Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2017/0520

 

 

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2017/0520

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С дүүрэг, 0 дугаар хороо, Б 0-0 тоотод оршин суух, С.Н, С.Д, С.Д, Э.У,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Газрын алба,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар,

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/985 дугаар захирамжийн Б.Г, Г.Н нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-*******, ******* дугаарт бүртгэгдсэн Ц.О-ы газар өмчлөх эрхийн *******, ******* дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон Сонгинохайрхан дүүргийн Газрын алба нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заагдсан эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Н, Э.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Ц.О, түүний өмгөөлөгч Ц.Э, гуравдагч этгээд Б.Г, Г.Н, нарын өмгөөлөгч П.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Н, С.Д, С.Д, Э.У, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: С.Н, С.Д, С.Д, Э.У нар нь Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Зээлийн 18-р гудамжны 6 тоотод 2001 онд анх хэн ч ашиглаагүй хоосон газарт 4 тал 1600 гаруй м.кв газрыг хашаалан өнөөдрийг хүртэл 15 жил тасралтгүй амьдарч байна.

Уг газрыг Б.Ч, С.Н, С.Д, С.Д нар болох 4 өрх хувааж авахаар гэр бүлийн хүрээнд шийдсэн. Харин С.Н, С.Д, С.Д нарын амьдарч байгаа газар дээгүүр үерийн ус урсдаг байсан учраас газрын зөвшөөрөл өгдөггүй байсан, албан ёсоор С дүүргийн Газрын албанд тухайн газрыг эзэмших өргөдөл гаргаж байгаагүй. Тухайн газрыг үерийн ам гэж хэлэлгүй өгч байсан бол тухайн үед нь Газрын албанд материалаа бүдрүүлэн өгч газраа өмчлөөд авчих байсан.

Хашааг 2002 оноос Газрын тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2001 онд барьсан тул 2002 оны Газрын тухай хуульд зааснаар хашааг хөндөх, газрыг өөр этгээдэд өгөх зохицуулалт байхгүй.

Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор Газар зохион байгуулалт хийх журам-ыг баталсан бөгөөд уг журмын 6.3-д хуульд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах газрын судалгааг хийж, хэмжилт, бүртгэл, зураглал үйлдэх, тэдгээрийн хил, заагийг тогтоох, өөрчлөлт оруулах, тодотгох гэж заасны дагуу хашаалсан газар бүр Газрын алба бүртгэлтэй байдаг. Өөрийн газрын хэмжээнээс илүү газрыг хашиж авсан бол Газрын алба Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасан эрх хэмжээний хүрээнд илүү хашсан газрыг чөлөөлүүлэхээр шаардах үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй Газрын албаны шууд буруутай. Тухайн үед мэдэгдэл өгч, газрыг чөлөөлж, өргөдөл, хүсэлтийн дарааллаар олгосон бол нэхэмжлэгч нар газраа өмчилж авах асуудал шийдвэрлэгдэх, маргаан үүсэхгүй байх боломжтой байсан.

Газрын алба нь иргэний газар эзэмших хүсэлтийн дагуу тухайн газар нь ямар газар байна гэдгийг очиж үзэж, газрын хил, заагийг тогтоож, тэмдэгжүүлж актаар хүлээлгэн өгөх, мөн тухайн хүн хаяг дээрээ амьдардаг эсэхийг лавлах, тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтанд байгаа газар болон өөр этгээдийн хөрөнгөтэй давхцаж байгаа эсэхэд хяналт тавих, хэрэгжүүлэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нарыг тухайн газар дээрээ амьдарч байхад танай газраас таллаж авлаа шүү гэж хэн нэгэн этгээд болон газрын албанаас хүн ирж, кадастрын зураг хийлгүйгээр гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлснээс нэхэмжлэгч нарын хил хязгаар татаж, хамгаалалтад аваад тасралтгүй 15 жил ашиглаж, хөрөнгө оруулалт хийсэн газрыг тухайн газар дээр амьдарч байгаагүй Б.Г, Г.Н нарт олгож, бидний эрхийг зөрчсөн.

Тухайн газар дээр нэхэмжлэгч нарын бие засах газар, ногооны талбай байгаа гэдэгт хэн ч маргадаггүй. Тэгэхээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан нэхэмжлэгч нарын эзэмшиж, ашиглаж байгаа газарт хамаарна. Нэхэмжлэгч нар нь хууль гарахаас өмнө тухайн үеийн хорооны даргын зөвшөөрлөөр хашааг хатгаж авсан учраас хууль бус эзэмшил гэж үзэхгүй бөгөөд Б.Г, Г.Н нарт газрыг эзэмших эрх үүсээгүй.

Б.Г, Г.Н нар нь хэсгийн ахлагч, хорооны Засаг дарга нарыг хууран мэхэлж, хуурамч баримт бүрдүүлж, Сонгинохайрхан дүүргээс газар эзэмших эрх олж авсан, улмаар Нийслэлийн Засаг даргад өмчлөх хүсэлт гаргаж, газраа улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ гаргуулж, хууль бус үйлдлээ хаацайлахын тулд Ц.О-д худалджээ.

Газрын алба нь бусдын ашиглаж байсан газрыг өөрийн газар мэтээр баримт бүрдүүлэн огт амьдардаггүй газартаа хуурамчаар иргэний үнэмлэхний  хаягжилт хийлгэж, бусдын хөрөнгөөр барьсан хашаанд кадастрын зураг гаргуулсныг шалгалгүйгээр Сонгиохайрхан дүүргийн Засаг даргад уламжлан газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь бусдын эзэмшил газрыг бусдад эзэмшүүлэх, өмчлүүлэх, бусдад шилжүүлэх боломжийг олгосон.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах үүрэгтэй. Анхнаасаа газар өмчлөх эрх нь хуулийн дагуу шударга явагдах ёстой. Гэтэл Б.Г, Г.Н нарт газар эзэмшүүлсэн, өмчлүүлсэн дараалал нь хууль бусаар олгогдсон тул Ц.О шударга бус өмчлөгч юм.

Б.Г, Г.Н нар нь тухайн газар дээрээ амьдардаггүй байж, хууль бус тодорхойлолт гаргуулан бидний 2001 оноос хойш тасралтгүй 15 жил амьдарч байгаа газарт хууль бусаар газар эзэмших эрх гаргуулж, өмчилж авсан. Улмаар Ц.О-д худалдсан үйлдлүүд нь анхнаасаа хууль бус байсан учир Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамж, Нийслэлийн Засаг даргын А/958 дугаар захирамжийн Б.Г, Г.Н нарт холбогдох хэсэг, мөн газар өмчлөх эрхийн *******, ******* тоот гэрчилгээнүүд хүчингүй болох ёстой.

Хариуцагч байгууллага нь гуравдагч этгээд Б.Г, Г.Н нарын бүрдүүлж өгсөн анхан шатны баримтуудыг өөрөө нягталж шалгах үүргээ биелүүлэхгүй бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасны дагуу өөрөө уг актаа дахин шалгаж, шийдвэрлэх боломжийг олгох боломжтой.

Иймд хэрэгт цугларсан нотлох баримт, гуравдагч этгээд нарын шүүхэд гаргасан тайлбарын хүрээнд нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг хамгаалсан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Г.Н, Б.Г нар нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандаж, тус дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 18-5 тоот хашааныхаа 464 м.кв газрыг өмчилж авах хүсэлтээ гарган, холбогдох иргэний үнэмлэхний хуулбар, оршин суух хаягийн тодорхойлолт, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг зэргийг хавсарган өгснийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/985 дугаар захирамжаар Г.Н-т 464 м.кв газар, мөн Б.Г-д 464 м.кв газрыг өмчлүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр газар өмчлүүлэх шийдвэрийг олгосон.

Иймд Г.Н, Б.Г нар нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны А985 дугаар захирамжаар газраа өмчилж авсан тул Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар газар өмчлөх эрх дуусгавар болох тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 18 дугаар гудамжны 5а тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 464 м.кв талбай бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/985 дугаар захирамжаар өмчлүүлэх шийдвэр, нэгж талбарын ******* дугаар бүхий газрын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, газар өмчлөх эрхийн бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн анх 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б.Г-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г******* дугаарт бүртгэж, газар өмчлөх эрхийн ******* тоот гэрчилгээг олгосон.

Улмаар уг газрын өмчлөх эрх 280 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Б.Г-аас Ц.О-д 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шилжин бүртгэгдсэн байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 18 дугаар гудамжны 5 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 464 м.кв талбай бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/985 дугаар захирамжаар өмчлүүлэх шийдвэр, нэгж талбарын ******* дугаар бүхий газрын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, газар өмчлөх эрхийн бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн анх 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Г.Н-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн ******* дүгээрт бүртгэж, газар өмчлөх эрхийн тоот гэрчилгээг олгосон.

Уг Г.Н-ын газар өмчлөх эрх нь 310 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр Ц.О-д 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шилжин бүртгэгдсэн байна.

Дээрх бүртгэлүүд нь холбогдох хууль тогтоомж, журмыг баримтлан, хуульд заасны дагуу эрх бүхий этгээдийн шийдвэр, нотариатчийн гэрчилсэн гэрээ зэрэг нотлох баримтуудын үндсэн дээр хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 18 дугаар гудамжны 6 тоот хаягтай 1600 м.кв хэмжээтэй газрыг 2001 оноос хойш эзэмшиж ирсэн гэх ба өөрсдийн эзэмшил бүхий газруудыг бусдад давхцуулан олгосон гэжээ.

Нэхэмжлэгч нарын амьдарч байгаа Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 18 дугаар гудамжны 5, 18-5а тоот хаягтай хашааны буюу нэгж талбарын *******, ******* дугаартай газруудыг Б.Г, Г.Н нар нь 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр эзэмших хүсэлтийг тус дүүргийн Газрын албанд гаргасан.

Дээрх хүсэлтийн дагуу дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжаар Газрын тухай хуульд заасны дагуу Б.Г, Г.Н нарын газар эзэмших эрхийг баталгаажуулж, гэрчилгээ олгосон. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/985 дугаар захирамжаар газрыг өмчлүүлсэн нь дүүргийн Газрын албаны архивт хадгалагдаж байгаа баримтаар нотлогдож байна.

Б.Г, Г.Н нарт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 18-5, 18-5а тоот хаягтай хашааны газрыг эзэмшүүлсэн шийдвэр нь хуулийн хүрээнд гарсан бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших эрхийг хүчингүй болгох эсэх асуудлыг Засаг дарга шийдвэрлэх юм. Учир нь маргаан бүхий газрыг хашаалж ашиглаж байсан гэх иргэд нь дүүргийн Засаг даргад болон Газрын албанд хандаж, газрыг эзэмших, ашиглах талаар өргөдөл, хүсэлт өгч байсан баримт мэдээллийн санд бүртгэлгүй, Газрын албаны архивт хадгалагдсан баримт байхгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан.

Иймд нэхэмжлэгч нар нь хуульд заасан эрхээ эдлэхээр Засаг дарга болон газрын албанд хандаж өргөдөл, гомдол гаргаж байгаагүй учраас ямар нэгэн эс үйлдэхүй гарах боломжгүй бөгөөд бусдын эзэмшил газрыг өөрийн мэтээр илтэд буруугаар ойлгуулж гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 05 дугаар сараас Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны газар зохион байгуулагчаар ажиллаж байна. 2002 онд Газрын тухай хууль батлагдсанаас хойш хуульд заасан хэмжээнээс илүү хашаалсан газрыг чөлөөлөх, шаардах хуудас өгч байсан тохиолдол байхгүй. Хуульд заасан хэмжээнээс томоор хашаалсан газрыг ихэнх тохиолдолд ах, дүү, хамаатан садангаараа хуваагаад авцгаадаг.

Б.Г, Г.Н нар нь 2014 онд маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг гаргасны дагуу тухайн үеийн газар зохион байгуулагч нь эрх бүхий байгууллагаар хийлгэсэн кадастрын зургийг мэдээллийн санд тулгаж, газар дээр нь очиж үзсэний үндсэн дээр давхцалгүй, хүсэлтийг хүлээн авахаас татгалзах буюу дутуу материал байгаагүй тул холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар эзэмшүүлэх шийдвэр гарсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Г.Н, Б.Г, тэдгээрийн өмгөөлөгч П.О нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2000 оны үед миний төрсөн ах Б.Г нь цэргийн ангийн хашаанд байрлах 76 айлын 24 тоотын 2 өрөө байртай байсан бөгөөд уг 2 өрөө байрны хажуу өрөөг Б.Ч түрээслэн суудаг байсан. Тухайн үед Б.Ч бид нар хамт Сонгинохайрхан дүүргийн одоогийн 24 дүгээр хороо, Зээлийн 18 дугаар гудамжинд газар авахаар болж, эхэлж Б.Ч гэрээ барьж, сүүлд нь хашаа байшингаа барьсан. Тухайн үед миний бие хашаа барих мөнгөгүй байсан, энийг ч Б.Ч мэдэж байсан учраас ...чамайг хашаа барих гэсээр байтал өөр хүмүүс хашаа барьчихна... гээд нэг мөсөн том хашаа барьсан. Энэ үед уг газар нь ямар ч бичиг баримтгүй, хаяг олгогдоогүй газар байсан. Бид уг газар дээрээ кадастрын зураг хийлгэсэн боловч би бичиг баримтаа алга болгосны улмаас тухайн үед газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж чадаагүй. Харин Б.Ч материалаа өгч, 18-6 тоот хаяг дээр өөрийнхөө газрыг авсан. Дараа нь миний бие бичиг баримтаа бүрдүүлэн 2014 онд дүүргийн Газрын албанд хүсэлт гаргасан бөгөөд тухайн газар нь 0,9 га байсан ул 2 хувааж, өөрийнхөө болон хүүгийнхээ нэр дээр газар эзэмших эрхтэй болж, улмаар өмчилж авсан. 464 м.кв газрыг зохих журмын дагуу хүсэлтээ гаргаж эзэмшиж, өмчилж авсан. Надад болон миний хүүд газар эзэмшүүлсэн болон өмчлүүлсэн шийдвэр нь хуулийн дагуу гарсан.

Нэхэмжлэгч нар болон Б.Г, Г.Н нарын хэн нь түрүүлж газар эзэмших хүсэлтээ гаргаад байхад өгөөгүй байж Б.Г, Г.Н нарт газрыг олгосон бол маргах үндэслэлтэй. Гэтэл Б.Г, Г.Н нараас өөр этгээд тухайн газрыг эзэмших, өмчлөх хүсэлт гаргаж байгаагүй. Нэхэмжлэгч нар уг газарт амьдаръя гэсэн хүсэл зоригтой байсан гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийгээ хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгжүүлээгүй.

Хууль ёсны дагуу эрхээ хэрэгжүүлэн газар эзэмшиж, өмчилж авсныг нэхэмжлэгч нарын бие засах газар, байшингийн булантай давхацсан гэж эрхийг нь хязгаарлах буюу хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч нар нь бусдын хуулиар олгогдсон эрхийг хүндэтгэх ёстой.

Өмнө нь Б.Г, Г.Н нарт газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, уг асуудлыг шүүх шийдсэн байхад дахин олуулаа нэхэмжлэл гаргаснаар эсхүл ах дүүс нь нэхэмжлэл гаргаснаар шийдэл өөрчлөгдөхгүй, шүүх нэг асуудлаар 2 өөр шийдвэр гарах ёсгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг хууль ёсны дагуу гарсан бөгөөд эцсийн болсон байхад дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгохгүй байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж тодорхой заасан тул газрыг давхцуулж олгосон гэж амьдарч байгаа болон дураараа байшин барьснаар тодорхойлох боломжгүй. Бүх хүн малгай тавьбал манайх гэдэг зарчмаар амьдрах юм бол хот төлөвлөлт, засаг захиргаа байх шаардлагагүй.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ. Харин гэрээ, гэрчилгээгүйгээр, зохих ёсоор аваагүй газрыг эзэмшиж, ашиглаж болохгүй. Өөрөөр хэлбэл иргэнд эзэмшүүлж, өмчлүүлээгүй газраас бусад газар төрийн өмч байдаг. Б.Г, Г.Н нар энэ газрыг авах ёсгүй гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч нар газар эзэмших хүсэлтээ гаргаж, баталгаажуулах ёстой байсан.

Нэхэмжлэгч нь тухайн үед нь Газрын албанаас илүү хашаалсан газрыг чөлөөлүүлэхээр мэдэгдэл өгсөн бол өргөдлөө гаргах байсан гэж байгаа боловч хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоосон ч энэ нь Б.Г, Г.Н нарт олгосон эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Төрөөс зөвшөөрөл авалгүй хашаа барьсны үр дагаврыг өөрсдөө хариуцах ёстой.

Б.Г, Г.Н нар нь иргэний үнэмлэх дээрх хаяг дээрээ амьдардаггүй. Өөр хаягт амьдардаг, тэглээ гээд тухайн газарт амьдардаг хүн л газрыг эзэмших, өмчлөх эрхтэй, амьдардаггүй бол газрыг эзэмших, өмчлөх эрхгүй гэсэн хууль зүйн үндэслэл байхгүй. Хорооны Засаг дарга Б.Г, Г.Н нарын оршин суух хаягийн талаарх тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн гэж байгаа боловч тодорхойлолт хуурамч гэдгийг тогтоосон зүйл байхгүй.

Газар дээрээ олон жил амьдарсан гэж, мөн өөрийнхөө газраас том хашаа барьснаараа намайг хууль бусаар газар авсан гэж байгаа нь хүнийг эд хөрөнгөөр нь ялгаварлаж байна гэж үзэж байна. Санхүүгийн боломжтойгоороо далимдуулан том хашаа барьж, дураараа газраа сонгон өөртөө болон охин, бэрийн газар гэж нэрлэн улсаас авсан ганц газрыг минь хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Б.Г нь 5 хүүхэдтэй, өрх толгойлсон амьдралтай бөгөөд тухайн үед байшин, гэр барих мөнгөгүй байсан учраас газар дээрээ амьдарч байгаагүй, ах дүүгийндээ амьдардаг байсан. Бид хуулийн дагуу өмчилж авсан газраа Б.О-д 20 сая төгрөгөөр зарж, мөнгөөр нь охиныхоо газар дээр байшин барьж амьдарч байна.

Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй л юм бол Монгол Улсын иргэнд ганцхан удаа өмчилж авсан газрыг хажуу айл чинь авах ёстой гэж буруутгах ёсгүй. Нэхэмжлэгч нар нь тухайн газрыг эзэмших хүсэлтийг гаргаж байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газар дээр амьдардаггүй, харин зэргэлдээ Б.Ч-ийн өмчлөлийн газар, байшинд амьдарч байгаа болох нь тогтоогдож байгаа тул эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэхгүй бөгөөд үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ц.О, түүний өмгөөлөгч Ц.Э нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ц.О миний бие 2015 онд Зар мэдээ сонинд өмчилсөн хоосон хашаа зарна гэсэн зарын дагуу иргэн Б.Г, Г.Н нараас хувьчилсан газрыг нь худалдан авч, хуулийн дагуу газар өмчлөгчөөр бүртгүүлсэн.

Ингээд газар дээр нь очиж үзэхэд Зээлийн 18-р гудамж, 6, 5, 5а тоот үргэлж том хашаа байсан бөгөөд дотор нь том машинууд тавьсан байсан. Учрыг нь асуухад Б.Г нь найз Б.Ч хамтарч барьсан, Б.Ч хамаатнууд түр ашиглаж байгаа юм, авна гэвэл газрыг чөлөөлж, хашаа барьж өгнө гэсний дагуу миний бие газрыг худалдаж авахаар болж, хууль журмын дагуу материалыг бүрдүүлэн газар өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 4 дүгээр сард нүүж очно, газраа чөлөөлөөрэй гэж тохиролцон гэрээ хийж мөнгийг шилжүүлсэн боловч 2015 оны 04 дүгээр сарын 03-нд ирэхэд урьдын хэвээр байсан тул Б.Г-аас асуухад цас ороод амжсангүй гэдэг, маргааш нь буюу 2015 оны 04 дүгээр сарын 04-нд нүүж ирэхэд уг хашааг манаж буй С.Д нь Б.Ч-ийн хашаа гээд оруулаагүй, маргаан гарч цагдаа дуудсан боловч Газрын албанд хандаж шийдвэрлүүл гэдэг. Газрын албаны газар зохион байгуулагч н.Хадбаатар гэдэг хүн газар дээр нь ирж үзээд шаардах хуудас өгсөн боловч тоогоогүй тул иргэний шүүхэд хандсан боловч С.Д энэ надад хамааралгүй гэсээр 2 жил шахам явсны эцэст албадан чөлөөлөх шүүхийн шийдвэр гарсан. Нэхэмжлэгч нар нь тухайн хороонд амьдардаггүй, бүртгэлгүй, Зөвхөн С.Д нь тус хаягт бүртгэлтэй Б.Ч-ийн эзэмшилд байдаг хашаа, байшинг түр хугацаагаар манаж байгаа бөгөөд тухайн үед би мэдэхгүй, Б.Ч мэднэ гэдэг байсан боловч одоо манай хашаа бид 15 жил амьдарч байна, газар эзэмших хүсэлт гаргахаар үерийн ам гээд өгдөггүй байсан гэх зэргээр хуурамч, гүтгэлэгийн шинжтэй зүйл зохиож, учир шалтгааныг мэдсээр байж санаатайгаар миний өмчлөх эрхэнд халдаж байна.

Б.Г, Г.Н нарыг залилан мэхэлж хүний газрыг авсан гэж бодохгүй байна. Учир нь 1800 м.кв газрыг Б.Г, Б.Ч нар 900 м.кв гаруй талбайгаар хувааж авсан гэдэг нь ортой байна. Маргаан бүхий газар нь тухайн үед бусдын эзэмшилд байгаагүй гэдэг нь хангалттай нотлогдож байгаа. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь тухайн газрыг минийх биш төрийн өмч байсан гэж хэлдэг. Тэгэхээр төр тухайн Б.Г, Г.Н нарт анх газрыг хуулийн дагуу олгосон гэдгийг хариуцагч байгууллага баталж байгаа бөгөөд хуулийн дагуу эзэмшиж, улсын бүртгэлд үнэн зөв бүртгэсэн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр өөртөө шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн үйлдлийг хууль бус гэж хүчингүй болгох үндэслэл байхгүй бөгөөд Ц.О нь хуулийн дагуу шударга өмчлөгч юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Н, С.Д, Э.У, С.Д нар нь анх тус шүүхэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн Б.Г, Г.Н нарт холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/985 дугаар захирамжийн Б.Г, Г.Н нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч нар нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх шатанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-*******, ******* дугаарт бүртгэгдсэн Ц.О-ы газар өмчлөх эрхийн *******, ******* тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон Сонгинохайрхан дүүргийн Газрын алба нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заагдсан эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... маргаан бүхий газарт манай гэр бүл 2001 оноос эхлэн хашаа хатган, ногоо тарьж амьдарч байгаа ... бидний газрыг хэн нэгэн этгээд хуурамч баримт бүрдүүлж авсан ... тухайн газрыг үерийн ам гээд олгодоггүй байсан байж, тус газарт амьдардаггүй хүнд газрыг эзэмшүүлсэн ... Монгол Улсын иргэн учраас газар эзэмших эрхтэй. Газрын алба илүү хашсан газрыг өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд чөлөөлүүлэхээр шаардах үүрэгтэй гэж маргажээ.

Нэг: Нэхэмжлэгчийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн Б.Г, Г.Н нарт холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/985 дугаар захирамжийн Б.Г, Г.Н нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргааны үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нарын амьдарч байгаа гэх С дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 18-5, Зээлийн 18-5а тоот хаягт байршилтай тус бүр 464 м.кв газрыг Б.Г, Г.Н нар нь 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр амины хашааны зориулалтаар эзэмших хүсэлт гаргаснаар[1], Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр А/321 дүгээр захирамж гаргаж[2], Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 18-5, Зээлийн 18-5а тоот хаягт Б.Г, Г.Н нарт тус бүр 464 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэн, газар эзэмших эрхийн , дугаартай гэрчилгээ олгожээ. Улмаар Б.Г, Г.Н нар нь өөрийн эзэмшлийн газрыг өмчилж авахыг хүссэн өргөдлийн[3] дагуу Нийслэлийн Засаг дарга 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр А/985 дугаар захирамж[4] гаргаж, Б.Г, Г.Н нарт тус бүр 464 м.кв газрыг өмчлүүлсэн болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд[5], газар өмчлүүлэх тухай шийдвэр[6] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Б.Г, Г.Н нар нь дээрх нэгж талбарын дугаар бүхий газрыг өмчлөх эрхтэй болсон байна.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь газар эзэмших тухай хүсэлтээ тухай шатны Засаг даргад гаргах бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нар нь өөрсдөө хашаалан амьдран сууж буй газраа эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг дарга болон Газрын албанд гаргаж байгаагүй болох нь нэхэмжлэгч Э.У-ын тайлбар, хариуцагчийн тайлбар[7], Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 14/343 дугаар албан бичиг[8] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн ... аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж зааснаас үзэхэд газар эзэмших эрх нь ... газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэснээр үүсэх бөгөөд мөн хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр газар эзэмших эрх дуусгавар болж, 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бүрдвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Н, С.Д, Э.У, С.Д нарт маргаан бүхий газрыг эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй байна. Тодруулбал нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газрыг эзэмших эрхгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарын ... үерийн ам гээд газрыг олгодоггүй байсан байж, тус газарт амьдардаггүй хүнд газрыг эзэмшүүлсэн ... Газрын алба намайг хохироосон. Монгол Улсын иргэний хувьд би уг газрыг эзэмших эрхтэй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн маргаан бүхий газарт нэхэмжлэгч нар нь 2002 оноос эхлэн хашаа барьж амьдарч байгаа нь нэхэмжлэгчийг зөвтгөх буюу маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. Учир нь Бусдын газар эзэмших эрхийг зөвхөн Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бий болсон тохиолдолд дуусгавар болгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ёстой. Харин маргаан бүхий бусдын газарт зохих байгууллагын зөвшөөрөлгүй, дур мэдэн хашаа барьж амьдарч буй нэхэмжлэгч нарын үйлдэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27 дугаар зүйлийн 27.5-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газарт бус Б.Ч-ийн өмчлөлийн газар болон түүний байшинд амьдарч байгаа болох нь хэргийн оролцогчдын тайлбар, маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарын ...2001 оноос хойш ногоо тарин амьдарсан... гэх тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь өөрийн эзэмшиж байгаа газраа гэр бүлийн хэрэгцээнд өмчилж авахыг хүссэн өргөдлийн дагуу Б.Г, Г.Н нарт тус бүрт 464 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлнэ, 21 дүгээр зүйлийн 21.1-д ... Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж заасантай нийцсэн байх тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь Газрын тухай болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчөөгүй, улмаар дээрх маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч С.Н, С.Д, Э.У, С.Д нарын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Хоёр: Нэхэмжлэгчийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-*******, ******* дугаарт бүртгэгдсэн Ц.О-ы газар өмчлөх эрхийн *******, ******* тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Анх 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б.Г, Г.Н нар нь Сонгинохайрхан дүүргийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэст Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 18 дугаар гудамжны 5, 5а тоот байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай тус бүр 464 м.кв газрынхаа өмчлөлийн эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэг, өргөдөл гаргасан байх бөгөөд Нийслэлийн Улсын бүртгэлийн газар нь дээрх мэдүүлэг, түүнд хавсаргасан газрын байршлын кадастрын зураг, газар өмчлүүлэх шийдвэр, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт зэрэг нотлох баримтыг үндэслэн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 18 дугаар гудамжны 5а тоотод байршилтай 464 м.кв газрыг Б.Г-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэж, ******* дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ[9] олгосон, мөн С дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 18 дугаар гудамжны 5 тоотод байршилтай 464 м.кв газрыг Г.Н-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт

бүртгэж, дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ[10] тус тус олгожээ.

Улмаар Нийслэлийн Улсын бүртгэлийн газар нь 2015 оны 03 дугаар сарын 16, 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан Ц.О-ы мэдүүлэг, түүнд хавсаргасан Б.Г, Г.Н нарын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын кадастрын зураг, газар худалдах, худалдан авах гэрээ[11] зэрэг баримтуудыг үндэслэн дээрх газрын өмчлөх эрхийг Ц.О-ы нэр дээр шилжүүлэн бүртгэж, түүний өмчлөх эрхийг баталгаажуулан, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг[12] олгосон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагчийн дээрх үйлдэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах-аар заасныг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл газрыг гэрээ, хэлцлийн үндсэн дээр Ц.О-ы өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан бүртгэл үнэн зөв байх зарчимтай нийцсэн байна.

Мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр бусдад шилжиж байгаа тохиолдолд уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох тул гуравдагч этгээд Ц.О-ыг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 18 дугаар гудамжны 5, 5а тоот хаягт байршилтай *******, ******* нэгж талбар бүхий нийт 928 м.кв газрын хууль ёсны өмчлөгч гэж үзнэ.

Дээрх үндэслэлүүдээр бүртгэл, түүнийг үндэслэн олгосон гэрчилгээнүүдийг хууль бус гэж үзэх буюу хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Гурав. Нэхэмжлэгчийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон Сонгинохайрхан дүүргийн Газрын алба нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заагдсан эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд маргаан бүхий газарт барилга, байгууламж баригдаагүй, харин нэхэмжлэгч нар нь газрыг томоор хашаалсан байх бөгөөд гуравдагч этгээд Ц.О нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өөрийн өмчлөлийн газраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, улмаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 18 дугаар гудамжны 5, 5а тоот хаягт байршилтай *******, ******* нэгж талбар бүхий нийт 928 м.кв талбай бүхий газарт барьсан хашаагаа буулгаж, уг газар дээрээс урт чингэлэг /контейнер/ дугуйгүй машин, өөрөө буулгагч /самосвал/-ийн тэвш хайргыг нүүлгэхийг хариуцагч С.Д, С.Д нарт даалгаж шийдвэрлэжээ. Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 666 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь ... өөрийн газрын хэмжээнээс илүү газрыг хашиж авсан бол Газрын алба өөрийн эрх хэмжээний хүрээнд илүү хашсан газрыг чөлөөлүүлэхээр шаардах үүрэгтэй бөгөөд хариуцагчийг дээрх үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан хэмээн маргажээ.

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан хяналт нь Засаг даргад хуулиар олгогдсон эрх бөгөөд хэмжээнээс илүү гарсан хашаа, барилга бүрийг чөлөөлөх үүрэг биш байна. Нөгөөтээгүүр эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Газрын алба нь захиргааны акт гаргахаас татгалзсан, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.5, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн Газрын алба, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн Б.Г, Г.Н нарт холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/985 дугаар захирамжийн Б.Г, Г.Н нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-*******, ******* дугаарт бүртгэгдсэн Ц.О-ы газар өмчлөх эрхийн *******, ******* дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон Сонгинохайрхан дүүргийн Газрын алба нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заагдсан эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэгч С.Н, С.Д, Э.У, С.Д нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН