Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/123

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

улсын яллагч А.Лхагваа,

хохирогч Ч.*******,

шүүгдэгч Р.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******гийн *******од холбогдох эрүүгийн 2407001100147 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой,******* мэргэжилтэй, , , , *******, , од оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

   ******* овогт *******гийн ******* /PД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.******* нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 22 цагийн үед ******* , тоот гэртээ согтуурсан үедээ өөрийн төрсөн хүү болох насанд хүрээгүй Г. цохиж, зодон газарт унагаан хоолой хэсгээс нь боож, биед нь доод уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун мөр, бугалгад цус хуралт, зүүн хацар, дээд уруулд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн уг үйлдлийг таслан зогсоох гэсэн Ч.*******гийн баруун гар руу цохиж, биед нь баруун бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

  • Хохирогч Ч.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 22 цагийн үед манай нөхөр Р.******* нь гэртээ согтуу орж ирсэн. Би унтлагын өрөөнд байж байтал манай нөхөр, хүү хоёр маргалдаж эхэлсэн. Би унтлагын өрөөнөөс гараад гарч иртэл манай нөхөр Р.******* хүү Г. газар, шалан дээр унагаачихсан боож байсан. Би “хөөе чи болиоч ээ, хүүхдээ аллаа шүү дээ” гэтэл манай нөхөр Р.******* болихгүй байсан, би ч салгаж дийлэхгүй байсан тул бага охин Г.д “тусламж дуудаарай” гэж хэлсэн. Тэгээд манай охин гэрийн хаалгыг нээж тусламж дуудсан. Удалгүй зүс таних залуу гаднаас орж ирээд манай нөхөр Р.*******ыг салгасан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Миний биед учирсан баруун бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийг манай нөхөр Р.******* учруулсан. Харин цохисон аль эсвэл базсан эсэхийг би санахгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06 дахь тал),

 

  • Хохирогч Ч.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: Р.Ганболд өөрийн хүүхэд Г. гэрийн шалан дээр хэвтүүлээд дээрээс нь дараад хоёр гараараа хоолойг нь боочихсон байсан. Тэгэхээр нь би нөхөр Р.*******од “чи болиоч ээ, хүүхэд аллаа шүү дээ” гээд Р.*******ыг салгах гэсэн чинь салгаж дийлэхгүй байсан. Тэгээд миний баруун гар луу цохичихсон. Тэгээд цагдаа ирээд Р.*******ыг аваад явсан, манай хүүгийн уруул хавдсан, баруун нүдний хажуу талд шалбарсан, хүзүүг нь гараараа базаад улаан хүрэн өнгөтэй болгочихсон байсан. Миний баруун гарын мөрнөөс доош хоёр хэсэг газарт цохиод хөхрүүлчихлээ, одоо болтол хөндүүрлээд хэцүү байдалтай байна. Харин манай хүүхэд Г. гэрийн шалан дээр унагааж дээрээс дараад хоёр гараараа хоолойг нь боож базаад улаан хүрэн өнгөтэй болгочихсон, мөн уруул руу цохиод цус гаргачихсан, дараа нь цус гараад тогтохгүй байсан. Баруун нүдний хажуу талд нь шалбарчихсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал),

 

  • Насанд хүрээгүй хохирогч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би эрхээ ойлголоо, би өөрийн гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 133 дугаартай “ын *******гийн биед баруун бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 134 дугаартай “*******ын биед доод уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун мөр, бугалгад цус хуралт, зүүн хацар, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, хавчих, маажих үйлдлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

 

  • Аюулын зэргийн үнэлгээ “4” оноо буюу дунд гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 16-18 дахь тал),

 

  • Шүүгдэгч Р.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би таньдаг хүнтэйгээ архи уучихаад гэртээ 23 цагийн үед орчихоод буцаад гарах гэтэл манай намайг гаргахгүй гээд байхаар нь би Ч.*******г түлхтэл манай хүү Г. дундуур ороод ирсэн. Тэгээд би хүү Г. газар унагаагаад нүүр, мөр лүү нь цохисон харин яг хэдэн удаа гэдгээ санахгүй байна, тухайн үед би согтуу байсан учир тодорхой хэдэн зүйлсийг л санаж байгаа. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Би өөрийн хүү Г. биед гэмтэл учруулсан. Эхнэр бид хоёрын дундуур орж ирэх үед нь би дээрээс дараад уначихсан тэгээд ам руу нь баруун гарын шуу хэсгээр 2 удаа, зүүн хацар руу нь боож байсан гараараа нударсан, газар унагааж байгаад баруун мөрөн дээр нь дарчихсан. Эхнэр Ч.******* нь намайг гаргахгүй гээд зам хаагаад зогсоод байхаар нь холдуулах гээд гараас нь татах үедээ энэ гэмтлийг учруулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Р.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Ч.*******, хүү Г. нарын биед халдан, цохих, хоолойг нь боох зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч Р.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Ч.*******, насанд хүрээгүй хохирогч Г.  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нар нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүх хуралдаанд хохирогч Ч.******* нь “хүү бид хоёрт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******ыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Р.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******ыг 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******од оногдуулсан 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Р.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ