Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 22 өдөр          Дугаар 226/МА2018/00015                     Хэрлэн сум

 

 

“П-” ХХК-ийн нэхэмжлэлтэй  

Нийгмийн даатгалын ерөнхий газар, 

Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст

 холбогдох иргэний хэргийн талаар

 

226/2018/0015/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Уламбаяр,

Нэхэмжлэгч “П-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Б-,

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нарыг оролцуулан

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 496 дугаар шийдвэртэй, “П-” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийгмийн даатгалын ерөнхий газар болон, Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст  холбогдох “үйлчилгээний төлбөр 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн давж заалдах гомдлоор 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “П-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын ерөнхий газраас  2014 оны 5 дугаар сарын 26-28 ны өдрүүдэд “Бичил уурхайчдыг Нийгмийн даатгалд хамруулах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулан  70 шахам улсын байцаагч, сургагч багш, албаны бусад хүмүүс оролцсон юм. Энэ үеэр  манай компанийн Цээл зоогийн газраар сургалтанд оролцсон 70 хүнд 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн хоолоор үйлчлүүлэн төлбөрийг 14 хоногийн дотор төлөхөөр гэрээ хийсэн боловч одоог болтол төлбөр хийгдээгүй байгаа юм.

          Төлбөрийг барагдуулах талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Г.Саран,  төлөвлөлт, санхүү, бүртгэлийн газрын дарга Ч.Чулуунчимэг, хуулийн зөвлөх С.Мяндасмаа нарт хандаж албан бичиг явуулсан боловч ямар ч хариу өгөөгүй өдий хүрлээ.  Хуулийн зөвлөх С.Мяндасмаатай уулзахад судалж байгаад хариу өгнө гэсэн юм.  Иймд Нийгмийн даатгалын байгууллагаас авах 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг  гаргуулж   өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус сургалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулсан. Мөн уг сургалтын төсөв нь тус хэлтсийн үйл ажиллагааны зардалд тусгагдаж, зарцуулагдаагүй бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын сургалт сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Эрдэнэбат оролцогч нарын буудлын тооцоо болон томилолт бусад тооцоог бэлнээр хийж байсан.

Цээл рестораны хүндэтгэлийн арга хэмжээ, зоогийн талаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодруулахад тус сургалтын төсөвт хүндэтгэлийн зоог тусгагдаагүй мөн санхүүгийн тайланд энэ талаар огт дурдаагүй талаар хариу ирүүлсэн байна.

“П-” ХХК-тай хүндэтгэлийн зоог барих, хамтран ажиллах гэрээг тухай үед     Бор-Өндөр сумын Нийгмийн даатгалын тасгийн даргаар ажиллаж байсан Н.Түвшинзаяа  хийсэн байсан. Гэрээ хэлцэл хийх талаар Н.Түвшинзаяад Нийгмийн даатгалын ерөнхий газар болон тус хэлтсээс чиглэл албан ёсоор өгөөгүй болно. Тасгийн даргаар ажиллаж байсан Н.Түвшинзаяа нь тус хэлтсийг төлөөлөн үйл ажиллагааны зардал зарцуулах эрхгүй болно. “П-” ХХК-тай байгуулсан гэрээ үйлчилгээний хөлсний тооцоо нийлсэн материал нь тус хэлтсийн архивын баримтанд байхгүй байгаа нь тухайн гэрээг нөхөж хийсэн, нөхөж хийхдээ тус хэлтэс болон Нийгмийн даатгалын ерөнхий газрыг төлөөлөх эрхгүй этгээд хийсэн нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ.

          Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгэрэл  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“П-” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бор-Өндөр сумын Нийгмийн даатгалын тасгийн даргаар ажиллаж байсан Н.Түвшинзаяад Нийгмийн даатгалын ерөнхий газрыг төлөөлөх эрх олгоогүй. Уг сургалтыг Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлж явуулсан. 2.800.000 төгрөгийн өртөгтэй оройн хүндэтгэлийн зоогийн асуудал Нийгмийн даатгалын ерөнхий газарт хамааралгүй. Н.Түвшинзаяагийн П-” ХХК-тай байгуулсан гэрээ нь сүүлд нөхөж хийсэн гэрээ гэж манай тал үзэж байгаа. Энэ гэрээний хувь манай архивт байхгүй байгаа” гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 496 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг иргэний хэргийн хариуцлагаас чөлөөлж, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж “П-” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.750 /тавин есөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас 59.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “П-” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бадамгэрэл давж заалдах гомдолдоо:  2014 оны 5 дугаар сарын 26-аас 28-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд болсон сургалтыг Швейцарын хөгжлийн агентлагаас санхүүтэй холбоотой бүх асуудлыг хариуцаж зохион байгуулж  явуулсан. Тухайн үед энэ сургалтын санхүүжилт нь гадны хөрөнгө оруулалттай байсан учир мөнгийг нь шууд буюу Д.Эрдэнэбат нь сургалтанд хамрагдсан хүмүүсийн буудлын болон бусад бүх тооцоог тухай бүрт нь хийж явсан. Уг сургалтын хөтөлбөрт хүндэтгэлийн зоогийн талаар огт дурдагдаагүй, зардлыг тусгаагүй байхад Д.Эрдэнэбат нь дур мэдэн  зохион байгуулж, Н.Түвшинзаяа нь гэрээг хийсэн байна. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Д.Эрдэнэбат болон Н.Түвшинзаяа нар нь Нийгмийн даатгалын ерөнхий газрыг төлөөлж  гэрээ хийх эрхгүй юм. 2014 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Үйлчилгээ үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байхад анхан шатны шүүх  Нийгмийн даатгалын ерөнхий газрыг жинхэнэ хариуцагч гэж үзсэн нь буруу байна.  Иймд нэхэмжпэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

          Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

             Шүүх хариуцагч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн даатгалын ерөнхий газарт нэхэмжлэлийн хувийг гардуулаагүйгээс, “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх” зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хариуцагчийн эрхүүд  ноцтой зөрчигдсөн байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан “хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” тул  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 496 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

                                                                                                    Я.АЛТАННАВЧ