| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2024/0126/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/131 |
| Огноо | 2024-07-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,
хохирогч М.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ий *******эд холбогдох эрүүгийн 2407000500070 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* овогт *******ий ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.******* нь насанд хүрээгүй Х.тэй бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 20 цагийн үед , тоот гэртээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас М.*******ы биед халдан зодож, биед зүүн, баруун дал, бугалга, гуя, хэвлий, баруун шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргаж, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал бий болсон тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах” гэсэн байр сууринаас оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Т.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр М.******* ээжтэйгээ манайд ирэхдээ манай нөхрийг асууж орж ирэхэд би нөхрийгөө байхгүй гэж хэлсэн. Тэгээд энэ хоёр мөнгөө авъя гэхээр нь би “тай өөртэй нь уулз” гэж хэлсэн чинь над руу дайрч, намайг үсдэж орон дээр унагааж байхад нь манай хүү гаднаас орж ирээд бид хоёрын дундуур орж салгасан. Манай хүү М.*******ыг зодсон гээд гүтгээд байгаад би санал нийлэхгүй байна. Манай хүү ерөөсөө гар хүрээгүй, би ч гар хүрээгүй. Энэ хүүхэн өөрөө эмнэлэгт ажилладаг, урьд нь хэн нэгэн хүнд зодуулчихсан байгаад гүтгэж байгаа ч юм билүү мэдэхгүй байна. Ямар ч байсан бид хоёр гар хүрээгүй, нөхрийг асууж өөрсдөө орж ирсэн. Би 4 хүүхэддээ хоол хийж байсан. 20 цаг болж байхад хашааны хаалга хаалттай байсан. Манайх хашаандаа камертай, шууд хашааны хаалга онгойлгоод л ороод ирсэн. Бид нар гал дээр мах чаначихсан, ороо засчихсан, хоолоо идчихээд унтах гээд байж байхад ороод ирсэн” гэв.
Хохирогч М.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр манай ээжээс Б. гэдэг залуу 10.000.000 төгрөг аман гэрээ хийгээд хүүтэй зээлсэн байдаг. Тэгээд 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл өгч байгаад түүнээс хойш одоог хүртэл нэг төгрөг ч өгөөгүй. Ээж зээлсэн мөнгөө авах гэж очих болгонд нь ац минь, гичий минь, янхан минь гээд ээжийг хэд хэдэн удаа доромжлоод хөөгөөд гаргасан байдаг. Тэгээд би хоёулаа цуг очъё гээд ээжтэй хамт очиход хаалга нь онгорхой байсан, камераа шүүж болно. Б.ыг гэр дотроо байж магадгүй, нуугаад байж магадгүй гээд хаалга нь онгорхой байхаар нь бид нар яваад очсон. Очиход Т.******* гэртээ 3 хүүхэдтэйгээ байсан. Тэгээд эгч сайн байна уу гэсэн чинь хариулахгүй утсаар яриад видео калл хийгээд байсан. Эгч та “Б. ах руу залгаад өгөөч бид нар мөнгөө авмаар байна, жилийн хугацаа өнгөрлөө, 10.000.000 төгрөг зээлчхээд 2023 оны 06 дугаар сараас хойш 2024 оны 01 дүгээр сар болчхоод байхад мөнгө цаасаа авмаар байна” гэсэн чинь би мэдэхгүй, гараад зайлцгаа гэсэн. Ээжийг өмнө нь өчнөөн удаа доромжилсон байсан, дээрээс нь ээжийг минь түлхээд гаргасан байхад би мэдээж ээжийгээ өмөөрсөн. Та яагаад манай ээжийн биед нь халдаад байгаа юм бэ гэхэд ээжийг түлхэхээр нь бид хоёр үсдэлцэж эхэлсэн. Хүүхэд нь салгаж байна гээд намайг зодоод байсан. Том биетэй, 13 настай гэхэд надаас өндөр хүүхэд байсан. ...Тэгээд бид хоёр маргалдсаны дараа ээж ганцаараа очоод Б.тай уулзаад “эгч нь мөнгөө авмаар байна гэсэн чинь шүүхдэж байгаад аваарай, чадал чинь хүрвэл аваарай” гэж манай ээжийг хөөгөөд гаргасан байна лээ. Тэгээд одоог хүртэл 10.000.000 төгрөгөө авч чадаагүй л явж байгаа. Иргэний шүүхэд хандчихсан байгаа. Намайг багалзуурдсан, тэрнээс хойш байнгын толгой өвддөг, хоолойгоор өвддөг, гинжийг минь хүртэл тасалчихсан зүүх боломжгүй болчихсон байгаа. Маш их гомдолтой байна” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Т.******* нь насанд хүрээгүй Х.тэй бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 20 цагийн үед , тоот гэртээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас М.*******ы биед халдан зодож, биед зүүн, баруун дал, бугалга, гуя, хэвлий, баруун шилбэнд цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан бүлэглэж үйлдсэн тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамран оролцсонд тооцно” гэж хуульчилжээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “Х. энэ хэрэгт ямар ч хамааралгүй, оролцоогүй, бүлэглээгүй, хохирогчийн зүгээс хүч хэрэглэж, оройн цагаар зөвшөөрөлгүй хашаанд нь машинтайгаа орж ирж амгалан тайван байдал алдагдуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын улмаас хохирол учруулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэж маргасныг шүүх хянаж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтооход хохирогч М.******* ээж М.гийн хамт шүүгдэгч Т.*******ийн гэрт очиж, “ Б.ыг нь хаана байгааг асууж, утсаар ярихаар залгаад өгөх”-ийг хүсэхэд шүүгдэгч Т.******* уурлаж, хэрүүл маргаан үүсэж, улмаар шүүгдэгч Т.*******ийн зүгээс М.г түлхэж, хохирогч М.******* нь өөрийн ээж болох М.г өмөөрч, барилцаж авч, харилцан үсдэлцэж байх үед Т.*******ийн хүү Х. мөн ээжийгээ өмөөрөн салгах явцдаа М.*******ы үснээс нь давхар зулгааж, хөл рүү нь өшиглөж, хоолойноос нь багалзуурдах зэргээр үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэн, ээжийнхээ болон бие биенийхээ үйлдлийг дэмжиж, М.*******ы биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна.
Шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нар “насанд хүрээгүй Х. энэ хэрэгт ямар ч хамааралгүй, оролцоогүй, биед нь хүрээгүй, бүлэглээгүй” гэж маргаж байгаа боловч хохирогч М.*******ы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “намайг Т.******* хүүтэйгээ нийлж хоолойноос багалзуурдсан, хүү Х. нь салгаж байна гээд намайг цохиод, өшиглөөд, зодоод байсан” гэх мэдүүлгүүд нь тогтвортой, зөрүүгүй байх бөгөөд хохирогчийн мэдүүлгийг няцаан үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаарх дүгнэлт, тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын улмаас хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгооны эсрэг хийсэн үйлдэл байх бөгөөд аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ гэж хуульчилсан бөгөөд энэ хэрэг нь шүүгдэгч, хохирогч нарын хоорондын зүй бус харилцаа, үл хүндэтгэл, мөнгө зээлсэн асуудлаас үүссэн хэрүүл маргааны улмаас Т.*******ийн зүгээс хохирогчийн ээж М.г эхэлж түлхсэн буюу биед нь халдах үйлдэл хийснээр шүүгдэгч, хохирогч нар харилцан үсдэлцэж, бие биенийхээ биед халдсанаар маргаан үүссэн байна. Иймд шүүгдэгч Т.*******ийн үйлдлийг гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ талаарх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Т.*******, насанд хүрээгүй Х. нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч М.*******ы эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанд тооцно. Шүүгдэгч Т.*******, Х. нарын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Насанд хүрээгүй Х. нь 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдөр төрсөн 13 нас 5 сар 13 хоногтой болох нь мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэлээр тогтоогдож байх ба Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор насанд хүрээгүй яллагдагч Х.т холбогдох хэргийг “ял оногдуулах насанд хүрээгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.*******эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт шүүгдэгч Т.*******ийг заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч М.*******ы биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүйд тооцов.
Харин хохирогч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт “эмчилгээний зардал болон тасарсан гинж зэргийг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Т.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох” гэсэн дүгнэлт,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “шүүгдэгч Т.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, 4-13 насны 4 хүүхэдтэй, мал аж ахуй эрхэлдэг, мал маллаад Төв аймгийн нутаг дэвсгэр лүү орох боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эсхүл 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Т.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдэж байгаагүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч Т.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хохирогч оройн цагаар гэрт нь ирж асуудал үүсгэснээс биед нь халдсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, мал аж ахуй эрхэлж орлого олдог байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ