Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 1151

 

2020            9            8                                              2020/ДШМ/1151                                        

 

 

Б.Б, Г.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Дүүрэнбилэг,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/613 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 52 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Б.Б, Г.Г нарт холбогдох эрүүгийн 2005 00089 0883 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн  Б.Б, 1976 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Төв аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер, гадаад худалдааны менежер мэргэжилтэй, “ЭБА” ХХК-д худалдааны менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ...................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................./;

2. Ганбал овгийн  Г.Г, 1972 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт ..................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................../;

            Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 10 дугаар гудамжны 58 тоотод хохирогч Г.Ггийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний зовхины дотор булан, баруун хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Г.Г нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 10 дугаар гудамжны 58 тоотод хохирогч Б.Бын толгой тус газар сандлаар цохиж, түүний биед зүүн чамархайн тархины эдийн голомтлог няцрал, тархи доргилт, дагзны зүүн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б, Г.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Гд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.Гг цагаатгаж, Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Г.Г цагдан хоригдсон хоноггүй, түүнээс бусдад гаргуулах хохирол төлбөргүйг тус тус дурдаж, Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Б.Б торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Г шүүгдэгч Б.Боос нэхэмжлэх зүйлгүй, харин гомдолтой гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж, цагаатгагдсан этгээд Г.Ггийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн модон сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг сандлын эзэн болох З.Бд буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Прокурор А.Дүүрэнбилэг бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Болороогийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 1438 дугаартай дүгнэлт нь хэрэг учрал гарсан өдрөөс хойш 25 хоногийн дараа гарсан боловч уг дүгнэлт нь хохирогч Б.Б нь Гэмтэл Согог судлалын Үндэсний төвд 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагт буюу хэрэг учрал гарсны дараагийн өдөр эмнэлгийн тусламж авсан баримтад үндэслэсэн учир дээрх шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Г.Ггийн гэм буруутайг тогтоох боломжгүй гэсэн шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэхээр байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 613 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах саналтай байна. Мөн шүүгдэгч Б.Б, Г.Г нарын мэдүүлгийг шүүх үнэлэхдээ Б.Бын мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримтаа шийтгэх тогтоолдоо дурдаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэл гарч ирж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

            Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 10 дугаар гудамжны 58 тоотод хохирогч Г.Ггийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний зовхины дотор булан, баруун хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч Г.Ггийн “... Тухайн өдөр манай төрсөн дүүгийн том охин гэрт орж ирээд “Ганаа эгчээ таныг ээж дуудаж байна, манай гэрт согтуу хүн орж ирээд гарахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь яваад ортол манай ар талын хашааны залуу дүүгийн гэрийн хойморт нь суучихсан архи ууж байсан. Тэгэхээр нь би “нялх, нойтон хүүхэдтэй айлд орж ирж архи уудаг, чи яв, энэ айлаас гар” гэж уурласан чинь тэр залуу намайг “чи битгий хуц, танай гэрт орж архи уугаагүй” гэж хэлэхээр нь чи  одоо бос гээд очоод татсан чинь тэр залуу намайг цохиод, би газарт унаад, дээрээс цохиод, өшиглөөд байсан. Б.Б миний нүүр хэсэгт гараараа цохисон, намайг газарт уначихсан байхад гараараа нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Би цохиулаад манарчихсан байсан. ...” /хх 15-16/,

            гэрч З.Бийн “... 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 10 цагийн үед гэртээ 4 хүүхдийн хамт байж байхад манай хойд талын хашаанд амьдардаг зүс таних эрэгтэй Хараа нэртэй 0.5 литрийн архи гартаа барьсан орж ирээд, манай гэрийн хойморт сандал дээр суугаад шалан дээр архиа тавиад сууж байхад нь би өөрийн том охин Энхтуяаг хойд гэр лүү гүйгээд Г.Г эгчээ дуудаад ир гэж хэлээд гаргасан. Тэгээд байж байтал Г.Г эгч гэрт орж ирээд нөгөө хойд хашааны зүс таних залууд “чи яагаад жоохон хүүхэдтэй хүн дээр орж ирээд архи ууж байгаа юм гэсэн чинь хойд хашааны зүс таних эрэгтэй “танай гэрт архи уугаагүй байна” гэж хэлээд хоорондоо маргалдсан. Тэгээд тэр эрэгтэй босч ирээд манай эгч Г.Гг заамдаж аваад газарт унагаад, дээр нь гараад нүүр хэсэг рүү удаа дараалан олон цохиж байхад манай хүүхдүүд уйлаад, би сандраад цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 20-23/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 565 дугаартай шинжээчийн “Г.Ггийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний зовхины дотор булан, баруун хацар, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 30-31/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхээс үнэлэх дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Прокуророос Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Харин прокуророос Г.Гг Б.Бын толгой тус газар сандлаар цохиж, түүний биед зүүн чамархайн тархины эдийн голомтлог няцрал, тархи доргилт, дагзны зүүн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Гд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.Гг цагаатгаж,  Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр болжээ.

Түүнчлэн, шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Прокурор А.Дүүрэнбилэг нь “... анхан шатны шүүх Г.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй. Шүүх Б.Б, Г.Г нарын мэдүүлгийг үнэлэхдээ Б.Бын мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримтаа шийтгэх тогтоолдоо дурдаж өгөөгүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн эсэргүүцэл бичжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 1438 дугаартай шинжээчийн “Б.Бын биед зүүн чамархайн тархины эдийн голомтлог няцрал, тархи доргилт, дагзны зүүн хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт, 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх байгаа хэдий ч Б.Бод учруулсан дээрх гэмтлийг Г.Г учруулсан гэх шууд нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн тухайн өдөр, тухайн цаг хугацаанд байсан, хэргийн үйл баримтыг харсан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч З.Б нь “...Б.Быг зодож, цохисон зүйл байхгүй. ...” /хх 21/, “... Б.Б гэх залуу Г.Г эгчийг гараа атгаж байгаад цохиж байсан. Пизда минь, би танай гэрт архи уугаагүй шүү гээд орилоод байсан. Г.Г эгч Б.Б гэх хүнийг цохиж байхыг би мэдэхгүй байна. ...” /хх 23/, “... Г.Г Б.Быг миний нүдэн дээр модон сандлаар цохиж харагдаагүй. ...” /хх 24/, хохирогч Г.Ггийн “... Би Б.Б гэх хүнийг модон сандлаар цохиогүй. Би тэр үед хүн цохих ямар ч чадваргүй байсан, намайг цохиод би газарт уначихсан манаралтын байдалтай байсан. ...” /хх 16/ гэсэн мэдүүлгүүд, АСАП сангийн лавлагаараар 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 10 минутад Бямбасүрэнгийн Б.Б нь эрүүлжүүлэхэд байранд орсон байх ба эмчийн тусгай тэмдэглэлд ил шархгүй талаар тэмдэглэсэн /хх 64/ тэмдэглэл, 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхэнд “...өвчин эхэлсэн цаг хугацааг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 00 минут, ... эмчид үзүүлсэн цаг хугацааг 2019 оны 12 дугаар сарын 22-ны 21 цаг 00 минут, өвчний түүх хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагийн орчим сандлаар цохиулж гэмтсэн. 2019 оны 12 дугаар сарын 22-нд 13 цаг орчим ухаан алдаж унасан гэнэ... ” гэх гэмт хэрэг гарсан цаг хугацаа зөрүүтэй байгаа зэрэг нотлох баримтуудаар Б.Бын “...миний биед учруулсан гэмтлийг Ганаа гэх эмэгтэй модон сандлаар цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

Хохирогч Г.Г, гэрч З.Б нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуульд тус тус заасан эрх, үүргийг  болон худал мэдүүлэг өгвөл гарах үр дагаврын талаар тайлбарлан өгч, хууль сануулсан байх тул тэдний мэдүүлгийг худал гэж үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт олон хоногийн дараа гарсан, Б.Б нь өөрөө илт буруутай байсан зэргийг харгалзан анхан шатны шүүх Г.Ггийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иймд прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 52 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/613 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/613 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 52 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МЯГМАРЖАВ  

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ