Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 14

 

2018 оны 10 сарын 17 өдөр          Дугаар 226/МА2018/00014                     Хэрлэн сум

 

С.У-ын нэхэмжлэлтэй

Б.Д-, “Азын нахиа” ХХК-ийн захирал Б.С-

нарт холбогдох иргэний хэргийн талаар

 

226/2018/0014/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Уламбаяр,

Нэхэмжлэгч: С.У-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Н,

Хариуцагч: Б.Д- нарыг оролцуулан

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар шийдвэртэй, С.У-ын нэхэмжлэлтэй, Б.Д-, “Азын нахиа” ХХК-ийн захирал Б.С-нарт холбогдох “Хөөрөг, мөнгөн бүс, мөнгөн аяганы үнэ 15.500.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Б.Д-гийн давж заалдах гомдлоор 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.У- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 оны 02 дугаар сард өөрийн танил Б.Д-д алтан нуухтай, чүнчигноров толгойтой, амандаа алт зуусан хулганы дүр бүхий мөнгөн халбагатай, усан манан хөөрөг, дунд гарын үйлдвэрийн мөнгөн аяга, гар хийцний мөнгөн бүс зэргийг 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдөр эргүүлэн авахаар шилжүүлсэн бөгөөд Б.Д- нь эдгээр эд зүйлийг барьцаалан Б.С-гэх хүний “Азын нахиа” ломбарднаас  зээл авсан. 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс хойш миний бие өөрийн эд зүйлийг буцаан авахаар удаа дараа Б.Д-тай уулзахад хувийн шалтгаанаар очиж чадахгүй байна, удахгүй чиний юмыг чинь авч өгнө гэсэн. Иймд би “Азын нахиа” барьцаалан зээлдүүлэх газрын эзэн Б.Сэмпэнтэй  өөрийн биеэр очиж уулзаж Дэжидмаагийн барьцаанд тавьсан эд зүйл миний өмчлөлийн эд зүйл гэдгийг бүрэн ойлгуулсан бөгөөд хурааж болохгүй шүү гэж удаа дараа учирлаж байсан. Түүнчлэн өөрийн эд зүйл болох хөөрөг, мөнгөн аяга, мөнгөн бүсээ авахаар 3 удаа тус ломбарданд очиход Сэмпэн гэх хүн байхгүй байсан бөгөөд түүний дүү нь ломбарданд сууж байсан. Дүүгээс нь Сэмпэнтэй яаж холбоо барих, хаашаа явсан, хэзээ ирэх талаар асуухад тодорхой хариу огт өгөхгүй мэдэхгүй гэдэг байсан. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Азын нахиа” барьцаалан зээлдэх газрын эзэн Сэмпэн гэх хүнтэй арай гэж уулзаад өөрийн эд зүйлээ авъя гэхэд Сэмпэн нь таны эд зүйл бүгд байгаа гэж хэлсэн бөгөөд буцаан олгоход шаардлагатай тооцоог гаргаж өгнө гээд 4 өдрийн дараа буюу 01 дүгээр сарын 09-ний өдөр холбогдох тооцоог бодож өгсөн. Уг тооцоог даруй төлж дуусгаж эд зүйлийг маань буцааж авч өгөхийг Дэжидмаад шаардсан ба удаа дараа утсаар ломбардны эзэнтэй ярьж удахгүй тооцоог дуусгана миний эд зүйлийг зарж болохгүй шүү гэхэд мөн байгаа гэж хэлж байсан. Ингээд 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дэжидмаа холбогдох мөнгийг төлж эд зүйлийг буцаан авахаар очиход хүнтэй хамтарч энэ ломбардыг ажиллуулдаг тэр хүнээс асууж байж өгнө гэж хэлж 4 хоног хугацаа алдуулсан. Миний бие Сэмпэнд эд зүйлийг буцааж өгөхгүй байгаа юм, та арай зарчихсан юм биш биз тэр эд хөрөнгө надад маш үнэ цэнэтэй эд зүйл шүү, байгаа юу ямар санаа оноотой ингээд байгаа юм гэхэд Сэмпэн юу яриад байгаа юм байлгүй яахав гэсэн. Гэвч миний эд зүйл гэдгийг мэдсээр байж буцаан өгөхгүй иргэн намайг хохироож байна. Миний хөөрөг надад миний эмээгээс уламжлагдаж удам дамжиж өвлөгдсөн, шинж байдлын хувьд хэзээ ч үнэ цэнээ алдахгүй чүнчигноров толгойтой, алтан нуухтай, амандаа алт зуусан, хулгана бүхий дүрстэй мөнгөн халбагатай, усан манан хөөрөг бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 15 сая төгрөгөөр, дунд гарын бичвэртэй 2000 онд авсан үйлдвэрийн мөнгөн аяга 220.000 төгрөгөөр, арал буюу тоног нь мөнгөөр товойлгож хийсэн ширэн мөнгөн бүс 280.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн юм. Би  Б.Д-  болон “Азын нахиа” ХХК-иас өөрийн  эзэмшлийн усан манан хөөрөгний үнэ 15 сая төгрөг, дунд гарын үйлдвэрийн мөнгөн аяганы үнэ 220.000 төгрөг, ширэн мөнгөн бүсний үнэ 280.000 төгрөг, нийт 15.500.000 төгрөгийг хариуцагч Б.Д- болон “Азын нахиа” ХХК-иас тэнцүү хэмжээгээр хариуцуулахаар буюу тус бүрээс 7.750.000 төгрөг гаргуулж надад олгож, намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Д- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Би 2016 оны 2 дугаар сарын 22-нд “Азын нахиа” ХХК-ийн эзэн Сэмпэнд мөнгөн аяга, хуучны эрэгтэй бүс, жижиг хөөрөг зэргийг тавьж  сарын 15% хүүтэй  400.000 төгрөгийг Ундрахбаярын хамт 200.000 хувааж авсан. Тухайн үед би сарын хүүд  60.000 төгрөгийг Ундрахбаяр 70.000 төгрөгийг Сэмпэнд өгч байсан. Сэмпэнтэй уулзаж тавьсан эд зүйл байгаа юу гэхэд байгаа хүнтэй ажиллуулдаг гэж байсан. Ундрахбаяр бид хоёр таньдаг хүнээс 800.000 төгрөг аваад очиж авах гэсэн боловч хамт ажиллуулдаг хүн Солонгост байгаа холбоо барьж болохгүй байна гэж байсан. Би Ундрахбаярын нэхэмжилсэн 7.750.000 төгрөгний нэхэмжлэлээс татгалзаж байна. Харин 400.000 төгрөгийг Ундрахбаяр  бид хоёр хувааж авсан тул өөрийн авсан 200.000 төгрөгийг өгнө. Надад эд зүйл байхгүй, Ундрахбаяр бид хоёр хамт тавьсан учраас хүлээн зөвшөөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Ундрахбаярын гэрт ганцаараа байхад нь очсон. Тухайн үед манай нөхрийн зээлнээс 200.000 төгрөг дутсан байсан. Тэгээд Ундрахбаяраас мөнгөний хэрэг байна, чамд ломбарданд тавиулах юм байна уу, сарын дараа аваад өгье гэхэд мөнгөн бүс, мөнгөн аяга өгсөн. Тэгээд “Азын нахиа” ломбарданд эд зүйлээ аваад очиход аваагүй. Буцаж очоод ломбард авахгүй байна гэсэн чинь Ундрахбаяр  манай нөхрийн жижиг хөөрөг байгаа үүнийг нийлүүлээд аваад яв гэхээр нь хөөргөө нийлүүлээд эргээд нөгөө ломбарданд тавиад ирсэн. Надад 200.000 төгрөгний хэрэг байсан боловч 400.000 төгрөгт тавья гээд тавих гэтэл Сэмпэн авахгүй байсан. Би манай ээж, аавынх гэж байгаад тавьсан нь үнэн. Тэгээд 400.000 төгрөгийг 2016 оны 2 сарын 22-ны өдөр авч гараад намайг Соёлын төвийн арын дэлгүүрт Ундрахбаяр хүлээж байгаад 200.000 төгрөг авсан...” гэжээ.

Хариуцагч “Азын нахиа” ХХК-ийн захирал Б.С-шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай “Азын нахиа” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх албанд 2016 оны 2 дугаар сард Б.Д-  нь жижиг гарын хөөрөг /алтан нуухтай/ эвдэрхий мөнгөн аяга, эмэгтэй бүс тавьж 400.000 төгрөгийг 15% хүүтэй 1 сарын хугацаатай зээлдэн авсан. Ингээд 3 сард 60.000 төгрөг, 5 сард 70.000 төгрөгийг дансаар хийж өөрөө хөдөө байна гэж ярьсан. Барьцаалан зээлдүүлэх алба нь 3 сар хүлээгээд энэ хугацаанд удаа дараа албан журмын дагуу утас нь холбогдохгүй байсан мессэж явуулж байсан. Ингээд 9 сард Мөнгөнзавъяа  дэлгүүрийн алт мөнгөний дархан хөөргийг нь 300.000, мөнгөн эдлэлийг нь 180.000 төгрөгөөр үнэлж худалдаж авсан. Миний хувьд Ундрахбаяр гэдэг хүн жилийн дараа гарч ирээд миний эд зүйл гэж нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Ундрахбаяр гэж хүнээс ямар ч эд зүйл аваагүй. Иймд Ундрахбаяр гэж хүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна” гэжээ.

Хариуцагч “Азын нахиа” ХХК-ний захирал Б.С-шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дэжидмаа ямар ч байсан 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ломбарданд хөөрөг, мөнгөн бүс, мөнгөн аяга тавьсан. Тэгээд 4-5 сард 60.000 төгрөг, 70.000 төгрөг орж ирсэн. Би ломбардаа Оюунгэрэл гэдэг хүнтэй цуг ажиллуулдаг. Тэр хүн 9 сард ирээд энэ эд зүйлийг зарахгүй бол 2 сараас 9 сар хүртэл 8 сар болчихлоо гээд Улаанбаатар хот аваад явсан. Тэгж байгаад 10 сард холбогдоод асуусан чинь Наранцэцэг  гэдэг хүн Мөнгөн завъяагийн тэнд орхисон, тэр хүн байвал уулзаад аваад өгчих гэхээр нь утсаар залгасан чинь холбогдохгүй байсан. Дараа өөрөө Улаанбаатарт очоод уулзахад худалдаж авсан хүмүүс нь хөөргийг нь 300.000 төгрөг, мөнгөн эдлэлийг мөнгөн завъяагийн доод талд байдаг алт мөнгөний дархан авсан гэж хэлсэн...” гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.2, 342.3-т зааснаар хариуцагч Б.Д-гаас 15.500.000 /арван таван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.У-т олгож, хариуцагч “Азын нахиа” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.450 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Б.Д-гаас 235.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.У-т олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Б.Д- давж заалдах гомдолдоо: Хэнтий аймгийн Бор өндөр сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 100 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1-ийн “хэрэг  хянан шийдвэрлэхэд шинжлэх  ухааны тооцоо /тоо бүртгэл, урлаг утга зохиол, техникийн зэрэг  тусгай мэдлэг шаардах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно” гэсэн заалтыг хэрэгжүүлж  шинжээч томилоогүй.

Хариуцагч “Азын нахиа” ХХК-ны захирал Б.Сэмпэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэргийн 295 дүгээр зүйлийн 295.3-д хөлслөгч эд хөрөнгийг гуравдагч этгээдийн ашиглалтанд шилжүүлсэн тохиолдолд хөлслүүлэгч уг гуравдагч этгээдтэй дамжуулан хөлслөх харилцаа тогтоогоогүй бол гэрээ дуусгавар болоход хөлслүүлэгч гуравдагч этгээдээс эд хөрөнгөө шаардаж болно гэсэн заалтыг хангахгүй байна. Иймд С.У- бид 2 “Азын нахиа” ХХК-ны захирал Б.Сэмпингээс 400.000 төгрөгийг 200.000-аар нь хувааж авсан.

С.У-ын намайг “Та цагдаа болон шүүхийн байгууллагад надтай цуг авсан гэж хэлж болохгүй шүү, би Сэмпэнгээс мөнгө салгана танд ямар ч хамаагүй“ гээд удаа дараа гуйж байсан.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэргсэхгүй болгож, хэргийн буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хүчингүй болгож  анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүхээр буцааж өгнө үү” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүйгээс, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч С.У-аас хариуцагч Б.Д-, “Азын нахиа” ХХК-ийн захирал Б.С-нарт холбогдуулан хөөрөг, мөнгөн аяга, мөнгөн бүсний үнэ 15 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Д- нь “С.У-ын хамтаар эд зүйлийг ломбарданд тавьсан” гэж хариуцагч “Азын нахиа” ХХК-ийн захирал Б.С-“нэхэмжлэгч С.У- нь эд зүйлийг манай ломбарданд тавиагүй” гэж тус тус маргажээ.

           Хариуцагч “Азын нахиа” ХХК-ний захирал Б.Сэмпэнгийн  “хөөрөгний фото зураг надад байгаа тул мэргэжлийн байгууллагаар дахин шинжилгээ хийлгүүлэх, мөн хөөрөг авсан хүнийг дуудаж гэрчээр асуулгах” хүсэлтүүд  гаргажээ. /1 хх-62 тал/

            Шүүх хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтүүдийг хүлээн авч зохих ажиллагаануудыг хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6-т заасантай нийцэхгүй байна.

            Мөн хариуцагч Б.Д-гийн “би 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр С.У-ын гэрт очоод “200 000 төгрөг хэрэгтэй байна ломбарданд тавих зүйл байна уу” гэхэд мөнгөн бүс, мөнгөн аяга өгсөн.  Мөнгөн аяга, бүсийг ламборд аваагүй тул  хөөрөг нэмж өгөөд 400 000 төгрөг авч 200 000 төгрөгийг С.У- авсан. Би ламбордын  хүүд 60000 төгрөг,С.У- 70 000 төгрөг төлсөн” /3 хх-78,79/ гэснээс үзэхэд нэхэмжлэгч С.У- хариуцагч Б.Д- нарын хооронд ямар эрх үүргийн харилцаа үүссэн болохыг тогтоох нь нэхэмжлэлийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх тул  хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 235 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор өндөр сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Д-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 235 450  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

                                                                                                 Я.АЛТАННАВЧ