Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2021/03815

 

 

 

 

 

 

 

2021 11 22 101/ШШ2021/03815   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 34-6 тоотод оршин байрлах Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 86-50 тоотод оршин суух, Буриадын д холбогдох,

1,990,000 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.С, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ахуйн цэвэрлэгээний Kirby Sentria төхөөрөмжийг худалдан борлуулдаг билээ. Иргэн Б.П нь 2014 оны 01 дугаар сарын 10-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Б.П нь 5,700,000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийг худалдан авахдаа эхний төлөлт 500,000 төгрөгийг 3 хоногт, үлдсэн төлбөрийг 18 сарын туршид 288,888 төгрөгийг сар бүрийн 25-нд төлж дуусгах нөхцөлтэйгээр тохиролцон гэрээ байгуулсан. Үүний дараа Б.П нь дараах байдлаар төлөлт хийсэн.Үүнд:

2014 оны 01 дугаар сарын 10-нд 500,000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 24-нд 300,000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 25-нд 230,000 төгрөг, 2014 оны 04 дугаар сарын 04-нд 70,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 24-нд 300,000 төгрөг, 2014 оны 06 дүгээр сарын 24-нд 300,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 20-нд 300,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 25-нд 300,000 төгрөг, 2014 оны 09 дугаар сарын 25-нд 250,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 07-нд 50,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 26-нд 290,000 төгрөг, 2014 оны 12 дүгээр сарын 15-нд 290,000 төгрөг, 2014оны 12 дүгээр сарын 25-нд 300,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 02-нд 150,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 20-нд 300,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 25-нд 300,000 төгрөг, 2014оны 09 дүгээр сарын 25-нд 250,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 07-нд 50,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 26-нд 290,000 төгрөг, 2014 оны 12 дүгээр сарын 25-нд 200,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 02-нд 150,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 09-нд 100,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 05-нд 150,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 14-нд 150,000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 22-нд 100,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 27-нд 80,000 төгрөг, нийт 4,420,000 төгрөгийг төлсөн.

Харин төлөөгүй үлдэгдэл 1,280,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сараас хойш төлөөгүй юм. Гэрээнд заасны дагуу /6.2-д/ үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцохоор заасан ба тооцож үзвэл 5 жил өнгөрсөн байгаа юм. Алдангийг иргэний хуульд зааснаар нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй гэж үзээд 640,000 төгрөг, мөн эрэн сурвалжлуулсан зардал 70,000 төгрөг нийт 1,990,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандаж байгаа болно. Энэ хугацаанд шүүхэд 2017 онд хандсан боловч хариуцагч хаяг тодорхойгүйн улмаас шүүхэд нэхэмжлэлээ гаргах боломжгүй болсон тул шүүхээр эрэн сурвалжлуулахаар 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2018/00602 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Ингээд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс 2021 оны 06-р сарын 25-нд хаягийг тодорхой болгож өгснөөр дахин шүүхэд хандсан болно. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Буриадын П  би ЭХХК-ны худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 1,990,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна. Учир нь 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулахдаа 5,700,000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийг 500,000 төгрөгийг урьдчилгаанд бэлнээр төлж, үлдсэн төлбөрийг 18 сарын турш 288,888 төгрөгөөр төлөхөөр болсон.

Төлөлтийг данснаас дансанд бэлэн бус гүйлгээгээр, бэлэн төлөлтөөр дансанд, мөн оператор охины хэлсний дагуу явуулсан хүнд бэлнээр төлбөрийг бэлэн орлогын ордер бичүүлж тус тус төлж барагдуулсан. Мэдээж бэлэн бус гүйлгээ миний дансны хуулгаар тодорхой харагдана. Харин 5112059791 тоот дансанд бэлнээр төлсөн гүйлгээний хуулгыг би харах боломжгүй. Түүнчлэн бэлэн орлогын ордероор авсан төлбөрийг төлөлтөд авсан эсэх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлд жагсаасан төлөлтөөр бол 5,750,000 төгрөг төлсөн харагдаж байгаа хэрнээ нийт төлсөн 4,420,000 төгрөг төлсөн гэжээ. Зүй тогтлыг ажиглан харах юм бол 2014 онд төлсөн өдрүүдийг давхар бичсэн байх бөгөөд дансанд бэлнээр төлсөн төлбөрийг тусгаж оруулаагүй санагдлаа. Түүнчлэн бэлэн орлогын ордероор төлсөн төлбөрийг төлөөгүйд тооцсон байдал, мөн гэрээнийхээ үүргийг биелүүлсэн, төлбөр тооцоо барагдаж дууссан хэмээн үзээд өчнөөн цаг хугацаа өнгөрсний дараа ийм зүйл болж байгаад би их гайхаж байна.

Энэ хугацаанд төлбөр төлсөн бэлэн мөнгөний орлогын ордерыг хадгалаад байж байх нэг ч хүн байхгүй байх. Хамгийн наад хугацаа хагас жил, нэг жилийн хугацаанд бүх зүйл дууссан гэж үзээд цэгцлээд хаяж үрнэ биз дээ. Түүнчлэн 2017 онд тус шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ намайг хариуцагчаар татахдаа Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 95 дугаар байр 24 тоот хаягаар өгсөн байна. Энэ байр манай нөхрийн нэр дээр бүртгэлтэй, түрээсэлдэг байр төдийгүй, холбогдох утас ч хэвээрээ ашиглагдаад явж байсан гэдгийг хэлэх нь зөв болов уу. Мөн Иргэний хуулийн 9 бүлгийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан, 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж тус тус зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан, мөн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 101/Ш32017/15402 дугаар шүүгчийн захирамжаар харагдаж байгаа зэрэг нь иргэний үүрэг шаардах, хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75.2.1-д заасны дагуу хангахгүй байх үндэслэлтэй гэж үзэж байгаа тул энэ хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК, хариуцагч Б.Пд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 1,990,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, хуваарьт төлбөрүүдийг төлж дууссан гэх тайлбарыг гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Зохигчийн хооронд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь 5,700,000 төгрөгийн үнэ бүхий KIRBY Sentra стандартын иж бүрдэл бүхий барааг хариуцагчид нийлүүлэх, хариуцагч нь гэрээнд зааснаар 18 сарын хугацаанд зохих хуваарийн дагуу төлбөрийг төлөх үүрэг хүлээжээ. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч нь 5,700,000 төгрөгөөс 1,280,000 төгрөгийг төлөөгүй тухай тайлбарласан бол хариуцагч тал тухайн төлбөрийг бүрэн төлсөн ба нэхэмжлэгч төлбөрийг гэрээр ирж авч байсан, түүнчлэн нэхэмжлэгч талын хувь хүний дансанд зохих төлбөрийг шилжүүлж байсан гэх тайлбарыг тус тус гаргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох зохигчийн хооронд байгуулсан гэрээ, түүний хавсралт, П.Хашчулуун, Б.П нарын Төрийн банкан дахь 104400039787 тоот, Б.Пын мөн банкан дахь 104400028450 тоот дансны хуулга зэрэг баримтуудаар хариуцагчийн татгалзлаа илэрхийлсэн үйл баримт нотлогдохгүй буюу хариуцагч нэхэмжлэгчийн шаардсан 1,280,000 төгрөгийн төлбөрийг төлсөн нь тогтоогдсонгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлаа шүүхэд өөрөө нотлох, нотлох баримтаа бүрдүүлэх үүрэгтэй ба нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт, татгалзлын илэрхийлэл болсон бичгийн баримтыг шүүхэд тус тус гаргаагүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний талаар хэн аль нь гэрээний үүргээ, гэрээнд заасны дагуу шударгаар биелүүлэх үүрэгтэй. Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, баримтууд, мэтгэлцсэн байдлаас үзэхэд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч тал хариуцагчийг 1,280,000 төгрөг төлөөгүй гэх боловч зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн тооцооллоос үзвэл хариуцагч 1,140,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй ба энэ хэмжээгээр гэрээний үүргийг хариуцах үүрэгтэй. Талууд гэрээний үүргийн хариуцлагыг гэрээний 6-д заасан байх ба гэрээний 6.2, 6.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгч алданги шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д нийцнэ. Алдангийг тооцооллыг 1,140,000 төгрөгөөс тооцон 570,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Хариуцагч тал 2014 оны гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар шүүхэд тайлбарласан ба нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 602 дугаартай шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлуулж, Баянзүрх дүүрэг Цагдаагийн газраас хариуцагчийн оршин суух хаягийг олж тогтоосон тухай мэдэгдлийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчид бичгээр мэдэгджээ. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягаас нүүсэн тухай шүүх хуралдаанд тайлбарласан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбоотойгоор хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандсан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болох бөгөөд цагдаагийн байгууллага хариуцагчийн оршин суух хаягийг олж тогтоосон 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдох учир нэхэмжлэгч, хариуцагчийн эсрэг шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Хариуцагчийг эрэн сурвалжлуулахтай холбоотой 70,200 төгрөгийн зардал гарсан, тухайн зардлыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгч нэхэмжилсэн ба 602 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч уг 70,200 төгрөгийг улсын орлогод төлсөн тогтоогдсон учир энэ мөнгийг хариуцагчаас нэмж гаргуулахаар шийдвэрлэв.

Иймд хариуцагч Б.Паас худалдах-худалдан авах гэрээний үүрэг, зардалд нийт 1,780,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлээс 209,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Пагам -аас 1,780,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК -д олгож, нэхэмжлэлээс 209,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,790 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Паас 43,433 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ