Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2017/0432

 

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2017/0432

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0 дүгээр хороо, 00 дугаар байрны 000 тоотод оршин суух, Б.Д,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д, түүний өмгөөлөгч Ш.Э нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2013-2017 онуудад Дэд бүтэц, тохижилтийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар ажлаасаа халагдсан.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан бөгөөд миний гомдлыг харьяаллын адгуу Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд шилжүүлсэн. Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 15/65 тоот албан бичгээр шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн.

Би 2013 онд төрийн албаны тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд намайг бүтцийн өөрчлөлт нэрээр хууль бусаар ажлаас халсан гэж үзэж байна. Миний бие урьд нь Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд уг хэлтсийн нэр нь одоо Тохижилт, нийтийн ахуйн хэлтэс нэртэй болж нэршлийн өөрчлөлт орсон боловч хэлтсийн бүтэц, орон тоо, албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд уг албан тушаалд одоо өөр хүн ажиллаж байгаа тул орон тоо хасагдсан гэж үзэхгүй байна.

Иймд Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны Б/11 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүсээгүй байхад төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халсан нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.2, 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл нь ... албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгох тухай зохицуулалт болохоос төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх зохицуулалт биш юм.

Б.Д-ыг ажлаас чөлөөлж байгаа бол Төрийн албаны тухай хуулийн 24, 25, 26 дугаар зүйлийн аль нэг заалтыг хэрэглэх байсан бөгөөд Б.Д-ын хувьд эдгээр зүйлд заасан зөрчил дутагдлыг гаргаагүй тул эдгээр зүйлд хамаарахгүй.

Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн дүнгээр томилогдсон дүүргийн шинэ удирдлагууд нь Тамгын газар болон дэргэдэх хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүдийг ээлж дараалан хоморголон халж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж, төрийн алба нь мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг алдагдуулж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.

Миний хувьд тэтгэвэрт гарах насанд хүрч байгаа учраас ажилласан хугацаа тасалдах вий гэдэг үүднээс сайн дурын нийгмийн даатгалд хамрагдсан гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоол, Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 дугаар захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг дарга 216 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг батлах тухай А/486 дугаар захирамжийг гаргасан.

Энэхүү захирамжаар батлагдсан ажлын байрны жагсаалтаар Дэд бүтэц, тохижилтын хэлтэс нь Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс болж өөрчлөгдөн, Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн даргын албан тушаал хасагдсан учраас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтлан Б.Д-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Шинэ бүтцээр хүнсний болон агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, агаарын бохирдлыг уе шаттайгаар бууруулах, рекламын гэрэлтүүлэг, камержуулалт, экологийн байгууламжтай холбоотой чиг үүрэг нэмэгдэж, ажлын байранд тавигдах шаардлагад нэмэлт өөрчлөлт орсон.

Өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар Засаг даргын Тамгын газрын бүтэц өөрчлөн байгуулагдсан тул Б.Д-т Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу 3 сарын цалинтай тэнцэх 2.201.589 төгрөгийн тэтгэлгийг олгож, уг тэтгэлгийг цалингийн дансанд нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Б.Д нь ажлаас халагдсанаа хүлээн зөвшөөрч 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авсан. Мөн Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжийг авсан нь ажлаас халагдсанаа хүлээн зөвшөөрч байгаагийн хэлбэр гэж үзэж байна.

Иймд Б.Д-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д нь тус шүүхэд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, нэхэмжлэлийн шаардлагаа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэж тодорхойлжээ.

Шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:

Анх Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/210 дугаар тушаалаар Б.Д-ыг Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн даргаар томилж, улмаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар[1] тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж, орон тоо хасагдсан үндэслэлээр түүнийг Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн даргын ажил, албан тушаалаас чөлөөлжээ.

Нэхэмжлэгч нь ... Дэд бүтэц, тохижилтын хэлтэс нь Тохижилт, нийтийн ахуйн хэлтэс болж нэршилд өөрчлөлт орсон болохоос хэлтсийн бүтэц, орон тоо, албан тушаалын чиг үүрэг хэвээрээ, хэлтсийн даргын орон тоо хасагдаагүй байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй ... гэж, хариуцагч нь ... өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар Засаг даргын Тамгын газрын бүтэц өөрчлөгдөж, Дэд бүтэц, тохижилтын хэлтэс нь Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс болсон. Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн даргын албан тушаалын орон тоо хасагдсан тул түүнийг чөлөөлсөн. Тушаал хууль зүйн үндэслэлтэй ... гэж маргажээ.

Маргааны үйл баримтуудаас үзэхэд Хан-Уул дүүргийн Засаг дарга 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг батлах тухай А/10 дугаар захирамжаар[2] Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд Дэд бүтэц, тохижилтын хэлтэс байхаар баталж, тус хэлтэс нь Дарга, Гэрэлтүүлэг, хот тохижилт, СӨХ хариуцсан мэргэжилтэн, Байгаль орчин, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн, Эрүүл орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, Зам, барилга, байгууламж, тээвэр, харилцаа холбоо хариуцсан мэргэжилтэн, Цахилгаан, дулаан цэвэр бохир ус хариуцсан мэргэжилтэн зэрэг 6 хүний орон тоотой ажиллуулахаар тогтоож байжээ.

Үүний дараа Нийслэлийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр А/832 дугаар захирамж[3] гаргаж, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг баталсан байх бөгөөд дээрх захирамжийг үндэслэн Хан-Уул дүүргийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр А/486 дугаар захирамж[4] гаргаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталжээ.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны А/486 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд ... Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс ажиллуулахаар баталж, тус хэлтэс нь Дарга, Тохижилт хариуцсан мэргэжилтэн, Гэрэлтүүлэг, реклам байгууламж, СӨХ хариуцсан мэргэжилтэн, Байгаль орчин, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн, Дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн зэрэг 6 хүний орон тоотой байхаар тогтоожээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс нь Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс болж өөрчлөгдөж, чиг үүрэг нь шилжсэн байх боловч хэлтсийн даргын орон тоо нь хасагдаагүй, хэрэгжүүлэх чиг үүрэг нь хэвээр[5] хадгалагдаж байгаа болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн ... дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж, орон тоо хасагдсан ..., Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн даргын албан тушаал хасагдсан ... гэх тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим..., 4.2.5-д төрийн алба мэргэшсэн тогтвортой байх болон төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн албанаас халагдахгүй байх нөхцөл баталгааг зөрчиж, нэхэмжлэгч Б.Д-ын хувьд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар чөлөөлөх, төрийн албанаас чөлөөлөгдөх аль ч үндэслэл бүрдээгүй байхад төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэж, хуульд заагаагүй үндэслэлээр түүнийг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь нэхэмжлэгч Б.Д-ыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн даргын ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлж, хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа-г зөрчсөн, түүнчлэн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, шинэчилсэн бүтцээр Дэд бүтэц, тохижилтын хэлтэс нь Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс болж өөрчлөгдөж чиг үүрэг нь шилжсэн байх тул Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн даргын ажил, албан тушаалд түүнийг эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хоёр: Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь нэхэмжлэгч Б.Д-ыг үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан цугларсан баримтаар тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Д-т ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гартал хугацаа хүртэл буюу 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 4 сар 7 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.226.424 төгрөгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу дээрх дүнгээс Б.Д-ын ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Хариуцагч нь ...Б.Д 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг, ... ажилгүйдлийн тэтгэмжийг авсан нь ажлаас халагдсанаа хүлээн зөвшөөрч байгаагийн хэлбэр юм гэж маргаж байх боловч тухайн захиргааны байгууллага, албан тушаалтан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар үүргийн хүрээнд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгосон нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэж түүнийг буруутгах буюу маргаан бүхий тушаалыг хэвээр үлдээх үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б.Д-ыг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Д-ыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-ын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гартал хугацаа хүртэл буюу 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 4 сар 7 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.226.424 /дөрвөн сая хоёр зуун хорин зургаан мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Б.Д-т олгож, түүний ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар

зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-т олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН