Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2021/03489

 

 

 

 

 

 

 

 

2021 11 01

101/ШШ2021/03489

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Ханан 1 гудамж, 10 тоот хаягт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Жуков хотхон 47б байр, 16 тоот хаягт түр оршин суух Боржигон овогт Дондогжавын Гомбосүрэн /регистрийн дугаар ЕЙ87082419/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 хороолол, Улаанхуаран гудамж 13 байр, 44 тоот хаягт оршин суух Боржигон овогт Ганбаганын Тэмүүлэн /регистрийн дугаар УЖ02310119/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 хороолол, Улаанхуаран гудамж 13 байр, 44 тоот хаягт оршин суух Боржигон овогт Гантулгын Ганбагана /регистрийн дугаар КЮ80021377/ нарт холбогдох,

 

1,913,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Гомбосүрэн, хариуцагч Г.Тэмүүлэн, хариуцагч Г.Ганбаганын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Гомбосүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 13.00 цагт Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, МТ шатахуун түгээхийн урд замд өөрийн эзэмшлийн 7522 УНХ улсын дугаартай, приус 30 маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахад явган зорчигч Г.Тэмүүлэн нь гарцгүй газраар, замын уулзвар хэсгээр хөндлөн гүйн гарч ирж миний автомашины баруун урд крылог мөргөсөн. Би тухайн үед жолоочийн үүргээ биелүүлж цагдаа болон түргэн тусламж дуудсан. Ингээд уг асуудал Замын цагдаагийн газарт шалгагдаж эхэлсэн. Тухайн үед хэрэг хариуцсан байцаагч Мандах гэгч нь намайг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх шийдвэр гараагүй байхад миний автомашиныг журмын хашаанд хийгээд өгөхгүй байсан. Мөн миний жолооны үнэмлэх, бусад бичиг баримтыг хурааж авсан ба намайг чи хохирлоо төлж хохирогчийг гомдол саналгүй болгосны дараа ирж автомашинаа аваарай гэсэн. Би өөрөө Ариг ХХК-д түгээгчийн жолооч ажил хийдэг бөгөөд жолооны үнэмлэхгүй бол ажлаа хийх боломжгүй байсан. Ингээд аргаа бараад өөрийн жолооны үнэмлэх бичиг баримт болон автомашинаа авахын тулд эхлээд 1,000,000 төгрөгийг Г.Тэмүүлэнгийн аав Г.Ганбаганын Хаан банкны 5011552090 тоот дансанд 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 800,000 төгрөгийг уг дансанд шилжүүлсэн. Нийт 1,800,000 төгрөгийг Г.Тэмүүлэнгийн аавын дансанд хохирол төлбөрт гэж шилжүүлсэн. Ингээд миний бие журмын хашаанаас 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өөрийн автомашинаа авсан. Журмын хашаанд 25,000 төгрөг төлсөн. Мөн автомашины оношилгоо хийлгэхэд 88,000 төгрөг төлсөн. Тухайн үед миний бие замын хөдөлгөөнд оролцохдоо ямар нэгэн дүрэм зөрчөөгүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж оролцсон ба уг хэргийг прокуророос эцэслэн шалгаад намайг Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, харин явган зорчигч Г.Тэмүүлэнг Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дугаар зүйлд заасан явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно, үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэснийг зөрчин явган хүний гарцнаас 22.6 метрийн зайтай газраар, үзэгдэлт хязгаарлагдмал нөхцөлд буюу захын эгнээнд зорчиж явсан тээврийн хэрэгслүүдийн дундуур явж 2 дугаар эгнээгээр явж байсан тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гарч мөргүүлсэн гэж буруутгасан. Ингээд 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 314 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Тухайн үед анхнаасаа миний буруу биш, би замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, тухайн явган зорчигч гарцгүй газраар орж ирж миний автомашин мөргөж унасан гэдгийг цагдаад удаа дараа хэлж байсан боловч цагдаагийн зүгээс чиний буруу, хохирогчийг гомдол саналгүй болго, тэгэхгүй бол бичиг баримт болон автомашиныг чинь өгөхгүй гэсний улмаас би хохирогч гэх Г.Тэмүүлэнгийн аав Г.Ганбаганад нийт 1,800,000 төгрөг төлсөн. Би өөрийн автомашинд учирсан хохирлыг өөрөө төлсөн. Миний буруу байхгүй байхад үндэслэлгүйгээр надаас 1,800,000 төгрөг авсан, мөн явган зорчигчийн буруутай үйлдлийн улмаас миний бие журмын хашаанд автомашинаа ачуулж 25,000 төгрөг төлсөн, 88,000 төгрөгөөр автомашины үнэлгээ хийлгэсэн тул Г.Тэмүүлэн болон түүний аав Г.Ганбагана нараас нийт 1,913,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч надад олгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1,500,000 төгрөг болгож байна гэв.

 

Хариуцагч Г.Тэмүүлэн, хариуцагч Г.Ганбаганын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2-т харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж тус тус заажээ. Тухайн үед Г.Тэмүүлэн нь эмээгийнхээ эмийг авахаар замын урд байрлах эмийн сан руу явж байсан, МТ шатахуун түгээх газрын уулзварт зогсож байсан автомашины урдуур нь тойроод гартал автомашин ирээд мөргөсөн болохоос миний хүү өөрөө гүйн очиж Д.Гомбосүрэнгийн автомашиныг мөргөөгүй. Г.Тэмүүлэн нь гарцгүй газраар зам гарах гэсэн үйлдэл нь буруу боловч тэр үйлдлийнхээ төлөө гэмтэл, хохирол учруулж болно гэж ойлгохгүй байна. Тухайн үед жолооч Д.Гомбосүрэн нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн дээрх заалтуудыг хэрэгжүүлж тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож, аюул саад тулгарч болохыг урьдчилан тооцоолж хөдөлгөөнд оролцож болох байсан. Нэхэмжлэгч нь тухайн үед зам тээврийн ослыг шалгаж байсан хэрэг хариуцсан байцаагч Мандахын шийдвэрээр Д.Гомбосүрэнгийн автомашиныг журмын хашаанд хийсэн, жолоочийн үнэмлэх, бусад бичиг баримтыг хурааж авсан, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тэрээр өөрийн автомашинаа журмын хашаанаас авахдаа 25,000 төгрөг төлсөн, мөн автомашины үнэлгээ хийлгэхэд 88,000 төгрөг төлсөн зэргийг биднээс нэхэмжилж байгаа нь бидэнтэй хамааралгүй асуудал байна гэж үзэж байна. 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн өглөө тухайн хэргийг хариуцсан Мандах байцаагчтай уулзаж, хэргийн нөхцөл байдалтай танилцсан. Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг шүүх эмнэлэгт бүртүүлэхээр намайг явахад Д.Гомбосүрэн нь хотын төв рүү дөхүүлээд өгөөч гэсэн учир хамт явсан. Энэ хугацаанд мөнгөний талаар ярилцаагүй. Харин шүүх эмнэлгийн гадаа Д.Гомбосүрэн намайг хүлээж байсан бөгөөд нэгэнт танай хүүд гэмтэл учруулсан учраас хохирлыг чинь би бүрэн хариуцна, ямар ч зардал гарсан хариуцна. Тийм болохоор та дансаа өгчих би эхний ээлжинд 1,000,000 төгрөг шилжүүлье гэсэн. Тухайн үед би Д.Гомбосүрэнг хүн чанартай хүн байна гэж бодсон. Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орохоор хэвтсэн хүүдээ авах зүйлс байсан учраас зөвшөөрөөд өөрийн Хаан банкин дахь 5011552090 тоот дансыг өгсөн. Түүнээс би иргэн Д.Гомбосүрэнгээс мөнгө нэхсэн зүйл байхгүй, худал мэдүүлсэнд гомдож байна. Мөнгөний талаар надтай ярилцахаасаа өмнө буюу 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 39 минутад Д.Гомбосүрэнгийн Хаан банкны дансанд 1,040,000 төгрөг шилжиж орсон нь нотлох баримт юм. Энэ нь Д.Гомбосүрэнгийн Хаан банкны дансны хуулганд байна. Үлдсэн 800,000 төгрөгийн тухайд Д.Гомбосүрэн нь та гомдолгүй гэдэг бичиг бичээд өгчих, тэгвэл танд мөнгө өгье гэсэн. Түүний хүсэлтээр гомдолгүй гэсэн бичиг бичиж өгсөн. Учир нь хүү маань дөнгөж эмнэлгээс гараад өдөр бүр боолт хийлгэх, биеийн дархлааг нь дэмжих эмчилгээний зардал бидэнд хэрэгтэй байсан. Тийм учраас Д.Гомбосүрэн миний Хаан банкин дахь данс руу 800,000 төгрөг шилжүүлсэн. Би Г.Тэмүүлэнд зарцуулсан баримтуудыг хадгалж байгаад Д.Гомбосүрэн даатгалаас мөнгө авна, баримт хэрэгтэй гэсэн учир өгсөн. Д.Гомбосүрэнгээс авсан 1,800,000 төгрөгийг бид хүүгийнхээ эмнэлгийн болон эрүүл мэндийн зардалд нь бүрэн зориулсан. Иймд иргэн Д.Гомбосүрэнгийн нэхэмлэлийн шаардлагыг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хууль, журмын дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Гомбосүрэн нь хариуцагч Г.Ганбагана, Г.Тэмүүлэн нарт холбогдуулан зам тээврийн осолтой холбоотой төлсөн 1,800,000 төгрөг, автомашин журмын хашаанд ачуулсны төлбөр 25,000 төгрөг, автомашины оношилгоо хийлгэсний төлбөр 88,000 төгрөг, нийт 1,913,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүхийн хэлэлцүүлгийн явцад 413,000 төгрөгт холбогдох шаардлагаасаа татгалзаж, 1,500,000 төгрөг нэхэмжилсэн.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэгч замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүй буруутай, нэхэмжлэгч өөрөө хариуцагч Г.Тэмүүлэнгийн эрүүл мэндэд учирсан хохирлыг барагдуулахаар 1,800,000 төгрөг төлсөн, бид мөнгө нэхэмжлээгүй, автомашинтай холбоотой гарсан зардал бидэнд хамаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэлд хавсаргасан Тээврийн прокурорын газрын прокурорын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 314 дүгээр тогтоолд ... Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг Улаанхуарангийн зам Магнай трейд шатахуун түгээгүүрийн урд замд 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 13.05 цагийн орчим тоёота приус маркийн 7522 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Гомбосүрэн нь явган зорчигч Г.Тэмүүлэнг мөргөсөн гэх гомдол, мэдээллийг шалгахад цугларсан осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургууд, явган зорчигч Г.Тэмүүлэн, жолооч Д.Гомбосүрэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд явган зорчигч Г.Тэмүүлэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дугаар зүйлд заасан Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэснийг зөрчин явган хүний гарцнаас 22.6 метрийн зайтай газраар, үзэгдэлт хязгаарлагдмал нөхцөлд буюу захын эгнээнд зорчиж явсан тээврийн хэрэгслүүдийн дундуур явж 2 дугаар эгнээгээр явж байсан тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гарч ирсэн нь тээврийн хэрэгсэлд мөргүүлж зам тээврийн осолд өртөх шалтгаан болсон нөхцөл байдал тогтоогдож байна.

Ослын улмаас явган зорчигч Г.Тэмүүлэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх шүүх эмнэлгийн шинжилгээний 4796 дугаар дүгнэлт гарчээ.

Жолооч Д.Гомбосүрэн нь ослын үед Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний үйлдэл гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах үндэслэлтэй гэж тус тус дүгнэн иргэн Д.Гомбосүрэнгээс гаргасан 482 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан шийдвэрлэж, тус шийдвэрийн талаар Г.Тэмүүлэн, Д.Гомбосүрэн нарт мэдэгдэх, шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй болохыг дурджээ /хх-4-5/.

 

Түүнчлэн прокурорын дээрх шийдвэрийг Г.Тэмүүлэнд 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 90737311 дугаарын утсаар мэдэгдсэн тухай тэмдэглэл, мөн Г.Тэмүүлэнгийн биед зүүн шаант яс болон тахилзуур дунд хэсгээр сэлтэрсэн хугарал тогтоогдсон, уг гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах тухай шинжээчийн дүгнэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, тээврийн хэрэгслийн гэрэл зургууд тус тус хэрэгт авагдсан /хх-3, 6-13/.

 

Нэхэмжлэгчийн Хаан банкин дахь 5990110521 тоот дансны хуулгаас үзэхэд 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 800,000 төгрөг тус тус 5011552090 тоот дансанд шилжүүлсэн байх ба эдгээр төлбөрийг нэхэмжлэгчээс хүлээн авсан болохоо хариуцагч Г.Ганбагана шүүхэд үгүйсгэж маргаагүй /хх-14/.

 

Дээрх баримтуудыг харьцуулан үзэхэд хариуцагч Г.Тэмүүлэнгийн эрүүл мэндэд гэм хор учирсан явдалд нэхэмжлэгчийг буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийг замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, аюул саад тулгарч болохыг урьдчилан тооцоолж хөдөлгөөнд оролцоогүй, Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж тайлбарлаж байх боловч прокурорын тогтоолд жолооч Д.Гомбосүрэн ослын үед Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэснийг үгүйсгэсэн нотлох баримт шүүхэд гаргаагүй.

 

Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээдэг тул хариуцагч Г.Тэмүүлэнгийн эрүүл мэндийн хохирлыг нэхэмжлэгч хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагч Г.Тэмүүлэнгийн эрүүл мэндийн хохиролд шилжүүлсэн 1,800,000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс мөнгө өгөхийг шаардаагүй, нэхэмжлэгч өөрөө өгсөн гэж тайлбарлаж байх хэдий ч энэхүү байдал нь дээрх хуулийн зохицуулалтаар үүрэг үүсээгүй тохиолдолд шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах нэхэмжлэгчийн эрхийг үгүйсгэхгүй юм.

 

Харин хариуцагч тал нэхэмжлэлд дурдсан автомашин журмын хашаанд ачуулсны төлбөр 25,000 төгрөг, автомашины оношилгоо хийлгэсний төлбөр 88,000 төгрөг тус тус тэдэнд хамааралгүй гэж татгалзсан нь үндэслэл бүхий бөгөөд нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг 113,000 төгрөг болон 300,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нараас 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ганбагана, Г.Тэмүүлэн нараас 1,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гомбосүрэнд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Гомбосүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 45,558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганбагана, Г.Тэмүүлэн нараас 38,950 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас илүү төлсөн 442 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Гомбосүрэнд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА