө залуу утсыг маань аваад одоо очиж байна байж бай гээд байсан. Тэгээд ирэхгүй байхаар нь прокурорын газрын жижүүр ахын утсаар дахин залгуулахад тэр залуу утас авч яриад очиж байна гэж хэлсэн. Тэгээд миний гар утас холбогдохоо байсан. Миний утас Iphone 5S маркийн Gold буюу шармал өнгөтэй, дэлгэц хэсэг нь цагаан, одоогоос 3 сар орчмын өмнө Дархан захаас шинээр нь бэлэн мөнгөөр 450 000 төгрөгөөр худалдаж авсан утас гэх мэдүүлэг,

Гэрч Д.Б*** мөрдөн байцаалтад өгсөн:

Намайг 2017.02.06-ны өдөр “Дархан Теди” төв дээр өөрийн түрээслэн ажиллуулдаг 3 давхрын гар утасны засварын 44-р лангуун дээрээ байж байхад хар өнгийн юүдэнтэй куртиктэй туранхай 20 гаран насны танихгүй залуу ганцаараа орж ирэхдээ Iphone 5S маркийн Gold /алтан шар/ өнгийн гар утсаараа ярьж байснаа салгаад надаас “ахаа энэ гар утсыг зарах гэсэн юм гэсэн. Тэгэхээр нь би 60 000 төгрөгөөр л авна даа гэж хэлээд наадах чинь арай хулгайн юм биш биз дээ гэсэн чинь тийм зүйл юу гэж байхав дээ ахаа, энэ утас манай дүүгийн гар утас байгаа юм мөнгөний хэрэг болоод хямдхан зарах гэж байна. ID-г нь мартсан гэж байсан. Тэгээд тухайн гар утсыг нь авч үзсэн чинь утас нь ажиллаж байсан. Гадагшаа залгагдаж байхаар нь надад итгэл төрөөд би түүнээс гар утсыг нь 60 000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд би гар утаснаас нь сим картыг нь гаргаж өгөөд мөнгийг нь өгтөл тэр залуу яваад өгсөн. Тухайн залуу над дээр гар утас зарахаар ирэхдээ халамцуу архи үнэртүүлсэн их л яаруу шинжтэй байхаар нь би гар утсаа зарж үргэлжлүүлэн архи уух гэж байгаа юм болов уу гэж бодсон. Тухайн гар утас нь надад одоо байна гэх мэдүүлэг /хх-ийн 65/,

Гэрч Х.Алдарбаясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн:

2017.02.06-ны өдөр би өөрийн ажилладаг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт жижүүрийн ажилтай байсан. Гэтэл энэ өдөр 14 цагийн алдад хяналтын прокурор Доржмаатай уулзахаар 20-25 орчим насны хар өнгийн юүдэнтэй малгайтай куртиктэй жижиг биетэй залуу орж ирсэн. Тухайн үед Доржмаа прокурор эзгүй байсан тул хүлээгээд сууж бай гээд тэр залууг хүлээлгийн танхимд сандал дээр суулгасан. Тэгсэн үүнээс нэг их удаагүй байж байхад хяналтын прокурор Б***тай уулзахаар Улаанхүү гэх /энэ хэргээс хойш нэрийг мэддэг болсон/ залуу орж ирсэн. Улаанхүү нь мөн Б*** прокурорыг хүлээгээд өнөө залуугийн хажууд сууж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Доржмаа прокурортой уулзахаар хүлээж байсан /нэрийг нь мэдэхгүй/ хар куртиктэй залуу утсаар зааланд чанга чанга яриад байхаар нь би тэр залууг ямар чанга ярьдаг юм бэ гарч утсаар ярь гэхэд тэр залуу утсаар яриад Прокурорын байрнаас гарсан. Тэгсэн удалгүй 5 орчим минутын дараа Улаанхүү гэх залуу саяны утсаар ярьсан залуу хэн гэдэг прокурортой уулзана гэсэн бэ миний утсыг аваад явчихлаа гэж надад хэлсэнээ “та нэг утсаараа миний утас руу залгаад өгөөч” гэж хэлээд миний утсаар нэг дугаар луу залгаж ярьсан. Тэгсэнээ дахин хэсэг хугацааны дараа миний утсыг дахин гуйж аваад өөрийнхөө утас руу залгаж яриад миний утсыг надад эргүүлж өгсөн. Тухайн үед ямар дугаарлуу залгасныг нь би тодорхой санахгүй байгаа учраас хэлж мэдэхгүй байна. Миний гар утаснаас цагдаад дуудлага өгөөд өөрийнхөө гар утасны дугаарыг тэр залуу цагдаад хэлээд байх шиг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 67/,

Гэрч Б.Э*** /хх-ийн 71/, Г.Б*** /хх-ийн 73-75/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, 

Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 35/, эд зүйл хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56, 57, 58/, гар утас хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 59/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 68/, эд мөрийн баримтаар тооцогдсон “Соёмбот-Уул” ХХК-ий барьцаалан зээлдүүлэх газрын ** дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 69/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12, 78/,   ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23, 120/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 123-124/  зэрэг болно.

Шүүгдэгч Э.Б***нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэр Үйлчилгээний төвийн орчим Б.Б***ий IPhone 5S маркийн гар утсыг “утсаар чинь нэг ярьчихаад өгье” гэж хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч 300 000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дархан сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хүлээлгийн танхимд сууж байсан А.У***гийн IPhone S5 маркийн гар утсыг мөн л “утсаар чинь нэг ярьчихаад өгье” гэж хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авч 350 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч, хохирогч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч А.У***д 350 000 төгрөгийн, хохирогч Б.Б***эд  300 000 төгрөгийн хохирол учирснаас хохирогч нар хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч Э.Б***нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгэгдсэн бөгөөд түүний ялгүйд тооцох хугацааг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болох тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхлцөл байдалд тооцож түүний хувийн байдлыг харгалзан баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Соёмбот-Уул” ХХК-ий барьцаалан зээлдүүлэх газрын ** дугаартай барьцаат зээлийн гэрээг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Э.Б***ын цагдан хоригдсон 80 хоног /хх-ийн 89, 91, 140/-ийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

         Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

          1.Шүүгдэгч Э.Б***ыг давтан үйлдлээр хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар шүүгдэгч  Э.Б***ыг эд хөрөнгө хураахгүйгээр, 5 сарын /таван сар/ хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч Э.Б***од оногдуулсан 5 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Э.Б***ын цагдан хоригдсон 80 /ная/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Соёмбот-Уул” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын ** дугаартай барьцаат зээлийн гэрээг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

          6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б***нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

          7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б***од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.БАТЖАРГАЛ