| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 500/2020/0031/Э |
| Дугаар | 1152 |
| Огноо | 2020-09-08 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Цэрэндорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 1152
2020 9 8 2020/ДШМ/1152
Г.Дт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Цэрэндорж,
хохирогч Г.Д,
шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч В.Г,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/529 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Дийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Дт холбогдох эрүүгийн 1905 04445 0534 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Харчин овгийн Г.Д, 1993 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ....... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.................../;
Г.Д нь Буянт-Ухаа 2 хороололд 3 өрөө байранд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Н.Тгээс 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 45-72 тоотоос 10.000.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхон худалдааны төв орчмоос 10.000.000 төгрөг буюу нийт 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Мөн Буянт-Ухаа 2 хороололд 3 өрөө байранд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Г.Доос 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шонхор плаза” төвд 6.800.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэрмэс” худалдааны төвийн орчим 3.200.000 төгрөг буюу нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Дыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Г.Дын цагдан хоригдсон 51 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 408 цагтай дүйцүүлэн хасаж, түүний нийтэд тустай ажил хийлгэх ялыг 312 цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Даас 27.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Тд 17.500.000 төгрөгийг, хохирогч Г.Дид 10.000.000 төгрөгийг тус тус олгох, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Г.Дт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Хохирогч Г.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс Г.Дын цагдан хоригдсон 51 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, 312 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, надад 10.000.000 төгрөгийн хохирол олгуулахаар шийдвэрлэсэн. Гэвч шүүдэгч Г.Д нь 2019 оны 9 дүгээр сард надаас 10.000.000 төгрөг залилж авснаас хойш нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй. Иймд Г.Дт оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байгаа тул ял шийтгэлийг хүндрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Дын өмгөөлөгч В.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Г.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруудаа маргадаггүй. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэм буруутай этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх юм. Анхан шатны шүүхээс эдгээр үндэслэлүүдийг харгалзан ял оногдуулсан гэж үзэж байна. Мөн хохирлыг нөхөн төлүүлэх боломжоор нь хангаж хорих ял оногдуулалгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шийтгэх тогтоолд хохирлын хэмжээг тодорхой дурдсан байгаа тул үүнийг хохирогч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар албадан гаргуулах эрх нь нээлттэй байгаа. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Д тус шүүх хуралдаанд: “... Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.
Прокурор С.Цэрэндорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн. Г.Д нь гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг өөрт оногдуулсан эрх хэмжээний хүрээнд үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Д нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Г.Дт холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Г.Д нь Буянт-Ухаа 2 хороололд 3 өрөө байранд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Н.Тгээс 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 45-72 тоотоос 10.000.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхон худалдааны төв орчмоос 10.000.000 төгрөг буюу түүнээс нийт 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
мөн Буянт-Ухаа 2 хороололд 3 өрөө байранд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Г.Доос 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шонхор плаза” төвд 6.800.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хермис” худалдааны төвийн орчим 3.200.000 төгрөг буюу түүнээс нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Н.Тгийн “... Би хүргэн ах Баттулгын найзынх нь хүү Г.Дтай нисэхэд 3 өрөө байр авахаар тохиролцоод урьдчилгаа төлбөр 20.000.000 төгрөгөөс 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 10.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байх гэрээсээ интернет банкаар 5154097635 дугаартай данс руу, 7 дугаар сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөгийг тус данс руу Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхон худалдааны төвд өөрийн 5068206418 тоот данснаас интернет банкаар шилжүүлсэн. Тэгээд би байраа очиж үзье гэхэд одоогоор очиж үзэх боломжгүй гээд байсан. 8 дугаар сарын 1-ний өдөр байранд оруулж өгнө, хүн амьдраагүй байр гэж хэлсэн. Хүлээгээд байтал хариу өгөхгүй байсан. Манай хүргэн ах залгаад “манай дүү авахаа больчихлоо, гадаад явахаар болчихлоо” гэж хэлээд мөнгөө авах гэтэл хүнтэй яриад мөнгө зохицуулаад аваад өгье гэж хэлсэн. Тэрнээс хойш утас нь холбогдохоо больсон, фэйсбүүк хаягтаа орж ирэхээ болиод, 9 дүгээр сарын дундуур хаягаа хаачихсан. ...” /хх 22-23/,
хохирогч Г.Дийн “... 2019 оны 6 дугаар сард хадам дүү Энхмандахаас найз Г.Д нь хүмүүсийг түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж байна гэхээр нь түүнтэй уулзтал Г.Д нь “Нийслэлийн орон сууцны корпорацид таньдаг хүн байгаа, Хан-Уул дүүрэг дэх Буянт-Ухаа 2 түрээсийн орон сууцанд 3 өрөө байранд оруулж өгөх боломжтой, та урьдчилгаа мөнгө болгож 10.000.000 төгрөг өгчихвөл би бүтээж чадна гэсэн. Тэгээд 10.000.000 төгрөгийн 5.000.000 төгрөгийг хахуульд, харин 5.000.000 төгрөгийг байрны урьдчилгаанд өгнө гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Г.Дт итгээд 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шонхор” плазагийн нотариатын газарт Г.Дтай зээлийн гэрээ байгуулж, 6.800.000 төгрөгийг өөрийн 5041007207 дугаартай Хаан банкны данснаас Мөнхбаясгалан гэх хүний 5154097635 дугаарын данс руу шилжүүлсэн. 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хэрмэс худалдааны төвийн гадаа зогсож байхдаа Г.Дтай утсаар ярьж мөн өөрийн данснаас Мөнхбаясгалан гэх нэртэй данс руу 3.200.000 төгрөг шилжүүлсэн. Г.Д надад хэлэхдээ урьдчилгаа мөнгөө шилжүүлсний дараа түрээсийн орон сууцанд орохын тулд 2 сар хүлээнэ шүү гэж хэлсэн. 2019 оны 11 дүгээр сараас хойш Г.Д нь гар утсаа огт авахгүй байсан. Сүүлдээ утсаа салгаад таг чиг алга болсон. ...” /хх 27-28/,
гэрч Н.Б-ын “... Манай талийгаач найз Гансүхийн хүү Г.Д над руу залгаад Буянт ухаа 2 хороололд хямд үнээр 3 өрөө түрээсийн байр олж өгч чадна, сонирхох хүн байна уу гэж асуусан. Тухайн үед манай хадам дүү Тэлмэн байр хайж байсан болохоор нь энэ талаар хэлээд Тэлмэн бид хоёр Г.Дтай уулзахад, Г.Д “Төрийн орон сууцны корпорацийн түрээсийн Буянт ухаа 2 хороололд 3 өрөө байранд урьдчилгаа 20.000.000 төгрөг өгчихвөл ямар ч асуудалгүй 7 дугаар сарын 20-д гаргаад оруулж өгч чадна, баталгаатай, найдвартай гэж хэлсэн. Тэгээд Тэлмэн гэрийнхэнтэйгээ зөвлөлдөж ярилцаж байгаад 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 10.000.000 төгрөг, 7 дугаар сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөгийг Г.Дт өгсөн. Тэрнээс хойш 7 дугаар сарын 20-д гаргаад байрандаа оруулахгүй болохоор нь удаа дараа Г.Дтай холбогдоход удахгүй гэж хэлж байснаа 8 дугаар сар гарснаас хойш утас нь холбогдохгүй алга болсон. ...” /хх 29-30/,анБуя
гэрч Н.Э-ын “... 2019 оны 9 дүгээр сард танил Г.Д надад 10.000.000 төгрөгийн урьдчилгаа аваад богино хугацаанд түрээсийн орон сууцанд оруулах гэж байгаа гэхээр нь хүргэн ах Даваадоржид хэлэхэд манай ах Г.Дтай уулзсан. Даваадорж ах уулзсанаасаа хойш удалгүй Г.Дын хэлсэн Мөнхбаясгалан гэх хүний данс руу мөнгө шилжүүлсэн тухай хэлсэн. Тэгээд 2 сарын дараа байранд орох байтал байр олгоогүй, Г.Д утсаа салгаад холбоо барилгүй алга болчихсон. ...” /хх 31/ гэх мэдүүлгүүд болон Г.Дын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 46-47/,
Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх 8-9/, Г.Дийн Хаан банкны хуулга /хх 11/, Зээлийн гэрээ /хх 12/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхээс үнэлэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүхээс Г.Дыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Г.Дыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан үйлдлийг 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хохирогч Г.Доос “... шүүдэгч Г.Д нь 2019 оны 9 дүгээр сард надаас 10.000.000 төгрөг залилж авснаас хойш нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй. Иймд Г.Дт оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байгаа тул ял шийтгэлийг хүндрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Дт ял оногдуулсан байна.
Түүнчлэн шүүгдэгч Г.Дын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор буюу 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Харин анхан шатны шүүх Г.Дын цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцохдоо хуулийн зүйл, хэсгийг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.
Иймд хохирогч Г.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/529 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/529 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
3 дахь заалтад “Шүүгдэгч Г.Дын цагдан хоригдсон 51 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 408 цагтай дүйцүүлэн хасаж, түүний нийтэд тустай ажил хийлгэх ялыг 312 цагаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дын цагдан хоригдсон 51 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 408 цагтай дүйцүүлэн хасаж, түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 312 цагаар тогтоосугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Г.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ