Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2024/00311

 

Г.Б-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/01882 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2024/01695 дугаар магадлалтай,

Г.Б-н нэхэмжлэлтэй

“Ж” ХХК-д холбогдох

*** дүүргийн ** хороо *** худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын ** тоот 39,64 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох,

уг үйлчилгээний талбайг Х банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Г.Б-н нэр дээр гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах,

Г.Б болон “Ж” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018.03.05-ны өдрийн гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох, уг гэрээний 3.3 дахь заалтын “4 дэх сараас эхлэн...”, 10%-иар тооцон...” гэх хэсэг нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, алдангид 88,377,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Г.Б нь “Ж” ХХК-д холбогдуулан *** дүүргийн ** хороо *** худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын ** тоот 39,64 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох,

уг үйлчилгээний талбайг Х банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Г.Б-н нэр дээр гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах,

Г.Б болон “Ж” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018.03.05-ны өдрийн гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох, уг гэрээний 3.3 дахь заалтын “4 дэх сараас эхлэн...”, 10%-иар тооцон...” гэх хэсэг нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, алдангид 88,377,380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/01882 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 200 дугаар зүйлийн 200.1, 202 дугаар зүйлийн 202.2.12-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-г *** дүүргийн ** хороо ** худалдаа, үйлчилгээний зориулалттай ** барилгын ** тоот, 39,64 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, уг үйлчилгээний талбайг Х банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Г.Б-н нэр дээр гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөхийг хариуцагч “Ж” ХХК-д даалгаж, “Ж” ХХК, Г.Б нарын хооронд байгуулагдсан 2018.03.05-ны өдрийн 180305 дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоож, гэрээний 3.3 дахь заалтын “4 дэх сараас эхлэн...”, 10%-иар тооцон...” гэх стандарт нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид 88,377,380 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,922,361 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ж” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,322,524 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-д олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2024/01695 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/01882 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 599,837 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...алданги 88,377,380 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Ж” ХХК нь “П” худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын бүх захиалагч, худалдан авагч нартай тогтсон нэг загвар, ижил нөхцөл, заалт бүхий “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-г байгуулсан бөгөөд тус гэрээг шууд санал болгосон, гэрээнд манай зүгээс өөрчлөлт оруулах, санал өгөх боломжгүй байсан ...тул үйлчилгээний талбай захиалахын тулд “Ж” ХХК-ийн санал болгосон нөхцөлөөр гэрээ байгуулсан.

...Анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий гэрээг бүхэлд нь стандарт нөхцөл бүхий гэрээ гэж дүгнэсэн хэрнээ гэрээнд заасан стандарт нөхцөл тус бүрийг “хүчин төгөлдөр эсэх”-д дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. ...гэрээний 2.9-д заасан тохиролцоо гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрсөн эсэх талаарх тайлбараа хоёр шатны шүүх хуралдаан дээр хэлж, бичгээр гаргасныг шүүхүүд анхаарч үзээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй гэрээний 2.9 дэх заалт Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4-т заасан хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл байх бөгөөд хоёр шатны шүүх хүчин төгөлдөр бус гэрээний заалтыг баримталж алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

...Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан “Гэрээний талуудын чөлөөт байдал”-ын зарчим нь ямар ч тохиолдолд хууль зөрчсөн, хуулиар тогтоосон хязгаарлалтаас давсан хүсэл зоригийн илэрхийллийг зөвтгөх агуулгатай зохицуулалт биш юм. ...Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ”-ний 3.3 дахь заалтын дээрх стандарт нөхцөлүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн атлаа 2.9 дэх заалтын стандарт нөхцөлийн агуулга ямар байхаас үл хамааран гэрээний талуудын чөлөөт байдал гэж дүгнэж байгаа нь хууль хэрэглээний зөрүүг үүсгэсэн. Түүнчлэн, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний 2.9-д зааснаар аливаа хөнгөлөлт эдлээгүй, гэрээний 1.1-д заасан үнийн дүнгийн тооцоолол дээрх хөнгөлөлт гэх үг нь бодит хөнгөлөлт биш, гүйцэтгэгч талын санал болгож буй гэрээний үнийн санал юм. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулан алданги 88,377,380 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.11.29-ний өдрийн 001/ШХТ2024/01444 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж үзэж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг агуулгаар нь хангана.

7.Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан

-*** дүүргийн ** хороо ** худалдаа, үйлчилгээний зориулалттай ** барилгын ** тоот, 39,64 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох,

-уг үйлчилгээний талбайг Х банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөхийг хариуцагчид даалгах,

-Г.Б болон “Ж” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018.03.05-ны өдрийн гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох, уг гэрээний 3.3 дахь заалтын 2 дахь өгүүлбэрийн “4 дэх сараас эхлэн...”, 10%-аар тооцон...” гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

-гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангид 88,377,380 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэлээ: “Ж” ХХК-тай 2018.03.05-ны өдөр барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулж, *** дүүргийн ** хороо ** худалдаа, үйлчилгээний зориулалттай ** барилгын *** тоот, 39,64 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 176,754,760 төгрөгөөр захиалж, ...үйлчилгээний талбайг 2021.10.06-ны өдөр хүлээж авсан боловч одоог хүртэл хариуцагч өмчлөх эрхийг шилжүүлээгүй, ...гэрээний 3.3 дахь заалт нь захиалагч талд илт хохиролтой бөгөөд шударга бус, гэрээний талуудын алданги тооцох үнийн дүнг захиалагч талд хохиролтой байдлаар тусгасан тул хүчин төгөлдөр бус, ...хариуцагч нь гэрээний зүйлийг хугацаа хэтрүүлж хүлээлгэж өгсөн, 2019.05.01-2021.10.06-ны өдрийг хүртэлх 889 хоногийн алданги 157,134,982 төгрөг боловч хуульд заасан 50 хувиар тооцвол 88,377,380 төгрөгийг шаардана...” гэж тодорхойлжээ.

Хариуцагч “Ж” ХХК нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг маргаагүй, улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийн хувьд Х банкны барьцаанаас чөлөөлөх тухай баримт бичгээс бусад баримт бичгийг гаргаж өгөх боломжтой..., харин гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох, гэрээний 3.3 дахь заалтын 2 дахь өгүүлбэрийн “...4 дэх сараас эхлэн ...”, 10%-аар тооцон...” гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд захиалагч тухайн үедээ өөрөө гэрээний нөхцөлтэй танилцаад, гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээний нөхцөлийг өөрчлөх боломжтой байсан тул хүлээн зөвшөөрөхгүй, мөн алданги гаргуулах шаардлагын хувьд сүүлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй, гэрээний 2.9 дэх хэсэгт захиалагч энэхүү гэрээний 2.1-д заасан график төлбөрөө хугацаа хожимдуулж төлж байсан, хөнгөлөлт авсан тохиолдолд орон сууц ашиглалтад орох хугацаанаас хоцорсон талаар алданги, торгууль төлөхгүй гэдгийг анхнаасаа тохирсон тул зөвшөөрөхгүй гэжээ.

8.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Б-г тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, уг үйлчилгээний талбайг Х банкны барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрх бүртгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөхийг хариуцагч “Ж” ХХК-д даалгаж, ажил гүйцэтгэх гэрээ стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоож, гэрээний 3.3 дахь заалтын “...4 дэх сараас эхлэн...”, 10%-иар тооцон...” гэх нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоон нэхэмжлэлийн эдгээр шаардлагыг хангаж, үлдэх “алданги 88,377,380 төгрөг гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Ингэхдээ талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь төлбөр 176,754,760 төгрөгийг бүрэн төлж, 2021 оноос эд хөрөнгийг эзэмшилдээ авсан, хариуцагч нь Г.Б-н гэрээгээр авсан үйлчилгээний зориулалттай барилгыг “Х банк” ХК-ийн зээлийн барьцаанд барьцаалсан үйл баримтын талаар зохигч талууд маргаагүй бөгөөд хариуцагч нь тухайн барьцаа хөрөнгөд ногдох зээлийн төлбөрийг төлснөөр дээрх барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх үндэслэлтэй. Тодруулбал, шүүх нэхэмжлэлийг хангаснаар үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний талуудын эрх, ашигт сөргөөр нөлөөлөх байдал үүсэхгүй.., гэрээний 3.3 дахь заалтын “...4 дэх сараас эхлэн...”, 10%-иар тооцон...” гэх стандарт нөхцөл нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.12-т зааснаар нэг талын эрхийг хязгаарласан” агуулгатай байх тул хүчин төгөлдөр бус.., гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангид 88,377,380 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй, учир нь гэрээний 2.9-д захиалагч графикт төлбөрөө хугацаа хэтрүүлэн төлж байсан, хөнгөлөлттэй нөхцөлөөр төлбөрийг төлсөн, мөн бартераар гэрээ байгуулсан зэрэг тохиолдолд алданги, торгууль тооцох нэхэмжлэх эрхгүй байна” гэж заасан ба Г.Б нь хөнгөлөлттэй нөхцөлөөр төлбөрийг төлсөн, нийт 194,236,000 төгрөгийн үнийн дүнгээс 9 хувийн буюу 17,481,240 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, үлдэх 176,754,760 төгрөгийг төлсөн байх тул алданги шаардах эрхгүй...” гэсэн дүгнэлтийг хийжээ.

Анхан шатны шүүх алдангийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан ба давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг нь хангахгүй орхисон байна.

9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

10.Г.Б болон “Ж” ХХК-ийн хооронд 2018.03.05-ны өдөр “Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ” гэж нэрлэсэн хэлцэл байгуулагдаж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “П” худалдаа үйлчилгээний зориулалттай барилгад “** дугаар давхар, ** тоот, 39,64 м.кв, худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайд 1 м.кв талбайг 4,900,000 төгрөгөөр үнэлж, нийт 194,236,000 төгрөг, үүнээс 9 хувийн хөнгөлөлт болох 17,481,240 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, 176,754,760 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, үүнээс 112,455,980 төгрөгийг 2018.03.05-нд, 64,298,780 төгрөгийг түлхүүр гардан авах үед тус тус төлөх тохиролцоог (хх-7) гэрээнд тусгажээ. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч 2018.03.05-2022.02.17 хүртэл хугацаанд нийт 176,754,760 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагджээ. (хх-13)

11.Түүнчлэн, үүний дараа “Ж” ХХК нь 2019.06.13-ны өдөр дутуу баригдсан 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг зээлийн үүрэгт барьцаалсан ба үүнд нэхэмжлэгчийн захиалсан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө багтсан, барьцаанаас чөлөөлж чадахгүй байгаа учраас өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг шилжүүлэх боломжгүй гэсэн тайлбарыг гаргажээ.

Нэхэмжлэгч нь барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлагыг гаргасан тохиолдолд уг шаардлага нь зөвхөн барьцаалуулагч бус мөн барьцаалагчид хамааралтай болохыг хоёр шатны шүүх анхаараагүйгээс гадна барьцааны зүйлийг чөлөөлөх, барьцааны гэрээ дуусгавар болох Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй алдаа гаргасан байна.

Нэхэмжлэгч Г.Б-н өмчлөлийн хөрөнгө барьцааны зүйл болсон тохиолдолд барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх, барьцаалагч барьцааны зүйлээс татгалзах, барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болох, барьцаалагч эзэмшилдээ байсан барьцааны зүйлийг барьцаалуулагчид буцаан өгөх эсвэл хуульд заасан бусад үндэслэлээр барьцааны гэрээ дуусгавар болж, хөрөнгөө чөлөөлүүлэх эрх үүсэхийг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д хуульчлан заасан ба хоёр шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлд аль нь хамаарч байгааг тодруулаагүйгээс гадна нэхэмжлэгч нь “үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний талуудад биш зөвхөн барьцаалуулагчид холбогдуулан гаргасанд дүгнэлт хийж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүх үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж шийдвэрлэсэн байх боловч хуулийн аль үндэслэлийг хамаарна гэж үзсэн нь тодорхой бус байх ба энэ шийдвэрийн талаар гэрээний нэг тал болох барьцаалагч мэдээгүй нь эрх ашгийг нь хөндсөн, эрхийн зөрчил үүсгэсэн үйл баримт бүрэн дүүрэн тогтоогдоогүй, эрх зүйн хамгаалалт зохих ёсоор хэрэгжиж чадаагүй улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхэд хүргэжээ.

Иймд хэрэгт байгаа баримтын хэмжээнд хяналтын шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагад хууль хэрэглээний асуудлаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/01882 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 210/МА2024/01695 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч Г.Б-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.10.10-ны өдөр төлсөн 599,837 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЦОЛМОН

                     ШҮҮГЧИД                                                     Н.БАТЗОРИГ

                                                                                               Н.БАЯРМАА

                                                                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД