Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 00118

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Нарийн бичгийн дарга Г.Энхбат

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч Л.Оюунсүрэн

Хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул

Гэрч Ж.Бэхбат, А.Нямцэцэг, А.Болормаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, Ю.Ганбат

Шүүгдэгч Л.Эрдэнэбаяр нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар  татах тогтоол баталж ирүүлсэн Хаад Боржигон овгийн Лувсанжамцын Эрдэнэбаярт холбогдох 201714000149 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

1. Хаад Боржигон овгийн Лувсанжамцын Эрдэнэбаяр, Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 30 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны баяжуулах фабрикт нунтаглан баяжуулах хэсэгт тоног төхөөрөмжийн засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, 5-7-29 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, / РД:РЭ88091366/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

1. Шүүгдэгч Л.Эрдэнэбаяр нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Л.Оюунсүрэнг 2017 оны 02 сарын 17-ны өдөр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлжээ.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Л.Оюунсүрэнгийн “2017 оны 02 сарын 17-ны өдөр 13 цагийн үед ажил дээрээ очсон. Найзтайгаа уулзаагүй удсан учир ярьж ганц дарс уучих уу гэхэд тэг ээ гэсэн юм. Нөхөр 17 цагт ажлаа тарж ирсэн. Гэртээ орж ирээд “миний хайр яасан нөгөө найзтайгаа вино уугаа юу” гэхээр нь тэглээ гэж хэлсэн. Тэгсэн нөхөр хоёулаа өнөөдөр гэртээ хамт сайхан байна аа гээд ганц ганц пиво авч уух уу гээд 10 000 төгрөг авч гарч пиво авч орж ирсэн. Тэгээд байж байхад гаднаас хоёр найз нь архи авч архитай орж ирсэн. Тэгээд нэг найз нь манай хүүхдийг өхөөрдөж охин хүүхэд хөөрхөн шүү гэж хэлэхээр нь харин тийм ээ, манай нөхөр надаас илүү охиноо асарч энхрийлдэг гэж хэлэхэд уурлаж цаад жижиг өрөөндөө ор гэж хэлээд оруулсан. Найз нар нь явсны дараа авсан пиво стаканд хийгээд намайг уу гэхээр нь би уухгүй гээд ширээн дээр тавихад стакантай пивоо ширээн дээр цохиж хагалаад намайг “чи манай ажлын залуутай алцаганалаа” гэж хэлээд үсдээд толгой түрүүгүй зодсон. Толгой, цээж, гар хөл рүү хөлөөрөө дэвсэж зодож намайг цус нөжтөй хольж зодсон. Тэр шөнөө хэнээс ч тусламж авч чадаагүй, гар зугтаах гэхээр хаалгаа түгжээд зодоод байсан” гэсэн мэдүүлэг.

 

2. Гэрч Л.Тунгалагтамирын “2017 оны 02 сарын 17-ны өдөр хэрүүл маргаан болсон юм шиг байна лээ. Нарийн мэдэхгүй байна. Эрдэнэбаяр нь төлөв даруу тайван хүн, олонтой нийтэч тусархуу хүн байгаа юм. Оюунсүрэнгийн зан байдлын хувьд дуугуй, ажилд залхуу, нөхрийгөө ирэхэд нь хоол ундыг нь бэлдчихгүй, айлын эрх хүүхэд ямар байдаг вэ, тийм л байсан. Түүнийг дураар нь байлгадаг байсан. Эхнэр нөхрийн хамт байх хугацааны зан байдлыг ажиглавал эхнэрийгээ хаашаа явна гэнэ тэр бүх хүслийг нь гүйцэлдүүлж аялая, зугаалъя, үзъе, харъя гэсэн бүх газрыг нь богино хугацаанд үзүүлж харуулсан байгаа. Эхнэрээ дарамтанд байлгасан асуудал байхгүй. Миний дүүгийн мөнгө төгрөг виза карт зэргийг бүгдийг нь Оюунсүрэн эзэмшиж ашигладаг байсан. Цагаан сараар буюу 2016 оны 12 сард шинэ жилийн үеэр Оюунсүрэнгийн ээж ирж 15-16 хоносон. Энэ үед ээж нь нүүр рүүгээ мориор өшиглүүлж байсан гэж ярьж байсан. Анх ирэхдээ далий хамартай ирсэн. Одоо манай дүүд зодуулж хамраа хугалуулсан гэж байгаа гэдгийг нь манай дүү цохиогүй гэж хэлэх байна” гэсэн мэдүүлэг.

 

3. Гэрч А.Болормаагийн “2017 оны 02 сарын 17-нд нөхөртөө зодуулчихаад хадам ээжийндээ очсон байсан. Манай ээж бид нар анх зодуулсан гэдэг байдлаар хүлээн авсан. Ингээд дүүгээ авахаар очиход манай дүүг үл ойшоосон. Манай дүү толгойгоо унжуулаад харц нь гөлөлзөөд үнэхээр өрөвдмөөр харагдахаар нь тэр нөхцөл байдлыг нь тухайн үед харсан болохоор нөхөрт нь чиний энэ байдал чинь нэг удаагийнх биш шүү би дүүгээ аваад явъя гэхэд тэр маш хэгжүүн залуу байсан. Хүүхдийнх нь хувцас хунарыг аваад явъя гэхэд энэ бүх зүйл миний мөнгөөр авсан гэх мэтээр хүн зодсон хүн чинь айх юм байхгүй, ах дүүсээс нь гэмшиж байгаа юм байгаагүй. Бараг л нэмээд зодоод авах гэж байгаа юм шиг хэгжүүрхсэн харьцаатай байсан. Би дүүгээ харахад эмэгтэй хүнийг нүүрийг нь тэгшлээд цээжийг нь хар хөх эрээн болгоод хаясан байсан. Би энэ залуугийн нэрнээс өөр мэдэх зүйл байхгүй байсан. Манай дүү маш их цочирдсон юмнаас айж цочдог, хүнтэй зөв таван үг ярьж чадахгүй урд хойно нь оруулж ярьдаг болсон байсан. Хэд хоног сэтгэл санааг нь засаад одооноос сэргээд хөөрхөн болж байна. Одооноос амьдралынхаа талаар надад ярьсан чинь гуйлгачин, би чамтай суух ёсгүй байсан. Ээж аав хоёрыг нь хүний сүгнүүд, арчаагүй, хүүхдээ хүнтэй сууж байхад харж хандаж юм өгдөггүй гэх мэтээр байнга доромжилж 3-4 удаа зодож байсан талаар ярьсан” гэсэн мэдүүлэг

 

4. Гэрч А.Энхмаагийн “Л.Оюунсүрэн бид хоёр эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. Багаасаа нэг гэрт амьдарч байсан. Хамт өссөн үеэлүүд. Зан байдлын хувьд хүлээцтэй, дуулгавартай, нээлттэй биш дотогшоо даруухан, өөрт нь болж байгаа асуудлыг тэр бүр яриад байдаггүй нууцлагдмал хүн юм. Л.Эрдэнэбаярыг хүүхэдтэй болсноос нь хойш суух гэж байгаа залуу нь юм байна гэж мэдсэн. Эрдэнэбаярыг мэддэг болоод одоо гурван сар хүрэх гэж байна. Зан байдлын хувьд түүнийг тодорхой хэлж мэдэхгүй. 2016 оны 05 сараас тэр 2 манайхаас хувцасаа аваад явсан. Би Эрдэнэбаярын гэр орноор нь очиж байсан. Би Германд байж байгаад саяхан ирсэн. Байнга Facebook-ээр харилцаж байсан. Тэгэхэд надад нөхрийнхөө талаар байнга зодлоо, муухай ааш гаргаад байна, харцаараа байлгах гээд байна гэж уйлж их ярьж хэлж байсан. Би энэ тухай нь Оюунсүрэнгээс сонсоод өөрийнхөө ээж болон  эгчдээ хэлэх гэхээр хэлээд яах юм бэ, хий дэмий ээж эгч нарынхаа санааг зовоочихоно гэж хэлдэг байсан” гэсэн мэдүүлэг.

 

5. Гэрч Ж.Бэхбатын “Миний хувьд Оюунсүрэнг 2 сарын 17-нд нөхөртөө зодуулсан асуудлыг эхнэрээсээ мэдээд гэр бүлийн хүчирхийллийн хууль чангарсан байхад цагдаад мэдэгдэж шалгуулаач гэж эхнэртээ хэлэхэд шүүх цагдаад өгсөн байсан. Тэгээд ч нэмэргүй юм шиг байна лээ. Эрдэнэбаяр нь шүүгч, цагдаа нарт мөнгө өгөөд цагдаагийн ам руу мөнгө чихээд гараад ирнэ гэсэн гэж эхнэрээсээ сонссон. Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа талаар мэдээгүй байсан. Эрдэнэбаяр нь архи уухаараа их тавьтиргүй, муухай ааштай, хүн байна лээ. Намайг учиргүй ална хядна гэж заналхийлж байгаа хүн манай хадам дүүтэй яаж харьцаж байгаа нь ойлгомжтой гэж бодож байна” гэсэн мэдүүлэг.

 

6. Гэрч А.Нямцэцэгийн “Л.Оюунсүрэнтэй 2015 оноос хамт нэг дор ажиллаж эхэлсэн ба энэ үеэс найзалж нөхөрлөж байна. Оюунсүрэн Эрдэнэбаяр нар гэр бүл болсон. Албан ёсоор гэр бүл болсон эсэхийг нь мэдэхгүй байна. Манай найз зан байдлын хувьд даруу, төлөв, хамт олонтойгоо нийцтэй, ажилдаа сайн байдаг. Нөхөртэй нь 4-5 удаа уулзаж байсан. Архи уусан үедээ авиртай талтай хүн байсан. 2016 оны 8 сард би найз Оюунсүрэнтэйгээ түүний нөхөр Эрдэнэбаяр нартай хамт ажлын газрынх нь хүмүүстэй зугаалахаар явсан. Тэнд амралтын газар очоод архи уучихаад удалгүй буцаад ирэх замдаа замын хажуу руу ороод түүндээ уурлаж эхнэрийгээ саваад цохиж аваад чамаас болж байгаа юм гэж уурласан. Намайг яагаад эхнэрээ зодож байгаа юм бэ гэхэд Нямка байж бай гээд эхнэрийнхээ хамар руу цохиж цус гаргасан. Тэгээд машинтай явж байхад Оюунсүрэн машинаасаа үсэрсэн. Оюунсүрэн энэ үед 8 сартай жирэмсэн байсан. Хамгийн сүүлд 2017 оны 02 сарын 17-нд нөхөр нь согтуу орж ирээд зодсон байсан” гэсэн мэдүүлэг.

 

7. Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 213 дугаартай шинжээчийн дүгнэлт.

 

8. Шинжээч Ж.Гэрэлмаагийн “Л.Оюунсүрэнгийн биед үүссэн гэмтлүүд нь шинээр үүссэн гэмтэл байна. Зөөлөн эдийн цус хуралт нь хөх ягаан өнгөтөй, хамрын нуруунд хавдартай, эмзэглэлтэй байсан. Хавдар эмзэглэл арилаагүй, цус хуралтын өнгө хөх ягаан байгаа нь шинэ гэмтэл болохыг харуулж байна. Цус хуралтын өнгө нь эхний 5 хоног дотор хөх ягаан өнгөтөй байдаг, хоног өнгөрөх тусам өнгө нь бүдгэрч бор ногоон өнгөтөй болдог, хоног өнгөрөх тутам өнгө нь бүдгэрч бор ногоон өнгөтөй болдог, хавдар эмзэглэл нь эхний 7 хоног дотор байдаг. Хамрын таславчийн муруйлт шинээр үүссэн учраас гэмтэл авснаас хойш 7 хоног дотор хавдар нь буурахгүй, эмзэглэлтэй байгаа юм” гэсэн мэдүүлэг.

 

9. Шүүгдэгч Л.Эрдэнэбаяр хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2017  оны 02 сарын 17-ны орой ажлаа тараад гэртээ харьсан. Манай ажлын залуу намайг дуудаж эмнэлэгт хэвтсэн Өлзийбаяр ахыг эргэе гээд ажлынхаа залуу Мөнхжаргалын гэрт 1 шил архи гурвуулаа хувааж уусан. Дахин 750 граммын архи авч түүнийгээ ууж байгаад тал шил архиа аваад манай гэрт очиж уусан. Манай ажлын залуу Эрдэнэжаргал гараад явсан. Эрдэнэжаргалыг гарч явсны дараа унтах гээд хэвтэж байхад чи ууж байгаа юм чинь надад пиво авч өг гэж хэлсэн. Намайг ажлаас орж ирэхэд манай эхнэр Нямцэцэг гэдэг найзтайгаа пиво уугаад сууж байсан. Пивоноос болж жаахан маргаан болж эхнэрийгээ цохиж авсан байгаа. Би эхнэрийгээ зодсондоо одоо хир нь гэмшээд барахгүй байна. Би маргааш нь эхнэрээсээ уучлалт гуйсан. Эхнэрийгээ гэртээ ир гэж гуйгаад л байгаа. Би архи уугаад байдаггүй учраас яаж зодсоноо сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Эрдэнэбаяр мэдүүлэхдээ “Би эхнэрээ зодож байгаагүй. 2017 оны 2 дугаар сард ажил дээрээ очоод архи уучихсан ирсэн байснаас маргалдаж цохисоноо хүлээж байна” гэв.

 

Хохирогч Л.Оюунсүрэн мэдүүлэхдээ “Надад үнэхээр хэцүү байна. Намайг болон нялх хүүхдээ хүн гэж үзэхгүй, элдвээр хэлж, байнга дарамталдаг. Би болж бүтээд амьдрах гэж бодсон боловч одоо энэ хүнээс үнэхээр айж байна. Тэр өдөр намайг ухаан алдтал зодсон” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Ж.Бэхбат мэдүүлэхдээ “ Оюунсүрэнг зодуулсан талаар эхнэрээсээ мэдсэн. 2016 онд Хөвсгөл  далай руу хамт явахад замдаа надад агсам тавиад аймгийн төвд буулгаад явчихсан. Архи уухаараа авиртай, муухай ааштай хүн байна лээ” гэв.

 

Гэрч А.Болормаа мэдүүлэхдээ “Дүүгээ авахаар очиход биднийг үл ойшоосон байдалтай байсан. Дүү маань их өрөвдмөөр байсан. Хүүхдийнх нь хувцас хунарыг аваад явъя гэхэд энэ бүх зүйл миний мөнгөөр авсан гэх мэтээр хүн зодсон байж айх юм байхгүй, ах дүүсээс нь гэмшиж байгаа юм байгаагүй. Дүүгийн маань нүүрийг нь тэгшлээд биеийг нь хөх эрээн болгосон байсан. Манай дүү маш их цочирдсон юмнаас айж цочдог, шөнө унтаж чадахгүй, уйлаад байдаг. Сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байгаа” гэв.

 

Гэрч А.Нямцэцэг мэдүүлэхдээ “2016 оны 8 сард би найз Оюунсүрэнтэйгээ түүний нөхөр Эрдэнэбаяр нартай хамт ажлын газрынх нь хүмүүстэй зугаалахаар явсан. Тэнд амралтын газар очоод архи уучихаад удалгүй буцаад ирэх замдаа замын хажуу руу ороод түүндээ уурлаж эхнэрийгээ саваад цохиж аваад чамаас болж байгаа юм гэж уурласан. Намайг яагаад эхнэрээ зодож байгаа юм бэ гэхэд Нямка байж бай гээд эхнэрийнхээ хамар руу цохиж цус гаргасан. Тэгээд машинтай явж байхад Оюунсүрэн машинаасаа үсэрсэн. Оюунсүрэн энэ үед 8 сартай жирэмсэн байсан. Мөн нэг удаа над руу ярихаар нь очиход зодуулаад гэртээ орж чадахгүй орцондоо зогсож байсан. Хамгийн сүүлд 2017 оны 02 сарын 17-нд нөхөр нь согтуу орж ирээд зодсон байсан” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Бүжинлхам ялын шүүмжлэлдээ “Шүүгдэгч Л.Эрдэнэбаярын гэм буруутай үйлдэл нотлох баримтаар тогтоогдсон учир ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул мэтгэлцэхдээ “Хохирогч Л.Оюунсүрэн нь шүүгдэгчид удаа дараа зодуулж дарамтанд нь байсан болох нь баримтаар нотлогдож байна. Хохирогч бие болон сэтгэл, санаагаар маш их хохирсон. Одоо сэтгэл заслын эмчилгээ хийлгэж байгаа. Нэхэмжилж байгаа хохирлыг бүрэн гаргуулахыг хүсэж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, Ю.Ганбат нар мэдүүлэхдээ “энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн биш хийгдсэн. Шалгаж тогтоох зүйл их байсан. Гэтэл нэг талыг барьж шалгасан учир маш олон зүйл тодорхойгүй байгаа. Иймд хэргийг мөрдөн байцаалтанд буцааж дахин шалгуулах хүсэлтэй байна” гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Л.Эрдэнэбаяр нь 2017 оны 02 сарын 17-ны өдөр согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Л.Оюунсүрэнг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Эрдэнэбаярт ял сонсгож ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч гэрчүүдийн мэдүүлэгт Л.Эрдэнэбаяр нь хохирогчийг 2016 онд удаа дараа зодож, айлгаж дарамталж байсан гэж байх боловч энэ талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, ял сонгож ирүүлээгүй байх тул шүүх хэргийг ял сонсгож шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.Эрдэнэбаярт ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Хохирогч Л.Оюунсүрэн нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн төлбөр 750 000 төгрөг, цаашид эмчилгээ хийлгэх зардал 1 200 000 төгрөг нэхэмжилсэн байна. Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч биеэ эмчлүүлсэн зардал 280 500 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 280 000 төгрөгийг төлсөн байна. Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн зардал 750 000 төгрөг, эмчилгээний зардлаас нөхөн төлөгдөөгүй 500 төгрөгийн зардал нь нотлох баримтын шаардлага хангасан учир шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв. Сэтгэл заслын эмчилгээний хийлгэх төлбөр 1 200 000 төгрөгийн нэхэмжлэлийн хувьд хохирогч цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай боловч ямар хугацаагаар эмчилгээ хийлгэх, эмчилгээний үр дүн ямар хугацаанд гарахыг тодорхойлох боломжгүй байх тул шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 290, 291, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Хаад боржигон овгийн Лувсанжамцын Эрдэнэбаярыг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодож, догшин авирлаж хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүлийн 1201.1-д зааснаар шүүгдэгч Л.Эрдэнэбаярыг 3 /гурав/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Л.Эрдэнэбаярт оногдуулсан 3 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Л.Эрдэнэбаяраас 750 500 төгрөг гаргуулж хохирогч Л.Оюунсүрэнд олгосугай.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохиргч Л.Оюунсүрэн нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Эрдэнэбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ц.АЛТАНГАДАС