| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2024/0172/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/227 |
| Огноо | 2024-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Цэцэгмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/227
2024 03 05 2024/ШЦТ/227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Б.Цэцэгмаа,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,
хохирогч П.М,
шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн Е танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Цийн Бд холбогдох эрүүгийн 2306 01623 0128 дугаар хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Бийг ххх өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн тойрог орчимд хохирогч П.Мыг машины шил, машины хамрыг зурсан гэх шалтгаанаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:
шүүгдэгч Ц.Б нь хххх өдөр Баянзүрх дүүргийн хх дугаар хороо хххх орчимд хохирогч П.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/,
Эмчилгээний баримтууд /хх-ийн 40-43/,
Хохирогч П.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“хххх өглөө би нөхөр Бат-Эрдэнийн хамт найзын гэрт цай уугаад бага зэрэг архи уусан. 04 цагийн үед гэр рүүгээ нөхөр урд гараад надаас зайтай явж, би араас нь алхаад явж байх үед саарал өнгийн машинтай хүмүүс ирээд манай нөхөртэй барилцаад авсан. Би та нар яаж байна аа гэж хэлээд голоор нь ороод салгах гэхэд хаанаас хэн цохисныг мэдэхгүй. Миний нүүр рүү цохисон. Би машиных нь урд талд унасан. Хэсэг ухаан алдаад сэргэхэд нөгөө саарал өнгийн машин хөдөлж байхаар нь би урд гүперээс барьсан. Намайг чирэх янзтай болохоор нь би тавьсан. Тэгээд цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,
Насанд хүрээгүй гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“хххх-ны шөнө 02 цагийн үед хамаатны ах Б машин бариад бид хоёр дэлгүүр орох гээд Улиастайн хуучин эцсийн тэнд явж байхад нэг танихгүй ах зам дээр гарч ирээд Б ахын машины гупер лүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь Б ах жаахан явж байгаад машинаа зогсоосон. Б буугаад нөгөө танихгүй ах дээр очиод би машиндаа үлдсэн. Удалгүй цонхоор харахад Б ах нөгөө танихгүй ах хоёр зодолдож байхаар нь би машинаа унаад нөгөө хоёрын хажууд машинаа аваачиж тавиад би машинаас буугаад тэр хоёрыг салгах гэж очсон. Тэгсэн дахиад нэг танихгүй эгч гараад ирсэн байсан. Тэгээд би очоод салгах гэсэн боловч салахгүй байсан. Тэгсэн удалгүй эмэгтэй машины доор очоод намайг дайр гээд байсан ба машины доод талыг оролдоод байсан. Тэгснээ машины салхин шилний 2 арчигчийг хугалсан. Нөгөө танихгүй ах ирээд манай машины түлхүүрийг хугалсан. Тэгснээ буцаж Бийг нөгөө эгчтэй хамт зодоод байсан. Тэгсэн Б болъё ах аа гэж хэлэхэд нөгөө танихгүй ах болихгүй байсан. Би замд явж байсан Приус 11 маркийн машиныг зогсоогоод цагдаа дуудаад өгөөч гэхэд хараад зогсож байснаа цагдаа дуудчихаад яваад өгсөн. Приус 11 маркийн машиныг явахад нөгөө Б ахыг зодож байсан танихгүй ах машины араас дагаад явахаар нь Б ах бид хоёр машин руугаа орж суугаад хаалгаа дотор талаас нь цоожилсон. Тэгээд Б ах бид хоёр хугарсан түлхүүрээ оролдож байгаад машинаа асаагаад ухраад хөдлөхөд нөгөө танихгүй ах салхины шил рүү газраас чулуу аваад шидсэн. Тэгээд Б ах бид хоёр яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81/,
Иргэний нэхэмжлэгч С.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжпэл гарган оролцож байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч П.М нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 844,250 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ц.Б-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 129-130/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Д.Дунгамаагийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2942 дугаар:
“П.Мын биед зүүн ухархайн доод хана, зүүн хоншоор ясны урд хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд 1-р шүдний хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 38-39/,
Шинжээч Д.Дунгамаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“биед зүүн ухархайн доод хана, зүүн хоншоор ясны урд хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд 1-р шүдний хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. П.Мын өөрийн зүүн дээд 1-р шүд нь хиймэл шүд биш” гэх мэдүүлэг /хх-ийн 84/,
Шүүгдэгч Ц.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“2023 оны 02 дугаар сарын 25-ны шөнө 02 цагийн үед би үеэл дүү Мын хамт Улиастайн тойрог дээрх дэлгүүр орох гээд өөрийн төрсөн эцэг болох Даваадоржийн эзэмшлийн хххх ын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодоод хуучин эцэст байрлах шороон зам дээр явж байсан. Зам хажууд согтуу эрэгтэй хүн явж байсан ба хажуугаар нь зөрөхөд хөлөө тээглээх гэж оролдсон. Цонхоо онгойлгоод яаж байгаа юм бэ гэхэд яадгийн пизда минь гэж хэлээд өөдөөс хүрээд ирсэн. Намайг машинаас буухад миний хувцаснаас зуураад тавихгүй байсан. Манай дүү М хүрч ирээд салгах гээд нөгөө ахыг хойш нь татсан. Удалгүй эхнэр нь гэх согтуу эмэгтэй гартаа чулуу барьсан гарч ирээд машины салхины шилийг чулуугаараа 2-3 удаа цохиж цуулсан. Машины хамрыг зурж будгийг нь хуулаад чулуугаа шидээд машины шил арчигчийг хугалсан. Дараа нь машины урд гүперийг өшиглөж хугалсан. Машины эд зүйл эвдчихээр нь миний уур хүрээд эрэгтэйг нь шууд нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон. Дараа нь нөгөө эгчийн нүүрэнд нь баруун гараараа нэг удаа цохисон. Манай үеэл дүү М зодоонд оролцоогүй, зөвхөн салгах гээд явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Ц.Бий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 71/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 72/, эрүүл мэндийн даатгалын төлөлтийн шалгах лавлагаа /хх-ийн 73-76/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/, хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 115-125/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Гэм буруугийн талаар:
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Ц.Б нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, энэ нь хохирогч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогджээ. Шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулжээ.
Иймд шүүгдэгч Ц.Бий хохирогч П.Мын биед зүүн ухархайн доод хана, зүүн хоншоор ясны урд хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд 1-р шүдний хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.
Хохирогч П.Мд гэмт хэргийн улмаас 759.000 төгрөгийн хохирол учирсан, үүнээс эмнэлгийн тусламж үйлчилгээг холбогдох эмнэлгийн байгууллагуудаас үзүүлсэн төлбөр 284.000 төгрөг зарцуулсныг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлжээ. Мөн хохирогчид учирсан 475.000 /АШУҮИС-ийн ШЭНЭС-ын эмнэлгээр үйлчлүүлсэн төлбөр 400.000 төгрөг, шатахуун худалдан авсан 50.000 төгрөг, эм худалдан авсан 8.350 төгрөг/ төгрөгийн хохирлыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд төлж барагдуулсан байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу уг төлбөрийг холбогдох гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх шаардлагатай байдаг бөгөөд шүүгдэгч Ц.Б нь Эрүүл мэндийн даатгалын сангийн 10090020080 тоот дансанд 284.000 төгрөгөөс 283.000 төгрөгийг төлсөн байх ба 1.000 төгрөгийг дутуу төлсөн тул түүнээс 1.000 гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.
Хохирогч П.М нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг цаашид эмчлүүлэх эмчилгээний зардлыг шүүгдэгчээс нэхэмжлэх хүсэлтийг гаргасан болно.
Иймд хохирогч П.М нь уг гэмт хэргийн улмаас цаашид гарсан зардлын талаарх баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,
5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирч, шударга ёсны зарчимд нийцэх ёстой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг судлахад шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасанд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.
Шүүгдэгч Ц.Бий үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуульд заасан бага хэмжээгээр шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хурааагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Цийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шүүгдэгч Ц.Бийг шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Бээс 1.000 /нэг мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хурааагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ