Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 1153

 

2020                9             8                                         2020/ДШМ/1153                                        

 

 

Ж.Бид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Гүнсэл,

хохирогч Д.З, түүний өмгөөлөгч Ж.Н, А.З,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЗ/1157 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Бийн өмгөөлөгч Ц.Гын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.Бид холбогдох эрүүгийн 1910 02546 0147 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Гэрүүд овгийн  Ж.Б, 1986 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад хэл, аялал, жуулчлалын мэргэжилтэн мэргэжилтэй, “Эрчим магнат” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;

            Ж.Б нь 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Д.Зтай “Орон сууц захиалан бариулах гэрээний эрхийг шилжүүлэх гэрээ” байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Их монгол улсын гудамж, Маршал Кинг тауэр хотхоны 124 дүгээр байрны 148 тоот орон сууцны төлбөрт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 50.000.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 50.000.000 төгрөг, мөн 150.000.000 төгрөгийн үнэ бүхий “Lexus 570” загварын автомашин зэрэг эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн урьдчилгаа төлбөрт авсны дараа 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 19 дугаартай албан бичгээр “Эко констракшн” ХХК-д өөрийн төлбөрт суутгуулахаар шилжүүлсэн буюу Д.Зыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, түүнээс 250.000.000 төгрөг авч, их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.  

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ж.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтууд болоод хэргийн яллах, өмгөөлөх талуудаас гаргасан санал дүгнэлт, шүүгдэгч Ж.Бид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт дахь “шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай” үндэслэлээр прокурорт буцааж,

Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч Ж.Бийг “2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Д.Зтай “Орон сууц захиалан бариулах гэрээний эрхийг шилжүүлэх гэрээ” байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Их монгол улс гудамж, Маршал Кинг тауэр хотхоны 124 дүгээр байрны 148 тоот орон сууцны төлбөрт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 50.0 сая төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 50.0 сая төгрөг, мөн 150.0 сая төгрөгийн үнэ бүхий Лексус 570 маркийн автомашин зэрэг эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн урьдчилгаа төлбөрт авсаны дараа 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 19 дугаартай албан бичгээр “Эко констракшн” ХХК-д өөрийн өр төлбөрт суутгуулахаар шилжүүлсэн буюу Д.Зыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, түүнээс 250.0 сая төгрөг авч, их хэмжээний хохирол учруулж залилсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн талаар нотолбол зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, мөн зүйл, хэсгийн 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”- ийг бүрэн хангалттай шалгаж тогтоогоогүй байна.

Өөрөөр хэлбэл, Ж.Б нь “...иргэн Д.Зыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, түүнээс 250.000.000 төгрөг авч, их хэмжээний хохирол учруулж залилсан” гэх хэрэгт хохирогчтой байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээний эрхийг шилжүүлэх гэрээ”-ний эрх зүйн харилцааг ашиглаж уг гэрээгээр хүлээсэн гэх үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглан бусдын эд хөрөнгө, эд хөрөнгө өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго нь үүсч, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хуурч мэхлэх, итгэл эвдэх, төөрөгдөлд оруулах зэргээр тодорхой идэвхитэй ямар үйлдэл хийсэн эсэх, тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээний хэрэгжилтийг Ж.Б нь хангаж ажиллах нөхцөл, бодит боломж байсан эсэхийг нарийвчлан шалгах ажиллагааг гүйцэтгэснээр яллагдагчийн гэм буруугийн хэлбэр, сэдэлт санаа зорилгыг зөв тогтоож эрх зүйн дүгнэлт хийхэд ач холбогдолтой.

Түүнчлэн Ж.Бийн хохирогчид учруулсан хохирол гэх 250.000.000 төгрөгөөс 100.000.000 төгрөгийг бэлнээр П.Саранхүү гэгчийн ХХБ дахь ...тоот дансанд шилжүүлсэн ба уг данснаас зарлага гарч, Ж.Б болон түүний захирлаар нь ажилладаг “Эрчим магнат” ХХК-ийн дансанд шилжсэн эсэх талаар хэрэгт баримтгүй, нөгөө талаар 150.000.000 төгрөгт тооцон шилжүүлсэн гэх тээврийн хэрэгслийн өмчлөгч эзэмшигчийн шилжилт хөдөлгөөний талаар эрх бүхий байгууллагын лавлагаа баримтгүй тул энэхүү нөхцөл байдлыг нэг мөр шалгаж тогтоосноор мөнгө хүлээж авсан, эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэх нэр бүхий этгээдүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан журмын дагуу иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэх талаар мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулаагүй зөрчилтэй.

Мөн хэргийн 1 дүгээр хавтас 9-54, 49-94, 2 дугаар хавтас 33-174 дугаар талд тус тус авагдсан “Орон сууц захиалан бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ”, “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Хаан банкны орлого, зарлагын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтууд, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Эко констракшн” ХХК болон “Эрчим магнат” ХХК нарын хооронд байгуулсан арматур төмөр худалдах худалдан авах гэрээ, уг гэрээний нэмэлт өөрчлөлт, тооцоо нийлсэн акт зэрэг хэрэгт авагдсан бусад баримтууд нь үнэн зөвийг баталгаажуулаагүй, эх хувиас хуулбарлан авсан эсэх талаарх прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт бэхжүүлээгүй байх тул тэдгээр баримтуудыг мөн хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмын дагуу үнэлж дүгнэх боломж нөхцлийг алдагдуулсан зөрчилтэй.

Иймээс нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан шаардлага хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганы зөрчлийг арилгах нь зүйтэй байна.

Мөн хохирол нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд заасан эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийгдээгүй зөрчилтэй байна.

Шүүх, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар шалгаж тогтоовол зохих дээрх асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нэгэн зэрэг нөлөөлөх ач холбогдолтойгоос гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах хэрэгжүүлэх шаардлагад нийцнэ гэж дүгнэн “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай” үндэслэлээр Ж.Бид холбогдох эрүүгийн 1910 02546 0147 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт хүргүүлэх хүртэлх хугацаанд Ж.Бид авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Бийн өмгөөлөгч Ц.Г гаргасан давж заалдах гомдолдоо: “... Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Ж.Бид холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмнө нь гаргаж байсан хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт, шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар зэрэгт ач холбогдол өгөөгүй. Өөрөөр хэлбэл, Ж.Бид холбогдох хэрэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэхгүй бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, журмын дагуу шийдвэрлэгдвэл зохих маргаан юм.

Хохирогчийн зүгээс гомдолдоо Ж.Бийг баталгааны үүргээ биелүүлэхгүй байна гэх утга бүхий зүйл дурдсан. Гэтэл баталгааны үүргийн гүйцэтгэл Иргэний хэрэг хянан шийлдвэрлэх ажиллагааны зарчим, журмын дагуу шийдвэрлэгдэх ёстой. Гомдол гаргач нь баталгааг хүлээн зөвшөөрч тодорхой хугацаанд хүлээсэн байдаг.

Улсын яллагчийн хувьд тухайн хэргийг хянан шийдврлэх бүрэн боломжтой гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүх яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй хэмээн заавал яллахаар нэг талыг барьж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч Д.Зын өмгөөлөгч Ж.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ж.Б болон түүний өмгөөлөгчийн зүгээс прокурорын яллах дүтнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж хүлээн зөвшөөрсөн атлаа “шүүх заавал яллахаар буцаасан “ хэмээн гомдолд дурдагдсан байна.

Түүнчлэн тус гомдолдоо..’’ Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмнө нь гаргаж байсан хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт, шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар зэрэгт ач холбогдол өгөөгүй, өөрөөр хэлбэл Ж.Бид холбогдох хэрэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэхгүй бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, журмын дагуу шийдвэрлэгдвэл зохих маргаан юм... Баталгааны үүргийн гүйцэтгэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, журмын дагуу шийдвэрлэгдэх ёстой..” гэж гомдолдоо дурдсан нь үндэслэлгүй байна.Тодруулбал, хэрэгт авагдсан баримтуудаар Ж.Б нь 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр манай үйлчлүүлэгч Д.Зтай “Орон сууц захиалан бариулах гэрээний эрхийг шилжүүлэх гэрээ гэх зүйлийг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо , Стадион Оргил Их Монгол Улс гудамж, Маршал Кинг таур хотхоны 124 дүгээр байр 148 тоот орон сууцны төлбөрт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 50.000.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 50.000.000 төгрөг, мөн 150.000.000 төгрөгийн үнэ бүхий “Lexus 570” загварын автомашин зэрэг эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн урьдчилгаа төлбөрт авсаны дараа 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19 дугаартай албан бичгээр дээрх орон сууцыг “Эко констракшн “ХХК-д өөрийн төлбөрт суутгуулахаар шилжүүлсэн буюу Д.Зыг хуурч мэхлэн, улмаар бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, нийт 250.000.000 төгрөг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн удаа дараагийн мэдүүлэг, гэрч П.Саранхүүгийн мэдүүлэг, гэрч Ө.Базаржаргалын мэдүүлэг зэрэг бусад бичгийн баримтуудаар нотлогдсон.

Ж.Бийн дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зуйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинжтэй бөгөөд хохирогчид их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон.

Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа Иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг. Ж.Б нь иргэн Д.Зыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолвол зохих байдпуудыг шалгаж тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардпага, зөрчсөн байдал тогтоогдоогуй тул шүүх тухайн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гаргасан. Түүнчлэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг шийдвэрлэхгүйгээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэж үзнэ.

Мөн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЗ/1157 дугаартай шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх Ж.Бид холбогдох хэргийг хянан хэлэлцээд: Эрүүгийн хзрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын дагуу мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл муутай байна.

Шүүгчийн захирамжид “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, мөн зүйл, хэсгийн 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг бүрэн хангалттай шалгаж тогтоогоогүй байна” гэж буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЗ/1157 дугаартай шүүгчийн захирамж хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.Зын өмгөөлөгч А.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирол төлбөрийн талаар Ж.Бийн зүгээс маргадаггүй. “Lexus-570” загварын автомашиныг гарын үсгээ зураад хүлээж авсан баримт нь хавтас хэрэгт байгаа. Зөвхөн иргэний харилцаа юу, эсхүл залилах гэмт хэрэг үү гэдэг дээр л яллагдагч маргаж байгаа. Хөрөнгө битүүмжлэх ажиллагаа нь заавал хийгдэх ажиллагаа биш. Үүнийг заавал хий гэж хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрт байхгүй, захиран зарцуулах эрх нь үүсээгүй “Эко констракшн” ХХК-ийн нэр дээр байгаа орон сууцыг “арматур нийлүүлнэ” гэж өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулан зарж борлуулсан. Энэ нь бодит байдлыг нуун дарагдуулсан, төөрөгдөлд оруулсан, гэрээгээр халхавчилж залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Энэ гэрээг чухал гэж үзэхгүй байна. Учир нь, гэрээний эх хувь эсэх нь хамаагүй. Ж.Б, Д.З нарын байгуулсан гэрээнд шүүх ач холбогдол өгч хэргийг буцаасан нь буруу гэж бодож байна. Тэгээд “Эко констракшн”-д нэг ч төгрөг төлөөгүй, ямар ч зүйл нийлүүлээгүй байж байгаад гэрээний хугацаа дууссаны дараа байраа Д.Зт зарсан. Гэтэл “Эко констракшн”-аас байраа нэхэж байрны гэрчилгээ нь “Эко констракшн”-ы нэр дээр байгаа учир дунд нь Д.З хүнд байдалд орж байгаа юм. Эдгээр нөхцөл байдал нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ж.Боос болж маш их хохирч байна. Иймд шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгчийн захирамжид заасан баримт материалууд бүгд хавтас хэрэгт байгаа. Жишээлбэл, Ж.Б нь надтай гэрээ байгуулсан баримт, машиныг шилжүүлж авсан баримт зэрэг нь хавтас хэрэгт байгаа. Саранхүү гэж хүний дансанд хийсэн зэргийг би мэдэхгүй байна. Өөрөө надтай гэрээ байгуулахдаа “мөнгөө энэ данс руу хийгээрэй. Манай санхүү хариуцсан хүн байгаа” гэж хэлсний дагуу шилжүүлсэн. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Гүнсэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Тодорхой хэмжээний мөрдөн шалгах ажиллагаа хийгдэх шаардлагатай, зарим нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэх шаардлагатай гэж үзэн прокурорын зүгээс эсэргүүцэл бичээгүй. Иймд нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЗ/1157 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Яллагдагч Ж.Бид холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход хангалттайгаас гадна нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс, Ж.Бид холбогдох хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, мөн зүйл, хэсгийн 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”- ийг бүрэн хангалттай шалгаж тогтоогоогүй,

Ж.Бийн хохирогчид учруулсан хохирол гэх 250.000.000 төгрөгөөс 100.000.000 төгрөгийг бэлнээр П.Саранхүү гэгчийн ХХБ дахь ...тоот дансанд шилжүүлсэн ба уг данснаас зарлага гарч, Ж.Б болон түүний захирлаар нь ажилладаг “Эрчим магнат” ХХК-ийн дансанд шилжсэн эсэх талаар хэрэгт баримтгүй, нөгөө талаар 150.000.000 төгрөгт тооцон шилжүүлсэн гэх тээврийн хэрэгслийн өмчлөгч эзэмшигчийн шилжилт хөдөлгөөний талаар эрх бүхий байгууллагын лавлагаа баримтгүй тул энэхүү нөхцөл байдлыг нэг мөр шалгаж тогтоосноор мөнгө хүлээж авсан, эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэх нэр бүхий этгээдүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан журмын дагуу иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэх талаар мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулаагүй,

“Орон сууц захиалан бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ”, “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Хаан банкны орлого, зарлагын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтууд, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Эко констракшн” ХХК болон “Эрчим магнат” ХХК нарын хооронд байгуулсан арматур төмөр худалдах худалдан авах гэрээ, уг гэрээний нэмэлт өөрчлөлт, тооцоо нийлсэн акт зэрэг хэрэгт авагдсан бусад баримтууд нь үнэн зөвийг баталгаажуулаагүй, эх хувиас хуулбарлан авсан эсэх талаарх прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт бэхжүүлээгүй байх тул тэдгээр баримтуудыг мөн хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмын дагуу үнэлж дүгнэх боломжгүй,

мөн хохирол нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлд заасан эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийгдээгүй зэрэг үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь зайлшгүй хийх ажиллагаа биш байна гэж үзэв.

Учир нь, Ж.Б нь хохирогч Д.Зтай 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр “Орон сууц захиалн бариулах гэрээний эрхийг шилжүүлэх гэрээ” байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Их монгол улсын гудамж, Маршал Кинг тауэр хотхоны 124 дүгээр байрны 148 тоот орон сууцны төлбөрт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 50.000.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 50.000.000 төгрөг, мөн 150.000.000 төгрөгийн үнэ бүхий “Lexus 570” загварын автомашин зэрэг эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн урьдчилгаа төлбөрт авсан атлаа “Эко констракшн” ХХК-д 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 19 дугаартай албан бичгээр Д.Зт худалдахаар тохиролцсон дээрх байрыг өөрийн “Эрчим магнат” ХХК-ийн төлбөрт суутгуулахаар шилжүүлж байгаа үйлдэл нь хохирогч Д.Зыг хуурч мэхэлсэн, итгэлийг нь эвдсэн, төөрөгдөлд оруулсан шинжтэй үйлдэл гэж үзэхээр байна.

 Мөн Ж.Б нь хохирогч Д.Зтай гэрээ байгуулан бэлэн мөнгө, автомашиныг шилжүүлж авсан баримт хавтаст хэрэгт авагдсан. Хохирогч Д.З нь шүүгдэгч Ж.Бтой байгуулсан гэрээнийхээ дагуу П.Саранхүүгийн дансанд 100.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Харин П.Саранхүү нь тухайн мөнгийг цааш Ж.Бийн эсхүл, “Эрчим магнат” ХХК-ийн дансанд хийсэн эсэх нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөгүй, ач холбогдолгүй гэж үзлээ.

Харин “Орон сууц захиалан бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ”, “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Хаан банкны орлого, зарлагын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтууд, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “Эко констракшн” ХХК болон “Эрчим магнат” ХХК нарын хооронд байгуулсан арматур төмөр худалдах худалдан авах гэрээ, уг гэрээний нэмэлт өөрчлөлт, тооцоо нийлсэн акт зэрэг хэрэгт авагдсан баримтуудын эх хувийг шүүхийн шатанд гаргуулах боломжтой тул заавал хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасныг баримтлан хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Бийн гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ж.Бийн өмгөөлөгч Ц.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЗ/1157 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Ж.Бид холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЗ/1157 дугаартай захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Бид холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцтэл Ж.Бид авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МЯГМАРЖАВ  

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ