Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2024/00312

 

“П” ХХК-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2024/03119 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2024/01828 дугаар магадлалтай,

“П” ХХК-ийн дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлттэй,

Б-н татварын өр 3,502,127.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.М

иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“П” ХХК нь дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлт гаргаж, Б-н хариуцагч “П” ХХК-д холбогдуулан татварын өр төлбөр 3,502,127.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2024/03119 дүгээр шийдвэрээр: Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар дампуурсанд тооцож, татан буулгах тухай “П” ХХК-ийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар “П” ХХК-аас 3,502,127.08 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хүсэлт гаргагч “П” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “П” ХХК-аас 70,984.03 төгрөг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2024/01828 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 12-ны өдрийн 101/ШШ2024/03119 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б-н татварын өр 3,502,127.08 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хариуцагч “П” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар “П” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар гомдол гаргаж байна. ...манай компани 2015 оны санхүүгийн тайландаа “S” ХХК-аас авах ажлын хөлс 147,800,100 төгрөгийг тусгасан ч энэ авлагаа авч чадаагүй. Дараа нь 147,800,100 төгрөгийн авлагыг 40,000 ам.доллар авах, цемент авах зэргээр өөрчилж, тохиролцсон бичигт гарын үсэг зурсан ч мөн л авч чадаагүй. Манай компани тухайн үед цементийг БНХАУ-аас Монгол Улс руу тээвэрлэх болон гаалийн татвар зэрэг зардлыг төлөх боломжгүй байсан. Ингээд БНХАУ-аас манай компанийг төлөөлөн цемент авч ирэх үүргийг хүлээсэн He Haribala гэх хүн нас барсан тул цементийг аваагүй. Энэ талаарх нотлох баримтууд хэрэгт байгааг шүүх анхаарч үзээгүй. Мөн хилийн чанадад нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасан ч шүүх татгалзаж шийдвэрлэсэн. ...2024.05.01-ний өдрийн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд манай компанийг 2014 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсныг тогтоосон. Гэтэл давж заалдах шатны шүүх “авлагаа авч чадаагүй нь тус компанийг дампууруулах үндэслэл болохгүй, энэ тайлбар хэрэгт хамааралгүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Банкны лавлагаа болон хэрэг гүйцэтгэгчийн шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтуудаар манай компанийн нэр дээр эд хөрөнгө бүртгэлгүй, данс хоосон болох нь нотлогддог. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, “П” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлтийг хангаж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.12.03-ны өдрийн 001/ШХТ2024/01532 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцүүлсэн ба гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7.Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар хариуцагч үүргээ биелүүлж чадахгүй болсныг өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргах эрхтэй байдаг ба “П” ХХК нь дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг 2023.03.13-ны өдөр шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч нь сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан тэнцэл, нэхэмжлэгчдийн нэр, хаяг, биелүүлээгүй төлбөрийн үүргийг хүсэлтдээ хавсаргаж, өмчлөлдөө эд хөрөнгө байхгүй, авлага байсан боловч төлбөртөө чанарын шаардлага хангаагүй цемент авснаас хохирсон, өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх чадваргүй болсон гэж дампуурсанд тооцож татан буулгах тухай саналыг тус тус тусгаж, холбогдох нотлох баримтыг хавсарган ирүүлжээ.

8.Анхан шатны шүүх дампуурсанд тооцож, татан буулгахыг хүссэн “П” ХХК-ийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “П” ХХК-аас 3,502,127.08 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б-д олгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдлийг үндэслэлтэй гэж үзэж, харин Б-н өр төлбөрийн асуудлыг хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна.

9.Шүүх дампуурлын хэрэг үүсгэн, 2023.04.20-ны өдрийн 10214 дүгээр шүүгчийн захирамжаар тус хуулийн этгээдийг төлбөрийн чадваргүйд тооцож, энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж, нэхэмжлэгчдийн анхны хурал хийх огноо, газар, нэхэмжлэл гаргах журам, хугацаа, нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргаагүйгээс үүсэх үр дагаврыг сануулсан ажиллагааг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.5-д заасан журмын дагуу явуулжээ.

Ийнхүү нийтэд мэдэгдсэний дагуу Б (1хх 67, 77) Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хугацаанд татварын өр 3,502,127.08 төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан. Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.12-ны өдрийн 101/ШЗ2022/02236 дугаар шүүгчийн захирамжаар “П” ХХК нь түрээсийн төлбөр 16,500,000 төгрөгийг нэхэмжлэгч    Х.М-д төлөхөөр эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон, уг шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явагдаж байгаа (1хх 46-48, 177-181), Х.М нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон нь Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчдийн анхны хурал 2023.05.29-ний өдөр зохион байгуулагдаж, тус хурлаас компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг гаргаагүй, хэрэг гүйцэтгэгчээр Г.Э-г сонгож ирүүлснийг шүүх 2023.06.05-ны өдөр томилж, Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхийг дурджээ. Хэрэг гүйцэтгэгч нь тус компанийг төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгах дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.

9.1.Харин шүүх хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж, хүсэлт гаргагч компанийг дампуурсанд тооцож, татан буулгах боломжгүй гэж дүгнэсэн нь хэрэгт байгаа баримтын хэмжээнд нотлох баримтыг үнэлснээс гадна Дампуурлын тухай хуулийг зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэг гүйцэтгэгч нь Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд шүүх хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нэмэлт нотлох баримтыг нэхэмжлэл, хүсэлт гаргасан этгээдээс шаардаж болохыг хуулийн 7.3-т заажээ.

“П” ХХК нь 2015 оны санхүүгийн тайланд 147,800,000 төгрөгийн авлагатай, 85,269,700 төгрөгийн мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгөтэй байсан (1хх 154, 158), үүнээс гадна 2015.08.25-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу “П” ХХК-ийн захирал О.М нь гэрээний нөгөө тал “S” ХХК-аас 542,836 ам долларыг бэлнээр хүлээн авсан (1хх 227), компанийн өрийн хэмжээ 20,002,127 төгрөг байгаа баримтаас үзэхэд дампуурал нь сайн дурын дампуурал гэхэд эргэлзээтэй байх тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Дурдсан баримтууд байхад хэрэг гүйцэтгэгч дүгнэлт гаргахдаа хариуцагчийн санхүү, эдийн засгийн тооцоо, хариуцагчийн төлбөрийн чадваргүй болсон шалтгаан, онцлог, удирдлагын үйл ажиллагааны талаар бүрэн дүгнээгүй алдааг шүүх анхаарч, хэрэг гүйцэтгэгчийн шалгасан баримтад тулгуурлан компанийн төлбөрийн чадвар, үйл ажиллагааны талаар зохих дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий болсон гэж үзнэ.

9.2.Хуулийн этгээд нь авлагаа авах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлэх, авлагад тооцож цемент авсан ч чанарын шаардлага хангаагүй бол эрхээ сэргээлгэх, хохирлоо арилгуулах, Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан хэлцлүүдийг хүчингүй гэж үзэх үндэслэл тогтоогдсон эсэх асуудал өөрөөс нь хамаарах бөгөөд төлбөрийн чадваргүй болсон шалтгаан санаатайгаар байгаа тохиолдолд дампууруулах ажиллагаанд хамаарахгүй болохыг Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлд тодорхой заасан байдаг.

Дээрх үндэслэлээр “П” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах үндэслэлгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг зөрчөөгүй тул “хэрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүйд тооцсон байхад шүүх өөр дүгнэлт хийсэн, 2014 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй байсан, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэх хүсэлт гаргагчийн гомдлыг хангах үндэслэлгүй юм.

Шүүх дампуурлын журмаар компанийг татан буулгаагүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шийдвэрлэхгүй бөгөөд Б-н өр төлбөрийн асуудлыг зохих хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Б-н нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй болжээ.

Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2024/01828 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хүсэлт гаргагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.11.01-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                            Н.БАЯРМАА

                             ШҮҮГЧИД                                                Н.БАТЗОРИГ

                                                                                                  П.ЗОЛЗАЯА

                                                                                                  Д.ЦОЛМОН

                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД