Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2021/03232

 

 

 

 

 

 

 

 

2021 10 19 101/ШШ2021/03232

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Ч дүүрэг, 5-р хороо,  тоот хаяг байрлах, РД:, Ц ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13-р дугаар хороо,  дугаар байр тоот хаягт оршин суух, РД:, Б овогт Ш-ийн Л,

Хариуцагч: Ч дүүрэг, 16-р хороо, гудамж, тоот хаяг оршин суух, РД:, А овогт Х-ын М нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.919.916,54 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагч Ш.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ш.Л, Х.М нар нь 2018-08-10-ны өдөр ЗГ-1801191 тоот зээлийн гэрээ байгуулан 4.000.000 төгрөгийг сарын 2.1 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээл авсан. Бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.2 зүйлийн 4.2.2-т зээлдэгч нь үндсэн хүү, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх үүрэгтэй боловч зээлдэгч Ш.Л, Х.М нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. Бид зээлээ төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдэл хүргүүлэн зээл, зээлийн хүүний төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй байна. Зээлдэгч Ш.Л, Х.М нартай байгуулсан 2018-08-10-ны өдрийн ЗГ-1801191 дугаартай зээлийн гэрээний 3-р зүйлийн 3.1.2-т зээлийн хугацаа 18 сар байна гэж заасны дагуу зээлийн гэрээний хугацаа дууссан тул шаардах эрхээ хэрэгжүүлэх нөхцөл үүссэн. Мөн гэрээний 8-р зүйлийн 8.2-т зээл төлөгдөх хугацаа дууссан, гэрээ цуцлагдсан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй нь зээлдэгчийг зээлийн үндсэн өрөө төлж дуустал түүний хүү, нэмэгдүүлсэн хүү, төлөх үүргээс чөлөөлөхгүй гэж зааснаар шүүхэд хандаж зээлийн гэрээний өр төлбөрийг нэхэмжилж байна. 2021-06-15-ны өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл 1.913.908,85 төгрөг, зээлийн хүү 2019-07-24-ний өдрөөс 2021-06-15-ны өдрийг хүртэлх 932.345,86, нэмэгдүүлсэн хүү 2020-08-12-ны өдрөөс 2021-06-15-ны өдрийг хүртэлх 73.661,83 төгрөгийн үлдэгдэлтэй. Иймд зээлдэгч Ш.Л, Х.М нараас 2018-08-10-ны өдрийн ЗГ-1801191 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 2.919.916,54 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ш.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц ББСБ ХХК-иас 4 сая төгрөгийн зээл авсан нь үнэн. 2018 оны 10-р сараас биеийн байдлын шалтгаанаар тодорхой эрхэлсэн ажилгүй болж, 2019 оны 07-р сард, 2021 оны 04-р сард жил дарааллан хүүхэд төрүүлж, амралттай байсан. Энэ хугацаанд нөхөр ажил хийдэг боловч цалин нь амьжиргаанд хүрэлцэхгүйн улмаас үндсэн зээлийн төлбөрөө төлж барагдуулж чадахгүйд хүрсэн. Мөн ковидын нөхцөл байдлаас шалтгаалан нөхрийн ажил 2021 оноос зогсонги байдалд орсон. Одоо гэр бүлийн асуудалтай 3 хүүхэдтэйгээ, ээжтэйгээ хамт байгаа. Манай ээж болон би ажил хийх боломжгүй учир сар бүрийн 20-ны өдөр халамжийн мөнгө орох үеэр 300.000 төгрөгөөр төлөх боломжтой байгаа. Хугацааны хувьд нэхэмжлэгч тал 2.919.916,54 төгрөгийг 3 хувааж төл гэж хэлсэн, түүнээс нь хойш би өөрийн нөхцөл байдлаа тайлбарлахад 5 хувааж төл гэсэн. Одоо үндсэн зээл 1.913.908,85 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, ар гэрийн нөхцөл байдлын улмаас хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй. Бичгээр зээлийн, хүү нэмэгдүүлсэн хүүг зогсоолгох талаар хүсэлт гаргаагүй гэв.

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц ББСБ ХХК нь хариуцагч Ш.Л, Х.М нараас 2018-08-10-ны өдрийн ЗГ-1801191 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.913.908,85 төгрөг, зээлийн хүү 932.345,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73.661,83 төгрөг, нийт 2.919.916,54 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ш.Л, Х.М нар нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулан зээл авсан, мөн цар тахлын улмаас зээлийг бүрэн төлөөгүй үйл баримтын талаар маргаагүй.

Нэхэмжлэгч Ц ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгогдсон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тус тус нотлогдож байна /хх-ийн 4, 5 тал/

Зохигчийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр ЗГ-1801191 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу Ц ББСБ ХХК нь зээлдэгч Ш.Л, Х.М нарт 4.000.000 төгрөгийг, 18 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу 2020 оны 02-р сарын 02-ны өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 7-9 тал/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ш.Л, Х.М нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг буцаан төлөх үүргээ удаа дараа зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Энэхүү гэрээний заалт нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан зохицуулалтад нийцсэн ба нэхэмжлэгч Ц ББСБ ХХК нь үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нараас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд дээрх зээлийн гэрээний 3.1.4-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохиролцжээ.

Мөн нөгөөтэйгүүр хариуцагч нар нь зээлийн төлбөрийг төлөх боломжгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагч Ш.Л, Х.М нараас үндсэн зээл 1.913.908,85 төгрөг, зээлийн хүү 932.345,86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73.661,83 төгрөг, нийт 2.919.916,54 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгч Ц ББСБ ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.Л, Х.М нараас зээлийн гэрээний үүрэгт 2.919.916,54 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц ББСБ ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62063,09 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ш.Л, Х.М нараас 62063,09 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц ББСБ ХХК-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА